| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0890/Э |
| Дугаар | 886 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 886
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч С.Мөнхтулга, шүүгдэгч М.Ш түүний өмгөөлөгч Ж.Баярсайханнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророосӨ овогт М-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908025330977 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овогт М-ын Ш Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Силкат констракшн” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүр дөрөв, ээж, эхнэр, 13 настай хүүхдийнхамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 321 дугаариай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар нийт 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч М.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэчинлэн хийдийн хашаанд архины лонх хагалан иргэн З.Г-ын биед халдаж, эрүүл мэндэд нь эрүүний баруун дор, хүзүү, зүүн бугалга, зүүн бугуйд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр: шүүгдэгч Ө овогт М-ын Ш нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээСонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэчинлэн хийдийн хашаанд архины лонх хагалан хохирогч З.Г-ын биед халдаж, бие махбодод нь “...эрүүний баруун дор, хүзүү, зүүн бугалга, зүүн бугуйд шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч М.Ш-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2.Хохирогч З.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш гэдэг залуу намайг нэг лонх архи авчих хоёулаа хувааж ууя гэж хэлсэн. Би дэлгүүрээс нэг лонх 0.75 литрийн архи аваад бид хоёр байрны саадад архиа ууж дуусгасан. Ш дахиад нэг лонх архи авчих гэхээр нь үгүй гэж хэлээд бид хоёр хоорондоо муудалцсан. Би Ш гэдэг залууд “би эмнэлэгт байгаа хүн, хамаагүй согтуу орж болохгүй, би явлаа” гэж хэлсэн чинь Ш “дахиад ганц юм уучихъя, тэгвэл утсаараа нэг яриулчих” гээд надад богино ханцуйтай хантаазаа өмсүүлээд байсан. Би утсаа өгөхгүй, явлаа гэсэн чинь явуулахгүй гээд бид маргалдаж байх үед Ш архины лонх хагалаад хүзүү, хоолой хэсэг рүү хатгасан. Намайг нийт 3 удаа хатгасан, миний биеэс цус гараад байсан. Ш намайг хаячхаад яваад өгсөн. Тухайн үед ойр орчим бид хоёроос өөр хүн байгаагүй. Ш гэдэг залуу нь 35-40 орчим насны биерхүү, шар царайтай, махлаг бөгөөд шоронд атаман байсан гэж яриад байсан. Одоо Ш гэдэг залууг харвал танина, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал);
3.Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гандангийн урд хаалгаар 13 цагийн орчим танихгүй 2 эрэгтэй хүмүүс орж ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёр залууд “маргалдахаа болиод гандангийн хашаанаас гар” гэж хэлсэн. ...Намайг ажлынхаа өрөөн дотроо орж ирээд цонхоор харахад тэр хоёр залуу хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиод байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Намайг алчуур өгөхөд хар цамцтай залуугийн баруун хүзүү хэсэгт нь юмаар зүссэн юмшиг харагдсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас);
4.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дугаар тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);
5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6211 дугаартай “...З.Г-ын биед эрүүний баруун дор, хүзүү, зүүн бугалга, зүүн бугуйд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);
6. Шүүгдэгч М.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 45 дугаар хуудас), өршөөл үзүүлэх комиссын тогтоол (хх-ийн 47 дугаар хуудас);
7.Шүүгдэгч М.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 21 дүгээр хороололд найзтайгаа хамт 1 лонх архи уучхаадявж байгаад Г гэдэг залуутай тааралдаад бид хоёр 1 лонх архи ууя гэж ярьж тохиролцоод Г дэлгүүрээс 1 лонх архи авч бид хоёр уусан. Тэгээд дахиад нэг лонх архи аваад уучихъя гэсэн чинь Г уухгүй, авахгүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад Г миний нүүр лүү нэлээн хэдэн удаа цохиод болилдоо гэсэн чинь болихгүйцохиж аваад байхаар нь би болиулах гээд, Г-ыг айлгах гээд уусан архины шилээ хагалаад хагархайгаар нь 2-3 удаа зүссэн. Тэгэхдээ би аминд нь хүрэх гэж хатгаагүй, айлгана гэсэн бодолтой байсан. Хийдийн манаач эмэгтэй цагдаа дуудаад алчуур авч ирж Г-д өгч байсан. Би Г-ын цээж, гарыг нь шилээр 2-3 удаа зүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч З.Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч М.Ш-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч З.Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Ш нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Ш-ыг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч З.Г нь эмчилгээний зардалд 100,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Ш нь 100,000 төгрөгийг төлсөн талаарх баримтаа шүүхийн шатанд гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч М.Ш-д 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг дуусах хүртэлх хугацаанд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг авах,энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход устгуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г-тай маргалдаж улмаар түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Тиймээс шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оноож оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч барилгын компанид даамлын ажил эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбалөөрийн ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Торгох ялын хамгийн доод хэмжээг оногдуулж, торгууль төлөх хугацааг 6 болон түүнээс дээш сараар тогтоож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Ш нь хэдийгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр архины лонххагалан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний амь насанд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь,шүүгдэгч М.Ш нь урьд бусдын эрх чөлөөнд халдан танхайрч хорих ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжлийг олоогүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэнбайх тул түүндторгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт этгээдийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.
Иймд шүүгдэгч М.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан ял дээр нэмж 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар зургаан сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох ньзүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саравчтай малгай, “Хараа” гэсэн бичигтэй архины лонхны хүзүү, цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавууг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээртогтов.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ө овогт М-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчМ.Ш-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Ялтаннийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ш-д сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч М.Ш-д оногдуулсан ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар зургаан сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саравчтай малгай, “Хараа” гэсэн бичигтэй архины шилний хүзүү, цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавууг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Ш-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА