| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0854/Э |
| Дугаар | 898 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 898
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Т.Болор-Эрдэнэ, шүүгдэгч, хохирогч Ө.Т, шүүгдэгч Х.Д, шүүгдэгч, хохирогч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ө-ын Т-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Х овогт Х-ын Д, Б овогт Г-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01766 0971 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар 22-ныөдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овогт Ө-ын Т, Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38 дугаар гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ****,эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Х овогт Х-ын Д, Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Булган аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Булган аймгийн Сайхан сум 5 дугаар баг, Хүрэмт 3 дугаар хороо ** тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шонхорын ажилчдын байр *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
3. Б овогт Г-ийн Д, Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт, Өнжин гэдэг газарт оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн 7 дугаар хороо, Алтангадасын ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ****эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” караокены гадна иргэн Г.Д-ыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.Д, Г.Д нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” караокены гадна Ө.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хоёр зовхинд цус хуралт, зүүн далны дээр, доор зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус бүрхолбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр:
- Б овогт Ө-ын Т нь 2019 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” караокены гадна хохирогч Г.Д-ыг зодож, түүнийбие махбодод “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан;
- Х овог Х-ын Д, Б овогт Г-ийн Д нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” караокены гадна хохирогч Ө.Т-ыг зодож, түүний бие махбодод “тархи доргилт, хоёр зовхинд цус хуралт, зүүн далны дээр, доор зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ө.Т-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Шүүгдэгч Х.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
3. Шүүгдэгч Г.Д-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
4. Шүүгдэгч Г.Д-ын хохирогчийн хувиар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.Т-ын эхнэр нь түрүүлээд гарсны дараа дэлгүүрийн худалдагч Х.Д бид хоёр түүнийг “одоо хааж байна, гар” гэсэн чинь гарахгүй болохоор нь чирээд гаргасан. Гэтэл “гарахгүй” гээд зүтгээд байхаар нь түлхсээр байгаад гаргасан. Тэгээд хаалганы хажуу талын буланд Ө.Т миний зүүн талын нүд рүү гараараа 2 удаа цохиход хөмсөгнөөс цус гарсан. Би Ө.Т-ыг намайг цохисон гэж хоёр талаасаа зодолдох гэж дайрсан. Тэнд байсан хүмүүс ойртуулаагүй, хоёулаа цамцаа тайлж шидээд цээж нүцгэн болсон....Л.Б нь хажуугаас хэл амаар доромжлоод байсан бөгөөд зодоонд хажуугаас оролцоогүй. Тухайн үед Ө.Т намайг цохиод хөмсөгнөөс цус гарчихаар нь шилээр цохисон гэж бодсон юм. Тэгтэл камерын бичлэг дээр болон тэнд ямар нэгэн шил байгаагүй, гараараа цохисон байсан. Ө.Т хохирлын мөнгө болох 300,000 төгрөгийг өгч хохиролгүй болсон. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас);
5. Шүүгдэгч Ө.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Баарны ажилтан, буюу хохирогч Г.Д нь танихгүй залуугийн хамт “...одоо гар согтсон байна, хүн амьтан үймүүлээд байна” гээд хоёр талаас сугадаад гаргасан. Би гарахгүй, найзыгаа авч явна гэж эсэргүүцсэн чинь түлхэж гаргаад хашааны буланд хоёулаа нийлж өшиглөж, нүүрэн тус газар цохиж, зодоод байхаар нь хохирогч Г.Д-ын нүүрэн тус газар нь цохиж унагаасан чинь хөмсөгнөөс нь цус гарсан. ...Би тэр хоёр залуутай хэрэлдээд та нар яаж байгаа юм бэ гээд гадуурх цамцаа тайлж нүцгэлсэн. Тэгтэл талбай дээр Г.Д намайг цохиж унагаасан. Г.Д-тай хамт байсан залуутай муудалцаад зодолдсон чинь хажуугаас Г.Д дээгүүрх цамцаа тайлсан орж ирээд миний нүүрэн тус газар цохиж унагаагаад тэр хоёр нийлж зодсон. ...Тэр үед би гарахгүй гэсэн чинь хохирогч Г.Д хамт байсан залуугийн хамт сугадаж гаргаад үүдний буланд нийлж нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан. Далны зулгаралт цохиулаад газар унахад учирсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас);
6. Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Т-ыг баарны ажилчин Г.Д нэг залуугийн хамт түлхэж гаргаад, буланд шахаад, зодолдоод, маргалдаад байхаар нь зодоон болоод байна гэж нөгөө хоёрыг дуудаад тэнд байсан танихгүй хүний хамт ирээд салгасан чинь хохирогч Г.Дын хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай “танай нөхөр намайг шилээр цохисон” гээд орилоод дайраад байсан. Цохисон гэх шил байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-53 дугаар хуудас);
7. Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр араас нь гарахад Т нь Г.Д бас нэг залуутай гурвуулаа зодолдож байсан. Тэр хоёр залуу Т-ыг нийлээд зодсон. Газар унахаар нь дээрээс нь энд тэндээс нь өшиглөсөн...Дэлгүүрийн гадна талбай дээр Т-ыг Г.Д хамт байсан залуугийн хамт нийлж нүүрэн тус газар нь цохиж, унахаар нь бие рүү нь өшиглөж зодсон. Хэн нь түрүүлж цохисныг хараагүй. Ямар ч байсан хоёулаа нийлж зодсон...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 55-56 дугаар хуудас);
8. Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ер нь жоохон согтсон байсан ба эхлээд баарны ариун цэврийн өрөөнд нэг хүнтэй маргалдаад гарахдаа баармен буюу зодуулсан гэх залууг санамсаргүй гараараа түлхсэн. Тэгэхэд тэр дургүйцсэн. Хэсэг хугацааны дараа баармен залуугаас уучлалт гуйсан гэсэн. Үүнээс хойш ямар ч асуудалгүй байж байгаад юунаас болсныг мэдэхгүй гарсан чинь муудалцаад зодолдсон байсан. Тэр зодооноос болж Т-ын хоёр нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58-59 дүгээр хуудас);
9. Гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тооцоогоо хийж байхад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гарсан чинь үүдэнд нөхрийн хөмсөгнөөс цус гарсан, манайхаас гарсан хүмүүстэй хэрэлдээд зогсож байсан. ...Намайг гарч ирэхэд нөхрийг Т зодсон гэсэн. Хөмсөгнөөс нь цус гарсан байсан. ...манай нөхөр Г.Д нь Т-тай хэрэлдэж байгаад нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгтэл хажуугаас нь дэлгүүрийн худалдагч Д түүний нүүрэн тус газар нь мөн цохисон. Ингээд хөөцөлдөж зууралдаж байгаад салсан..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61-62 дугаар хуудас);
10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3802 дугаартай “...Г.Д-ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 38 дугаар хуудас);
11. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3796 дугаартай “...Ө.Т-ын биед тархи доргилт, хоёр зовхинд цус хуралт, зүүн далны дээр доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 42 дугаар хуудас);
12.Шүүгдэгч Ө.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 68 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 65 дугаар хуудас), шүүгдэгч Х.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 74 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78 дугаар хуудас), шүүгдэгч Г.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 81 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85 дугаар хуудас);
13. Шүүгдэгч Ө.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Баарны ажилтай хохирогч Г.Д, үл таних залуугийн хамт одоо гар согтсон байна, хүн амьтан үймүүлээд байна гээд хоёр талаас сугадаад гаргасан. Би гарахгүй, найзыгаа авч явна гэж эсэргүүцсэн чинь түлхэж гаргаад хашааны буланд маргалдаж байгаад хохирогч Г.Д-ын нүүрэн тус газар нь цохиж унагаахад хөмсөгнөөс нь цус гарсан. ...Хохирогчтой хамт байсан Х.Д-тэй муудалцаад харилцан зодолдсон чинь хажуугаас хохирогч Г.Д дээгүүрх цамцаа тайлсан орж ирээд миний нүүрэн тус газар цохиж унагаагаад тэр хоёр нийлж зодоход миний биед гэмтэл учирсан. Надад санал, гомдол байхгүй. Г.Д-т 300,000 төгрөг өгч хохиролгүй болгосон. Бид нар хоорондоо эвлэрсэн, ямар нэгэн маргаангүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94-95 дугаар хуудас);
14. Шүүгдэгч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Г.Д бид хоёр хаах гээд зогсож байхад зааланд үйлчлүүлсэн Ө.Т согтуу эхнэртэйгээ муудалцаад байсан. Тэгээд бид хоёр хаалаа гэр гэсэн чинь согтуурхаад гарахгүй болохоор нь хоёр талаас нь сугадаж өргөөд гаргасан чинь буцаж орно гээд маргалдаж байгаад Ө.Т Г.Д-ыг гараараа нэг удаа цохиж хөмсөгнөөс нь цус гарсан. Ингээд байж байхад Ө.Т-ын эхнэр нь ирж салгаж дараа нь хамт явсан хүмүүс нь ирж салгасан. Ингээд талбай дээр Ө.Т, Г.Д бид гурав маргалдаж байгаад Г.Д Ө.Т-ыг цохиж унагаасан чинь босож ирээд над руу дайрч бид хоёр зодолдож би нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Тэгтэлхажуугаас Г.Д орж ирээд түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж унагаасан....Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, Ө.Т нь Г.Д-ыг гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Харин Ө.Т-ыг Г.Д бид хоёр цохиж гэмтэл учруулсан. Одоо бид нарын дунд ямар нэгэн маргаан байхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 104-105 дугаар хуудас);
15. Шүүгдэгч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ө.Т-ын эхнэр түрүүлээд гарсны дараа дэлгүүрийн худалдагч Х.Д бид хоёр түүнд “одоо хааж байна, гар” гэсэн чинь гарахгүй орох гэж зүтгээд байхаар нь түлхсээр байгаад гаргасан. Тэгээд хаалганы хажуу талын буланд Ө.Т миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиж хамраас цус гаргасан. Энэ үед Х.Д салгаад байж байхад манайд үйлчлүүлж байсан танихгүй эрэгтэй хүнийг дагуулж ирээд салгах үед би Ө.Т-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгтэл дотроос хохирогчтой хамт явж байсан хоёр найз нь, мөн танихгүй эрэгтэй хүний хамт гарч ирээд Ө.Т-ыг хамт явсан Б салгаад холдуулсан....Хэрэлдэж байгаад Ө.Т-ын нүүрэн тус газар нэг удаа цохиж унагаахад босож ирээд ухарч байгаад өөрөө хойшоо газар суугаад босоод ирсэн. Ингээд бид хоёр талаасаа хэрэлдэж байхад тэнд хүмүүс намайг салгаад холдуулах үед Ө.Т, Х.Д хоёр зодолдохоор нь би цээж нүцгэн, гартаа цамцаа барьсан, судалтай хар өнгийн биеийн тамирын өмдтэй цаанаас гүйж очоод Ө.Т-ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж унагаагаад дэвссэн чинь тэнд байсан хүмүүс салгаад холдуулсан. Ингээд хэсэг хугацааны дараа бид нар караокег хаагаад гарсан чинь нөгөө дөрөв үүдэнд байж таараад хэрэлдсэн. Х.Д-ийн эхнэрийг Ө.Т янз бүрээр хэлээд байхаар нь шанааруу нь нэг удаа цохисон. Энэ үед намайг хаалганы хойд талд нөгөө хүмүүс хориод зогсож байсан. Даваажав бид хоёр хохирогч Б.Түвшинбаяртай маргалдан улмаар бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ө.Т-т хохирлын мөнгө болох 300,000 төгрөг өгч хохиролгүй болсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн маргаангүй байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 114-115 дугаар тал)зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Т, Г.Д нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хоёрхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Т-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Д-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн, шүүгдэгч Х.Д, Г.Д нарын үйлдэл нь мөн идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд бүлэглэн хохирогч Ө.Т-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийгбүлэглэж үйлдсэн” шинжийг тус бүр бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.Т-ыг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Х.Д, Г.Д нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнгэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
ХохирогчӨ.Т, Г.Д нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ө.Т, Г.Д Х.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ө.Т, Г.Д Х.Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ө.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Х.Д, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нарөөрсдийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан хэлэх зүйлгүй гэцгээв.
Иймд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д, Г.Д нарт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Т, Г.Д,Х.Д нарнь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Ө-ын Т-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х овогт Х-ын Д, Б овогт Г-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэжүйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д, Г.Д нарт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд, шүүгдэгч Х.Д, Г.Д нарт оногдуулсан торгох ялыг долоон сарын хугацаанд тус бүр хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Ө.Т, Х.Д, Г.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Т, Х.Д, Г.Д нар ньцагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй,тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Т, Х.Д, Г.Д нартурьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА