Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 15

 

 

М.Загдсүрэн, Г.Ганхуяг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                            Хэргийн индекс 132/2017/0081/Э

 

            Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа,  С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                   

           Шүүх хуралдаанд:

            Прокурор                                               Ц.Сувдаа

           Шүүгдэгч                                                М.Загдсүрэн, Г.Ганхуяг

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                        М.Найдан, Э.Алтан-Уяа

           Хохирогчийн өмгөөлөгч                        М.Даваасүрэн

           Нарийн бичгийн дарга                          Г.Ангирмаа нарыг оролцуулан

             Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолтой М.Загдсүрэн, Г.Ганхуяг нарт холбогдох 201606000323 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж,  ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, РМ89031419 регистрийн дугаартай, Халиучин овогт Мөнхмандахын Загдсүрэн.

           Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруундэнжийн 3-17 тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж быайгаагүй, ИЗ88112713 регистрийн дугаартай, Адуучин овогт Гомбын Ганхуяг.

          Шүүгдэгч М.Загдсүрэн нь ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 07 дугаар сарын 10-11-ний үед Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Хар модотын даваа” гэдэг газраас иргэн Б.Цэрэннадмидын 79 тооны хонийг хулгайлсан, мөн М.Загдсүрэн, Г.Ганхуяг нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж Булган аймгийн Бугат сумын нутгаас иргэн Л.Санжаагийн 19 тооны хонийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө, иргэн М.Батбаярын 20 тооны хонийг 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

         Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор:

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Загдсүрэнгийн Б.Цэрэннадмидын 79 /далан ес/ хонь хулгайлсан хэргээс 15 /арван тав/ хонь хулгайлсан хэргийг, шүүгдэгч Г.Ганхуягийн М.Загдсүрэнтэй бүлэглэж хохирогч Л.Санжаагийн 9 /ес/ хонийг хулгайлсан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

          Шүүгдэгч  Халиучин овогт Мөнхмандахын Загдсүрэн, Адуучин овогт Гомбын Ганхуяг нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг дангаар болон бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч М.Загдсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ганхуягийн эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1.д заасныг баримтлан М.Загдсүрэнд энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим буюу 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,    

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д заасныг баримтлан шүүгдэгч М.Загдсүрэнд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2.т заасныг баримтлан шүүгдэгч М.Загдсүрэнгийн цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д  зааснаар шүүгдэгч М.Загдсүрэнгээс 4.287.500 /дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цэрэннадмидад 1540000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг, Л.Санжаад 2.080.000 /хоёр сая наян мянга/ төгрөгийг, М.Батбаярт 667.500 /зургаан зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг, шүүгдэгч Г.Ганхуягаас 1.297.500 /нэг сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Санжаад 630000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг, М.Батбаярт 66.750 /зургаан зуун жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус олгож, хохирогч М.Батбаярын 15 хоньтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисныг дурьдаж,

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10.т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 64-32 ОРО улсын дугаартай, “Bongo pronter”  маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Амартүвшинд олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Загдсүрэн, Г.Ганхуяг нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан давж заалдах гомдолдоо: “… Шүүгдэгч М.Загдсүрэн иргэн Л.Санжаагийнхаас 8 хонь, 1 ямаа 9 тооны бог мал хулгайлснаа мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн мэдүүлсэн. Мөн хохирогч Л.Санжаагийн 2016 оны 06 сарын 16-ны мэдүүлэгт 9 тооны хонио хулгайд алдсанаа мэдүүлсэн. Гэрч Д.Сүхбаатарын мэдүүлэгт 2016 оны 6 сарын эхээр М.Загдсүрэнгээс 8 тооны хонь 800.000 төгрөгөөр худалдан авсан. Харин Л.Санжаа 10 тооны бог мал алдсан талаар цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн, эрж хайсан талаар хэргийн материалд байдаггүй. ... 5 тооны хонь мотоциклиор зөөж хулгайлсан гэх авч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Үүнийг шалгаж хуулийн дагуу нотлох ёстой тул дахин хэлэлцүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналаа шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлсэн. 19 хонины хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан ч үнэлгээний дүн 2 өөр. Мөн хохирогч Б.Цэрэннадмид нь 2015 оны жилийн эцсээр хичнээн тооны бог мал тоолуулсныг нь Булган аймгийн Орхон сумын Засаг даргын орлогчоос албан ёсоор авч хохирлыг нарийн тооцох атал ийм ажиллагаа хийгдээгүй. Энэ бүгдийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байхад шүүх шүүгч хэргийн бүрдэл хангагдсан гэж шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч гомдол бичив …” гэжээ. 

            Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Булган аймгийн Прокурорын газраас М.Загдсүрэн, Г.Ганхуяг нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Анхан шатны шүүх М.Загдсүрэнд холбогдох хэргээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр М Б.Цэрэннадмидын 15 /арван тав/ хонийг хулгайлсан, шүүгдэгч Г.Ганхуягт холбогдох хэргээс М.Загдсүрэнтэй бүлэглэж хохирогч Л.Санжаагийн 9 /ес/ хонийг хулгайлсан гэсэн үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг дангаар болон бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасныг үндэслэн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл :

        -шүүгдэгч М.Загдсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Л.Санжаагийн 9 тооны хонийг бэлчээрээс нь хулгайлсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө дахин 9 тооны хонь, 1 тооны ямааг бэлчээрээс нь машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн М.Батбаярын 20 тооны хонийг бэлчээрээс нь машин механизм хэрэглэн хулгайлсан, мөн 2016 оны 07 дугаар сарын 10-11-ний үед Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Хар модотын даваа” гэдэг газраас иргэн Б.Цэрэннадмидын 64 тооны хонийг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Харин дээрх гэмт хэргийг Г.Ганхуягтай бүлэглэн үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

          Тухайлбал: - Г.Ганхуяг иргэн Б.Амартүвшингийн эзэмшлийн 64-32 ОРО улсын дугаартай “Bongo pronter” маркийн автомашиныг түр хугацаагаар ашиглаж байсан нь иргэний нэхэмжлэгч Б.Амартүвшингийн мэдүүлгээр тогтоогдож байх ба тэрээр шүүгдэгч М.Загдсүрэнгийн “хүнээс мал авна, гарал үүслийн бичиг нь байгаа, ямар ч асуудалгүй” гэх гуйлтын дагуу, ажлын хөлсөө тохироод хамт очиж дээрх малыг ачиж, заасан газарт нь буулгасан,

          -мөн Г.Ганхуяг нь М.Загдсүрэнгийн хулгайлсан малаас аваагүй, малыг худалдан борлуулахад оролцоогүй, худалдсан үнэ өртгөөс аваагүй зөвхөн тохиролцсоны үндсэн дээр ажлын хөлсөө авсан бөгөөд түүнийг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон, өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна  тухайн үед болсон үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

              Иймд Г.Ганхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирлыг шүүгдэгч М.Загдсүрэнгээс нэмж гаргуулан хохирогч нарт олгохоор шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нь “… хохирогч Л.Санжаа 10 тооны бог мал алдсан талаар цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн, эрж хайсан талаар  хавтаст хэрэгт  байдаггүй... , 19 хонины хөрөнгийн үнэлгээ өөр гарсан “… хохирогч Б.Цэрэннадмид нь 2015 оны жилийн эцсээр хичнээн тооны бог мал тоолуулсныг тогтоогоогүй, хохирлыг нарийн тооцоогүй …” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Санжаагаас мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж, гарын үсэг зуруулсан, тэрээр 19 тооны бог мал алдсан талаараа удаа дараа тогтвортой мэдүүлсэн байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээний тухайд хохирогч Л.Санжаагийн алдсан гэх 19 тооны бог малын үнэлгээ нь анх 1.865.000 төгрөгөөр тогтоогдсон /хх.ийн  38-р хуудас/ боловч хохирогч дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу дахин үнэлүүлэхэд 18 хонь, 1 ямааг нийт   2.710.000 төгрөөөр  /хх.ийн  148-р хуудас/ үнэлсэн байна.

            Мөн хохирогч Б.Цэрэннадмид нь хичнээн тооны малтай талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, шүүгдэгч М.Загдсүрэнгийн хулгайн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрч С.Баттөгс, Д.Даваа, Б.Батбаяр нарын мэдүүлгүүд /хх.ийн  171, 174, 175-р хуудас/ болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон тул хохирогч Б.Цэрэннадмидыг 2015 онд хэдэн бог мал тоолуулсан болохыг шалгуулах нь хэрэгт ач холбогдолгүй,  шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгч М.Загдсүрэнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4., 317 дугаар зүйлийн  317.1.2.,  319 дүгээр зүйлийн 319.1.1., 208 дугаар зүйлийн 208.1.1.,  325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газраас Адуучин овогт Гомбын Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай гэсэн заалт нэмсүгэй.

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1.,2 дугаар заалтыг :

           - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Загдсүрэнд холбогдох хэргээс Б.Цэрэннадмидын 15 /арван тав/ хонь хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай,

           - Шүүгдэгч Мөнхмандахын Загдсүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дугаар заалтын Г.Ганхуягт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

          3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг:

       -  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч М.Загдсүрэнгээс 1.540.000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Цэрэннадмидад, 2.710.000 /хоёр сая долоон зуун арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.Санжаад, 1.335.000 /нэг сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Батбаярт тус тус олгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           4. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           5. Г.Ганхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

           6. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

           

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН                           

          

              ШҮҮГЧИД                             Ц.ТУЯА  

        

                                                                         С.УРАНЧИМЭГ