| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/01161/И |
| Дугаар | 210/МА2025/01850 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01850
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
148,470,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчтай нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж 41 тонн дизель түлшийг нэг литрийг 3,540 төгрөгөөр тооцож нийт 145,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээний 5.3-т заасны дагуу төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр 145,000,000 төгрөгийн үнэ бүхий 2017 оны гаалийн бичигтэй, 3500 сс, автомат, цагаан өнгийн Тоyota Highlander маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.2-т ...худалдагч нь нийт шатахуунаас 12 тонныг 2022 онд багтаан нийлүүлнэ, үлдэгдэл шатахууныг 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлнэ... гэж тохирсон боловч хариуцагч тал 2022 онд 9 тонн дизель түлшний үнэ болох 31,860,000 төгрөгийг манай компанид шилжүүлэн өгч, 2022 онд 12 тонн дизель түлш нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 2023 онд 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түлш нийлүүлэх ёстой байсан боловч захиалгын дагуу барааг нийлүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 12дугаар сарын 02-ны өдрийн хооронд 31,860,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 2023 оны 03 сард 14,160,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш өгч одоогийн байдлаар 98,980,000 төгрөгийн үлдэгдэл өглөгтэй байна. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул урьдчилан төлсөн төлбөрийн үлдэгдлийг гэрээний 5.6-д ...худалдагч нь захиалсан шатахууныг худалдан авагч талын захиалсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцов... гэж зааснаар манай компани алданги нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж заасан. Хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 98,980,000 төгрөгийн 50 хувь 49,490,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Иймд, хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 98,980,000 төгрөг, алданги 49,490,000 төгрөг, нийт 148,470,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч *******д 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 98,980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,490,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 652,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ...******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээний үлдэгдэл төлбөр 98,980,000 төгрөг, алданги 49,490,000 төгрөг нийт 148,470,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэсэн, харин тус нэхэмжлэлийн шаардлагад гэрээнээсээ татгалзаж байгаа талаар огт дурдаагүй байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
...Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.6-д Худалдагч нь захиалсан шатахууныг худалдан авагч талын захиалсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцов гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах заасан хуулийн шаардлагад нийцсэн тул, хариуцагчаас алданги шаардах эрхтэй юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч талаас гэрээний алдангид тооцон нэхэмжилсэн 49,490,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 148,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу хариуцагч ******* ХХК нь нийт 145,000,000 төгрөгийн үнэ бүхий 41 тонн шатахуун нийлүүлэх, худалдан авагч болох нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үүрэгт 2017 оны гаалийн бичигтэй ******* арлын дугаартай, 3500 сс, автомат, цагаан өнгийн Toyota Highlander маркийн тээврийн хэрэгслийг 145,000,000 төгрөгт тооцож өгөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 6-4/
3.2. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнд заасан тээврийн хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн бол, хариуцагч нь 41 тонн шатахуун нийлүүлэх ёстойгоос нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 тонн шатахууны үнэ 10,620,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3 тонн шатахууны үнэ 10,620,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3 тонн шатахууны үнэ 10,620,000 төгрөг шилжүүлж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1 тонн шатахуун, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3 тонн шатахуун нийлүүлж, бэлэн мөнгөөр болон шатахуунаар 46,020,000 төгрөгийг төлж, үлдэх 98,980,000 төгрөгийн үнэ бүхий 28 тонн шатахууныг нийлүүлээгүй байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
5. Хэргийн 8-9, 11 дүгээр тал дахь баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23/69 тоот албан бичгээр шатахууныг нийлүүлэхийг шаардаж, тийнхүү нийлүүлээгүй тохиолдолд алданги тооцох талаар мэдэгдсэн бол, хариуцагчийн зүгээс нийлүүлээгүй 98,980,000 төгрөгийн шатахууны төлбөрт Акуа аль эсхүл Кроун маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид өгөх, үлдэх шатахууныг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гардуулсан боловч тэрээр хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзал гаргаагүй, түүнчлэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгэр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүйд тооцно.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Хэргийн баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь үлдэх 28 тонн буюу 98,980,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нэхэмжлэгчид нийлүүлээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар худалдах, худалдах авах гэрээг цуцлах эрхтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д 145,000,000 төгрөгийн үнэтэй хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгч, хариу төлбөрт үүнтэй дүйцэхүйц хэмжээний шатахуун хүлээн аваагүй учир гэрээний биелэгдээгүй хэсгээс татгалзаж болно.
7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 205.2-т Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гээд 205.2.1-т гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй гэж тус тус заасан.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-аас 145,000,000 төгрөгт тооцож авсан тээврийн хэрэгслээс 98,980,000 төгрөгийн эд зүйлийг салган өгөх боломжгүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгө нэхэмжилснийг буруутгахгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа уг 98,980,000 төгрөгийг учирсан хохирол гэж тодорхойлсон боловч энэ нь худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагчид төлсөн үнэ учир хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авахгүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэсэн үндэслэлээр хариуцагчаас 98,980,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй бөгөөд уг шийдвэрт хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй байна.
8. Зохигчийн байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д Худалдагч нь захиалсан шатахууныг худалдан авагч талын захиалсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцов гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн.
Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь:
8.1. Дээрх худалдах, худалдан аван гэрээний ерөнхий нөхцөлд ...энэхүү гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулав... гэж зааснаас үзвэл гэрээ хүчин төгөлдөр байх хугацаа 1 жил боловч гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т ...үлдэгдэл шатахууныг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлнэ гэсэн нь шатахуун нийлүүлэх эцсийн хугацааг тухайлан тохиролцсон гэж дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, худалдагч барааг нийлүүлэх эцсийн хугацааг талууд тусгайлан тохироогүй, мөн гэрээ хүчинтэй байх 1 жилийн хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл шатахууныг нийлүүлнэ гэсэн утгыг илэрхийлэхгүй байна.
8.2. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23/69 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардаж, хэрэв биелүүлээгүй тохиолдолд гэрээнд зааснаар алданги тооцож нэхэмжлэх талаар мэдэгдэж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /х.х-ийн 8/ 12/
Тодруулбал, зохигчийн байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусахаар байхад нэхэмжлэгч нь түүнээс өмнө гэрээний үүрэг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг гэрээнээс татгалзсан гэж үзнэ.
8.3 Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох тул энэ тохиолдолд гэрээний үүргийг шаардах эрх мөн адил дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, алданги нь үүргээ огт гүйцэтгээгүй, аль эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгыг агуулах учир бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг шинжтэй тул үндсэн үүрэг хүчингүй болсон, эсхүл дуусгавар болсон бол алдангийн талаарх тохиролцоо хэрэгжих боломжгүй.
8.4. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзал гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ч энэ тохиолдолд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 405,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР