| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00239/И |
| Дугаар | 210/МА2025/01778 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01778
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/05539 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 41,766,827 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн нийт 626 м.кв талбай бүхий үйлчилгээний заалыг караоке, лоунж, хэлбэрээр 10 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохирсон. Түрээслэгч ******* ХХК нь цаг хугацаандаа түрээсээ төлөхгүй, 2 давхрын тохижилтоо хийгээгүй, ашиглах үүргээ биелүүлээгүй, түрээсээ төлөхгүй зэрэг байдлаас болж маргаан гарч ******* ХХК-ийн зүгээс ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт 51,765,750 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан 153,007,126 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.
1.2. Шүүхийн маргаан явагдаж байхад барилгын засвар тохижилтын зардлын маргаан үүссэн учир ******* ХХК-ийг шинжээчээр томилсон ба 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 дугаартай тайлан гарч ******* ХХК-ийн засвар тохижилтын ажлын нийт дүн 58,083,998 төгрөг болсныг тооцон ирүүлсэн. Анхан шатны шүүх ******* ХХК-аас 2,198,491 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, ******* ХХК-аас 58,083,998 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэхдээ ******* ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн. Нийслэлийн шүүхээс 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 797 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхээс 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 15 дугаар тогтоол гарч маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.
1.3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ******* ХХК шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах хүсэлт гаргаснаар ******* ХХК-д 58,083,998 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулсан. Шүүхийн маргаан дууссаны дараа ******* ХХК-ийн үнэлгээг холбогдох хууль зөрчиж гаргасан хэмээн эрх бүхий байгууллага болох Сангийн яаманд ******* ХХК гомдол гаргасан бөгөөд тус газраас үнэлгээний ******* ХХК-ийг томилсноор 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 22 тоот дүгнэлт гарсан. ******* ХХК-аас ******* ХХК-д холбогдуулан Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын харьяа Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргахад тус газраас 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 7/1 тоот дүгнэлтээр үнэлгээчин нарт сануулах шийтгэл ногдуулсан бөгөөд төсөвчний мэргэшлийн зэрэггүй, болох нь тогтоогдсон.
1.4. ******* ХХК-ийн захирал *******ыг хууль зөрчсөн үнэлгээ гаргасан хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5/282 дугаартай мэдэгдэх хуудсаар хариу өгч ******* ХХК-ийн *******, ******* нараас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн. ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан хохиролд 41,766,827 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 210/ШШ2019/00729 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1104 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 00713 дугаар тогтоол гаргасан.
1.5. ******* дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 266 тоот тогтоол гарч ******* ХХК-ийн захирал ******* нь өршөөлийн тухай хуульд хамрагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ийнхүү шүүхэд хуурамч баримт гарган өгч үнэлгээчинд нөлөөлж өндөр үнэлгээ гаргуулсан ******* ХХК-аас хохиролоо нэхэмжлэх эрх үүссэн.
1.6. Монгол Улсын Дээд шүүхэд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1565 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар 7 удаа хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүхэд хуурамч баримт гарган өгч хуурамч баримтаар шийдвэр гаргуулсан, өршөөлд хамрагдсан ******* ХХК-аас учирсан хохирлоо нэхэмжлэх эрх үүссэн хэмээн үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2 үнэлгээний зөрүү 32,812,147 төгрөг, нотариатын үйлчилгээнд төлсөн төлбөр 330,000 төгрөг, өмгөөлөгчдийн хөлсөнд төлсөн төлбөр 5,700,000 төгрөг, экспертизийн төлбөр 1,000,000 төгрөг, гүйцэтгэлийн төсвийн төлбөр 1,500,000 төгрөг, үнэлгээний дүгнэлтийн төлбөр 400,000 төгрөг, шуудангийн зардал 9,480 төгрөг, норм дүрмийн ном 15,200 төгрөг, нийт 41,766,827 төгрөгийг ******* ХХК-аас гэм хорын хохиролд гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжилж буй этгээд нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой шаардах, түүнийг нотлох баримтыг хавсаргахыг шаардсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч гэм хор буюу гэрээнээс учирсан хохирол эсхүл хөрөнгийн үнэлгээний үнэлгээчнээс үнэлсэн үнэлгээнээс учирсан хохирол, эсхүл хуурамч нотлох баримтыг үндэслэн гаргасан хохирол гэдгийг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, гэм хороор нэхэмжилсэн 41,766,827 төгрөг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 58,083,998 төгрөгийн аль хэсэгт хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
2.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцохоор заасан.
2.3. Мөн энэхүү маргааны үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас үнэн зөв үнэлж шийдвэрлсэн. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд тусгасан дүнгээр бус шүүхээс бодитоор тогтоогдсон дүн болох 58,083,998 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байгаа тул дахин нэхэмжлэл гаргаж, шаардах эрхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 41,766,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,897 төгрөгийг төрийн сангийн ******* тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Нарта ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй. Шүүх гаргаж буй шийдвэрээ танилцуулахдаа шалтгаант холбоо алга гэлээ. Шүүхийн шийдвэрийн үг, үсэг, цэг, тэмдэг нь заавал учир шалтгаантай байх учир шалтгаан холбоо гэдэг үгсийг хуулиас хайгаад олсонгүй, толь бичгээс хайгаад олоогүй ба харин харилцаа холбоо, бөхийн холбоо, холбоо барих гэсэн үг нь байна. Хэрэв хариуцагч шунахай сэдэлт байхгүй бол хуурамч баримт үйлдэхгүй, хуурамч баримт байхгүй бол алдаатай дүгнэлт гарахгүй, алдаатай дүгнэлт байхгүй бол тус шүүхийн 1565 дугаар шийдвэр гарахгүй байсан гэх шалтгаан, үр дагавраас шалтгаант холбоо гэж ойлгохгүй юм бол шүүхийн шийдвэрийг ойлгох ухаан хүрэхгүй байна. Практикт шүүгч бүр шалтгаант холбоо гэсэн үгсийг ядаж гурван өөр утгаар ангилаад байх шиг байгаа учир шүүхийн ойлголт, хэргийн оролцогчийн ойлголт өөр, өөр байгаа тохиолдолд нэг мөр ойлгох ойлголтыг Улсын дээд шүүх гаргах ёстой ба албан ёсоор гаргаагүй бол шүүх хэрэглэх ёсгүй гэж үзэж байна. Харин шүүх логик холбоо гэх юм уу эсхүл нэг мөр шууд ойлгогдох Монгол үгсийг хэрэглэж байх нь зүйтэй. Логик холбоо байхгүй, субьект үйлдэл хийх шалтгаан байхгүй, шалтгаангүй үйлдэл, хоорондоо холбоогүй үйлдэл, субьект тухайн үйлдэлд холбоогүй гэсэн 5 утга илэрхийлэгдэх ба шүүгч аль утганд тааруулж шалтгаант холбоо байхгүй гэснийг таах шаардлага үүсэх ба хоорондоо утгын ялгаатай 5 утгаас таарах хариу нь 20 хувь байна.
4.2. Хариуцагч тал шунахайн сэдэлтээр хуурамч баримт үйлдсэн байх ба эрүүгийн хэрэгт шалгагдаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөлд хамрагдсан. Уг хуурамч баримтыг үндэслэн гаргасан дүгнэлт нь алдаатай болсон гэдгийг шүүхээс томилсон нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээч тогтоож өгсөн. Хариуцагч тал шүүхийг хууран мэхэлж өөрөөс гаргасан бодит зардлаас илүү 58,134,092 төгрөгийн мөнгөн дүнгээр шүүхийн шийдвэр гаргуулсан, уг шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар гүйцэтгүүлжээ. Тэгэхээр хохирол учирч уу гэвэл учирсан байна, үндэслэлгүй хөрөнгөжсөн үү гэвэл хөрөнгөжсөн байх бөгөөд хохирогч хохирлоо ямар арга замаар гаргуулж авах вэ, Үндсэн хуульд өмчийг шударгаар олж авахыг заасан байх тул шударга бусаар олж авсан хөрөнгийг буцаан төлөх үүрэг нь Үндсэн хуулиар нөхцөлдөж байна. Шүүхэд шалтгаант холбоотой бүхий баримтуудаа гарган өгсөн атал шүүх шалтгаант холбоо бүхий баримтуудыг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Мөн гэм буруугаа хүлээгээд хохиролоо төлж барагдуулна гэсэн этгээдийг шүүх хариуцлагаас чөлөөлж байгаа нь зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүргээсээ шүүх татгалзсан, ******* ХХК хохирсноороо хохирч үлдээсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч тал шалтгаант холбооны талаар дурдаж байна. Шүүх хэргийг үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн, зөвөөр шийдвэрлэсэн бөгөөд тухайн хэрэгт дүгнэлт өгсөн. Энэ хэрэгт хохирлын асуудал яригддаг. ******* ХХК нь бодит байдалд 58,000,000 төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн нь үнэн. Хөрөнгийн үнэлгээний шинжээч нь үнэлгээний эрхгүй этгээд байсан учир тухайн үнэлгээг хүчингүй болсон ба тухайн ажлын үнэлгээ 58,000,000 төгрөг биш байна гэсэн шийдвэр гараагүй. Шүүхээс томилогдоогүй шинжээч нь тухайн хэрэгт шинжилгээ хийж 20,000,000 төгрөгийн үнэлгээг гаргаж ирсэн бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч 58,000,000 төгрөгийн үнэлгээтэй байх талаар дүгнэлт өгсөн. Тухайн хэрэг 2013 онд эцэслэн шийдвэрлэгдэж, 2014 онд давж заалдах шатны магадлал гарч шийдвэрлэгдсэн. Нэгэнт дууссан асуудалд ******* ХХК-д холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар нэхэмжлэгч тал дурддаг. Тухайн эрүүгийн хэрэгт гэрээний үнийн дүнг өсгөсөн гэх асуудлыг шийдвэрлэснээс биш хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн талаар шийдвэрлээгүй. Иймд тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хариуцагч компанийн захирал хуурамч баримт үйлдэж шүүхэд гаргаж өгсөн эрүүгийн хэрэгт шалгагдаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөлд хамрагдсан, уг хуурамч баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүхийг хууран мэхэлж өөрөөс гарсан бодит зардлаас илүү дүнгээр шүүхийн шийдвэр гаргуулж нэхэмжлэгчийг хохироосон гэх үндэслэлээр гэм хорын хохиролд 41,766,827 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, маргааны үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх үнэн зөв үнэлж шинжээчийн дүгнэлтэд тусгасан дүнгээр бус шүүхээс бодитоор тогтоогдсон дүн болох 58,083,998 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, маргааныг нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байгаа тул дахин нэхэмжлэл гаргаж, шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрийг ******* ХХК болгон өөрчилсөн;
3.2. ******* ХХК нь ******* ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* дүүргийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, тэнхлэгийн хэмжээгээр доошоо 2 давхар подваль бүхий 2 давхар 626 м.кв хэмжээтэй талбайг караоке, лоунжийн зориулалтаар түрээслүүлэх, гэрээний хугацаа 10 жил байх, 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 2 давхрыг ашиглалтад орох үед нийт түрээсийн төлбөр 13,000,000 төгрөг болж өөрчлөгдөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан;
3.3. Талуудын хооронд маргаан үүсч, улмаар 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт 51,765,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч ,*******, ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 153,007,126 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан;
3.4. Уг маргааныг ******* дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1565 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 2,196,491 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, ******* ХХК-аас 58,083,998 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн, Нийслэлийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 797 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн, шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар биелэгдсэн;
3.5. Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхдээ "... шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасныг 1997 тоот захирамжаар шийдвэрлэсэн, ******* ХХК-ийн гаргасан үнэлгээнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байх ба шүүх шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон үнэлгээнд тулгуурлаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. ... гэж дүгнэсэн;
3.6. ******* ХХК нь дээрх хэрэгт шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан ******* ХХК-ийн шинжээч нар болох *******, ******* нарын гаргасан дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргаж, холбогдох газруудаар шалгуулсан ба Чингэлтэй дүүргийн Прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хөрөнгө оруулалт үнэлсэн тухай тайлан гаргахдаа зориуд худал дүгнэлт гаргасан нь тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан;
3.7. Дээрх тогтоолыг эс зөвшөөрсөн гомдолд Чингэлтэй дүүргийн Ерөнхий прокурор 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/282 хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгөхдөө ...*******, ******* нарын буруутай үйлдлийн улмаас ******* ХХК-д хохирол учирсан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан;
3.8. ******* ХХК болон ******* нар нь ******* ХХК болон *******, ******* нарт холбогдуулан ******* ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот 58,083,900 төгрөгийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, гэм хорын хохиролд 41,766,827 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00729 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1104 дүгээр магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56.1.1 гэснийг хасаж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00713 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн;
3.9. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1565 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 797 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар Монгол Улсын Дээд шүүхэд 7 удаа хүсэлт гаргасан байх ба 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн и/32, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 98, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШТ2016/00208, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШТ2017/00089, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШТ2017/00241, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШТ2018/00073, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШТ2022/00130 дугаар тогтоолуудаар хүсэлтүүдийг хангахаас татгалзсан;
3.10. ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийн яллагдагч *******ыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 153,007,126 төгрөгийн сөрөг нэхэмжлэлдээ 90 сая төгрөгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн үндэслэлээр 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл буюу хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 153,007,126 төгрөгийн сөрөг нэхэмжлэлдээ 90 сая төгрөгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч компаниас гэм хорын хохирол шаардаж буй гэх үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэхдээ ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолын агуулгаас үзэхэд ******* нь гэрээний үнийн дүнг зассан үйлдэлдээ гэм буруутай гэдгээ зөвшөөрсөн агуулгатай байх ба *******ын гэрээний үнийн дүнг зассан үйлдэл болон ******* ХХК-д учирсан гэх хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
4.1. ******* нь ******* ХХК-аас түрээсэлж байсан түрээсийн зүйлд засан сайжруулалт хийлгэхтэй холбоотойгоор ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг 47 саяас 90 сая төгрөг болгон өөрчилж, уг гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болохоо хүлээн зөвшөөрсөн нь ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолоор, түрээсийн зүйлд хийсэн засан сайжруулалтын зардлыг шүүхээс томилсоны дагуу тогтоосон ******* ХХК-ийн үнэлгээчин нь шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа уг ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн дүгнэлт гаргасан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00729 дугаартай шийдвэрийн тодорхойлох бичигдсэн тухайн үед үнэлгээчнээр ажилласан хариуцагч *******гийн ... Тухайн үед төсөвчин ******* нь ******* ХХК-ийн ажилтан байсан, энэ агуулгаараа төсвийг хийсэн. Хэрэгт авагдсан байр түрээслэх, барилгын ажил гүйцэтгэх гэсэн хоёр гэрээг л төсөвчин авч үзсэн. ... Төсөвчин ямар гэрээг үндэслэх вэ гэхээр ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэсэн хугацаагаа барьж төсөв гаргахаас түрээсийн гэрээг баримталж төсөв гаргахгүй ... гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
4.2. Барилгын төсөв хөрөнгө үнэлгээний ******* ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай дүгнэлтэд ******* ХХК-ийн хийсэн засварын ажлын үнэлгээтэй танилцаад шууд зардлууд болох материал, цалин, машин ашиглалтын зардлуудыг нормын дагуу тооцсон байна, гэхдээ ажлуудыг хэмжилтийн биет хэмжээтэй тулгаж, мэргэжлийн төсөвчнөөр шалгуулах шаардлагатай гэж дүгнэсэн байх тул ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг 47 саяас 90 сая төгрөг болгон өөрчилсөн өөрчлөлт нь зөвхөн гэрээний үнийн дүнтэй холбоотой бус харин тухайн гэрээнд заасан ажлын хэмжээтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Энэ нөхцөл байдал нь мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн тогтоолоор томилогдсон шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийн Асуулт 2 буюу ******* ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 дугаар дүгнэлт үндэслэлтэй эсэх гэсэн асуултын Хариулт хэсэгт ... ажлын тоо хэмжээ бүрэн зөв гэдэгт үндэслэл муу ... гэж хариулсан байдлаар тогтоогдож байна.
4.4. Дээр дурдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр анхан шатны шүүх *******ын гэрээний үнийн дүнг зассан үйлдэл болон ******* ХХК-д учирсан гэх хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ.
5. ******* нь ******* ХХК-ийн ******* ХХК-аас түрээсэлж байсан түрээсийн зүйлд засан сайжруулалт хийлгэхтэй холбоотойгоор ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг 47 саяас 90 сая төгрөг болгон өөрчилж, уг гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, ******* дүүргийн шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт 51,765,750 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 153,007,126 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцдаа ******* ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дүгнэлт гаргахдаа *******ын засварласан гэрээг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүх ******* ХХК-аас засан сайжруулалтын зардалд 58,083,900 төгрөгийг гаргуулан ******* ХХК буюу одоогийн нэрээр ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт дахь ажлын тоо хэмжээ үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул *******ын үйлдлээс болж ******* ХХК-д гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.
5.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заасны дагуу *******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг ******* ХХК хариуцан арилгах үүрэгтэй.
5.2. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын хэмжээг Барилгын төсөв хөрөнгө үнэлгээний ******* ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай дүгнэлт, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн барилгын засварын ажлын гүйцэтгэлд экспертиз хийсэн дүгнэлт зэрэгт үндэслэн ******* ХХК-ийн гаргасан үнэлгээ болох 58,083,900 төгрөг болон хожим хийгдсэн үнэлгээний дүн болох 25,271,753 төгрөгийн зөрүү болох 32,812,147 төгрөгөөр тооцон хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 25,271,753 төгрөгийн үнэлгээ бодитой эсэхийг шүүхийн журмаар шинжээч томилуулан тогтоолгох хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 32,812,147 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
5.3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын үйлчилгээний зардалд төлсөн төлбөр 330,000 төгрөг, өмгөөлөгчдийн хөлсөнд төлсөн төлбөр 5,700,000 төгрөг, экспертизийн төлбөр 1,000,000 төгрөг, гүйцэтгэлийн төсвийн төлбөр 1,500,000 төгрөг, үнэлгээний дүгнэлтийн төлбөр 400,000 төгрөг, шуудангийн зардал 9,480 төгрөг, норм дүрмийн ном 15,200 төгрөг, нийт 8,954,680 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн байх боловч эдгээр зардлуудыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.
5.4. Иймд хариуцагч ******* ХХК-аас 32,812,147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 8,954,680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан тайлбарыг шүүхэд гаргасан байх боловч тайлбарт дурдагдсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа маргаанд хамаарахгүй, нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын талаар цагдаагийн байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэлийг 2013 оноос хойш удаа дараа гаргаж байсан тул гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт зааснаар тасалдаж, дахин шинээр тоологдсон гэж үзнэ.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь засан сайжруулалтын зардалтай холбоотой маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж, хохирол шаардах эрхгүй гэсэн тайлбарыг гаргасан байх боловч өмнө нь *******ын гэм буруутай холбоотой учирсан хохирлын талаарх маргаан шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчийн нэрийг Нарта ХХК гэж буруу бичсэн, мөн улсын тэмдэгтийн хураамжид 65,897 төгрөгийг илүү төлсөн үндэслэлээр буцаан олгох агуулгатай техникийн алдаа гаргасныг улсын тэмдэгтийн хуваарилалтын өөрчлөлтийн хамтаар давж заалдах шатны шүүхээс залруулна.
8. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн гаргасан Тухайн 2 компани нь анх гэрээ хийхдээ дэлгэрэнгүй тодорхой заалт оруулж ирээгүйн улмаас мөн түрээслэгч компани нь анх засвар үйлчилгээг хийгээд үйл ажиллагааг явуулсан бол маргаан үүсэхгүй байсан болов уу гэсэн дүгнэлтийг шийдвэрт дурдсан нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/05539 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 32,812,147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,954,680 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,897 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ХХК-аас 322,010 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,784 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.УУГАНБАЯР