Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 218/МА2025/00010

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00481 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ... Миний бие 1972 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой. Миний бие Дундговь аймгийн Хөгжимт драмын театрт 1989 оны 01 сарын 01-нээс 2002 оны 10 сарын 31-нийг хүртэл дуучин, хөгжимчнөөр ажиллаж байгаад 2002 оны 1-р сард Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт дуучин хөгжимчнөөр ажиллаад, 2012 онд 9, 10, 11-р сар, 2014 оны 11-р сард тус тус Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт ажиллаж байсан. Миний тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх холбогдох бүх бичиг баримт шатаж үрэгдсэн юм. Дундговь аймгийн архиваас Хөгжимт жүжгийн театрт болон Төв халхын дуулалт жүжгийн театрт ажиллаж байсныг гэрчлэх баримтууд байхгүй байгаа учир өндөр насны тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гарах байсныг тогтоолгож чадалгүй өдий хүрлээ. Иймээс Эрдэнэбаатарын ******* намайг Дундговь аймгийн Хөгжимт драмын театрт 1989 оны 01 сарын 01-нээс 2001 оны 12 сарын 31-нийг хүртэл дуучин, хөгжимчнөөр, 2012 оны 09 сар, 10 сар, 11 сард, 2014 оны 11 сард Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон бусад баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 09, 10, 11 дүгээр сар, 2014 оны 11 дүгээр сард Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучнаар ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг бууруулж, татгалзаж байна. ******* нь Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр болон Хөгжимт драмын театрт 1989 оны 01 сарын 01-ээс 2001 оны 12 сарын 31-нийг дуустал дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан. Ажиллаж байсантай холбоотой хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн, зарим тушаалууд нь аймгийн архиваас гардаггүй. Иймд дээрх хугацаанд дуучин болон хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Түүнийг ажиллаж байх хугацаанд Төв халхын дуулалт жүжгийн театр нь бүтцийн өөрчлөлтөд орж Хөгжимт драмын театр болж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу өөрөөр хэлбэл 1995 оноос хойш нэхэмжлэгч дуучин байсан нь түүнийг өндөр насны тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гарахад ач холбогдолтой байгаа. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгоно. Иймд хэрэгт цугласан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Очир овогт Эрдэнэбаатарын ******* / РД: ЗЮ72100101/нь 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театр-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоолгох тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 09, 10, 11 дүгээр сар, 2014 оны 11 сард Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучнаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэлээ гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь 1989-2000 онд ажиллаж байсныг тогтоолгох нь эрх зүйн ач холбогдолтой үйл явдал болоод байна. Өөрөөр хэлбэл 1989- 2002 онд дуучин болон гоцлол дуучин байсан нь өндөр насны тэтгэвэр хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгоход ач холбогдолтой үйл явдал юм. Гэтэл анхан шатны шүүх 1995 оноос хойш нийгмийн даатгалын хууль /хүчингүй болсон/ батлагдсантай холбогдуулан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал биш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөнөөр ажилласан байдал нь тогтоогдоно гэж дүгнэж байгаа нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 1995 оноос хойш дуучнаар, гоцлол дуучнаар, хөгжимчнөөр ажиллаж байсныг 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна гэх үндэслэлээр ялгаж тодорхойлох боломжгүй бөгөөд үүнийг зөвхөн хэрэгт авагдсан баримтад үндэслэн сэргээн тогтоосноор хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх учир эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоож байгаа явдал юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Хөдөлмөр Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийн тухай 2023 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д зааснаар гоцлол дуучин, бүжигчин болон хөгжимчин, үлээвэр хөгжимчин гэх мэргэжлээр ажилласан хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөн тогтоосон учир энэхүү өмнөх онуудад ажиллаж байсан хамааралтай хүмүүсийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох зайлшгүй үр дагавар үүссэн юм. Иймээс дээрх хугацаанд нэхэмжлэгчийн дуучин ч бай, гоцлол дуучин ч бай дээрх хугацаанд ажилласан байдлыг 1995 оноос хойш ажиллаж байснаа тогтоолгох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаатай болж байгаа юм.

Нэхэмжлэгч ******* нь угтаа Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 1989 оноос 2001 оныг дуустал гоцлол дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан байдаг. Тухайн үед анх ажилд орох үед нь гоцлол дуучин, хөгжимчдийг жүжигчин гэж нийтэд нь ангилалд оруулдаг байсан учир ажилд ороход нь гоцлол дуучин гэж огт тушаал гаргаагүй байна. Сүүлд нийгмийн даатгалын сангаас өндөр настанд олгох тэтгэврийн тухай хуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт тогтоолгоход хамаарах ангилалд гоцлол дуучнаар 15 жил ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заажээ. Гэтэл нэхэмжлэгч ******* нь гоцлол дуучин байсны хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацааны ажиллаж байсныг гэрчлэх баримтууд огт тодорхой биш байгаа нь түүний хууль ёсны эрх ашигт сөрөг үр дагавар үүсч улмаар эрхээ бүрэн эдэлж чадахгүй хохирч байгаа юм.

Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дуучин хөгжимчин байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль ёсны байгаа ч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлын хувьд хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж эрх ашгийг хангуулахын дахин шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа.

Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш уг гоцлол дуучин байсан учир гоцлол дуучин байсныг тогтоолгох шаардлага үүсч хэрэгт авагдсан зарим нэг баримтууд болох Соёлын тэргүүний ажилтан олгосон баримт, Төв халхын дуулалт жүжгийн театр /Хөгжимт жүжгийн театр/ санхүүгийн баримтуудад ямар учраас шимтгэл төлөгдөөгүй үлдсэн талаар тодруулалгүй шийдвэрлэсэн ч үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Бусад баримтуудад нь нэхэмжлэгчийг гоцлол дуучнаар ажиллаж байсантай холбоотой олгосон уу? Дуучин, эсхүл хөгжимчин байсантай нь холбогдуулан олгосон уу гэдгийг нягтлан дахин нотлох баримт бүрдүүлж байж шийдвэрлэх нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход илүүтэйгээр үндэслэл бүхий болоод хууль ёсны байх шаардлагыг хангах байсан байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 сарын 2-ны өдрийн 310/ШШ2025/00481 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.    Нэхэмжлэгч ******* нь анх Дундговь аймгийн Хөгжимт драмын театрт 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс 2001 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл дуучин, хөгжимчнөөр, 2012 оны 09, 10, 11, 2014 оны 11 сард Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 09, 10, 11 сар, 2014 оны 11 сард Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучнаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байна.

3.    Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театр-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан үйл баримтыг зөв тогтоож, холбогдох нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д нийцжээ.

4.    Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв үнэлж, үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 1995 оны 1-3 дугаар сард, 1996 оны 6-11, 1997 оны 05, 09, 1998 оны 06, 07, 2000 оны 01-12, 2001 оны 01-12 дугаар саруудад Төв халхын дуулалт жүжгийн театр-т ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газраас нотлох баримтаар гаргуулсан 2025 оны 08 сарын 08-ны өдрийн *******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийгмийн даатгалын хууль батлагдсанаар Монгол Улс нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоонд шилжиж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажиллаж байсан байдлыг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүртгэлээр тооцдог болсон.

Нийгмийн даатгалын хууль /хүчингүй болсон/-ийн 16 дугаар зүйлд заасны дагуу ажилтны сар бүрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган Нийгмийн даатгалын санд тухайн сардаа багтаан төвлөрүүлэхийг ажил олгогчид үүрэг болгосон, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, төлөлт, төвлөрүүлэлтэд хийх хяналт шалгалтыг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байхаар хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Нийгмийн даатгалын байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. *******гийн гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж буйтай холбогдуулан анхан шатны шүүхийг өөрийн санаачилгаар нотлох баримт дутуу бүрдүүлсэн үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00481 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00481 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ

 

Г.БАЯРДАВАА