Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01863

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/09979 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********-д холбогдох,

Гэрээний үүрэгт 10,875,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 7,250,000 төгрөг, алданги 3,625,000 төгрөг, нийт 10,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрт 7,250,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

2.1. Анхан шатны шүүх гэрээнд заасан алдангийн тохиролцооны талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь захиалгын дагуу шүдний имплант нийлүүлэхээр, ******** нь төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.1. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 14,000,000 төгрөгийн үнэ бүхий шүдний имплант нийлүүлснээс хариуцагч нь 6,750,000 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэх 7,250,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөхийг зөвшөөрсөн.

Иймд шүүхээс уг нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

3.2. Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь 27,000,000 төгрөгийн шүдний имплант нийлүүлэх ёстой байснаас 14,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн нь хариуцагчийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй төлбөрт алданги тооцох эрхийг хязгаарлахгүй.

Учир нь нэхэмжлэгчийн бүтээгдэхүүн дутуу нийлүүлсэн нь хариуцагчийн захиалга өгөөгүй болон төлбөр төлөөгүй нөхцөл байдалтай холбоотой, түүнчлэн хариуцагч нь хүлээсэн авсан бүтээгдэхүүн бүрт төлбөр төлөх хугацаа тусдаа тоологдоно. Энэ талаар гэрээний 6.3-т тодорхой заагдсан байна.

Мөн хариуцагч хуулийн этгээд өөрийн нэрээр гэрээ байгуулж, бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөр тооцоог хийж байсан тул тухайн компанийн ажилтан энэ гэрээний төлбөрийг хариуцна гэх тайлбарыг хүлээн авахгүй.

Иймээс хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид 3,625,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хавсаргасан материалын бүрдлийг үнэлээд анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээндээ хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгахгүй.

Мөн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцоогүй талын нэрийг дурдсан нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/09979 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********-иас 10,875,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 188,950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 188,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Т.БАДРАХ