| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/06058/И |
| Дугаар | 210/МА2025/01810 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01810
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
“*******” ХК-д холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өглөөний 05 цаг 20 минутад ******* JSС /”*******” ХК/ гэдэг өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар Залруулга нэртэй зурган мэдээ оруулсан болно. Уг зурган мэдээний 1 дэх догол мөрт “*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн ******* Өдрийн сонины 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “*******” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна гэх агуулга бүхий мэдээлэл нийтлүүлжээ гэж, мөн мэдээний хамгийн сүүлийн 2 догол мөрт Гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг дээрх журмын хүрээнд тооцохдоо Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн *******ын мэдээлэлд дурдсан 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй, олон нийтэд сөрөг буруу ойлголт төрүүлэхүйц хэт өндөр дүнтэй байгааг залруулж байна гэж, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь компанийн нэр хүндэд халдсан бодит мэдээллээс хэт зөрүүтэй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэнд харамсаж байна гэж тус тус мэдээлсэн байна. “*******” ХК-ийн дээр дурдсан мэдээний хар өнгөөр тодруулсан хэсэг нь миний иргэний нэр төр, мөн ажил хэргийн нэр хүндийг гутааж байна. Өөрөөр хэлбэл миний бие “*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний хувьд өөрт олгогдсон, хуралд хэлэлцүүлсэн, иргэдэд нээлттэй мэдээллийн хүрээнд тус хуралдаан дээр ашиглагдсан мэдээллийг үндэслэж иргэдэд хараат бус гишүүний хувьд мэдээлэл өгсөн. Уг мэдээллийг хэт зөрүүтэй, бодит үнэнд нийцэхгүй, хэт өндөр дүнтэй, олон нийтэд сөрөг буруу ойлголт төрүүлэхүйц хэмээн залруулсан нь намайг хараат бус гишүүний хувьд худал мэдээлэл тараасан, ажлаа хийж мэддэггүй, бусдыг төөрөгдүүлсэн мэтээр харуулж залруулга хийсэн. Энэ нь би тус компанийн хараат бус гишүүний хувьд олон нийтийн өмнөх ажил хэргийн нэр хүндийг маань унагааж, гутааж байна. Зөвхөн “*******” ХК дахь ажил хэргийн нэр хүндээс гадна, иргэн хүний хувьд миний бие олон төсөл, компанид зөвлөхөөр ажиллаж байсан, мөн ажиллах болно. Ингэхдээ, “*******” ХК нь намайг ажиллаж буй компанийнхаа эсрэг ажилладаг, худал мэдээлэл тараадаг, ажлаа хийж мэддэггүй мэтээр олон нийтэд гутаан тараасан учир цаашид миний иргэний нэр төр, алдар хүндэд мөн халдаж байна. Иймд хариуцагч “*******” ХК-г миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн ******* нь Өдрийн сонины 2024 оны 08 дугаар сарын 21-ний Лхагва гарагийн №155(7521) дугаарт “Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “*******” ХК-ийн БЭТ 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэх гарчигтай ярилцлага нийтлүүлсэн байдаг. Уг нийтлэл бодит үнэнд нийцээгүй, зөрүүтэй мэдээлэл байсан. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт үүсгэж болзошгүй байсан тул компанийн зүгээс тухайн өдөр нь залруулга хийж, өөрийн пэйж хуудастаа байршуулсныг гутаасан мэдээ гаргасан гэж үзэхгүй байна. Энэхүү залруулгад нэхэмжлэлд дурдсанчлан компанийнхаа эсрэг ажилласан, худал мэдээлэл тараасан, ажлаа хийж мэддэггүй гэх зэргээр хэн нэгний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл агуулаагүй болно. ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ажлаасаа халагдсаны дараа эргэж ирж их хэмжээний урамшуулал авсан гэх зүйл дурдагдаж байна. Бүрэн эрхт төлөөлөгч бол ажилд томилогдсон, ажлаас халагдсан, ажлаас гарсан ийм хүн биш. Харин Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож ирээд томилогдсон хугацаа дууссан ийм эрх бүхий албан тушаалтан. ...Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд компанийг удирдаж байх 18 сарын хугацаанд манай компани өнгөрсөн арван жилийн хугацаанд байсан үзүүлэлтүүдээ биелүүлээд ч хүрэхээргүй их өндөр амжилттай ажилласан. Тодруулбал, онцгой дэглэмийн хугацаанд “*******” ХК нь 66.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй 59.2 сая тонн нүүрс борлуулж, Монгол банканд 3.5 тэрбум ам.доллар төвлөрүүлж, улсын төсөвт 5 их наяд төгрөгт нөлөөлж, 7.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1.2 их наяд төгрөгийн өмнө нь үүссэн байсан хуримтлагдсан өр төлбөрийг бууруулсан амжилттай ажилласан. Нэхэмжлэгчийн хувьд бол иргэдийг мэдэх эрхээр хангаж, хараат бус гишүүнийхээ үүргийг биелүүлсэн гэх зүйлийг хэлдэг. Гэхдээ үүнээс гадна дээр дурдсан компанийн ашигтай сайн ажилласан гэх мэт талыг мөн мэдэгдэж болох байтал заавал хүмүүсийн эмзэглэж болох бухимдаж болох тийм асуудлыг хөндсөн байдаг. Мөн нэхэмжлэгчийн хувьд ийм ярилцлага өгөх болсон эх үүсвэрээ ч нотолж чадаагүй. Хэрэв компанийн ашигтай, амжилттай ажилласан талаар ярилцлага өгч, нийтэд мэдэгдсэн бол бид харин ч гишүүндээ талархаж, өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан хариуцагч ”*******” ХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай
...хуульд “гутаасан мэдээ” гэх нэр томьёог тайлбарласан албан ёсны тайлбар үгүй хэдий ч шүүхийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн, үгийн шууд утгаар тайлбарлавал, монгол хэлний их тайлбар тольд дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
гутааж бузарлах - сайн юмыг муутган бузарлах
гутааж гүтгэх - сайн юмыг муутган гүтгэх ялзруулан
гутаах- ялзруулан муутгах, өмхийрүүлэн муутгах
нэрээ гутаах - муу зүйл хийж, олны дунд муу хэлэгдэх. нэрээ муутгах зэргээр тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, энэ хүрээнд хариуцагч байгууллагын Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, энэ талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй мэдээлэх үүрэгтэй болно. Энэ хүрээнд мэдээлэл хийхэд түүний хийсэн мэдээллийг “бодит байдалд нийцээгүй”, “зөрүүтэй” мэтээр түүний мэдээллийг худал хэмээн олон нийтэд залруулсан нь түүний ажил хэргийн нэр хүнд буюу “Хараат бус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн”-ий үүргийг биелүүлж чадахгүй, худлаа мэдээлэл олон нийтэд тараасан гэдэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй.
Өөрөөр хэлбэл, шүүхийн өөрийн тайлбарлаж буй “бодит байдалд нийцээгүй” гэдэгт хариуцагч байгууллага “хэт өндөр үнийн дүнтэй, бодит байдлаас зөрүүтэй” байна зэргээр түүний хийсэн мэдээллийг залруулж байгаа, үүнийг ямар байдлаар их байгаа, бодит байдалд хэрхэн нийцэхгүй байгааг огт тайлбарлахгүй, нотлоогүй байгааг шүүх авч хэлэлцсэнгүй буюу энэ нь өөрөө хариуцагч нотлох үүргээ биелүүлэхгүй байгаа, бодит байлдалд нийцээгүй мэдээлэл болохыг харуулж байна.
Харин нэхэмжлэгчийн “ажил хэргийн нэр хүндийн үнэлэмж буурах”-ыг шүүх шаардаж байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгч дээр дурдсанчлан хараат бус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хувьд түүний хийсэн мэдээллийг залруулж, буруу байна гэж байгаа нь өөрөө түүнийг хараат бус гишүүний хувьд худал мэдээлэл тарааж, ажлаа хийж чадахгүй байгаа мэтээр харуулж буй хэлбэр мөн. Хариуцагч байгууллагын гаргасан залруулга олон нийтэд нээлттэй буюу бусдаар түүний нэр төрийн үнэлэмжийг буурсан эсэхийг тогтоох, нотлуулах боломжгүй.
2. Нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан тухайд
Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өглөөний 05 цаг 20 минутад “Erdenes Tavantolgoi ******* /******* ХК” гэдэг өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар “Залруулга” нэртэй зурган мэдээ оруулсан болно.
...Энэ залруулгаас дараах хэсэг нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гэж үзэж байна.Үүнд:
а. “1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй”, “олон нийтэд сөрөг буруу ойлголт төрүүлэхүйц хэт өндөр дүнтэй байгааг залруулж байна”
b. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь компанийн нэр хүндэд халдсан бодит мэдээллээс хэт зөрүүтэй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэнд харамсаж байна.
Дээрх байдлаар залруулга хийсэн нь “*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Хараат бус гишүүн” албан тушаал эрхэлж буй нэхэмжлэгчийн энэ ажлын байртай холбогдуулан буюу ажил хэргийн нэр хүндийг гутааж байна.
Стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшдэг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу стратегийн орд буюу байгалийн баялаг ар түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийг хүртээхэд компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр нь хуульд нийцэж, компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байх зэрэгт ард түмний буюу иргэдийн өмнөөс хяналт тавих үүрэгтэй байна. Эдгээр үүрэг түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн “ажил хэргийн нэр хүнд” болно.
Хариуцагч байгууллага дээрх байдлаар буюу нэхэмжлэгчийн хийсэн мэдээллийг “хэт зөрүүтэй”, “бодит үнэнд нийцэхгүй", “хэт өндөр дүнтэй”, “олон нийтэд сөрөг буруу ойлголт төрүүлэхүйц” хэмээн залруулсан нь хараат бус гишүүний хувьд худал мэдээлэл тараасан, ажлаа хийж мэддэггүй, бусдыг төөрөгдүүлсэн мэтээр харуулж залруулга хийсэн. Энэ нь Нэхэмжлэгч ******* нь хуулиар хүлээсэн хөндлөнгийн хяналт тавих, хараат бусаар мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлж чадахгүй байна, түүнийг бодит байдлаас хэт зөрүүтэй худал мэдээлэл тараасан болгож өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар залруулга гаргаж түгээж байгаа нь түүнийг гутааж буй хэлбэр мөн.
3. Хариуцагч тараасан мэдээллээ үнэн зөвийг нотлоогүй тухайд
...Тодруулбал, Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн хийсэн “Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “*******” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэдгийг өөрсдийн залруулснаар “бодит үнэнд нийцэхгүй”, “олон нийтэд сөрөг буруу ойлголт төрүүлэхүйц хэт өндөр дүнтэй”, “компанийн нэр хүндэд халдсан бодит мэдээллээс хэт зөрүүтэй мэдээллийг олонд түгээсэн” болохыг нотолж чадаагүй буюу энэ талаар нэг ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн тус мэдээллийн аль хэсэг нь бодит үнэнд нийцээгүй эсэх, ямар дүн хэмжээгээр хэт өндөр дүнтэй байгаа эсэх, хариуцагчийн ямар мэдээлэл нь бодит мэдээлэл болж энэ нь хэрхэн, яаж, ямар дүнтэйгээр нэхэмжлэгчийн хийсэн мэдээллээс зөрж компанийн нэр хүндэд халдсан тухай огт тайлбар гаргаагүй.
Эсрэгээрээ нэхэмжлэгчийн зүгээс дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн буюу энэ нь түүний хийсэн мэдээлэл болох төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчилж байхад “*******” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэх мэдээллийг нотолж байна. Үүнд:
“*******” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын нэг сарын цалин хөлсний хэмжээ 35,500,000 төгрөг бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал, мөн өдрийн 15 дугаар тогтоолоор 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор 529,827,113 төгрөгийн урамшууллыг тус тус олгосон.
Иймд, бүрэн эрхт төлөөлөгч 315,000,000 /35,500,000 х 9/ + 529,827,113 = 844,827,113 төгрөгийн урамшуулал дээр нийт ажилласан 18 сарын үндсэн цалин авсан байна.
Дээрхээс үзвэл бодит байдал дээр “*******” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байх хугацаандаа 1.5 тэрбум гаруй төгрөгийг төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчилж байхад цалин, урамшуулал хэлбэрээр авсан нь үнэн буюу тогтоогдож байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
“*******” ХК-ийн залруулгад “******* ажлаа мэдэхгүй, эсвэл худал мэдээлэл тараасан” гэх агуулгатай үг, хэллэг байгаагүй. Өөрөөр хэлбэл, залруулгын агуулгад *******ын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан утга агуулагдаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “уг мэдэгдлийг олон хүн үзэж, сөрөг сэтгэгдэл илэрхийлсэн” гэж тайлбарласан боловч, хавтаст хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн цахим хуудсанд хийсэн үзлэгийн баримтаас буюу хавтаст хэргийн 163 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд ямар нэгэн сөрөг сэтгэгдэл, иргэдийн доромжлол бүхий хандлага байхгүй нь тогтоогдсон. Өнөөдөр ч “*******” ХК-ийн албан ёсны вэбсайт дээр тухайн залруулга байсаар байгаа бөгөөд түүнтэй холбоотой сөрөг тайлбар, сэтгэгдэл байхгүй. Хоёрдугаарт, “их хэмжээний буюу 1,200,000,000 төгрөгийн цалин, урамшуулал авсан” гэх мэдээллийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч өөрийн гаргасан мэдээллийн үнэн зөв, тэнцвэртэй байдлыг нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч уг мэдээллийн бодит байдлыг хангалттай нотолж, баримтаар баталж чадаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс олон нийтэд цацсан “1,200,000,000 төгрөгийг авч байна” гэх мэдээнд бол бодит байдлыг бүрэн тусгаагүй. Уг мэдээллийг залруулахдаа “*******” ХК тухайн хүнийг гутаан доромжилсон, эсвэл нэр хүндийг унагаасан үг, хэллэг ашиглаагүй. Иймээс анхан шатны шүүх уг маргааны холбогдох баримт, нөхцөл байдлыг судалж, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь “*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажилладаг байсан бөгөөд тэрээр Өдрийн сонины 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 155/7521/ дугаар нийтлэлд “Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “*******” ХК-ийн БЭТ 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэх гарчигтай ярилцлага өгчээ. /1.х.х-ийн 196-199/
3.2. “*******” ХК-ийн “Erdenes Tavantolgoi ******* / ******* ХК” фэйсбүүк хаягт:
2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “...Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь Онцгой дэглэмийн хугацаанд ажиллахдаа 6.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй 59.2 сая тонн нүүрс борлуулж, Монголбанканд 3.5 тэрбум ам.доллар арилжин, улсны төсөвт 5.0 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, 7.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, компанийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгож, компанийн өр төлбөрийг 1.2 их наяд төгрөгөөр бууруулсан. “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-д Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийг ашигтай ажиллуулбал үр дүнгийн урамшуулал олгох, алдагдалтай ажиллавал хариуцлага тооцохоор заасан. Энэ журмын дагуу “*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр дээрх үзүүлэлтийг харгалзан 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд гүйцэтгэх удирдлагаар ажилласан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *******ад өндөр бүтээмжтэй, “хангалттай сайн” ажилласан гэж дүгнэн үр дүнгийн урамшуулал олгосон. Гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг дээрх журмын хүрээнд тооцохдоо ТУЗ-ийн хараат бус гишүүн *******ын мэдээлэлд дурдсан 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй, олон нийтэд сөрөг буруу ойлголт төрүүлэхүйц хэт өндөр дүнтэй байгааг залруулж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь компанийн нэр хүндэд халдсан бодит мэдээллээс хэт зөрүүтэй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэнд харамсаж байна” гэх залруулгыг нийтэлсэн байна. /1.х.х-ийн 162-164/
Хариуцагч “*******” ХК нь дээрх залруулгыг өөрийн цахим хуудаст байршуулсан талаар зохигч маргаагүй боловч уг залруулга нь нэхэмжлэгч *******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх талаар маргажээ.
4. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд бусдын нэр төрийг гутаах, доромжлох санаа сэдэл агуулсан эсэхээс үл хамаарч, тэрхүү мэдээллийн улмаас нэхэмжлэгчид эдийн болон эдийн бус хохирол учирсан байхыг шаардахгүйгээр тараасан мэдээ бодит байдалд нийцээгүй бол тухайн этгээд няцаах үүрэг хүлээнэ.
5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******ын Өдрийн сонины 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 155/7521/ дугаар нийтлэлд өгсөн гарчиг болох “Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “*******” ХК-ийн БЭТ 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэснээс үзвэл тус компанид томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч нь энэ цаг хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар ийм хэмжээний цалин, урамшуулал авч байгаа мэтээр олон нийтэд ойлгогдохоор байна.
Тодруулбал, тухайн нийтлэлийн гарчигаас “*******” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нь 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшууллыг чухам ямар хугацаанд авсан талаар тодорхой мэдээлэл байхгүйгээс 1 сарын цалин, урамшуулалд 1.2 тэрбум төгрөг авсан, аль эсхүл түүний ажилласан 18 сарын хугацаанд дээрх хэмжээний цалин, урамшуулал авсан гэдгийг уншигчид олж мэдэх боломжгүй байна.
Гэвч нэхэмжлэгч *******ын ярилцлагыг бүтэн уншвал тус компанийн бүрэн эрхт төлөөлөгч нь цалин хөлсөнд 400,000,000 төгрөг, урамшуулалд 780,000,000 гаруй төгрөг, нийлээд 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшууллыг 1 жил, 6 сар гаруй хугацаанд ажиллахдаа авсан талаар тодорхой мэдээлжээ. /1.х.х-ийн 198/
6. Харин хариуцагч “*******” ХК нь нэхэмжлэгч *******ын Өдрийн сонинд өгсөн энэхүү ярилцлагыг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 155/7521/ дугаарт нийтлэхэд “Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад “*******” ХК-ийн БЭТ 1.2 тэрбумын цалин, урамшуулал авч байна” гэх гарчигт ач холбогдол өгч, уг компанийн бүрэн эрхт төлөөлөгч *******ад 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд өндөр үр бүтээмжтэй хангалттай сайн ажилласан гэсэн үндэслэлээр үр дүнгийн урамшуулал олгосон талаар мэдээлэл өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ын ярилцлагад тус 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон хугацаа, хэмжээ тодорхой байх боловч тухайн нийтлэлийн гарчигаас энэ талаар тодорхой мэдэх боломжгүй байсныг хариуцагч “*******” ХК-ийн зүгээс ийнхүү бүрэн эрхт төлөөлөгчийг ажилласан 18 сарын хугацаандаа өндөр бүтээмжтэй, сайн ажилласан байдлыг харгалзан түүний ажилласан хугацаанд үр дүнгийн урамшуулал олгосон гэж дэлгэрүүлж мэдээлжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь өөрт байгаа мэдээлэл дээр үндэслэн тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчийн өнгөрсөн хугацаанд авсан цалин, урамшуулалын талаар ярилцлага өгсөн, хариуцагч нь хариу залруулгад бүрэн эрхт төлөөлөгчид өгсөн цалин, урамшуулалын хугацаа болон хэмжээний талаар дэлгэрүүлж мэдээллэсэн нь хоорондоо зөрүүгүй, гагцхүү нийтлэлийн гарчигт дутуу орхигдсон мэдээллийг олон нийтэд бүрэн мэдээллэхээр залруулга гаргасан байна.
7. Анхан шатын шүүх дээр дурдсан нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт өгөөгүй боловч хариуцагчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн залруулгад нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг шууд гутаах мэдээлэл агуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Хэдийгээр тухайн залруулгын төгсөлд “...Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь компанийн нэр хүндэд халдсан бодит мэдээллээс хэт зөрүүтэй мэдээллийг олон нийтэд мэдээллийн хэрэгслээр түгээсэнд харамсаж байна...” гэж бичсэн байх боловч энэ нь ярилцлагын бүтэн агуулгад бус, нийтлэлийн гарчигт ач холбогдол өгсөнтэй холбоотой гэж үзэхээр байна.
Иймд, хариуцагч нь өөрийн цахим хуудаст байршуулсан залруулгад нэхэмжлэгчийг хараат бус гишүүний хувьд худал мэдээлэл тараасан, ажлаа хийж мэддэггүй, бусдыг төөрөгдүүлсэн мэтээр харлуулсан үйл баримт дурдагдаагүй, мөн нэхэмжлэгчийн ярилцлагын агуулгаас зөрүүтэй гарчиг дахь дутуу мэдээллийг нөхөн мэдээлсэн шинжтэй байх тул уг залруулгыг бусдын нэр хүндийг гутаасан гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР