| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/03978/И |
| Дугаар | 210/МА2025/01847 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01847
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 35,076,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* ХХК нь зээлдэгч *******, ******* нартай 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдөр №:002018031201 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, *******, ******* хотхон, ******* байр ******* тоот хаягт байрлах 45 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдөр №: БГ002018031201 дугаартай Барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлдэгч ******* нь зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар сунгах тухай хүсэлтийг гаргасан байдаг. ******* ХХК нь энэхүү хүсэлтийг хүлээн авч зээлдэгчтэй 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №:002018031201 дугаартай Зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээг байгуулан, Зээлийн гэрээний хугацааг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 6 сараар сунгасан болно. Зээлийн гэрээний 2.2-т Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлнө, 4.2.1-д Гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлэх, 4.2.2-т ... гэрээний хугацаанд зээлийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. ******* ХХК нь зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч, зээлийн гэрээний хугацааг сунгасан боловч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөлгүй, эргэн төлөлтийг хоцроож бага хэмжээгээр төлөлт хийдэг байсан бөгөөд энэ нь хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж хүрэлцдэггүй байсан. Зээлдэгч нарын Зээлийн гэрээний үүрэгт төлөх хуримтлагдсан өр төлбөр 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрer, зээлийн хүүнд 15,908,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,168,000 төгрөг, нийт 35,076,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас Зээлийн гэрээний үүрэгт 35,076,000 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
*******, ******* бид тус шүүхэд хянагдаж ******* ХХК-ийн 35,076,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний нэхэмжлэгч компанитай 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 6 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр 24,000,000 төгрөг зээлж авсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан зээлийн дүн болон зээлийн төлбөртэй холбоотой тайлбар, тооцоолол нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрөөс нийт 18,880,000 төгрөгийг буцаан төлсөн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 болон 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******гаас 25,544,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,363,200 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 285,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...нэхэмжлэгч талаас зөвхөн хамтран зээлдэгч *******ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан мэтээр тайлбарлан дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 6,363,200 төгрөгийг бууруулан тооцож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч В.Цэцэгмаа нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, мөн манай нэхэмжилсэн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх ашиг, сонирхолд илт хохиролтойгоор тооцогдсон хэмээн маргаагүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх ашигт хохиролтойгоор тогтоогдсон талаар мэтгэлцээн өрнөөгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Би, Эбо Инвест ББСБ ХХК-аас зээлсэн төлбөрийг төлж байсан бөгөөд тухайн үед миний бие өвдөж, өөр бусад асуудлууд үүссэн. Тухайн үед ковид цар тахал гарсан бөгөөд зээлийн төлөлт завсардсан. Мөн миний нөхөр харвасан бөгөөд хэвтэрт байдаг. Би, нөхрөө асардаг. Тухайн үед би таталт өгч, ярьж чадахгүй болж өөрийгөө босгохын тулд олон хүний тусламжийг авсан. Би, 600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Би, авсан зээлээ төлж барагдуулна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,076,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагч *******оос татгалзсан байна. /х.х-ийн 88/
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 24,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэх,
3.2. Зээлдэгч нар сар бүрийн 11-ний өдөр зээлийн хүүнд 840,000 төгрөгийг төлсөөр 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр үндсэн зээлийг төлж дуусгах үүрэг хүлээжээ. /х.х-ийн 16-18/
3.3. Талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч *******, ******* нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, хороо, ******* ******* гудамж, байр, ******* тоот хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулсан. /х.х-ийн 19-20, 25/
3.4. Улмаар зохигч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар сунгасан байна. /х.х-ийн 21/
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж тус тус заасан.
Тодруулбал, дээрх хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч тал зээлийг хүүгийн хамт буцаан төлөх, тийнхүү төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан бол үндсэн хүүнээс гадна нэмэгдүүлсэн хүү төлнө.
Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчийг зээлдэгч нарт гэрээний зүйл болох 24,000,000 төгрөгийг өгсөн эсэх талаар маргаагүй.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
5. Зохигч 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 24,000,000 төгрөгийн зээл олгосныг хожим 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний хугацаа сунгахдаа өнгөрсөн хугацаанд хариуцагчийн төлсөн зээлийн төлбөрийг хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 17,000,000 төгрөгөөс хүү тооцохоор тохиролцсон байна. /х.х-ийн 21/
Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссан өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар тухайлан тооцоолол хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг доорх байдлаар тооцоолов. Үүнд:
5.1. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа сунгаснаас хойш эхний төлөлт 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөг төлснөөс хүү 595,000 төгрөг /17,000,000х3.5/-өөс хасвал 5,000 төгрөгийг илүү төлсөн,
5.2. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 600,000 төгрөг төлснөөс хүү 595,000 төгрөгөөс хасвал 5,000 төгрөгийг илүү төлсөн, /5,000+5,000/
5.3. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 610,000 төгрөг төлснөөс хүү 595,000 төгрөгөөс хасвал 15,000 төгрөгийг илүү төлсөн, /5,000+5,000+15,000/
5.4. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 600,000 төгрөг төлснөөс хүү 595,000 төгрөгөөс хасвал 5,000 төгрөгийг илүү төлсөн, /5,000+5,000+15,000+5,000=30,000/
Мөн үндсэн зээлээс 1,000,000 төгрөг төлснийг хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөг /17,000,000 1,000,000/ болох бөгөөд 1 сарын зээлийн хүү 560,000 төгрөг /16,000,000х3.5%/ болно.
5.5. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 560,000 төгрөгийг зээлийн хүүнд суутган,
5.6. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 560,000 төгрөгийг зээлийн хүүнд суутган,
5.7. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 500,000 төгрөгийг 2019 оны 04, 05 дугаар сарын зээлийн хүү 1,120,000 төгрөг /560,000х2/-өөс хасаад 620,000 төгрөгийн хүү хуримтлагдсанаас өмнө нь илүү төлсөн 30,000 төгрөгийг хасвал 590,000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй,
5.8. 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 300,000 төгрөгийг 2019 оны 06, 07, 08 дугаар сарын хүү 1,680,000 төгрөг /560,000х3/-өөс хасаад 1,380,000 төгрөгийн хүү хуримтлагдсан дээр өмнөх зээлийн хүүгийн үлдэгдэл 590,000 төгрөгийг нэмбэл 1,970,000 төгрөг /1,380,000 + 590,000/-ийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй,
5.9. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 150,000 төгрөгийг тухайн сард бодогдсон зээлийн хүү 560,000 төгрөгөөс хасаад үлдэгдэл 410,000 төгрөгийн хүү хуримтлагдсаныг өмнөх хүүгийн үлдэгдэл 1,970,000 төгрөг дээр нэмэхэд 2,380,000 төгрөг /1,970,000 + 410,000/-ийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй,
5.10. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 1,120,000 төгрөгийг 2019 оны 10, 11, 12 дугаар сарын хүү 1,680,000 төгрөг /560,000х3/-өөс хасаад 460,000 төгрөгийн хүү хуримтлагдсан дээр өмнөх хүүгийн үлдэгдэл 2,380,000 төгрөгийг нэмбэл 2,840,000 төгрөг /560,000 + 2,380,000/-ийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй,
5.11. 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 580,000 төгрөгийг 2020 оны 01, 02, 03, 04, 05 дугаар сарын хүү 2,800,000 төгрөг /560,000х5/-өөс хасаад 2,220,000 төгрөгийн хүү хуримтлагдсан дээр өмнөх хүүгийн үлдэгдэл 2,840,000 төгрөгийг нэмэхэд 5,060,000 төгрөг /2,220,000 + 2,840,000/-ийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй,
Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг 3 хувь буюу сарын 480,000 төгрөгөөр бодсон байх тул хүүгийн эргэн төлөлтийг энэ хэмжээгээр тооцох нь талуудын зарчимд нийцнэ. /х.х-ийн 23/
5.12. Хариуцагч тал 2020 оны 06, 07, 08, 09 дүгээр сарын хүү 2,240,000 төгрөг дээр /560,000х4/ 2020 оны 10, 11, 12 дугаар сарын хүү 1,440,000 төгрөг /480,000х3/-ийг, мөн өмнөх хүүгийн үлдэгдэл 5,060,000 төгрөгийг нэмээд 8,740,000 төгрөгийн хүү хуримтлагдсанаас 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 250,000 төгрөгийг хасахад 8,490,000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй,
5.13. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 300,000 төгрөгийг 2021 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08 дугаар сарын хүү 3,840,000 төгрөг /480,000х8/-өөс хасаад 3,540,000 төгрөгийн хүү хуримтлагдсан дээр өмнөх хүүгийн үлдэгдэл 8,490,000 төгрөгийг нэмэхэд 12,030,000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй,
5.14. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 33 сарын хугацааны хүү 15,840,000 төгрөг /480,000х33/ дээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 18 хоногийн хүү 288,000 төгрөгийг нэмэхэд 16,128,000 төгрөгийн хүү хуримтлагдсан дээр өмнөх хүүгийн үлдэгдэл 12,030,000 төгрөгийг нэмбэл 28,158,000 төгрөгийн хүү хуримтлагдсан байна.
Хариуцагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн 12,340,000 төгрөгийг хуримтлагдсан зээлийн хүүгийн үлдэгдэл 28,158,000 төгрөгөөс хасахад 15,818,000 төгрөгийн зээлийн хүү төлөгдөөгүй байна.
6. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж заажээ.
Хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойших хугацаанд зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардсан нь гэрээ болон хуульд нийцсэн байна.
Иймд, хариуцагч *******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөг, зээлийн хүү 15,818,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,163,600 төгрөг, нийт 34,981,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
7. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг үндэслэн зээлийн гэрээний үүргээс 6,363,200 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иргэний хуулийн зүйлийн 4.3-т Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж заасан.
Тодруулбал, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасан нэг удаагийн шинжтэй, аль эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд тохиролцож хүү тогтоосон боловч энэ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тохиолдолд шүүх түүний хүсэлт, нотлох баримтыг үндэслэн зээлийн хүүг бууруулж болох тухай энэхүү зохицуулалтыг өөр харилцаанд хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.
8. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Зохигч 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар *******, ******* нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /х.х-ийн 26/
9. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч болох ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь,
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг тус бүрд хариуцуулахаар тухайлан тохиролцоогүй /барьцааны зүйлийн үл хуваагдах онцлог/ тул хамтран үүрэг гүйцэтгэгч *******, ******* нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, хороо, ******* ******* гудамж, байр, ******* тоот хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг *******д холбогдуулан гаргах эрхтэй.
Иймд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй гэх үндэслэлээр дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 34,981,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүрэг, хороо, ******* ******* гудамж, байр, ******* тоот хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,
2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,
3 дахь заалтад ...285,674 гэснийг 403,055 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,674 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР