| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/01454/И |
| Дугаар | 210/МА2025/01861 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01861
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05424 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******.
орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2010 онд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ******* дугаар байр, 17 тоот байрыг 97 дугаар сургуульд сурдаг хүүхдэдээ ойр гэж худалдан авахаар *******-тай гэрээ байгуулж, 25,000,000 төгрөг бэлнээр төлсөн. Үлдэгдэл төлбөрөө сар бүр 250,000 төгрөгөөр төлөхөөр болж, 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлж, гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
Барилгын компанийн ажилтан ******* нь бусдыг залилсан гэх хэргийн шүүх хуралдаанд ******* 13,000,000 төгрөг дутуу байгаа, үүнийгээ төлчихвөл гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлэхээр нь 13,000,000 төгрөгийг төлж, гэрчилгээгээ авъя гэхэд өгөөгүй.
Иймд төлбөрийг төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
1.2. Нэхэмжлэгч нь уг байранд 14 жил амьдарч байна. Энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг энэ байрнаас гар гэж нэг ч удаа шаардаагүй. Уг байрны төлбөрийг төлж өмчлөгч болсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь *******-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, харин орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.
Гэтэл сүүлийн жилүүдэд байрны мөнгөө төлсөн гээд түрээсийн мөнгө ч төлөхгүй өмчлөгчийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Би 2009 онд ******* хамтарч өөрсдийн хөрөнгөөр 136 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан. Тухайн үед ******* нь ******** залилуулсан бөгөөд энэ нь надад болон *******-д хамааралгүй.
******* бусдын байранд дур мэдэн орсноо хүлээн зөвшөөрч цаашид түрээсээр амьдрахаар ******* тохирч компанитай 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэтэл түрээсийн төлбөр төлөхөө больж байрыг худалдан авсан мэтээр ярьж, хууль бусаар амьдарч байгаа.
Миний бие *******-ийн захирал байхдаа өөрөө болон *******-ийг төлөөлөн *******тай орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй.
Иймд орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Уг байрыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх газар хураагаад төлбөрт тооцож, албадан дуудлага худалдаанд оруулсан.
Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ад холбогдох Баянзүрх дүүрэг, *******дугаар хороо, ******* дугаар байр, 17 тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч *******гийн үндсэн, *******-тай байгуулсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо *******айлын орон сууцны 1-р орцны 3 давхрын 16 тоот 1 өрөө орон сууцыг захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцуулж, Баянзүрх дүүрэг, *******дугаар хороо ******* дугаар байрны 18 тоот 50 м.кв 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 357,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 420,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь орон сууц худалдан авсны төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан тул гэрчилгээ гаргаж өгөхийг *******аас удаа дараа шаардаж ирсэн гэх тайлбарыг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан. Энэ талаар хариуцагч ******* нь маргадаггүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "... Би тус байрыг 2023 оны 05 дугаар сард *******аас өөрийн нэр дээр шилжүүлж аваад улмаар *******г байрнаас гар гэж хэлэх болсон...." гэдэг тайлбарыг өгдөг.
Мөн хэргийг урьд шийдвэрлэхэд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хугацаандаа нэхэмжлэл гаргасан болохыг тогтоосон. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.
Хариуцагч *******-ийг татан буугдсан болохыг хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн *******-ийг хариуцагчаар татаад нэхэмжлэлийг хуулийн хугацаанд *******ад гардуулсан атлаа компанитай холбоотой баримт бичиг, ******* нь тус компанийг төлөөлөх эрхтэй эсэхийг нотолсон баримтыг шүүх шаардаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* нь байрыг худалдан авах гэрээг *******-тай байгуулан үнийг төлж барагдуулсан болох нь нотлогддог.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй, гомдолд бичгээр тайлбар гаргаагүй.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлтэй дүгнэсэн. Шийтгэх тогтоолоор маргаанд хамаарах үйл баримтыг бүрэн тогтоосон. Нэхэмжлэгч орон сууны төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1.1. Анхан шатны шүүх нотлох баримтын үнэлгээний хуваарилалт хийхдээ болон маргаанд эрх зүйн дүгнэлт өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй.
Тухайлбал, хэрэгт авагдсан үндсэн нэхэмжлэлд холбогдох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулсан атлаа үнэлгээний шаардлага хангахгүй баримтыг үнэлсэн, мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн, маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарласан.
Эдгээр алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
2. Нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулсан үндэслэлээр Баянзүрх дүүрэг, *******дугаар хороо, ******* дугаар байр, 17 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, уг орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******-ийг татсан байх боловч дээрх хуулийн этгээд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр татан буугдсан тул холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин уг шийдлийг шийдвэрийн тогтоох хэсэгт дурдалгүй орхисныг залруулна.
3. 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр ******* нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороонд баригдаж буй 5 давхар барилгын 1 дүгээр орцны 16 тоот 1 өрөө орон сууцыг худалдахаар, ******* нь орон сууцны үнэд 38,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Гэрээний дагуу ******* нь *******д Баянзүрх дүүрэг, *******дугаар хороо, ******* дугаар байр, 17 тоот 1 өрөө орон сууцыг 2010 онд хүлээлгэн өгсөн ба одоог хүртэл уг орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж байгаа болно.
3.1. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 25,000,000 төгрөгийг *******-ийн менежер ******** хүлээлгэн өгсөн.
Харин Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаар тогтоолоор ******* *******-ийн менежерээр 2009-2010 онд ажиллах хугацаандаа орон сууц захиалгын гэрээний дагуу 23 иргэний тушаасан 111,010,000 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн үйлдлийг өршөөлд хамааруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 905 дугаар шийтгэх тогтоол авагдсан боловч уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, үүнээс хойших хугацаанд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаар тогтоолоор ******* үйлдлийг хэрэгсэхгүй болгосон болно.
Үүнийг анхан шатны шүүх анхааралгүй шийтгэх тогтоолыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.
3.2. Мөн *******-тай 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч нь *******д 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 14,450,000 төгрөгийг төлжээ.
******* нь нэхэмжлэгчийн 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр *******-тай байгуулсан орон сууц худалдан авах гэрээнд тус компанийн ерөнхий менежер гэж дурдагдсан болно.
3.3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3245 дугаар шийдвэрийн дагуу маргааны зүйл болж буй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
3.4. Баянзүрх дүүрэг, *******дугаар хороо, ******* дугаар байр, 17 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* улсын бүртгэлд бүртгэгдсэн.
3.5. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь бусдаас худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн зөрчилтэй байдалтай холбоотойгоор Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн хүрээнд хариуцагч *******ын эсрэг нэхэмжлэл гаргасан байна.
Иймээс энэхүү маргаан үүсэхээс өмнө нэхэмжлэгчид үүргийн болон өмчийн хэлцлийн хүрээнд өмчлөх эрх үүссэн эсэхэд шүүх дүгнэлт өгнө.
4.1. Нэхэмжлэгчийн 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр *******-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.
Хариуцагчийн зүгээс *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсны хувьд дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч энэ нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин хариуцагчийн энэ талаарх сөрөг нэхэмжлэл нь бие даасан шаардлага бус, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн мэтгэлцээний байр суурьт хамаарах асуудал тул үүнийг сөрөг нэхэмжлэлд хамааруулан шийдвэрлэсэн нь буруу бөгөөд уг алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.2. Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой орон сууцны үнэ болох 38,400,000 төгрөгийг нэхэмжлэгч нь *******л, ******* нарт төлөх замаар бүрэн төлжээ.
Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг тухайн хуулийн этгээдийн ажилтан, төлөөлөх эрх бүхий гэж ойлгогдож болохуйц этгээдүүдэд төлсөн байна.
Мөн *******-ийн зүгээс гэрээний төлбөр төлөөгүй үндэслэлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны эзэмшлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.
4.3. ******* нь нэхэмжлэгчтэй 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нь бие даасан үүргийн эрх зүйн шинжийг агуулаагүй, харин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах зорилготой байжээ.
Энэ нь нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлсөн 2014 оноос хойших хугацаанд орон сууц хөлслөх гэрээний үүргийн талаар *******-ийн зүгээс аливаа шаардлага гаргаагүй байдлаар тогтоогдож байна.
4.4. Ийнхүү нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахтай холбоотой үүргийн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, өмчийн хэлцлийн хүрээнд орон сууцыг эзэмшилдээ авсан байна.
Харин ******* татан буугдсанаас шалтгаалан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй орхигджээ.
Иймд Баянзүрх дүүрэг, *******дугаар хороо, ******* дугаар байр, 17 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нийцнэ. Үүнтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.
4.5. Хариуцагч ******* нь *******-ийн нэхэмжлэгчид худалдсан орон сууцыг эзэмшилдээ авах давуу эрхтэй, мөн нэхэмжлэгчид өмчлөл үүсэхээс өмнө үүргийн болон өмчийн эрх зүйн хүрээнд өмчлөх эрхтэй байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
4.6. Нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байна.
Нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн нөхцөл байдал одоо ч үргэлжилж буй тул энэ шаардлагад хамаарах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй.
4.7. Харин Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ******* дугаар байрны 17 тоотод байрших 1 өрөө орон сууцад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй нь энэ хэргийн маргааны хүрээнд хамаарахгүй тул дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
5. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ******* дугаар байрны 17 тоотод байрших 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн үндэслэлээр орон сууцыг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан шатны шүүх нь уг сөрөг нэхэмжлэлд 18 тоот хаяг дурдагдсан гэх үндэслэлээр, хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөгч биш гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тусгасан орон сууцны хаягт гарсан зөрүү нь техникийн шинжтэй алдаанд тооцогдох бөгөөд энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад нөлөөлөхүйц шинж чанартай биш.
5.1. Харин үндсэн нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгч болохыг тогтоосон тул орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05424 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ******* дугаар байр, 17 тоот хаягт байрших 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******г тогтоож,
нэхэмжлэгч *******д холбогдох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ******* дугаар байр, 17 тоот хаягт байрших 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэх заалт нэмж,
2 дахь заалтыг 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 420,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос 349,950 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай. гэж өөрчлөн найруулж,
3 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ