Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01856

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03804 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 60,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, *******тэй 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоногийн 0.3 хувийн алданги тооцохоор, мөн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2021 оны 09 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар тус тус зээл олгосон. ******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээний үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, нэг сарын хүү 1,500,000 төгрөгөөр тооцож 6 сарын хүү 9,000,000 төгрөг, зээлийн үндсэн төлбөрөөс хугацаа хэтрүүлсний хоногийн алданги 45,000 төгрөгөөр хугацаа хэтэрсэн хоногт тооцоход үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн тул 7,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөгийн тооцоолол гарч байна. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, нэг сарын хүү 2,000,000 төгрөгөөр тооцон 6 сарын хүү 12,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээний үндсэн төлбөр 20,000,000, нэг сарын хүү 1,000,000 төгрөгөөр тооцон 12 сарын хүү 12,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг, гурван гэрээний зээлийн төлбөр нийт 95,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэж байна. Уг төлбөрөөс тэрээр өнгөрсөн хугацаанд хэсэгчлэн дүнгээр төлөлт шилжүүлдэг байсан бөгөөд нийт 76 удаагийн гүйлгээгээр 35,380,500 төгрөгийг төлсөн байдаг. Уг төлбөрийг нэхэмжлэгч талаас зээлийн хүүд тооцож авсан. Зээлийн хүү гэж тооцож үзвэл үлдэгдэл төлбөр болон хүү алданги нийт 60,120,000 төгрөгийн зээлийн тооцоолол гарч байгаа тул энэ төлбөрийг *******ээс гаргуулахаар шаардлага гаргасан. Бүх зээлийн төлбөрийг хариуцагчид бэлнээр хүлээлгэж өгсөн байгаа. Хүлээж авсны нотолгоо нь ******* 76 удаагийн гүйлгээгээр гэрээ хийснээс хойш сар бүр тогтмол давтамжтай төлөлт хийж явсан. Тэгэхээр энэ төлөлтөөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн төлбөрийг *******д хүлээлгэн өгснийг нотолж байгаа.

Иймд, гэрээнд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна. Зээлийн гэрээний дагуу 60,120,000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. *******гаас анх 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12,980,000 төгрөг зээлж авсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 9,570,000 төгрөг, нийт 22,550,000 төгрөг зээлж авсан. Эхний 12,980,000 төгрөг бол холимог зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ байгуулаад орон сууцдаа оруулаад, зээл нь 13,000,000 төгрөг, үлдэгдэл мөнгийг нь хуваан төлөхөөр тохирсон боловч 2,000,000 төгрөгийг нь төлөөгүй. 13,000,000 төгрөгөөсөө 12,980,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Энэ мөнгөө төлөөд дуусгасан. Мөн авсан зээл 9,570,000 төгрөгийг төлсөн. Нийт 22,550,000 төгрөгийг бүрэн төлсөн. Зээлийн гэрээ байгуулагдсан гэж яриад байна. Зээлийн гэрээ гэдэг чинь бодит мөнгө шилжүүлсэн дүнгээрээ гэрээ байгуулагдсан эсэхийг дүгнэх ёстой. Гэтэл 15,000,000 төгрөг зээлүүлсэн гэдгийг яаж нотлоод байгаа юм. Мөн 20,000,000 төгрөгөө яаж өгсөн гэж үзээд байгаа юм. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөн 20,000,000 төгрөг зээлүүлсэн гээд байгаа нь ямар баримтаар нотлогдож байгаа юм. Энэ мөнгийг хүлээж аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Авсан зээлээ бүрэн төлсөн учраас хүү алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэг нийт 44,120,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 378,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлэх гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй мэтээр дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх 3 зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэж тайлбар гаргадаг боловч уг зээлийн мөнгийг хэрхэн, ямар эх үүсвэрээс авсан нь тодорхойгүйгээс гадна дээрх мөнгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлоогүй

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь дансны асуудалтай байсан учир бэлнээр өгсөн гэж тайлбар гаргадаг боловч нэхэмжлэгч нь өөрийн Хаан банк дахь ******* тоот данснаас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12,980,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 9,570,000 төгрөгийг хариуцагчийн тус банк дахь ******* тоот дансанд шилжүүлж байсан, түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 дугаар cap хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь дээрх дансаар хариуцагчаас мөнгө шилжүүлэн авч байсан баримтуудаар энэ тайлбар үгүйсгэгддэг.

Гэтэл анхан шатны шүүх дан ганц зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүд болон нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч 50,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж дээрх 3 гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хууль зүйн дүгнэлт өгөөгүй, бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага 44,120,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт талууд хэлцэл хийж хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж түүнд гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж хуульчилсан байдаг. Үүний дагуу хэлцэл байгуулагдсан ч хэлцлийн дагуу мөнгө шилжүүлж аваагүй тухай хариуцагч маргадаг. Гэвч 76 удаагийн гүйлгээгээр нийтдээ 35,880,000 төгрөгийг хугацааны дараалалтайгаар шилжүүлж өгсөн. Иймд, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Анхны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 9.7 сая төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдоно. Хоёр дахь гэрээ болох 2021 оны 03 дугаар сард байгуулагдсан гэрээнд хариуцагч ******* өөрөө мөнгийг хүлээж авсан талаар гар бичгээр бичсэн. Мөнгө олгогдсоны дараагаар зээлийн гэрээ байгуулагдсан. Гурав дахь гэрээ дээр мөн адил мөнгийг хүлээж авсан талаарх бичиг байдаг. Тус тусдаа гэрээ боловч хоорондоо хамаарал бүхий зээлийн харилцаа үүссэн. Хоёр дахь гэрээгээр хариуцагч 20,000,000 төгрөгийг хүлээж аваагүй бол гурав дахь гэрээ талуудын хооронд байгуулагдах үндэслэлгүй. 2021 оны 09 дүгээр 05-ны өдрийн гурав дахь удаагийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хоёр дахь удаагийн гэрээгээр ******* 20,000,000 төгрөг шилжүүлж аваагүй гэж маргадаг ч тухайн гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй байсан бол дахин гурав дахь гэрээг байгуулах шаардлагагүй. Хоёр дахь гэрээ байгуулагдаж, мөнгө авсан гэх үйл баримтыг гурав дахь гэрээ нотолж байна. Анхан шатны шүүхээс алдангийн талаар дүгнэлт хийгээгүй ч нэхэмжлэгч талаас үүн дээр гомдол гаргаагүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хууль, талуудын байгуулсан гэрээг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Талууд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 15,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, /х.х-ийн 5/

 

3.2. Мөн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, /х.х-ийн 6/

 

3.3. Түүнчлэн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ. /х.х-ийн 7/

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч *******д 9,570,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдсон, харин зохигч 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болон 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тус тус 20,000,000 төгрөг /нийт 40,000,000/-ийг нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ. /х.х-ийн 8/

 

5. Зохигчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болон 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд ... 20,000,000 төгрөгийг хүлээн авлаа... гэсэн нь нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 40,000,000 төгрөгийг бодитоор өгсөн гэдгийг шууд илэрхийлэхгүй.

 

Зээлийн гэрээ нь үүргийн эрх зүйн гэрээ болохын хувьд ийнхүү талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох ч өмчийн хэлцлийн зүйл болох 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн байх ёстой.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 40,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх өөрт ашигтай энэхүү тайлбараа баримтаар нотлох учиртай боловч нотлоогүй байна.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь өөрийн Хаан банк ХК дахь ******* тоот данснаас хариуцагч *******ийн ******* тоот данс руу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 9,570,000 төгрөгийг шилжүүлжээ. /х.х-ийн 8/

 

Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хэмжээг 10,000,000 гэснийг 15,000,000 гэж засвар оруулсан, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид 9,570,000 төгрөг шилжүүлсэн байх тул хариуцагчийн хүлээн авсан энэхүү хэмжээгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээс гадна засвартай, ижил өнгийн бэхээр бичээгүй байгааг тус тус үндэслэн хүү болон алдангийн талаарх тохиролцоо хүчин төгөлдөр гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн мөнгийг буцаан төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс 9,570,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн талаар маргахгүй гэсэн тул тэрээр уг зээлийн гэрээний үүрэгт /9,570,000 х 10%=957,000 төгрөг х 6 сар=5,742,000 хүү/, нийт 15,312,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д өнгөрсөн хугацаанд 35,880,000 төгрөгийг төлсөн байна. /х.х-ийн 9-22/

 

Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчид 35,880,000 төгрөг төлснийг өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэхэмжлэгч нь хариуцагчид 9,570,000 төгрөгөөс гадна 40,000,000 төгрөгийг өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч *******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч *******гаас эдгээр зээлээс урьд өмнө 15,000,000 төгрөгийг зээлж, уг зээлийн хүүнд өөрийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгчид үнэ төлбөргүй хөлслүүлсэн боловч зээлийн хүү мөнгөөр төлж байсан гэснийг нэхэмжлэгч нь няцаагаагүй байна.

 

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 9,570,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхийн сацуу үүнээс өмнө 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн, тийнхүү зээлэхдээ зээлийн хүүнд тооцож нэхэмжлэгчид орон сууцыг хөлслүүлсэн гэсэн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлсөн 35,880,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээнүүдийн хариу төлбөр гэж тайлбарласан. /х.х-ийн 40, 41/

 

Иймд, хариуцагч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно гээд 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж зааснаар тухайн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

9. Анхан шатны шүүх зээлийн гэрээнд алдангийн талаарх тохиролцоог өөр өнгийн балаар бичсэнийг талууд анхнаасаа алданги тохиролцоогүй гэж үзэж, алданги 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй тул дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, алданги шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүйгээс гадна шүүхийн шийдвэрт Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж хуулийн нэрийг буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд уг алдааг засна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03804 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 60,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 378,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Б.МАНДАЛБАЯР