Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 127

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч А.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жанрай овгийн А.О-т холбогдох 1928002150130 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хөнгөн ялыг хүнд ялд багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, А.О,  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч А.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  тоотод эхнэр С.Узодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрхээ эдлээд би гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би урьд өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүлийн талаар үнэн зөв мэдүүлсэн учир одоо би үндсэн хуульд заасан эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй..” гэжээ /хх-8-9/,

Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08-р сарын 29-ны өдөр 21 цагийн үед Даланзадагад сум Б эгчийнд эхнэр У, Ууганбаяр, бид 4 хоёр шил архи хувааж уугаад би эхнэр У гэртээ харъя гэсэн чинь би явахгүй Б эгчийнд унтлаа гээд байхаар нь би явая гэсэн чинь эхнэр У дахиж архи нэхээд байхаар нь миний уур хүрээд маргалдаад У нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохичоод би яваад өгсөн...” гэжээ /хх-11-12/,

Гэрч С.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчимд нөхөр О, барилгачин залуу У, хамт ажилладаг Б гэх эгчийн хамтаар такси бариад Б эгчийнд очих замдаа дэлгүүрээс 0.75 гр хараа гэх архи ааваад очоод 4-лээ хувааж уусан. Тэгээд нөгөө авсан архиа ууж дуусгаад дахиад 0.5 гр архийг би нөхөр Оын хамт дэлгүүр орж авчираад түүнийг уугаад дууссан чинь У явлаа гэсэн чинь хамт манай нөхөр цуг гараад явсан. Б эгч бид 2 гэрт үлдсэн Б эгч унтаад өгсөн би сууж байсан чинь гаднаас манай нөхөр орж ирээд Утай намайг хардаад нүүр болон толгой руу цохиод тэгээд яасныг би мэдэхгүй байна... Миний нүүр болон толгой, 2 гарын шуу хөхөрч хавдсан манай нөхөр А.О гэмтэл учруулсан...” гэжээ. /хх-12-13/,

Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний орой ажлаа тараад 20 цагийн орчимд О, У нарын хамт Өнөрбүл дэлгүүр ороод 0.75 гр ЕРӨӨЛ гэх архи аваад хашааны гудманд уух гэж байгаад манайд очиж ууя гээд Баруун сайхан 9-21 тоот хашаанд очоод хувааж хамт уугаад би согтоод унтаад өгсөн. Намайг унтахад цаг 22 цаг болж байсан байх би өглөө эрт ажилтай болохоор ядраад эрт унтсан байсан. Тэгээд унтаж байсан чинь У миний араар ороод ирэхээр нь яав гэсэн чинь О намайг зодох гээд байна гэхээр би согтуу гараагүй босоод ирсэн чинь О, У 2 зодолдоод байхаар нь хүн дуудах гээд гарч яваад эргээд хүрээд ирсэн чинь У нүүр амнаас нь цус гарсан хачин царайтай юм тааралдаад У гэрт нь очиж амарсан... Юунаас маргаан болсныг би мэдэхгүй байна унтаад нэг сэрэхэд л О У нүүр лүү гараараа цохиод хөшиглөж зодсон. Би хүн дуудах гээд гараад гүйсэн. Тэрнээс хойш яаж зодосныг бол би мэдэхгүй...” гэжээ. /хх-15/,

Шүүгдэгч А.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчимд Б эгчийнд буюу Баруун сайхны 9-21 тоот хашаанд гэрт 1 шил 0.75 гр ерөөл, 0.5 гр ерөөл архи эхнэр У, У гэх барилгын ажил хийж байсан залуу нарын хамтаар хувааж ууж дуусгаад У гэх залуу явлаа гэхээр нь хашаанаас гаргаж өгөөд эргэж гэрт орж ирээд эхнэр У гэр лүүгээ явая гэсэн чинь явахгүй ахиад ганц шил архи ууя гээд байхаар нь миний уур хүрээд нүүр лүү 2-3 удаа гараараа цохиод гар болон шуу руу нь 2 удаа өшиглөөд авсан чинь унтаж байсан Б эгчийн цаагуур шургаж ороод явахгүй гэхээр нь би гараад явсан....” гэжээ. /хх-25-26/,

           2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...С.У           биед тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний дээд доод зовхи, хацар, эрүү, хүзүү, хоёр гарын шуу хэсэгт цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, нуруунд ягаан өнгийн нөсөө, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэп нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”  гэжээ. /хх-17/

Яаралтай тусламжийн хуудас /хх-18-19/,

Гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографийн шилжилгээ /хх-20/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол /хх-32-34/,

 Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол /хх-35-38/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/,

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-46/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч А.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайханы 9-21 тоотод эхнэр С.У зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч С.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  /хх-12-13/, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У мэдүүлэг /хх-8-9/, гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-15/, шүүгдэгч А.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-25-26/, яаралтай түргэн тусламжийн 2054 тоот хуудас,/хх-18-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

            Хохирогч С.У эрүүл мэндэд учирсан хохирол хөнгөн хохирол болох нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн  “...С.У биед тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний дээд доод зовхи, хацар, эрүү, хүзүү, хоёр гарын шуу хэсэгт цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, нуруунд ягаан өнгийн нөсөө, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэп нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”  гэх дүгнэлт /хх-17/, Гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-20/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.О хохирогч С.У нар  гэрлэлтийн баталгаагүй хэдий ч 2011 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байгаа болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул эхнэрээ зодсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч А.От гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Өмнөговь аймгийн Прокурорын газраас А.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.О хохирогч С.У-тай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч  2011 оноос хойш 10 орчим жил хамт амьдарсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүл гэж үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч А.О урьд 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

          Шүүгдэгч А.О-ын  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-46/ зэргээр тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгч А.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн саналаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг “...миний үйлчлүүлэгч А.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул тус зүйл хэсэгт заасан торгох ялын хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж дээрх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.   

Шүүгдэгч А.О оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч А.Оыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн А.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.О 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У шүүгдэгч А.Оаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч А.О цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ