Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 884

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Б.Энхбат, өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Б, тэдний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03142 1048 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Б овогт Б-ийн Б,Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Хангай сумын 6 дугаар баг, Ноёнхангай гэдэг газар байнга оршин суудаг бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны **тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

            Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Ноёд” зочид буудлын орчимд насанд хүрээгүй А.М-г хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...өсвөр насны шүүгдэгч Б овогт Б-ийн Б нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Ноёд” зочид буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч А.М-г хутгалж, түүний бие махбодод “...зүүн тохой, бүсэлхийн зүүн хэсэгт шарх...”бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2.Насанд хүрээгүй хохирогч А.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд манай найз Н, З, Б бид нар “Зогсохгүй” гэх репперүүдийн тоглолт үзэх гээд Толгойтын автобусны эцсийн буудал дээр цугларсан юм. Тоглолтын такс нь үүдэн дээр нь зарагдаж байгаа гэхээр нь одоо дуусчихсан байх гэж бид нар ярилцаад тоглолт үзэхээ больсон. Бид дөрөв О-ыг дуудаж, караокед орохоор тохиролцоод 21 дүгээр хороололд амьдардаг О-ын гэрт очсон. Тэгтэл О зааланд тоглоё гэсэн санал гаргасан чинь манай найз Н би яаж заал авах юм бэ даашинз, туфли өмсчхөөд яаж тоглох юм бэ караоке орж дуулцгаая гэснээр караоке орохоор болсон.Тэгээд бид зургаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” гэх караокед 9 цаг өнгөрч байх үед орцгоосон ба Н, З нар нэг, нэг ундаа аваад Б бид хоёр нэг, нэг пиво авсан, У юу ч аваагүй. Бид нар 22 цаг хүртэл караокед 1 цагийн эрх аваад дуулцгааж байсан. З, Б хоёр юунаас болж муудалцсаныг мэдэхгүй Б, О, У хоёрыг дагуулаад гадагш гарсан. Би тэднийг ариун цэврийн өрөө орчихлоо гэж бодсон, удалгүй 5 минутын дараа У буцаж орж ирсэн. У “бид нар явлаа Спикерээ /Хөгжим/ аваад явлаа шүү” гэхээр нь би та нар явах гэж байгаа юм уу гэсэн чинь Б ах явъя гээд уурлаад байна гэсэн. Би Б рүү очоод явах гэж байгаа бол хэлээд цуг яваач, хүн хаяж явах гээд байх юм гэхэд чамайг хаяж явахаар яадаг юм гээд намайг боосон, тэгээд бид хоёр зодолдож эхэлсэн. Н, З, О нар бид хоёрыг салгасан. Бид хоёр салаад хоёр охиныг дагуулаад цаашаа яваад "Ноёд” гэх нэртэй зочид буудлын урд нь ирээд сууцгааж байсан. Тэгтэл Б хүрч ирээд зүүн бөөр хавьцаа цохих шиг болсон, би “одоо хоёулаа зодолдох оо больё” гээд хоёр гарыг бариад авсан. Тэр үед Б-ийн баруун гарт хутга байсан ба Б хутгатай гараа эргүүлээд татахдаа миний зүүн тохой хэсэгт хатгасан. Тэгээд бид хоёр салаад, хэрэлдээд байж байгаад би суух гээд ар нуруугаа барьтал нойтон оргихоор нь хартал цус гарсан. Би хутгалуулснаа тэгэхэд мэдсэн....Хар иштэй хутга нь Б-ийн хутга байсан юм аа. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр тухайн хутгыг бид хоёр цуг явж байгаад Хархорин захын замын хойд талын 1000-ын барааны дэлгүүрээс 1000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Түүнээс хойш тэр хутга Б-д л байдаг байсан...." гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас);

            3.Иргэн А.М-ээс 2019 оны 06 дугаар 07-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...бусдад хутгалуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-4 дүгээр хуудас);

            4.Насанд хүрээгүй гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нэг гарчхаад иртэл үүдэнд Б, М хоёр зодолдож байхаар нь салгаад Б-ийн нүүр нь цус болчихсон байхаар нь нойл орж угааж өгөөд караоке баарнаас гартал гадаа М 2 охин, У нарын хамт зогсож байснаа дахин зодоон болсон. Б хаанаас юм хутга гаргаж ирээд М-г хутгаараа зүүн гарын шуу болон зүүн талын бэлхүүсэнд хатгаад авахаар нь би гараас нь хутгыг нь булааж автал хар бариултай эвхэгддэг жижиг хутга байхаар нь У-д наад хутгаа хаячих гээд өгсөн чинь хаана юм мэдэхгүй хаячхаад ирсэн. Удалгүй түргэн дараа нь цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас);

            5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7096 дугаартай “...А.М-ийн биед зүүн тохойд, бүсэлхийн зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас);

6.Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 82 дугаар хуудас);

 

            7.Өсвөр насны яллагдагч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би М-тэй зодолдож байхдаа халаасандаа байсан эвхдэг хар хутгаар түүнийг хатгаж байхдаа учруулсан гэмтэл байна. Би дээрх гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. М-ээс уучлалт гуйж эмчилгээний мөнгө төлсөн, бид эвлэрсэн, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-48 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч А.М-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч А.М-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед өсвөр насны шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хохирогч А.М нь хохирол төлбөрөө бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Б.Б нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах...” гэснийг тус тус харгалзантүүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү..” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь хэдийгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр хутга буюу зэвсэг хэрэглэж хүний амь насанд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болонгэмт хэргээс урьдчилан сэргийлэхэрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, зэвсэг хэрэглэсэнхэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б-ийн Б-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ял дээр нэмж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээрбусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА