| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0855/Э |
| Дугаар | 897 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Хашбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 897
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,улсын яллагч Ц.Хашбаатар /томилолтоор/,шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Л.Батаанарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророосО овогт С-ын Г-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахьзаалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00493 0262дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овогт С-ын Г, Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Г нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 25 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын 47 дугаар гудамжинд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй,... согтууруулах ундаа ... хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин 2.18 хувийнсогтолттой үедээ “Тоёота Приус” маркийн 74-88 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жалга руу онхолдож Толгойтын 47 дугаар гудамжны 12 тоот хашааг мөргөж, зорчигч 47 настай Д.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, 2 настай А.Н-т хүндэвтэр, 56 настай Л.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэхгэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч овогт С-ын Г нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын 47 дугаар гудамжинд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин 2.18 хувийнсогтолттой үедээ “Toyota Prius-20” загварын 74-88 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жалга руу онхолдож, Толгойтын 47 дугаар гудамжны 12 тоот хашааг мөргөж, зорчигч 47 настай Д.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, 2 настай А.Н-т хүндэвтэр, 56 настай Л.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч С.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 4-10 дугаар хуудас);
3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...Тоёота Приус маркийн 74-88 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан С овогтой Г-ийг драйгер багаж ашиглан шалгахад 2.18 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12 дугаар хуудас);
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6428 дугаартай: “...Д.Г-ийн биед зүүн дунд чөмөгт ясны дээд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэрт зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 40 дүгээр хуудас);
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6420 дугаартай: “...А.-ын биед баруун дунд чөмөг, шилбэний ясны битүү хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 43 дугаар хуудас);
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6427 дугаартай: “...Л.Э-ын биед баруун 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 47 дугаар хуудас);
7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ийн; “2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагаас “Н-ын ээж нь мөн үү” гэж ярихаар нь “мөн байна” гэхэд “Н зам тээврийн осолд орсон түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэг рүү явуулсан” гэж ярихаар нь гэмтлийн эмнэлэг дээр явж очиход дух нь шалбарсан, цус гарсан байдалтай толгойг нь цэвэрлээд тархины томографын шинжилгээ хийж байсан, баруун хөлийн дунд чөмөг, шагай 2 газарт хугарсан байсан. Манай охин А.Н-т 3 сарын хугацаанд пантошка гээд кальцитай витамин уугаарай гэж хэлсэн. Эхний ээлжид өөрсдөөсөө мөнгө төгрөг гарган авч уулгасан байгаа тийм болохоор шинжилгээ болон эм тарианы мөнгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас);
8. Хохирогч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн гадаа тамхи татаж байтал манай гэрийн гадаа хөрш байдаг Г согтуу машинаа барьчихсан хажууд нь Э зээ охиноо тэвэрчихсэн сууж явсан ба Гмашиныхаа цонхыг онгойлгоод “Г ах суучих” гэхээр нь “хаачих гэж байгаа юм бэ” гэхэд Э ахынд очоод “хадаас аваад ирье” гэхээр нь би Г-ийн унаж явсан машины буруу талын хойд суудалд суусан. ...тэгээд сууж явахад Г машинтайгаа хурдтай замын хонхроор гарахаар нь Г-ийг “согтуу байж хурдаа хасаач” гэхэд Г “юу гэнээ Г ахаа” гэж эргэж хараад хурдаа нэмээд явсан, би машинтай нисэж байснаа санаж байна. Манай урд гудамжныбулан эргэж амжихгүй онхолдсон. Миний эмчилгээ, зардлын баримт манай эгчид байгаа миний хувьд гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэнмэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас);
9. Иргэний нэхэмжлэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд гэртээ байж байхад танил Г 74-88 УБЗ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтайгаа манай гэрийн гадаа ирээд “байшингийн вакум цонх, хаалга суулгаж өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч зээ охин А.Н-ыг дагуулан С.Г-ийн гэрт нь очиж байшингийн вакум цонхыг суулгасан ба ажлаа хийж байх зуураа нэг шил 0,75 литрийн Хараа архийг Г, А, Г бид дөрөв хувааж уусан. ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Орбитын 46 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байхад Г урд хоёр суудлын завсраар орж ирээд Г-nйг “миний дүү хөөрхөн ш дөө машин сайн жолооддог шүү” гээд гарт нь хүрэхэд Г уурлаад “ахаа зүгээр явалдаа болиоч” гэж хэлээд огцом уурлаад машиныхаа хаазыг нэмээд булангаар хойшоо тойрох буюу зүүн гар тал руугаа эргэх байсан боловч шууд чигээрээ жалга руу онхолдож айлын хашаан дотор унасан. Тухайн үед би зээ охиноо машинаас гаргахад толгойноос цус гарчихсан мөн миний толгойноос цус гарчихсан байсан. Г гудамжаар явж байхдаа 20-30 орчим км/цагийн хурдтай явж байснаа гэнэт хаазаа гишгээд тоормос гишгээгүй шууд жалга руу орж онхолдсон. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);
10. Иргэний нэхэмжлэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Г болон түүний эхнэр Ү нар манай хашааг засаж янзалж өгнө гэсэн тийм болохоор манай гэрийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эвдэрсэн хашааг үнэлгээ хийдэг байгууллагаар үнэлүүлэх шаардлагагүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Г, насанд хүрээгүй хохирогч А.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Л.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Г-ийн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч С.Г нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвийн лавлагаагаар нотлогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.Г нь замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон согтуурсан үедээ үйлдсэн”шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч С.Г-ийг“авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй тул түүнийг хохирогч гэж үзэхгүй, харин иргэний нэхэмжлэгч гэж үзэх бөгөөд энэ үйлдлийг гэм буруутайд тооцохгүй.
Иргэний нэхэмжлэгч С.Д, хохирогч Л.Э гомдол саналгүй,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А 200,000 төгрөгийг хохиролд авсан, гомдол саналгүй талаарх баримтаа мөрдөн байцаалтын шатанд, хохирогч Д.Г 500,000 төгрөг авсан, гомдол саналгүйталаарх баримтыг шүүхийн шатанд тус тус гаргаж өгсөн байх тул шүүгдэгч С.Г-ийгбусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Гнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, гэм хороо арилгасан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “....Гэм буруу дээр маргахгүй. Шүүгдэгч нь хохирлын төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг тул Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ бөгөөд шүүх хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болон шүүгдэгч 2.18 хувийн согтууралтай байсан хэргийн нөхцөл байдал болон урьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан байсан хувийн байдлыг тус тус харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээг аваагүй болно.
Түүнчлэн, шүүгдэгч С.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохдоо хоёр настай хүүхэд тээвэрлэж, улмаар хүүхдийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэсэн байсныг мөн харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Г нь “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна.
Иймд шүүх дээр дурдсан хэргийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ хэмээн дүгнэв.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээгөөрчлөн цагдан хорьж, хорих ялын хугацааг өнөөдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.О овогт С-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Г-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА