Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01857

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******,*******

ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07576 дугаар шийдвэртэй,

 

*******,******* ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, түрээсийн зардалд төлсөн 9,394,575 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******,******* ТӨААТҮГ нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, түрээсийн зардалд төлсөн 9,394,575 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. Хариуцагч ******* нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Хүлэмжийн хийн тооллогын шинжээчээр томилогдсон. /х.х-ийн 7/

 

3.2. Улмаар нэхэмжлэгч *******,******* ТӨААТҮГ-тай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22/01 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, /х.х-ийн 58-63/

 

3.3. Үүний дараа 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 22/61 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, /х.х-ийн 45-52/

 

3.4. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 23/49 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, /х.х-ийн 64-69/

 

3.5. Мөн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 24/14 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаад нэхэмжлэгч байгууллагын захирлын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/46-3 дугаартай гэрээ дуусгавар болгох тухай тушаалаар уг харилцааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 53-57, 44/

 

Талууд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22/01 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 22/61 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 23/49 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан болон уг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй, харин хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 24/14 дугаартай хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажил үүргээ гүйцэтгээгүй, гэрээг дүгнүүлээгүй гэх үндэслэлээр түүнд 2024 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл хугацаанд олгосон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар болон хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхээр албан тасалгаа түрээслүүлж ажиллуулахад гарсан түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчтай хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажиллагч нь гэрээгээр тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх бөгөөд ажиллуулагч нь тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ.

 

Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно. Гэвч хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтогдсонгүй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг гэж,

 

мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Зохигчийн байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 24/14 дугаартай хөлсөөр ажиллах гэрээгээр хариуцагч ******* нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах, ил тод байдлаар тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлэх, нэхэмжлэгч нь түүнд ажлын хөлсөнд сар бүр 3,500,000 төгрөг төлөх бөгөөд үүнээс хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу суутган тооцохоор харилцан тохиролцсоноос үзвэл талуудын хооронд дээрх хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй. /х.х-ийн 53 дахь талын ард тал, 56-57/

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гээд 50.1.6-д санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэж, 50.5-д Хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно тус тус заасан.

 

Тодруулбал, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотойгоор тодорхой цаг хугацаагаар тодорхойлогдсон ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох ба тийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах бол гэрээний хугацааг тухайн ажлыг хийж гүйцэтгэх хүртэл хугацаагаар тодорхойлно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан өдрөөс хойш тэрээр ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэснээс үзвэл зохигчийн хооронд өнгөрсөн хугацаанд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

7. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ гээд 32.2.1-т хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах гэж,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээнээс гадна хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд тийнхүү гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй хүлээнэ.

 

Түүнчлэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно гээд 6.3.1-т цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого гэж зааснаар ажилтны цалин, хөдөлмөрийн хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг үл маргах журмаар төлөх учиртай.

 

8. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй гээд 43.2.6-т ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх гэж зааснаар ажил олгогч нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хангах үүрэгтэй.

 

Тиймээс нэхэмжлэгч нь *******,******* ТӨААТҮГ нь хуульд заасны дагуу хариуцагч буюу ажилтан *******г хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллуулж, ажиллуулах хугацаандаа хуульд зааснаар түүнд олгосон цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг буцаан шаардах эрхгүйгээс гадна ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хангахаар ажлын байр /албан тасалгааны өрөө/ түрээслэхэд гарсан зардлыг буцаан шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил үүргээ гүйцэтгээгүй, гэрээ дүгнээгүй гэж маргасан боловч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй бөгөөд ажилтныг ажил хүлээлцээгүй гэсэн нь ажил олгогчоос ажилтанд урьд өмнө олгосон цалин хөлс болон ногдох нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг буцаан шаардах эрхийг шууд олгохгүй.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******, ******* нарт *******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагыг төлөөлж нэхэмжлэл, санал хүсэлт, тайлбар гаргах, тэдгээрийг шийдвэрлүүлэхэд болон шүүх хуралдаанд төлөөлөх бүрэн эрхийг олгосон байна. /х.х-ийн 8/

 

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч байгууллагыг 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бөгөөд нэг төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцлох боломжгүй тохиолдолд нөгөө төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжтой тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч *******гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хавсаргасан баримтаар түүнийг Тогтвортой байдлын яриа хэлэлцээ уур амьсгалын өөрчлөлт: тэрмбум мод олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /х.х-ийн 87-90/

 

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, түрээсийн зардалд төлсөн 9,394,575 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******,******* ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Б.МАНДАЛБАЯР