Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 97

 

Ч.Цэрэнбүтэдийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00270 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 36 айлын 13 тоотод оршин суух Олхонууд овогт Чойдонгийн Цэрэнбүтэдийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 36 айлын 16 тоотод оршин суух Аримнаасүрэнгийн Дарьхандад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэд, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал түүний өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “А.Дарьхандынхаас манай байр луу байнга ус алдаад алдсан үед нь орж хэлэхэд манайх ус алдуулаагүй гэдэг. Одоо манай байшин нурах дээрээ тулаад би байнгын чийг шохой үнэртсэн орчинд амьдарч байна. Иймд би байрандаа засвар хийхээс аргагүйд хүрээд хохирч явна. Би байрандаа засвар хийхээр хамгийн зах зээлд чанартай үнэтэй барилгын материал аваад тавьсан байгаа. Миний хүү ирж засвар хийж өгнө. Иймд Дарьхандаас 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч А.Дарьхандын хариу тайлбар: Миний бие энэ сууцыг 2012 онд худалдаж авсан ба энэ хугацаанд манайхаас ус алдаагүй. Ийм учраас би Цэрэнбүтэдийн нэхэмжилж байгаа 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00270 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ч.Цэрэнбүтэдийн нэхэмжлэлтэй А.Дарьхандад холбогдох гэм хорын хохирол 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож “ шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Нэхэмжлэгч миний хуулиар олгогдсон өмгөөлөгч авах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчиж миний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хянан үзэж шударга шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул  шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч  нь гэм хорын хохирол 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Дарьхандад холбогдуулан гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим”-д талуудын дунд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг шүүхээс хянан шийдвэрлэхдээ материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж, зөрчихгүй байх агуулгаар тодорхойлогддог юм.  Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хуульд заасан дараах журмыг зөрчсөн байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд  уг нэхэмжлэлдээ гарын үсгээ зураагүй байна.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна” гэх   шаардлагыг  хангаагүй байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн шаардлагыг  зөрчжээ./хх-ийн 1 дүгээр хуудас/ 2. Шүүгчийн шинжээч томилох тухай захирамжийн дагуу НААҮ-ний  “Шим-ус” орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Ганболд, О.Балжинням, Б.Лхагвасүрэн нарыг  шинжээчээр томилсон боловч  тушаалаар томилогдсон шинжээч нар дүгнэлт гаргаагүй, өөр шинжээчийн бүрэлдэхүүн   дүгнэлт  гаргажээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шинжээчийн дүгнэлт гаргах бүрэлдэхүүн яагаад өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна. Хэргийн 51 дүгээр талд дахь дүгнэлтэд “... дээд талын айл болох 16 тоот айлд ороход сантехникийн систем бүрэн байсан ба шал нь норсон дөнгөж цэвэрлэж арчсан байдалтай байсан. Иймд тухайн айлын /16 тоот/ сантехникийн системээс бус өөр байдлаар ус алдсан магадлалтай байна гэсэн үзлэгийн дагуу дахин  2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр үзлэг хийсэн, энэ үед  гал тогооны өрөөний таазнаас ус алдсаны улмаас тааз нурж хатсан байв. 13 тоот айлын дээврээс ус алдсан нь дээд талын сантехникийн системийн бус өөрсдийн буруутай үйлдлээс болсон байна” гэжээ. Уг дүгнэлт нь  хоёрдмол утгатай ойлгомжгүй эргэлзээтэй байна. Түүнчлэн уг дүгнэлтийн агуулгаас үзвэл “...дээд айлаас ус алдаж байна гэсэн дуудлагын дагуу шөнийн ээлжийн ерөнхий жижүүр инженер Н.Амаржаргал 1-36 айлын орон сууцны 13 тоотод очиж үзлэг шалгалт хийж ажилласан эсэх, эсхүл шинжээчийн бүрэлдэхүүн  тухайн үйл баримтыг тогтоож дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

 3. Нэхэмжлэгчийн гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1 дүгээр 36 айлын 13 тоот орон сууцанд дээд талын айлаас ус алдсан нөхцөл байдалд газар дээр нь үзлэг хийлгэх” тухай  хүсэлтийг анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШЗ2016/00219 дүгээр шүүгчийн захирамжаар ханган шийдвэрлэж, дээрх орон сууцанд очиж үзлэг хийгджээ. Уг үзлэгийн хаана хэзээ хийсэн тодорхойгүй, дээрээс ус алдсан гэх 1 дүгээр 36 айлын 13 тоот орон сууцны дээд давхарт   хариуцагч А.Дарьханд оршин суудаг эсэх нь тодорхойгүй ба үзлэгээр маргааны бодит байдал тогтоогдоогүй, бүрэн бус хийгджээ.Үзлэг хийхэд нэхэмжлэгч өөрөө байлцахыг хүссэн байх ба   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх эрхийг хэн нэгэнд олгоогүй байхад үзлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Долгорыг оролцуулсан ойлгомжгүй болжээ. 

Нэхэмжлэгч талын хүсэлтийн  дагуу хийгдсэн үзлэг нь нэхэмжлэлийн шаардлага, хүсэлтийн хүрээнд явагдаагүй учраас нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    /хх-ийн 21, 37 дугаар  хуудаст/  4.Нэхэмжлэгч шүүхэд өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах талаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг  хангахаас татгалзаж   шийдвэрлэсэн нь түүний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “хууль зүйн туслалцаа авах” эрхийг  ноцтой зөрчжээ. Энэ талаар  гаргасан нэхэмжлэгчийн   давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянан шийдвэрлэж шүүхийн тогтоолын агуулгыг танилцуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч уг тогтоол хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 83 дугаар тал/ Анхан шатны шүүхийн гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг давж заалдах шатны  иргэний хэргийн шүүх хуралдаанаас залруулах боломжгүй  тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 Хуульд зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46900 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулан түүнд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00270 дугаар дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46900 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Ч.Цэрэнбүтэдэд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.НЯМБАЯР

              ШҮҮГЧИД                                              С.ӨМИРБЕК

                                                                             Н.ТУЯА