Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01750

 

 

*******, *******нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04974 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, *******нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Гэм хорын хохиролд нийт 24,030,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* нь эхнэр *******ийн хамт ******* дүүргийн******* дугаар хороо, Хүчит шонхор захын урд талын замд *******маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхад ******* маркийн автомашин араас мөргөж их хэмжээний хохирол учруулсан. Уг ослыг гаргасан жолооч нь ******* байсан.

1.2. ******* нь тэр үед миний буруу, төлбөрийг төлж барагдуулна гэсэн, уг ослын улмаас эрүүл мэнд болон сэтгэл санааны хор уршиг, сөрөг үр дагавар гарна гэдгийг урьдчилан тааварлан мэдэх боломжгүй байсан учраас бид эрүүл мэндтэй холбоотой асуудлаар тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй, зөвхөн автомашины хохирлоо үнэлүүлж төлбөрийг авахаар тохирсон.

1.3. *******маркийн автомашин нь 2022 онд үйлдвэрлэсэн шинэ байсан учраас оригинал сэлбэгээр засахын тулд 43,295,896 төгрөгийн бодит хохирлын үнэлгээ гаргасан. Гэтэл ******* болон түүний даатгуулсан даатгалын компани өөр үнэлгээний компанаар дахин үнэлгээ гаргахыг шаардсаны дагуу ******* ХХК-аар үнэлгээ гаргуулахад 37,472,260 төгрөгийн үнэлгээ гаргасан.

1.4. Бид өөрсдөө Германаас сэлбэг оруулж ирдэг хүмүүст хувиараа захиалан онгоцоор тээвэрлүүлэн авчруулахад бүх сэлбэгүүд болон түүнийг суурилуулах, будах зэрэг засварууд нийт 44,230,680 төгрөг болсон. Мөн сольж засварласан эд ангиудын хамгаалалтын хальсыг 1,800,000 төгрөгөөр наалгах байсныг одоо болтол наалгаж чадаагүй.

1.5. Тухайн осол гарах үед *******нь 6 сартай жирэмсэн байсан бөгөөд ослоос болж хүчтэй доргилт авч, тонус өгсөөр байгаад энэ ослоос хойш 1 сар ч хүрэлгүй төрөх ёстой хугацаанаас 2 сарын өмнө хүүхдээ дутуу төрүүлсэнд гомдолтой байгаа. Эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн зардлууд мөн хүүхэд дутуу төрсний дараа эмчлүүлэх зардалд их мөнгө зарцуулсан. Гэтэл ******* нь өнөөдрийг хүртэл гаргасан ослынхоо хохирол төлбөрийг гүйцэд төлөөгүй, эхнэрийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсанд гомдолтой байна.

1.6. Иймд хохирлыг арилгахад гаргасан 46,030,680 төгрөгийн зардлаас *******ын төлсөн 34,000,000 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй үлдсэн 12,030,680 төгрөг, *******ийн биед хүчтэй доргилт авч тонус өгснөөс болж эмнэлгээр эмчлүүлсэн эмчилгээний хөлс, дутуу төрсний дараа дахин эмчлүүлсэн эмчилгээний зардлууд дутуу төрснөөс үүдсэн эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 12,000,000 төгрөг, нийт 24,030,680 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан осолд холбогдуулж ******* дүүргийн замын цагдаагийн хэлтэс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг албан ёсоор явуулж шийдвэрлэсэн бөгөөд тус зөрчлийн хэрэгт албан ёсоор хийгдсэн хохирлын үнэлгээ нь 37,472,260 төгрөг болсон.

2.2. Нэхэмжлэгч *******од дансаар 30,000,000 төгрөг, даатгалд 5,000,000 төгрөг, оношилгоо 2,077,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Цагдаагийн байгууллагаас тогтоосон хохирлын үнэлгээнээс 35,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул 2,472,260 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, үлдэх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд гэмтлийг зэрэг тогтоогдоогүй тул сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 9,230,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,103 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 162,641 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анх 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан зам тээврийн осолд холбогдуулж зөрчлийн хэрэг нээгдэж шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед эрх бүхий албан тушаалтны зүгээс албан ёсоор шинжээч томилж хохирлын үнэлгээг эцэслэн хийсэн ба хоёр тал тус хохирлын үнэлгээг зөвшөөрч энэхүү үнэлгээний дагуу хохирлыг төлж барагдуулахаар тохиролцсон. Тиймээс дээрх хохирлын үнэлгээний дагуу нэхэмжлэгч талд нийт 35,000,000 төгрөгийг төлсөн ба 2,472,260 төгрөг үлдсэн байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин хариуцагч нарын надаас нэмж нэхэмжлээд байгаа 9,230,680 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл шүүхээс ******* ХХК-ийн албан ёсоор гаргасан хохирлын үнэлгээг үл хэрэгсэж нэхэмжлэгч талын эрх ашгийг хэт үнэлж ******* надаас 9,230,680 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Би өөрт байгаа эд хөрөнгө бүх зүйлээ зарж борлуулж байж хоёр талын тохиролцсон бас албан ёсоор хийгдсэн 37,472,260 төгрөгийн үнэлгээний үнийн дүнгээр төлбөрүүдийг төлж явсан ба 2,472,260 төгрөгийг төлж амжаагүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан тайлбарын агуулга: Тухайн осол болох үед манай эхнэр 6 сартай жирэмсэн байсан. ******* ХХК-аас автомашиныг 43,295,896 төгрөгөөр үнэлсэн. Оросын Холбооны улсад дайн гарсан учраас тухайн автомашиныг сэлбэгийг Монгол улсад оруулж ирэхэд 6-8 сарын хугацаа шаардлагатай байсан. Мөн сэлбэгүүд нь өндөр үнээр борлуулагдсан. Автомашин нь үйлдвэрлэгдээд 1 жил болсон учраас задаргааны хуучин сэлбэг тавих боломжгүй. Холбооны бүгд найрамдах Герман улсаас шинэ сэлбэг захиалан оруулж ирсэн. Шинжээчийн дүгнэлтээр хөрөнгийн үнэлгээг багаар тогтоосон. Сэлбэг нь дээрх үнэд багтаагүй. Хавтаст хэрэгт холбогдох бүх нотлох баримтыг өгсөн. Бид нар ажлаа алдаж 2 сарын хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Хариуцагч нь миний эхнэр, хүүхдийг эмнэлэгт байхад эргэж ирээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд буюу эд хөрөнгөд учруулсан хохирлын төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 12,030,680 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохиролд 12,000,000 төгрөг, нийт 24,030,680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...эд хөрөнгөд учруулсан хохирлоос 2,472,260 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, бусдыг нь төлж барагдуулсан тул 2,472,260 төгрөгийн хэмжээнд зөвшөөрнө, эд хөрөнгийн хохирлын үлдэх хэсэг болон сэтгэл санааны хохирлыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Хариуцагч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* УНД улсын дугаартай, ******* маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа нэхэмжлэгч *******ын унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан ******* УАУ улсын дугаартай *******маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан;

 

3.2. Дээрх зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын ******* дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулаад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №0465935 дугаартай Шийтгэлийн хуудас-аар *******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан;

3.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ын унаж явсан ******* УАУ улсын дугаартай *******маркийн автомашинд учирсан хохирлын хэмжээг хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-аар үнэлүүлэхэд 37,472,260 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид хохирлын төлбөрт 35,000,000 төгрөгийг төлсөн;

 

3.4. Зам тээврийн осол гарах үед ******* нь 6 сартай жирэмсэн эхнэр *******ийн хамт явсан байх бөгөөд *******нь 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ихэр хүүхдүүд болох *******, ******* нарыг төрүүлсэн байна.

 

4. Анхан шатны шүүх зам тээврийн ослын улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг арилгахад нэхэмжлэгч *******оос бодитоор гарсан зардлын хэмжээгээр буюу 44,230,680 төгрөгөөс хариуцагч *******ын төлсөн 35,000,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагч *******аас 9,230,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нар зам тээврийн ослын улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг арилгахад нийт 44,230,680 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан *******ын банкны дансны хуулгууд /хх-5-13/-аар нотлогдсон тул хариуцагчийн гаргасан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон ******* ХХК-ийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тооцох талаар гомдол үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан эд хөрөнгийн хохиролд 12,030,680 төгрөг гаргуулах шаардлагын 2,800,000 төгрөгийн шаардлагыг болон сэтгэл санааны хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах шаардлага, нийт 14,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нар эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ баримтлах эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой хуулийн заалт буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04974 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...510 дугаар зүйлийн 510.1... гэсний дараа ...511 дүгээр зүйлийн 511.1... гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР