| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 310/2025/00380/И |
| Дугаар | 218/МА2025/00009 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 218/МА2025/00009
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 310/ШШ2025/00421 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,565,140 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,565,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч “манай гэрийн ариун цэврийн өрөөнөөс ус алдаж *******гийн гэрт ус нэвтэрч эд хөрөнгөд хохирол учирсан гэх үйл баримтад маргахгүй. Хохиролд 5,000,000 төгрөг төлсөн. Хохирлын үнэлгээ гарсны дараа хэдэн төгрөгийн үнэлгээ тогтоогдсон тухай надад хэлээгүй. Шүүхэд ирсний дараа баримтыг үзэхэд ус нэвтрээгүй өрөөний талбайн хэмжээгээр учирсан хохирлыг тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учирсан хохирлыг *******гийн гэр бүлийн хүн, хүүхдүүд нь нэхэх байтал ******* нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн гэж үзэж, хариуцагчийг тайлбар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, бусдад учруулсан хохирлоо төлөх боломжгүй гэх үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй учир хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд уг баримтуудаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нотлогдож байна. Харин хариуцагч талаас тайлбар татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь хэргийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь шүүх үнэлсэнгүй, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн тооцооны жагсаалтад бусад ажил 150,000 төгрөг, бусад материалын тооцоо 250,000 төгрөг, бусад нэмэлт зардал 80,000 төгрөг гэсэн дүнгүүд нь юунд гэдэг нь тодорхойгүй. Мөн хохирол учруулсан өрөө болон учруулаагүй өрөөний мкв тус тусдаа тодорхойлогдоогүй. Бодит байдал дээр хими цэвэрлэгээний баримт, барилгын материалын баримт зэрэг зарим нотлох баримтыг нэхэмжлэгч хуурамчаар үйлдсэн ч байх боломжтойг шүүх анхаарч үзээгүй гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэргийн 9-19-р хуудсанд авагдсан “Үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан”-д “цэвэрлэгээ бусад ажил-150,000 төгрөг, бусад материалын зардал-250,000 төгрөг, бусад нэмэлт зардал -80,000 төгрөг” гэж тусгажээ. Тусгай мэдлэг бүхий үнэлгээчний гаргасан үнэлгээг эс зөвшөөрсөн тохиолдолд хариуцагч тал шинжээч томилуулах, шинжилгээ хийлгэх, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй, хариуцагч дээрх хүсэлтийг гаргаагүй байна.
Иймд анхан шатны шүүх хохирлын үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.
Хими цэвэрлэгээтэй холбоотой баримтын хувьд хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх хими цэвэрлэгээнд өгөгдсөн эд зүйлүүд бохирдсон болохыг зөвшөөрч тайлбар гаргаж байх тул хими цэвэрлэгээний баримт үндэслэл бүхий баримт гэж дүгнэлээ. Мөн лед гэрэл худалдан авсан баримт гараар бичсэн зарлагын баримт гэж маргаж байх бөгөөд лед гэрлийг гарах ёстой байсан зардал байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Хариуцагчаас хэргийн материалтай танилцаж, эсрэг нотлох баримт гаргах боломж олгоогүй, захирамж гарсны дараа танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж 2025 оны 07 сарын 25 өдөр гарсан, хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 25, 28-ны өдөр тус тус хэргийн материалтай танилцсан болох нь тогтоогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд явцад нэхэмжлэгч талаас шинээр ирүүлсэн, хэргийн 53-56 дугаар хуудсанд авагдсан баримттай 2025 оны 07 сарын 28 өдөр танилцсан тухай хариуцагчаас тайлбар гаргасан болно.
Мөн Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцах гэм хорыг хэмжээг багасгах хүсэлтийг хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гаргасан. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч талын хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нь гэм хор учрах, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн болох нь тогтоогдоогүй болно.
5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 310/ШШ2025/00421 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 39992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511. дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Г.БАЯРДАВАА