| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/01599/И |
| Дугаар | 210/МА2025/01848 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01848
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Гэм хорын хохиролд 72,156,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, ******* аймгийн ******* сум, *******, ******* гэх газар аялал жуулчлалын бааз ажиллуулдаг. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед согтуу хүн хариуцагчийн өмчлөлийн ******* УБХ улсын дугаартай Lexus RХ 400 маркийн тээврийн хэрэгслээр амралтын газрын хашааг нэвт дайраад нэг Канад байшингийн дундуур нь нэвт мөргөөд гарсан. Тухайн гэм хор үүссэнтэй холбоотойгоор хохирлын хэмжээг дараах байдлаар тооцсон. Канад байшингийн тухайд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2 ширхэг Канад байшинг 42,000,000 төгрөгөөр бариулсан. Иймд, нэг байшин барих ажлын хөлс нь 21,000,000 төгрөг байсан. Мөн байшингийн сантехникийн хэрэгсэл, хашааны ажлын хөлс дотор нь эвдэрсэн зүйлүүд нь гэх юм бол ванн, мөн байшинг барихад ашигласан банз нэхэмжлэгчийн өөрийнх нь бараа материалаар тухайн байшинг барьж босгосон. Тус байшинг барихад нийтдээ 27,642,760 төгрөгийн зардал гарсан.
Хоёрдугаарт, доторх тавилга эд хөрөнгөд хохирол учирсан. Үүнд: ширээ, матраас, хөнжлийн уут, даавуу, хөшиг, өлгүүр, шилэн тавцантай ширээ, цайны халуун сав, никель хогийн сав, хивэгтэй аяга гэх зэрэг нийт 11 эд хогшил устсан юм. Хөшиг зэрэг урагдсан, гэмтсэн, ашиглах боломжгүй болсон зүйлсийн дүн нь 7,263,500 төгрөг болж байгаа юм.
Гуравдугаарт, уг байшинд үйлчлүүлэгч аваад сар гаруй хугацаа өнгөрч байсан бөгөөд 1 хоногийнх нь түрээсийн төлбөр нь 250,000 төгрөг байдаг байсан. Улирлын шинжтэйгээс гадна уг нь тус байшин нь халаалттай учраас дөрвөн улиралд ашиглах боломжтой. Гэхдээ өвлийн улиралд үйлчлүүлэгч цөөтэй байдаг учраас нэхэмжлэгчийн зүгээс яг аялал жуулчлалын сар болох 6, 7, 8 сараар тооцож 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх 92 хоног, нийт олох байсан ашиг 133 хоногийг өдрийн 250,000 төгрөгөөр тооцоод 33,250,000 төгрөг болсон.
Дөрөвдүгээрт, энэ хэргийн хувьд хариуцагчтай ярьж хохирлоо барагдуулах гэхээр хохирлоо барагдуулдаггүй. *******ын хувьд эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас өөрөө дахин дахин нэхэж явах боломжгүй байсан. Эхлээд н.ийг нь шүүхэд өгөөд эрэн сурвалжлах шийдвэр гараад, дараа нь ******* буюу машины эзэнд нь холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаяг тодорхойгүй тул буцаад эрэн сурвалжлаад дахиад нэхэмжлэл гаргаад, өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 5-6 удаагийн шүүхийн ажил болсон. Тийм учраас аргагүй өмгөөлөгч авч өөрөө гүйцэтгэх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг 4,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба үүний шалтгаан бол гэм хорын хохирол учирсантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан ажиллаж, шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч 4,000,000 төгрөг төлсөн. Үүнийг бас нэмж шаардаж байна. Нэхэмжлэлийн агуулга үндэслэлийн тухайд 5 үндэслэлээр нийтдээ 72,156,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулъя гэсэн шаардлага гаргаж байгаа юм гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэгдүгээрт, нэхэмжлэлээс 72,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Учир нь, үнэлгээний байгууллагаар байшингийн үнэлгээ гаргуулсан байгаа. Гэтэл уг үнэлгээгээр үнэлэхгүй бариулсан үнээр шаардаж байгаа нь үндэслэлгүй, Хоёрдугаарт, ирээдүйд олох байсан ашиг орлого гэж нэхэмжилж байгааг бас эсэргүүцэж байгаа юм. Нэхэмжлэгчийн компани нь зөвшөөрөл аваагүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй, бусад этгээдтэй хийсэн гэрээ хэлцэл байхгүй, ийм хэмжээний орлого олно гэж үзэх боломжгүй. Гуравдугаарт, осол гаргасан жолооч н. оргон зайлаад олдохгүй л гэж яриад байна. Гэтэл тэрээр өөрөө энэ хэргийн хариуцагч мөн, намайг хариуцагчаар оруулж өгөөч гэж хүсэлт өгсөн. Дөрөвдүгээрт, шударгаар үнэлгээний дүнгээр нь асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм болов уу гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч *******аас 18,304,292 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 57,852,268 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар шинжээчийн зардалд хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,681 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 249,471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэг. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд дахин шинжээч томилох үндэслэлтэй байсан тухайд:
1.1. Хуульд заасан журмын дагуу явагдаагүй тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 3 ажилтанд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хууль сануулсан гэх баримт авагдсан. Энэ явдлаас хойш 22 хоногийн дараа тус холбооноос 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ХХК-ийн 2 ажилтан, ХХК-ийн 1 ажилтан, нийт 3 хүнийг шинжээчээр томилох шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан.
Үнэлгээний тайланд хөрөнгийн үзлэгийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн гэжээ. Үнэлгээний өдөр нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэсэн байна. Шүүгчийн захирамжийн дагуу бүрэлдэхүүнтэй шинжээчээр дүгнэлт гаргуулахаар тодорхой заасан байсан тул үзлэгийг бүрэлдэхүүнтэй шинжээч хийх учиртай. Гэтэл бүрэлдэхүүнийг баталгаажуулсан шийдвэр нь үзлэг хийсэн өдрөөс 17 хоногийн дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан байна. Тодруулбал, үзлэг хийх ажиллагаа нь шүүхийн захирамжид нийцээгүй, бүрэлдэхүүнтэй шинжээчид үзлэгийн ажиллагаанд оролцоогүй байна. Бүрэлдэхүүн тодорхой болоогүй байхад үзлэгийг хэрхэн хийсэн нь ойлгомжгүй тодорхойгүй байна. Үнэлгээ гаргах объектод үзлэг хийх ажиллагаа явагдсаны дараагаар бүрэлдэхүүнийг баталсан байх тул Шүүх шинжилгээний тухай хууль, шинжээч томилсон шүүгчийн захирамжид нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ХХК-ийн 2 ажилтан, ХХК-ийн 1 ажилтан, нийт 3 хүнийг шинжээчийн бүрэлдэхүүнд томилж баталгаажуулсан байтал 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үл мэдэх 3 хүнд хууль сануулсан байна. Шинжээчийн бүрэлдэхүүн тодорхой болоогүй, бүрэлдэхүүнийг албажаагүй байхад хууль сануулах ажиллагааг явуулсан нь хуульд нийцээгүй байна.
1.2. Зах зээлийн үнэлгээг осол болсон үеэс 3 жилийн дараах зах зээлийн ханшийг баримталж үндэслэлгүй тооцоолол хийсэн, үүнийг шүүхээс анхаарч үзээгүй тухайд:
Зардлын хэмжээг тодорхойлохдоо шинжээчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн ханшийг баримталсан байтал үүнийг шүүхээс залруулж, осол гарсан өдөр болох 2020 оны 07 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшийг баримтлахыг үүрэг болгоогүй байна. Шинжээч томилсон шүүгчийн захирамж нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд энэ цаг хугацаа нь осол болсон үеэс 2.5 жилийн дараа байх тохиолдолд зах зээлийн ханшийн зөрүү үүсэх нь илэрхий байтал шүүхээс үүнийг урьдчилан харгалзан үзээгүй байна.
Жил бүр хамгийн багадаа 10 хувийн үнийн өсөлт үүсэж байгаа тохиолдолд 3 жилийн 30 хувийн ханшийн зөрүү нөлөөлсөн байхыг харгалзан үзээгүй байна. Шинжээчийн гаргасан 12,196,380 төгрөг нь осол гарах үеийн бодит хохирол, зардлыг огт илтгэхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй болно.
ХХК-ийн гаргасан тайлан, дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэрнээ байшингийн үнэлгээг харгалзан үзээгүй нь мөн үндэслэлгүй болно.
1.3. Шинжээчийн хувьд эвдэрч сүйдсэн эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох гэх шүүгчийн захирамжийн заалтыг бүрэн биелүүлээгүй тухайд:
Шүүхээс дээр дурдсанаар эвдэрч сүйдсэн эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох захирамжилсан тохиолдолд нэхэмжлэгчийн шаардлагад хамаарах эд хогшил, тавилга зэргийг үнэлэх үүргийг шинжээч зайлшгүй хүлээх учиртай болно. Гэтэл гагцхүү байшинтай холбоотой үнэлгээг гарган ирүүлсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг дутуу, бүрэн бус гэж үзэх үндэслэл бүрдэж байна. Ийм байтал шүүхээс захирамжийн биелэлтийг хангуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, ХХК-ийг дүгнэлтийг нөхөн ашигласан нь үндэслэл муутай болсон байна. Учир нь, ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж шинжээч томилсон болно.
Хоёр. Шинжээчийн зардал гэх 4,000,000 төгрөгийг хууль зөрчиж буруу хуваарилсан тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт шинжээчийн зардлыг нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болсон дүнд орсон гэх дүгнэлтийг хийсэн хэрнээ тогтоох хэсгийн 2-т хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тулай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн хангасан эсвэл хэсэгчлэн хэрэгсэхгүй болсон хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилахаар хуульчилсан байтал бүхэлд нь хариуцагч талаас гаргуулах шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч нь тайлбартаа 2020 оны үнэлгээ болон 2023 оны үнэлгээ нь зөрүүтэй гарсан учир дахин шинжээч томилуулах хүсэлтэй байгаа талаар тайлбарласан бөгөөд энэ нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд тухайн шинжээч нь хуульд нийцүүлэн дүгнэлтээ гаргасан. Тухайн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагаас бага үнийн дүнгээр гарсан. Тус шинжээчийн дүгнэлт хуульд нийцэж гарсан учир нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Иймд, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 72,156,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцсэн байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. О. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нэхэмжлэгч *******ын эзэмшлийн амралтын газрын хашааг дайрч, хашаан дотор байсан Канад байшинг мөргөж хохирол учруулсан, /1.х.х-ийн 35-58/
3.2. ******* аймгийн Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтан цагдаагийн дэслэгч ын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0279446 дугаартай шийтгэврийн хуудсаар О.өд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 437 дугаар шийтгэврээр уг зөрчлийн хэргийн хохирогчид хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хэргийн материал танилцуулаагүй, учирсан хохирлыг нотлох ажиллагаа явуулах шаардлагатай байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж уг шийтгэврийг хүчингүй болгосон. /1.х.х-ийн 59-62/
3.3. Тухайн ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч ******* өмчилдөг болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон. /1.х.х-ийн 36/
Зохигч хариуцагч *******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүний төрсөн дүү О. жолоодож явсан, улмаар жолоочийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан талаар маргаагүй, харин учирсан хохирлын хэмжээ болон хохирлыг тус тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцах үндэслэлтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...О. нь миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаж яваад бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг миний бие хариуцах ёсгүй... гэж маргажээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Тодруулбал, тээврийн хэрэгсэл нь өндөр эрсдэл бүхий аюултай объектод тооцогддог бөгөөд хэн нэгэн этгээд ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч гэм буруугүй ч тийнхүү учирсан хохирлыг хариуцан арилгах зарчимтай.
Түүнчлэн тус хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсанаар өндөр эрсдэл бүхий аюултай объектыг өмчлөгч этгээд өөрийн хариуцлагагүй, болгоомжгүйгээс өөр этгээдэд тээврийн хэрэгслээ ашиглах боломж олгосноос бусдад гэм хор учирсан бол ашиглах боломж олгосон тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
Иймээс нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар тээврийн хэрэгслийн өмчлөгч *******ыг тодорхойлсон нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасантай нийцээгүй... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.
5. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна гэж, 10.3-т Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/29118 дугаар захирамжаар Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоог бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах шинжээчээр томилж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шинжээч , , нарт эрх, үүрэг тайлбарлаж, шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг тодруулан тэдгээрээр эрх, үүрэг тайлбарлан өгсөн тухай баримтад гарын үсэг зуруулсан нь дээрх хуулийг зөрчөөгүй. /2.х.х-ийн 8-12, 17-22/
Улмаар шинжээч , , нар 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгийн шинж байдлын биет үзлэгийг хийж, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дүгнэлтийг гаргажээ. /2.х.х-ийн 26-48/
Хэдийгээр Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23/30 тоот албан бичгээр дээрх шинжээч нарыг томилсон боловч анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уг шинжээч нарт эрх, үүргийг тайлбарлан өгч, шинжээч нар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийн шинж байдлын биет үзлэгийг хийгээд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана гэж заасантай нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй. /2.х.х-ийн 25/
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нар дүгнэлт гаргахдаа зах зээлийн үнэлгээг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тодорхойлсныг буруутгахгүй. Учир нь,
Тухайн осол 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарсан боловч ослын улмаас учирсан хохирол нь шинжээчийн дүгнэлт гарсан 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар бүрэн арилаагүй /байшинг одоог хүртэл засварлаагүй/ байгаа тул засварын зардлыг өнөөгийн зах зээлийн ханшаар тооцсон нь зөв.
Өөрөөр хэлбэл, учирсан гэм хорыг тухайн үед арилгаагүй буюу засварлаагүйгээс зах зээлийн ханш өссөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ мөн адил нэмэгдэх тул хохирлын хэмжээг осол болсон үеэс 3 жилийн дараах зах зээлийн ханшаар тооцоолсон нь шударга учир хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагч нь Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээч нарын нэхэмжлэгчийн байшинд 12,196,380 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлтийг үгүйсгэж, дахин шинжээч томилох үндэслэлтэй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй тул байшинд учирсан хохиролд 12,196,380 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
7. Анхан шатны шүүх эвдэрсэн байшинг дахин засварлах боломжтой эсэх, шаардагдах зардлын хэмжээг тогтоох, хэрэв боломжгүй тохиолдолд тухайн байшинг анх барьж босгоход гарсан зардал, мөн эвдэрч сүйдсэн эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоог шинжээчээр томилсон бөгөөд хэдийгээр шинжээч нар эвдэрсэн эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоогоогүй боловч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан нэхэмжлэгч болон хариуцагч нар энэ талаар гомдол гаргаагүй байна.
Тодруулбал, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй талаар маргаагүй, мэтгэлцэх зарчим бүх шатанд хэрэгжих тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Мөн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Виннэр вэй ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Х-07/28 дугаартай дүгнэлтээр ослын улмаас эвдэрсэн хашаа болон байшин доторх тавилга, эд хогшлын үнэлгээг 6,107,912 төгрөг гэж үнэлсэн бөгөөд хариуцагч нь тухайн үед уг дүгнэлтэд гомдол гаргаагүй тул эд зүйлд учирсан хохирлыг энэ хэмжээгээр тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. /1.х.х-ийн 184-191/
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ гээд 53.1.1-т шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь шүүхээс томилогдсон шинжээчийн зардал болох 4,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн байна. /2.х.х-ийн 54/
Анхан шатны шүүх байшинд учирсан хохирлын хэмжээг 12,196,380 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй талаар энэ магадлалын 6 дахь хэсэгт дүгнэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн шинжээчийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.
Өөрөөр хэлбэл, шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 12,196,380 төгрөгийг багасгаагүй байх тул шинжээчийн зардлыг хувь тэнцүүлэн хуваарилахгүй учир хариуцагчийн хууль зөрчиж буруу хуваарилсан гэх гомдлыг хүлээн авахгүй.
9. Нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 33,250,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөг болон гэм хорын хохирлоос 16,601,968 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/04079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 269,472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР