Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 879

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ж.Отгончимэг, хохирогч Х.Т, шүүгдэгч, хохирогч П.О, түүний өмгөөлөгч Б.Дима, хохирогч,шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророосБ овогт П-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд, Х овогт Э-ын З-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01005 0359 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Б овогт П-ийн О, Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа автомашин борлуулах ажил эрхэлж буй гэх, ам бүл найм, эцэг эх, дөрвөн дүү, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 23 дугаар байрны **тоотод оршин суудаг, регистрийн дугаар *****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            2.Х овогт Э-ын З,Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, “Вагнер Ази” ХХК-д тоног төхөөрөмжийн цахилгаанчин ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Уулын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар******,урьдБаянгол Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.О нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй шөнийн цэнгээний газарт 2019 оны 02 сарын 11-ны орой иргэн Х.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Мөн П.О иргэн Э.З нар нь харилцан зодолдож П.О нь Э.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Э.З ньП.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус бүрхолбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт П-ийн О нь2019 оны 02 сарын 11-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй караокедагсамнаж, улмаар шүүгдэгчХовогт Э-ын З-тай  харилцан маргалдаж,тэд бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсанбайх бөгөөд шүүгдэгч Э.З нь шүүгдэгч П.О-ыг тонгорч унагаах үед хохирогч Х.Тг нь шүүгдэгч П.О-ын хөлд тээглэн унасны улмаас баруун шууны ясаа хугалж, бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч П.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

2.Шүүгдэгч Э.З-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

            3.Э.З шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Тухайн үед караокед долуулаа сууж байсан. Би О-ын хоёр гарыг нь барьчихсан байсан. Дийлдэхгүй, хоёр гарыг нь бариад байж байхад баруун өвдгөөрөө зүүн талын хавирга руу өвдөглөсөн, энэ үед бие их эвгүй болчихсон.О-ыг шал мөргөөд байхаар нь би болиулах гэтэл эргэж хараад миний зүүн хөлийн шилбэнээс хазсан. Би өөрт учирсан хохирлоо баримтаар гаргаж өгсөн байгаа түүнийг нэхэмжилж байна... “гэсэн мэдүүлэг;

            4.П.О-ын шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Мустанг караоке дотор сандал дээр О ах бид хоёр юм яриад сууж байсан. О ахтай маргалдаад босож ирэхэд миний малгай унасан. З ах цаанаас ирээд намайг мөргөсөн. Хамраас цус гараад би доошоо манараад суусан, миний хамрыг хугалсан байсан. Мөн З намайг тонгорч плиташалан дээр унагаасан. Миний өвдөг өвдөж байсан, энэ гэмтлийг мөн З учруулсан.Гэхдээ яаж учруулсныг нь би санахгүй байна. зүүн талын ташаа зөөлөн эдийн гэмтэлтэй болсон...Баримттай 84,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Бусад хохирол баримтгүй байгаа болохоор нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг;

            5.Хохирогч Х.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “....Цагаан сар болоод ажил дээр 1 дэх өдөр цуглараад ороход манай ажлын газар М гэх хүн гэртээ цай уулгах гээд урьсан. Манай ажлын газрынхан уригдаж очоод сууж байгаад ирсэн хүмүүсээс тал нь явсан. М-аас гарах үед О “би шинээр ажилд орсон юм чинь та нарыг дайлмаар байна” гэж хэлсэн. М, З, О, Д бид хэд кареокед дуулахаар орсон. Би хэд ороод байж байтал О эхнэрээ дуудсан байсан. Эхнэр нь ирээд гадаа 30-40 минут зогсчихлоо гээд Д оруулж ирсэн. Эхнэртэй нь танилцаад ,сууж байхад О, О хоёр дуулаад байж байснаа гэнэт дуулахаа больчихсон. О муухай харж ,байснаа аймар чарласан. Би яасан гэсэн чинь “О микропон шидсэн” гэж хэлсэн. О,О руу бахирч очиход О “уучлаарай ахын дүү” гээд толгойг нь илээд аргадсан. Би О-ын хажууд очоод “миний дүү хамт олонтойгоо явж байхдаа ингэж болдоггүй юм, битгий муухай авир гарга. Чамаас О ах нь уучлалт гуйж байна. Ухаантай юм чинь одоо боль” гэж хэлэхэд уйлж сууж байснаа босч ирээд нүд аймар том болоод авгай руугаа хараад авгайгаа элдэв муу үгээр хараасан. Тэгээд О эхнэрийгээ цохиод унагаачихсан. М хажууд нь байснаа О-ыг цааш нь түлхэж унагаасан. О дахиад эхнэрээ зодох гээд байхаар нь би очоод салгахад М-ыг О шанаадсан. Тэгээд О намайг хавсраад унагаасан. З цаана байж байгаад “чи яагаад эмэгтэй хүн зоддог юм бэ” гэхэд О, З-ыг бариад авсан. Би босоод ирэхэд миний гар санжигнаад хавдаад эхэлсэн. Д надад “таны гар чинь хугарчихсан байна” гэж хэлсэн. О орилж хашгираж дайраад, ширээн дээр байсан зүйлүүдийг нураагаад байсан. Текний хүүхэн орж ирэхэд хэл амаар доромжлоод байсан. З байхгүй байсан бол О юм уу эхнэр нь зодуулахаар байсан. Бид хэд нийлээд дийлхээргүй байсан. Кареокений өрөөнөөс гараад дээшээ гарч байхад цагдаа доошоо буугаад явсан. О-ыг хана луу мөргөж байна, шат мөргөж байна, ямар бэртдэггүй юм бэ гэж манай ажлын газрынхан ярьж байсан. Миний гар өвдөөд байсан болохоор О-ыг хараагүй. Ээж, аав нь ирэхэд ээж, аавыгаа цохилоо гэж ярьж байсан. Аав нь хүрч ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү таксидаад яв гэж хэлээд Д, О-ын эхнэр бид гурав гэмтлийн эмнэлэг явсан. О-ыг цагдаа авч яваагүй аав, ээж нь гэр лүүгээ авч явсан гэж ярьсан. Эмнэлэгт үзүүлэхэд гар хугарчихсан байна гээд хагалгаанд орох шаардлагатай гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин гэх нэхэмжлэх зүйл байна. Би өөрөө цалингийн зээлтэй. Үнэхээр хүндрэл бэрхшээлтэй байна. Эмчилгээ хийлгэх гэхээр мөнгө байхгүй байна...” гэсэн мэдүүлэг;

            6.Хохирогч Х.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... О авгайгаа цохиж унагаад М дундуур нь ороод Ц босоорой гэхээр нь би дундуур нь ороход М-ыг шанаадаад намайг хөлөөрөө хавираад унагаасан. Миний баруун гар хугарч хадаас хадуулж хагалгаанд орсон. Би эрүүл мэндээрээ хохирсон учраас гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг(хх-ийн 26-28 дугаар хуудас);

            7.Шүүгдэгч Э.З-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: ”...Тэгээд бид нар дуулж байтал О эхнэртэйгээ хэрэлдэж байгаад эхнэрийнхээ нүүрэнд гараараа цохиод авсан. Энэ үед Т  дундуур нь орж салгасан. Гэтэл О Т-ийг хөлөөрөө хавирч өшиглөөд газар унагаасан. Тэгэхээр нь би босож очоод салгаад О-ыг хоёр гарыг бариад сууж байтал тэр миний зүүн талын хавирга руу өвдөгөөрөө өвдөглөсөн.Би тухайн үед нуруу өвдөөд байна гэж О-д хэлсэн. Маргааш нь босоод ажилдаа явахад зүүн далны доогуур хатгаж өвдөөд байсан. Тэр өдөржин нуруу орчмоор татаж өвдөж өнгөрсөн. Нөгөөдөр буюу 2019 оны 02 сарын 13-ны өглөө босох гэтэл нуруу зүүн тал руугаа татаад босож чадахгүй байсан. Тэгээд ”Мөнгөн гүүр” эмнэлэг орж зураг авахуулахад таны зүүн талын 12 дугаар хавирга хугарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 125 дугаар хуудас);

            8.Шүүгдэгч П.О-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн:”...Тэгсэн З ирээд намайг заамдаад бариад авахад миний өмссөн байсан малгай газар унахад З намайг яаж байгаа юм чи гэж хэлээд духаараа миний нүүр лүү мөргөөд би доошоо унаад миний хамраас цус гарсан. Тэгээд би газар унасан байж байгаад дээшээ босоход З намайг тэвэрч аваад тонгорч газар унагаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас);

            9.Гэрч Э.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед З О-ын араас нь тэвэрч аваад ...хамт зууралдсан байдалтай газар унасан. Харин Т эгч хажууд нь байж байгаад О-ын хөлд нь тээглээд газар унаад босож ирэхдээ баруун гараа бариад миний гар эвгүй болчихлоо гэж надад хэлсэн... би харахад баруун гарынх нь бугуйн дээд хэсэгт хавдаад муруй болсон байсан... Мөн О, З ахтай зууралдсан байхдаа хөлөөрөө З ахын нуруу руу нь 1,2 удаа өшиглөж байгаа харагдсан. З,О-ын дээр нь хоёр гарыг нь бариад сууж байхад нь О хоёр хөлөөрөө гутлынхаа хоншоороор З-ын нурууны араас 2,3 удаа цохисон. Миний харснаар 2,3 удаа цохисон...Тэр үед З ах О дээр очоод араас нь тэвэрч аваад яагаад эмэгтэй хүмүүс зодох гээд байгаа юм гэж хэлэхэд О З ахаас салах гээд З ах О-ыг тавихгүй зууралдаад байсан ба З ах О-ыг хавсраад газар унагаагаад хамт зууралдсан байдалтай газар унасан. Цагдаа ирээд З О-ын дээрээс босох үед О-ын хамраас цус гарсан байсан. Тэр үед би ноцолдсоноос болоод хамраас цус гарсан байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-37 дугаар хуудас),

“...З ах орж ирээд эмэгтэй хүнд гар хүрдэг хэн бэ гээд О-ын хоёр гараас нь бариад цамцнаас нь угзрахад О газар дээшээ хараад унахад нь цээжинд нь хоёр гарыг нь бариад дээр нь гараад суучихсан. Тэр үед О гараа авч босож чадахгүй болохоор орилоод хоёр хөлөө гозолзуулаад байсан ба О-ыг унагаах үед Т эгч хөлд нь оногдоод газар уначихсан, тэгээд босож ирэхдээ баруун гараа бариад миний гар эвгүй болчихлоо гэж хэлсэн...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас);

            10.Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай найзыг дэгээдэж унагаагаад манай найзын гар нь эвгүй болсон байна гэсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас);

            11.Гэрч С.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгсэн тэр хоёрын дундуур нэг эгч ороод салгах гэтэл тэр эгчийг хавираад унагаачихсан. Тэгсэн тэр эгч газарт уначхаад суугаад босож ирэхгүй зөндөө удсан. Харин тэгснээ гар хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн...”гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-р хуудас),

“...Намайг өрөөнд ороход дээлтэй, агсам тавиад байсан залууг цуг явж байсан хоёр ах нь дараад суучихсан, дээлтэй залуу босож ирээд орилж агсан тавьж байснаа эхнэрээ цохих гэсэн. Гэхдээ эхнэрээ оноогүй, тэгтэл цуг явж байсан насаар арай залуу ах нь агсам тавиад байсан залууг бариад хоорондоо барьцалдаж байсан чинь нэг эгч дундуур нь орж салгах үед нөгөө насаар арай залуу ах нь дээлтэй залууг үүрээд шидсэн. Тэр үед дээлтэй залуугийн хөл нь нөгөө дундуур нь орж салгах гэж байсан эгчийн хөлийг өшиглөх гэх юм уу, цохиод нөгөө эмэгтэйг унагаачихсан, тэр эгч унахдаа эвгүй унаад гараад хугалчихлаа гэж байсан...” гэсэн дахин өгсөнмэдүүлэг (хх-ийн 173-174 дүгээр хуудас);

            12.Гэрч Ц.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т гар хугарчихлаа гээд орилохоор нь би харахад баруун гараа барьчихсан зогсож байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 49 дүгээр хуудас);

            13.Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Агсам тавиад байгаа залуугийн дээрээс нэг залуу дараад суучихсан байсан ба дээр нь суучихсан залуу дийлдэхгүй байна хөлнөөс нь базаж хазаад байна гэж хэлж байсан... агсам тавиад байгаа залуугийн дээрээс нэг залуу дараад суучихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 62 дугаар хуудас);

            14.Гэрч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон гэх өдрийн маргааш 09 цаг өнгөрч байхад З таараад зүүн гар даагдаггүй юм хавчуулагдсан юм шиг байна үзээд өгөөч гэхээр нь хувцас солих өрөөнд ороод цамцыг тайлж үзэхэд зүүн далныхан дор жаахан улайгаад хавдчихсан юм шиг байсан. Илж үзэхэд яг тэр газарт нь маш их эмзэглэлтэй байсан. Тэгээд би бариач эмч биш чи эмчид үзүүлж зургийг нь авахуул гэж хэлж байсан. Тэгээд нөгөөдөр нь хавирга хугарчихсан байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 65 дугаар хуудас);

            15.Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О ах хамт дуулчхаад манай нөхрийн өөдөөс микрофоноо шидчихсэн. Манай нөхөр та яаж байгаа юм бэ гээд тэд хоорондоо тэврэлдээд уйлалдаад байсан. Намайг очоод салгах гэтэл нөхөр намайг нэг удаа толгой хавьцаа цохисон. ...Тэгтэл цаанаас З ах чи яагаад том дуугараад байгаа юм гээд заамдаж байснаа мөргөөд унагасан.Тэгэхэд З ах О-ын дээрээс нь цохиод байсан ба тэр үед би салгах гэсэн чинь зайл гээд над руу дайрсан. Тэгээд маргаан болж байхад З гэдэг нь манай нөхрийг мөргөөд тэгээд хоорондоо зодолдоцгоосон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас),

            “...Т эгч З ахыг болиулах гэж байгаад нэгийнх нь хөлд тээглээд уначихсан...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 55 дугаар хуудас);

            16.Гэрч Ц.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би уг караокед ороод ресепшн эмэгтэйгээс юу болсон юм гэж асуухад танай хүүг энэ залуу /З гэгчийг зааж/ мөргөж унагаад ширээн доогуур оруулсан гэж манай эхнэрт хэлсэн байна лээ. Тухайн үед намайг очиход хамар нь хугарсан, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57 дугаар хуудас);

            17.Гэрч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тооцоо хийчхээд баармен эмэгтэйгээс юу болсон талаар асуухад мэдэхгүй, эд нар сууцгааж байгаад хоорондоо зодолдоод гараад ирсэн. Танай хүүхдийг З гэдэг ах газар дарж унагаачхаад зодоод байсан... Зодоон болж байхад тэр эгч салгах гэж голоор нь орж ирээд хөлд нь бүдрээд унасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59 дүгээр хуудас);

            18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2563 дугаартай: “...Х.Т-ийн биед баруун шуу ясны хугарамтгай хэсгийн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 71 дүгээр хуудас);

            19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдийн 2656 дугаартай: “...Э.З-ын биед цээжний зүүн талд 12-р хавирганы хугарал, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 131 дүгээр хуудас);

            20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 2501 дугаартай: “...П.О-ын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун евдөг, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаа зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 74 дүгээр хуудас);

            21.Шинжээч Т.Ч-ыг байцаасан: ”... Хамар ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 183 дугаар хуудас);

            22.Нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл (хх-ийн 66-68 дугаар хуудас), эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 17 дугаар хуудас);

            23.Эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 17, 113 дугаар хуудас),

            24.Хохирогч Х.Төрбатцэцэгийн хохирлын тооцоо гаргасан баримт (хх-ийн 23 дугаар хуудас), хохирогч Э.Золбаярын хохирлын тооцоо гаргасан баримт (хх-ийн 121 дүгээр хуудас),

25.Шүүгдэгч П.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 92 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97 дугаар хуудас), шүүгдэгч О.З-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 206 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 111 дүгээр хуудас);

            26.Шүүгдэгч П.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн. ”...М-эгчийн гэрээс гараад Мустанг караокед ороод би ажлынхаа ах нарт зориулж 0.5 граммын Хар чингис архи авч егсөн, тэрнээс цааш ажлынхан нэмж архи пиво ууж байснаа санаж байна. Би эмнэлгээс гараад ажил дээрээ 11 цагийн үед очоод өрөөндөө сууж байтал З орж ирээд чи өчигдөр ахынхаа хөлийг хазсанаа санаж байна уу гэхээр нь би санаж байна гээд уучлал гуйсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 86 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.З-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс О-ын өөрийн өгсөн мэдүүлгээр З-ыг гэмтэл учруулсан гэж үзэж байна. О анх мэдүүлэг өгөхдөө “2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой 21 цагийн үед караокед орсон. Тасарсан байсан. Болсон асуудлыг санахгүй байна. надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн. Мөн дараагийн мэдүүлэгтээ “намайг хэн гэмтээсэн юм бол оо, үүнийг тогтоож өгөөч” гэж хэлсэн. Харин дараа нь өмгөөлөгч авснаас хойш мэдүүлэг нь өөрчлөгдөөд болсон процессыг нэг бүрчлэн санаж байгаа юм шиг“малгай унасан, З ах намайг мөргөсөн” гэж ярьж эхэлсэн. Иймд О-ын мэдүүлгээр З-ыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. З-ын зүгээс О-ыг болиулаагүй байсан бол өөр хүнд гэмт хэрэг гарах магадлал өндөр байсан. Гэтэл О З-т гомдол гаргаж, цохиогүй хүнийг цохисон болгож хэрэгт холбогдуулж байгаа нь ёс суртахуунгүй явдал юм.  Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад О нь О-г өөрөө мөргөсөн байна. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг ч байгаа. Хүн мөргөх болон хана, шал мөргөөд байхад энэ гэмтэл үүсэх боломжтой. Гэтэл З-г мөргөснийг хэн ч хараагүй, энэ талаар ганцхан О л хэлдэг. Мөн гэрч Д-ийн мэдүүлэгт “З нь салгасан, зодсон асуудал байхгүй” гэсэн байгаа. З нь нийгэмд учрах байсан аюулыг холдуулсан иргэн хүнийхээ үүргийг биелүүлсэн, санаатайгаар хүн хохирооё, гэмтээе гэсэн бодол байгаагүй гэдгийг шүүх харгалзан үзнэ үү. Иймд Э.З-т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна... О-ын биед гэмтэл учирсныг эхнэр Б-ийн мэдүүлгээр тогтоосон гэж хэлж байна. Дандаа ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдүүлгийг ярьж байна.  Шинжээч мөн оновчтой тайлбарыг өгөөгүй. Д-ийн мэдүүлгийг уншихад “зодолдсон асуудал байхгүй” гэж мэдүүлсэн. О-ын хамарт гэмтэл учруулж байхыг хэн ч хараагүй. Эдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна гэж үзэж байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дима гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч П.О-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. О- нь З болон Т-ийн биед гэмтэл учруулсандаа маргахгүй байгаа. Харин өмгөөлөгчийн зүгээс гэмтлийг санаатай эсхүлболгоомжгүй учруулсан гэдэг гэмт хэрэг үйлдэх санаа, сэдлийн хувьд маргаж байна. Гэрч Д-ийн анхны мэдүүлгээр “хөлд нь тээглээд уначихсан”, мөн Т анх “хөлд нь тээглээд уначихлаа” гэж хэлсэн байдаг. Гэрч Б-ийн мэдүүлэгт “тэр эгч манай нөхрийн хөлд тээглээд уначихсан юм” гэж хэлсэн байна. Хэрэг гарах үед О нь ажилтай байсан боловч хэрэг гарсны маргааш шууд ажлаас нь халсан, мөн эхнэр нь жирэмсэн байсан. Тиймээс Т-ийн хохирлыг төлөх боломжгүй байсан юм. Одоо эхнэр нь төрөөд сар гаруй болж байгаа, өөрөө машины ченж залуугийн туслах ажилтан хийж байгаа болохоор Т-ийн хохирлыг барагдуулна, эцэг эх нь ч туслах талаар хэлсэн. Харин Э.З-ын нэхэмжилсэн хохирлын хувьд хэлэхэд Золбаяр нь нийт 843,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүний 630,000 төгрөг нь цалин, хөлстэй холбоотой мөнгө байна. Гэтэл хавтаст хэрэгт Золбаярын ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ байхгүй, цагийн бүртгэл ч байхгүй байна. Иймд нийт хохирлоос 630,000 төгрөгийн хасаж тооцуулах саналтай байна. Үлдсэн хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа нь Э.З-ын үйлдлийг цагаатгаж өгөх тухай хүсэлт гаргаж байна. Шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд “хана мөргөх, толгой руу цохих үед энэ гэмтэл үүсэх боломжгүй” гэдгийг хэлсэн байгаа нь О-д гаднын нөлөөгөөр гэмтэл үүссэн гэдгийг нотолж байна. Хүн өөртөө гэмтэл учруулах боломжгүй. Анх хэрэг шалгагдаж байхдаа бүх гэмтлийг О үүсгэсэн, өөрийгөө ч гэмтээсэн, З болон Т нарыг ч гэмтээсэн гэж явж байсан. Би прокурорт 3 удаа гомдол гаргаж байж З-ыг яллагдагчаар татуулсан. О хэдийгээр согтуу байсан ч гурван гэмтлийг зэрэг үйлдэх боломжгүй. Мөн О-аас бусад хүмүүс нь нэг дор олон жил хамт ажилласан хүмүүс. Манай зүгээс гэмтэл учруулсан дээрээ маргаагүй учраас мэдүүлгийн зөрүүг би ярихгүй байгаа боловч үнэндээ Д, М нар эхний мэдүүлгээсээ буцсан. Мэдүүлгийн зөрүүг гаргах гэж нүүрэлдүүлэн байцаалт явуулсан нэртэй боловч тэр нь жинхэнэ нүүрэлдүүлэн байцаалт биш байсан. Би тухайн байцаалтад суусан. Энэ талаар би мөрдөгчид хэлсэн боловч байцаалт явж дууссан, З-ыг гэмтэл учруулаагүй гэж үзсэн. О-ын мэдүүлгийг үндэслэхгүй ч Д, гэрч Б, шинжээчийн дүгнэлт зэргээр З-ын гэм буруу тогтоогдож байна гэж үзэж байна. Тиймээс З-аас хохирлын 84,000 төгрөгийг гаргуулах боломжтой... Гэрч М-ны анхны мэдүүлэгт “намайг текийн хажууд зогсож байхад Т эгч би О-ын хөлд тээглээд уначихлаа миний гар хачин болчихлоо гэж хэлсэн” гэж байгаа. О-д учирсан хөнгөн гэмтлийг З учруулсан. Харин Т-ийн хувьд гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэж үзэж байна...” гэв.

Анхан шатны шүүх өмгөөлөгч Н.Энхтуяагийн дүгнэлтэд дурдсан асуудлаар дараах дүгнэлт, няцаалтыг өгч байна. Үүнд:

Хохирогч П.О-ын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн “...Мустанг караоке дотор сандал дээр О ах бид хоёр юм яриад сууж байсан. О ахтай маргалдаад босож ирэхэд миний малгай унасан. З ах цаанаас ирээд намайг мөргөсөн. Хамраас цус гараад би доошоо манараад суусан, миний хамрыг хугалсан байсан. Мөн З намайг тонгорч плита шалан дээр унагаасан. Миний өвдөг өвдөж байсан, энэ гэмтлийг мөн З учруулсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Д-ийн “...тэр үед З ах О дээр очоод О-ын араас нь тэвэрч аваад яагаад эмэгтэй хүмүүс зодох гээд байгаа юм гэж хэлэхэд О З ахаас салах гээд З ах О-ыг тавихгүй зууралдаад байсан ба З ах О-ыг хавсраад газар унагаагаад хамт зууралдсан байдалтай газар унасан. Цагдаа ирэхэд З О-ын дээрээс боссон бөгөөд О-ын хамраас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Б-ийн “...Тэгтэл цаанаас Золоо ах чи яагаад том дуугараад байгаа юм гэснээ заамдаж аваад мөргөөд унагасан. Тэгээд Золоо ах О-ын дээрээс нь цохиод байсан тэр үед би салгах гэсэн чинь зайл гээд над руу дайрсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Я-ын “...тэгтэл цуг явж байсан насаар арай залуу ах нь агсам тавиад байсан залууг бариад хоорондоо барьцалдаж байсан чинь нэг эгч дундуур нь орж салгах үед нөгөө насаар арай залуу ах нь дээлтэй залууг үүрээд шидсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.О-ын “...би тооцоо хийчхээд баармен эмэгтэйгээс юу болсон талаар асуухад ... танай хүүхдийг З гэдэг ах газар дарж унагаачхаад зодоод байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 2501 дугаартай: “...П.О-ын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаа зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.З нь хохирогч П.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдсон бөгөөд өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтууд нь эдгээрийг няцаан үгүйсгэж чадсангүй.

Жишээ нь, өмгөөлөгч Н.Э гэрч Л.Б нь хохирогчийн эхнэр буюу хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэрч тул түүний мэдүүлгийг үнэлэхгүй хэмээн өмгөөлөл явуулж буй нь хууль ёсонд нийцэхгүй бөгөөд гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тохиолдолд тухайн мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлэх ёстой.

Түүнчлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан компакт дискт байгаа дуу-дүрсний бичлэгээс үзвэл хохирогч П.О нь нэлээд согтуурсан байдалтай нь харагдах боловч ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн зүйлгүй, илтэд бусдад зодуулсан байдалтайгаар газар хэвтэх, харин түүний дээрээс нэгэн хүн өрөөсөн гараараа заамдаж дарсан, харин нөгөө гараараа бичлэг хийж буй нөхцөл байдал тогтоогдов.

Эд мөрийн баримт шинжлэн судлах үед шүүгдэгч, хохирогч Э.З “дээрээс нь дараад бичлэг хийж байгаа хүн нь би” хэмээн тайлбарласан бөгөөд харин шүүгдэгч, хохирогч П.О “би доор нь хэвтэж байгаа бөгөөд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, бичлэг миний баруун гар (бөгжтэй) сул байгааг та бүхэн анзаарч хараарай” гэсэн болно.

Хохирогч Х.Тг нь агсамнаж байсан П.О, түүнийг том дугарлаа хэмээн заамдсан байсан Э.З нарыг салгах гэж байх үедээ Э.З-т үүрэгдэн шидүүлж байсан П.О-ын хөлд тээглэн газар унахдаа баруун гарын шууны ясаа хугалсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Э.Д, Л.Б, С.Я, Ж.О нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд тэдний мэдүүлэг нь тоо, чанарын хувьд хохирогч Х.Т-ийн мэдүүлгийг няцаан үгүйсгэж байна.

Иймд шүүгдэгч П.О, Э.З нарын хувьд хохирогч Х.Т-ийг хохироох санаа зорилго байгаагүй, түүнтэй огт зөрчил маргаан үүсгээгүй байсан буюу үйлдлийн хувьд ухамсарт сэтгэхүйн харьцаа бий болоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаар шүүгдэгч П.О-ын холбогдсон хохирогч Х.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн диспозиц шинж буюу үйлдлийг хууль тогтоогч “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодод ... гэмтэл болгоомжгүй учруулсан бол...” хэмээн хязгаарлалттай хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглох онцгой зарчимтай тул шүүгдэгч П.О-ын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болохыг мөн дурдъя.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан байх тул шүүх эдгээрийг нотлох баримтаар үнэлж, П.О, Э.З нарын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдахын зэрэгцээ шүүгдэгч П.О, Э.З нарын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биедээ хүнд болон хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч П.О, Э.З нарын харилцан бие биедээ гэмтэл учруулсан үйлдэл нь хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалтын шинжгүй байх бөгөөд шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, улмаар харилцан бие биеэ хүндлээгүйтэй шууд холбоотой гэж үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч П.О, Э.З нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.О, Э.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд уг зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд хохирогч П.О-аас нэхэмжилсэн 84,000 төгрөг, хохирогч Э.З-аас нэхэмжилсэн 213,700 төгрөгийг тус туснотлох баримтын шаардлага хангасан гэж үзэнгэм буруутай этгээдээс гаргуулах, харин хохирогч Э.З-ааснэхэмжилсэн цалингийн зөрөө гэх 630,000 төгрөгийгтооцсон аргачлал нь тодорхой бус, зарим баримт нь хуулийн шаардлага хангахгүй, цалин хөлстэй холбоотой зарим баримт дутуу зэргээс хамааран тодорхой тооцоо гаргах бололцоогүйбайсан тул энэшүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хохирогч Х.Т-т гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохирол учраагүй хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар түүний эрүүл мэндэд учирсан хор уршгаас үүдэлтэй гэм хорын хохирлыг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, агсам тавин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан буюумаргаан эхлүүлсэн П.О иргэний хариуцагчийн хувиар хариуцан төлбөл зохино.

Иймд шүүгдэгч П.О-аас1,485,126 төгрөг гаргуулан хохирогч Х.Т-т1,271,426 төгрөг, хохирогч Э.З-т 213,700 төгрөг, шүүгдэгч Э.З-аас 84,000 төгрөг гаргуулан хохирогч П.О-д тус тус олгуулах, хохирол төлөх хугацааг гурван сараар тогтоож тогтоолд дурдах нь зүйтэй.

Жич: Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирлыг дээр дурдсан байдлаар шийдвэрлэн оролцогч нарт танилцуулсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо шүүгдэгч П.О-аас гаргуулах мөнгөн дүнг 1,385,126 төгрөг гэж, хохирогч Э.З-т олгох мөнгөн дүнг 113,700 хэмээн тоо, тооцоог 100,000 төгрөгөөр зөрөөтэй буюу техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүх өөрөө залруулга хийж, тогтоох хэсгийг зөвтгөсөн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Онь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.З нь хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн байгааг тус бүр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсонбөгөөдхүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Оч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгч Э.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди-гшийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дима эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О нь эхнэр, хоёр бага насны хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь байгаа юм. Тиймээс торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зохимжтой гэж бодож байна. Шүүгдэгч нь ажилд орсон тул шүүх шүүгдэгчийг хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээч гэж хүсэж байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж энэ хэрэг гарсан гэдгийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэж хүсэж байна гэв.

            Улсын яллагч шүүгдэгч Э.З-т торгох ял оногдуулах санал гаргаж буй нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зорилгод нийцэхгүй байна хэмээн шүүх дүгнээд тэрээр урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь харгалзан түүнийг нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлүүлэх замаар өөрөө өөрийгөө засан хүмүүжүүлэх боломж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д гурван зуун тавин цагийн хугацаагаар, шүүгдэгч Э.З-т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд үр нөлөөтэй гэж үзэв. 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

Эрүүгийн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.О, Э.З нарнь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

            2.Б овогт П-ийн О-т, Х овогт Э-ын З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д гурван зуун тавин цагийн хугацаагаар, шүүгдэгч Э.З-т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            4.Ялтаннийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.О, Э.Знарт сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-аас гурван сарын дотор 1,485,126(нэг сая дөрвөн зуун наян таван мянга нэг зуун хорин зургаа)төгрөг гаргуулан хохирогч Х.Т-т 1,271,426(нэг сая хоёр зуун далан нэгэн мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөг, хохирогч Э.З-т 213,700(хоёр зуун арван гурван мянга долоон зуу) төгрөг, шүүгдэгч Э.З-аас 84,000(наян дөрвөн мянга)төгрөг гаргуулан хохирогч П.О-дтус тус олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган архивд хадгалуулсугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.О, Э.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.О, Э.З нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА