Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 899

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Л.Батаанарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророосБ овогт Ш-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04495 1061 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ш-ийн А, Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 18 дугаар гудамжны **тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоол дээрээс иргэн Г.Б-ыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 8 дугаар байрны гадаа таксигаар хүргэж өгөхдөө иргэн Г.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картаа машин дотор гээснийг бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад нийт 1,159,655 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Б овогт Ш-ийн А нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянхошууны шинэ эцсийн таксины зогсооол дээрээс иргэн Г.Б-ыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 8 дугаар байрны гадаа таксигаар хүргэж өгөхдөө иргэн Г.Б-д нь өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картаа машин дотор гээснийг бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад нийт 1,159,655 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2.Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоол дээрээс зүс таних Ш.А гэх залууг такси үйлчилгээнд явж байхад нь хөлсөлж гэрлүүгээ хүргүүлсэн юм. Би Ш.А-аар гэрлүүгээ хүргүүлэх замдаа таксины төлбөрт өгөх бэлэн мөнгө байхгүй болохоор нь Баянхошууны Жанцангийн автобусны буудлын ойролцоо байрлах Хаан банкны АТМ дээр зогсож таксины жолооч Ш.А-д өөрийн Хаан банкны виза картыг өгч, нууц дугаарыг нь хэлж 50,000 төгрөг авахуулсан. Тэгээд би Москва хороололд гэртээ хүргуүлж буухдаа Ш.А-д таксиныхаа тооцоог төлчхөөд гэртээ ороод унтаж амарсан юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхошууны эмнэлэгт үзүүлэх санаатай төлбөрөө бэлнээр авах гээд Баянхошууны Жанцангийн Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэхэд миний виза карт байхгүй байхаар хаячихсан юм байх гэж бодоод Хаан банкнаас дансны хуулгаа аваад үзтэл, миний Хаан банкны 5034274193 дугаартай данснаас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шөнийн 02 цаг 38 минутанд 500,000 төгрөгөөр 1 удаа, 650,000 төгрөгөөр 1 удаа уншуулж нийт 1,150,000 төгрөгийн зарлага хийгдсэн байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...Би таксины жолооч Ш.А-аар 50,000 төгрөг авахуулснаас хойш дансны хуулгаа авч үзэхэд миний дансны үлдэгдэл 1,154,655 төгрөг болсон байсан. Үүн дээр нэмээд миний виза картны 5,000 төгрөг ороод нийтдээ надад 1,159,655 төгрөгийн хохирол учирсан......Би тухайн өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр таксины жолооч Ш.А гэх залуугаар хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 8 дугаар байрны гадаа хүргүүлж буусан...Сүүлд нь Ш.А гэх залуутай уулзахад миний Хаан банкны виза картыг гэрийнхээ гадаа машинаа цэвэрлэж байгаад арынхаа суудал дээрээс олсон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25, 28 дугаар хуудас);

            3. Хохирогч Г.Б-ын өргөдөлд хавсаргаж өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 15-16-р хуудас), яллагдагч Ш.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлдхавсаргасан гэрэл зургууд (хх-ийн 57-58-р хуудас);

            4. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Мастер унэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-42-р хуудас);

            5. Шүүгдэгч Ш.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 98 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69 дүгээр хуудас);

            6. Шүүгдэгч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудлын таксины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 03-91 УБЗ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Pruis 20 загварын автомашинтайгаа 16 цаг 30 минутын үед зогсож байтал зүс харж байсан Батболд гэх залуу хоёр найзтайгаа халамцуу ирээд такси үйлчилгээнд явах уу гэж асуухаар нь би явна гэж хэлээд        Б-ыг машиндаа суулгасан. Москва хороолол ороод Б-ыг буугаарай гэтэл Б миний гар утас алга болчихсон байна гэхээр нь би өөрийн гар утсаар залгаж үзтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Б “буцаад Баянхошуу явчих” гэж хэлсэн....Баянхошууны Жанцангийн ойролцоо байдаг Хаан банкны АТМ-ийн гадаа ирээд Б надад Хаан банкны виза картаа өгч 50.000 төгрөг авчих гэж хэлээд нууц дугаараа хэлж өгсөн юм. Тэгээд би АТМ-ээс Г.Б-д 50.000 төгрөг авч өгчхөөд картыг нь буцааж өгсөн. Батболдыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 8 дугаар байрны гадаа 21 цагийн үед буулгачихаад таксины хөлсөнд 35,000 төгрөг аваад гэрийнхээ гадаа ирээд машинаа янзалж, цэвэрлэгээ хийж байтал арын суудал дээр Хаан банкны виза карт байсан.Би картыг нь аваад 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шөнө 02 цаг 38 минутанд Баянхошууны 112 дугаар автобусны буудлын Хаан банкны АМТ-ээс 2 удаагийн гүйлгээ хийж, эхлээд 500,000 төгрөг, дараа нь 650,000 төгрөгиийн гүйлгээ хийж, нийт 1,150,000 төгрөгийгавч үрсэн...Би Батболдын нууц дугаарыг 50,000 төгрөг авч өгөхдөө цээжилсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-54-р хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ш.А-ийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас биед байдлаар 1,154,655төгрөгийн хохирол учирсан, Хаан банкны виза картыг хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагаас 5,000 төгрөгөөр үнэлсэн байх ба нийт 1,159,655 төгрөгийн хохирол учирсан ньЭрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ш.А-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ш.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ш.А-галдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Б нь хохирлоо бүрэн авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн (хх-ийн 28 дугаар хуудас)байх тул шүүгдэгч Ш.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Ш.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ш.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хавтас хэргийн материалд ажлын байрны тодорхойлолт авагдсан байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжтойгоор шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ш.А нь торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжээр, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байгааг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжээр тогтоосон бөгөөд дундаж нь мянга таван зуун далан таван нэгж юм. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг дундаж хэмжээнээс доош буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Ш-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаналдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Ш.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА