| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/01914/И |
| Дугаар | 210/МА2025/01849 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01849
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******арт холбогдох,
2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/23410392 дугаар хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь иргэн *******этэй 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бүртгэлийн 0544, 0545, 0546, 0547, 0548, 0549, 0550, 0551 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулж, уг гэрээний дагуу *******ийн эзэмшиж байсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ам хаягт байршилтай нийт 14,988 м.кв газраас нийт 5,600 м.кв газрын эрхийг *******эд хэсэгчлэн шилжүүлсэн бөгөөд *******ийн зүгээс холбогдох бүхий л төлбөрийг бүрэн төлж, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх өргөдлөө гаргасан. Гэтэл газрын албаны өргөдөл шийдвэрлэх ажиллагаа сүүлийн шатандаа үргэлжилж байтал *******раас *******тэй хамааралгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичигт үндэслэн, түүний худалдаж авсан газрын захиран зарцуулах эрхийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23290730/03 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор түдгэлзүүлсэн байдаг. Улмаар *******ийн уг тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 183/12024/03237 дугаар шийдвэрээр хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
...*******раас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/222-23569 дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тогтоол болон 02-222/23569 дугаартай Газрын эрх сэргээх тухай албан бичгийг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн боловч 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 4/23410932 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол гаргаж хувийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04-92/23903 дугаар албан бичгийн хамт Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.
...Тус тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.14-т заасныг үндэслэсэн байх боловч энэ нь төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх тохиолдолд хамаарч байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалт нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг зохицуулсан. ...Гэтэл компанийн хөрөнгө хувьцаа эзэмшигчийн хөрөнгөтэй холилдсон эсэх нь тогтоогдоогүй байхад шууд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн бусдад худалдан борлуулсан газрын захиран зарцуулалт, шилжилтийг түдгэлзүүлэх нь Компанийн тухай хуулийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасныг зөрчиж байна.
...*******рын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/23410932 тoот хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Бүртгэлийн 23410932, 24290012 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна. Монгол Улсын Олон улсын Арбитрын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 145 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 210/ШТ2023/00258 дугаар тогтоолоор ХХК-аас 3,742,939,336.5 төгрөгийг гаргуулж, компанид олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 23410937 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3312 дугаар захирамжаар 848,700,000 төгрөгийг гаргуулж -д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24290012 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч *******ийн нэр дээр бүртгэлтэй нэгж талбарын ******* дугаартай Хан-Уул дүүргийн хороо, ам гэх газарт байрлах газрын захиран зарцуулах эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасныг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04-92/23903 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн байна. ...Шийдвэр гүйцэтгэгчийн 04-92/23903 дугаартай албан бичгээр холбогдох байгууллагад хүргүүлсэн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******арт холбогдуулан гаргасан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/23410932 дугаар хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
...*******ар нь төлбөр төлөгч ХХК-аас хөрөнгийн тухай мэдүүлэг авсан эсэх, тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд холбогдох санхүүгийн болон бусад баримт бичигт үзлэг хийсэн эсэх, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эрэн сурвалжилсан эсэх, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т заасны дагуу хувьцаа эзэмшигчийн хөрөнгө компанийн хөрөнгөтэй холилдсон эсэх, ХХК-ийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүйг тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
...Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр 89.2-т заасан төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа, тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлэхтэй холбоотой зохицуулалтыг үндэслэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг харуулж байна.
Иймд, Анхан шатны шүүхийн шийдвэрийн ... ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч *******ийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно..., "... *******ийн эзэмшлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4, 89.2 болон Компанийн тухай хуулийн 9.3 дах хэсэгт заасантай нийцэх тул 2024.10.21-ний өдрийн 4/23410932 дугаар хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй... гэж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 183/ШШ2024/03237 шийдвэр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудлаар илт зөрүүтэй дүгнэлт хийсэн.
...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд төлбөр төлөгч ХХК-тай холбоотой 2 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн буюу үргэлжилж байгаа талаарх үйл баримтыг тогтоосон болохоос төлбөр төлөгч ХХК-ийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нөхцөл байдлын талаар шийдвэрлэж, тогтоогоогүй болно.
Анхан шатны шүүх өөрийн санаачлагчаар үйл баримтыг гуйвуулан хэрэглэж, түүнийгээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгон маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байсан талаарх үйл баримтыг тогтоосон боловч шийдвэрийн 7 дахь хэсэгт "... Дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, хуульд заасан ажиллагаануудыг хийж, улмаар төлбөр төлөгч ХХК-ийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нөхцөл байдал тогтоогдсон болох нь хариуцагчийн тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байна... гэх илт зөрүүтэй дүгнэлтийг өгсөн.
...Ийнхүү анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримтад аливаа өөрчлөлт ороогүй, нотлох баримтгүй байхад "...хуульд заасан ажиллагаануудыг хийж, улмаар төлбөр төлөгч ХХК-ийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийг хангахад хүрэлцэхгүй нөхцөл байдал тогтоогдсон болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Гурав. Шүүх талууд маргаагүй, мэтгэлцээгүй асуудлын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх болон диспозитив зарчмыг зөрчлөө.
...Тодруулбал, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу дахин нотлохгүй гэсэн боловч шийдвэрийн 14 дэх хэсэгт ...*******ийг уг газар буюу үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шаардлага гаргах эрхтэй өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах эрхтэй гуравдагч этгээд гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно..." гэж дүгнэсэн нь хоорондоо мөн л зөрчилдөж байна.
Дөрөв. Төрийн өмчлөлийн газраас бусдын өр төлбөрийг барагдуулах боломжгүй.
*******ийн *******эд худалдсан 5,600 м2 газар нь эзэмших эрхтэй газар буюу Газрын тухай хуулийн 3.1.3-д Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, мөн хуулийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж тус тус заасны дагуу төрийн өмчийн газар юм.
...Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас *******эд эзэмшүүлэх зорилгоор дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсэн төрийн өмчлөлийн 5,600 м.кв газрыг ХХК-ийн өмчлөлд буюу түүний үндсэн хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулсан, орлогыг төлбөр авагчдын болон бусад өр төлбөрт захиран зарцуулах эрх үүсэх үндэслэлгүй юм.
Иймд, дээрх үндэслэлээр тус анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ХХК-ийн 4,500,000,000 төгрөгийг 2 хуулийн этгээдэд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ХХК-ийн эд хөрөнгийн талаар холбогдох улсын бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн лавлагааг авахад эд хөрөнгө тогтоогдоогүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн компанийн хувьцаа эзэмшигч *******ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу ******* дугаартай Хан-Уул дүүргийн хороонд байрлах газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3876 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******арт холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/23410392 дугаар хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/12024/03237 дугаар шийдвэрээр хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 4/23410932 тоот тогтоолоор хөрөнгийн эрхийг дахин түдгэлзүүлсэн хуульд нийцээгүй, мөн *******этэй байгуулсан гэрээг үндэслэн газрын албанаас надад тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэж байхад захиран зарцуулах эрхийг төлбөр барагдуулах зорилгоор түдгэлзүүлсэн нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасанд нийцээгүй... гэсэн.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулж, эрх зүйн дүгнэлтийг өөрчилнө.
3. Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь с ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******этэй 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /нийт 8 гэрээ/ байгуулж, Хан-Уул дүүрэг, хороо, ам хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 14,988 м.кв газраас 5,600 м.кв газар эзэмших эрхийг худалдан авахаар тохиролцсон байхад нь хариуцагч *******рын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23290730/03 тоот хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор уг газрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
3.2. Улмаар нэхэмжлэгч нь дээрх хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03237 дугаар шийдвэрээр ...тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01769 дугаартай захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23290730/03 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор нэхэмжлэгчийн худалдан авсан гэх 5,600 м.кв талбайтай газрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол хуульд нийцээгүй, мөн уг шийдвэрийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон... гэсэн үндэслэлээр хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгожээ. /х.х-ийн 11-14/
Өөрөөр хэлбэл, шүүх 183/ШШ2023/01769 дугаартай захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон учир төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигчийн 5,600 м.кв талбайтай газрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.
4. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03237 дугаар шийдвэрт:
Монголын Олон Улсын Арбитрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/ШШ2023/00258 дугаар тогтоолоор ХХК-аас 3,742,393,336.5 төгрөг, арбитрын зардал 90,089,676 төгрөг гаргуулж, -ын хуулийн этгээд Co.,Ltd ХХК-д олгохоор шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/11867 дугаартай Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2023/01090 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/03312 дугаар захирамжаар ХХК-аас 848,700,000 төгрөгийг гаргуулж -д олгохоор шийдвэрлэж, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2023/21246 дугаартай захирамж, 183/ГХ2023/0771 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн гэжээ.
Тодруулбал, төлбөр төлөгч ХХК-аас энэхүү магадлалын 3.3-т дурдсан 183/ШШ2023/01769 дугаартай захирамжийн дагуу явагдаж дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас гадна мөн төлөгдөөгүй буюу хоёр төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.
5. *******рын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23410392/92 дугаар тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/23410932 дугаар тогтоолоор тус тус төлбөр төлөгч ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, хороо, ам хаягт байрлах газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, энэ талаар Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албан мэдэгдсэн байна. /х.х-ийн 18-20, 43-44/
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******рыг урьд өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсныг үл хэрэгжүүлж уг 5,600 м.кв талбайтай газрыг захиран зарцуулах эрхийг дахин түдгэлзүүлсэн нь буруу гэж маргасан.
5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна гээд 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх гэж, 44.2.14-т төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж тус тус заажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03237 дугаар шийдвэр нь тус шүүхийн 183/ШШ2023/01769 дугаартай захирамжийн дагуу ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэрэг маргаанд хамааралтай болохоос харин тус компаниас 848,700,000 төгрөг гаргуулан -д, мөн 3,742,393,336.5 төгрөг, арбитрын зардал 90,089,676 /3,832,483,012/ төгрөг гаргуулан Co.,Ltd ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тус тус хамаарахгүй.
Иймд, нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг үндэслэсэн тайлбарыг хүлээн авахгүй.
5.2. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан.
Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс шүүх, арбитрын шийдвэрт заасан төлбөрийг гаргуулан төлбөр авагчид олгох ажиллагааг явуулахад ийнхүү төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс гадна төлбөр төлөгч нь хуулийн этгээд байх тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу гүйцэтгэх эрхтэй.
Тиймээс хариуцагч нь дээр дурдсанаар төлбөр төлөгч ХХК-аас 848,700,000 төгрөг болон 3,832,483,012 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тус компанийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх ажиллагааг хийсэн байх тул 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/23410932 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй юм.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчийг төрийн өмчийн газраар бусдын өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй гэж маргасан.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаар төлбөр төлөгч ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******э нь тухайн газрын эзэмшигч учир түүний газар эзэмших эрхийг түдгэлзүүлснийг төрийн өмчийн газраар төлбөр төлөгч компанийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа явуулсан гэж үзэхгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх төлбөр төлөгч ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч *******э нарын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг зааглагдаагүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь,
7.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан үндэслэлээр төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх зэрэг тогтоол гарсан тохиолдолд энэ нь тухайн хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл зөвхөн түүний нэхэмжлэл, гомдлоор шүүх уг асуудлыг шийдвэрлэнэ.
Өөрөөр хэлбэл, субьектив эрхийн хувьд гагцхүү *******э нь төлбөр төлөгч ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохын хувьд өөрийн хувийн хөрөнгө нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх талаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд хэрэв эрх ашиг нь зөрчигдсөн бол Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т тус тус зааснаар шүүх, арбитр түүний зөрчигдсөн эрхийг сэргээнэ.
7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно гээд 12.1.2-т бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл гэж заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******этэй маргааны зүйл болох 5,600 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг худалдан авахаар тохиролцсон гэх боловч тийнхүү гэрээ, хэлэлцээр байгуулсан нь газар эзэмшигч буюу худалдагчийн өмнөөс болон түүний эрх зөрчигдсөн талаар компанийн эд хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зааглагдсан, зааглагдаагүй гэж маргаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгохгүй.
Анхан шатны шүүх ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******ийн зүгээс өөрийн болон компанийн эд хөрөнгө зааглагдсан, зааглагдаагүй эсэх талаар маргах эрхтэй байхад түүний оролцоогүй хэрэгт энэ талаар эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******этэй 5,600 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг худалдан авахаар тохиролцсон худалдан авагч гэсэн үндэслэлээр тухайн нэхэмжлэлийг гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тус газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшээгүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд уг алдааг засна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03876 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...93 дугаар зүйлийн 93.4, ...Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР