| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0870/Э |
| Дугаар | 907 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 907
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Б.Энхбат, хохирогч У.Отгончимэг, шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, гэрч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овогт П-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэхзаалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05292 1080 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У овогт П-ийн Э, Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-д хог тээврийн ачигчаар ажилладаг, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч П.Э нь 2018 оны 05 дугаар сард, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 16-86 тоотод мөн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр У.О-ийг байнга зодсон, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр У.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч У овогт П-ийн Э нь2018 оны 05 дугаар сард, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөрСонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр У.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, дараа нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөрдахин зодож, түүний бие махбодод “...зүүн 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун гуянд түлэгдэл, нуруунд цус хуралт...”бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч П.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч У.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2005 онд бид гэрлэсэн. Эхний 5-6 жил гайгүй байсан. Түүнээс хойш байнга зодож байсан. Би хүүхдүүдээ бодоод дуугүй өнгөрөөгөөд байсан. Э өөрийн гэсэн толгойгүй, бүх зүйлээ ээж ааваараа заалгадаг. Би тэр талаар нь ярихад аав ээжийгээ өмөөрч намайг зоддог. Миний амьдралд ах дүү нь дандаа оролцдог тул би гомдолтой байдаг. Хавирга хугалсан явдлын хувьд хэлэхэд би ер нь гэрээсээ гардаггүй. Тухайн өдөр ээждээ хэлээд 7 цаг өнгөрч байхад гарсан. Гэтэл 10 цаг өнгөрч байхад нөхөр над руу яриад Орбитын тойрог дээр уулзаад цуг явъя гэсэн. Тэгээд удалгүй нөхөр ирээд машинаас бууснаа “чи яагаад гадуур яваад байдаг юм бэ” гээд түлхэхэд би хойшоо саваад унасан. Дараа нь намайг 2-3 удаа өшиглөсөн. Би тухайн үед элгээ тэврээд хэвтэж байтал юундаа сүржигнээд байгаа юм бэ бос гэж хэлсэн. Эвхэрч явсаар гэртээ очтол ээж намайг өрөвдөөгүй одоо түргэн дуудаж яах вэ маргааш бол гэж хэлсэн. Маргааш нь өглөө би өөрөө Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 3-4 хавирга хугарсан байна гээд эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Дахин нэг өдөр хоноод бүр өвдөөд байхаар нь өглөө нь яваад Цамбагаравын эмнэлэгт очиж нэг хоносон. Эмнэлгээс гараад нэг хуурай эгчийндээ очиход хонины толгой хуйхалсан байсан. Эгч намайг толгойноос хоёрыг аваад яв гэхээр нь аваад гэртээ очиход нөхөр ээжтэйгээ хаяагаа манаад сууж байсан. Би толгой аваад ирлээ гэж хэлэхэд нөхөр “би чамайг өлсгөө юу” гээд галын төмөр аваад урдаас цохисон. Би гэр тойроод гүйхэд над руу буцалж байсан халуун ус өшиглөхөд ус цацарч намайг түлсэн. Тэгээд би 108-д хандсан, 108 цагдаад хандсан байсан ...” гэсэн мэдүүлэг;
3. Гэрч Ж.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Эрдэнэбилэг хүүхдүүдтэйгээ манайд байгаа. Э-ийнх гэртэй байсныг нь О зарсан. О хүүхдүүдээ эргэж ирдэггүй, хааяа ирэхээрээ согтуу ирдэг тул би хүүхдүүдтэй нь уулзуулдаггүй, хүүхдүүд нь ч ээжтэйгээ уулзахыг хүсдэггүй...Гэрийн хаяа манаад байж байхад О, Эг хоёр хоорондоо маргалдаад чулуу мод шидэлцээд байхаар нь би дундуур нь ороод болиулсан...” гэсэн мэдүүлэг;
4. Хохирогч У.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайгурд Э зөндөө олон удаа зодож байсан, гэхдээ би анх удаа өргөдөл өгч байна. Урд нь олон удаа зодох үед ньхүүхдүүдээ бодоод би цагдаад хандаж байгаагүй юм. 2018 оны 05 дугаар сард Э намайг зодчихоод хүүхдүүдтэй минь хаяад явчихаар ньСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эвлэрүүлэн зуучлагч Н.О эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн боловч намайг дахин зодсонд гомдолтой байна...”, “..2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би найзуудтайгаа уулзаад жоохон архи уусан байж байхад нөхөр ажлаа тараад явж байна, гэртээ харь гэсэн тэгээд шөнө 22 цагийн үед Орбит захын харалдаа нөхөртэйгөө уулзсан чинь намайг архи ууж орой үдэш явлаа гэж хэрэлдэж байгаад уурлаад намайг түлхсэн чинь хойшоо жижиг жалга руу унасан, тэгэхэд дээрээс 2-3 удаа зүүн талын хавирга орчим өшиглөхөд нь би амьсгаа авч болохгүй болсон. Энэ үед зүүн талын хавирга хугарсан. Тэр шөнө гэртээ харьж унтаад маргааш өглөө нь эмнэлэгт очиж үзүүлэхэд хавирга хугарсан байна гэж хэлсэн...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр айлаас хуйхалсан толгой авчраад угаагаад чанахад бэлдээд тавьсан байсан, тэгээд юмаа угаагаад сууж байсан чинь нөхөр айлаас толгой авчирлаа би чамайг өлсгөөд байна уу гэж уурлаад юм угааж байсан сав руу өшиглөсөн, тэгэхээр нь би босоод бид хоёр хэрэлдсэн чинь галын төмрөөр зүүн талын гуя, нуруу хэсэг рүү хоёр удаа цохисон, тэгэхээр нь би уйлаад тойроод зугтаасан чинь гал дээр халуун байсан савтай усыг над руу өшиглөсөн чинь ус нь асгарч баруун гуяыг түлсэн. Намайг гадаа гарсан чинь гэр тойруулж хөөгөөд байхаар нь 108 дугаарт дуудлага өгөхөд цагдаа руу хэлээд цагдаа ирж материалжуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 92-99 дүгээр хуудас),
5. Хохирогч У.О-ийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 100-105 дугаар хуудас);
6. Гэрч У.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О нь Н эгчтэй л их ойрхон байдаг юм. Гэрийнхээ хамаг зүйлийг л ярьдаг, надтай бол амьдрал ахуйгаа ярьдаггүй болохоор би дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ байнга л зоддог гэдгийг нь би эгчээсээ сонсдог...Жилдээ ямар ч байсан 3-4 удаа зодож байсан..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 119-123 дугаар хуудас);
7. Гэрч У.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Э, О хоёр 2015 онд Их Наранд хамт амьдардаг байхдаа Э өөрийнхөө төрсөн дүү Ж-ны найзтай явалдаад учиртай болсон юм байна лээ, тэрнээс хойш маргаан үүсээд зодож эхэлсэн. Ер нь бол жилдээ 3-4 удаа зоддог байсан...”, “...2018 оны 10 дугаар сард дүү У.О-ийг нөхөр Э өшиглөж хавирга хугалсан, хөл гар луу цохисон хөх няц болсон байна эмнэлэгт үзүүлмээр байна, мөнгөний боломж байна уу гэж утсаар ярихаар нь мөнгө шилжүүлж эмнэлгээр явж үзүүлсэн. Үүнээс хойш өөрөө эмнэлгээр яваад хүүхдүүд нь хамгаалах байранд хэд хоноод гараад манайд ирсэн юм байна. Тэгээд О эмнэлгээс гараад орох орон байхгүй учраас хамгаалах байранд хэд хонож байгаад гарснаас хойш эгч С-ийн гэрээр байж байгаад дараа нь нэг ажилд орсон гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 122-125 дугаар хуудас);
8. Гэрч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э-ийн Есөн-Эрдэнэ 5 настай эрэгтэй, Э-ийн Е 3 настай эрэгтэй, Э-ийн А 8 настай эмэгтэй эдгээр 3 хүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоотоос ирсэн. Ирэх үедээ ээж У.О нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдээ эх нялхсын эмнэлэгт авч хэвтэж байгаа тул гурван хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй, аав Э нь архины хамааралтай гэсэн шалтгаанаар түр хамгаалах байранд хүлээлгэн өгсөн. Э.Е, Э.Е нар бага насны өөрийгөө илэрхийлэх боломжгүй Учраас том охин Э.А-тай ярилцлага хийхэд аав, ээж хоёр нь байнга хүүхдүүдийнхээ хажууд хэрэлдэж, зодолддог гэхдээ бид нарыг зодож байгаагүй, аав, ээж хоёрын зодолдож, хэрэлдэх асуудал нь миний хувьд сэтгэл, санааны дарамт болдог, цаашид ээж, аав хоёрын хэнтэй амьдрах эсэх ээ мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 127-128 дугаар хуудас);
9. Гэрч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.О нь манай бага дүү бөгөөд бид нар бүгдээрээтус, тусдаа амьдралтай хүмүүс. У.О нь нөхөр Э-тэй суугаад арав гаран жил болж байгаа байх. Манай дүү хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, нөхөр нь ТҮК-д ажил хийдэг байсан. Уул нь хэрүүл маргаангүй боломжийн амьдардаг байсан. Тэгтэл одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны үед Э хүмүүстэй алтанд яваад хэдэн сарын дараа ирснээс хойш хэрүүл маргаантай байдаг болсон. Дүү над руу залгаад Э хөөж туугаад байна, гар хүрсэнгэж ганц хоёр удаа ярьдаг байсан.Гэхдээ он сарыг нь сайн санахгүй байна, тэр болгонд нь очдоггүй байсан. Ерөнхийдөө хоёр эгчээсээ сонсдог байсан. 2018 онд дүү нөхөртэйгөө нэг удаа салах гэж шүүхээр орж буцаж эвлэрсэн. Тэгээд хамт байж байгаад гэр орноо зараад хадмынд байгаа гэж ярьж байсан....2018 оны 7, 8 дугаар сарын үед байсан шиг санаж байна, дүү О нөхөр бид хоёр таарахгүй байна, болохгүй байна гэж ярихаар нь нэг удаа уулзаж ярилцаад дахиж хэрүүл маргаан хийхгүй гээд Тахилт руу хамт явж байсан....2018 оны 10 дугаар сарын үед У.Отгончимэг нөхөртэй зодуулсан хавирга нь хугарсан гэсэн, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэж байхаар нь уулзаж байсан. Тэгэхэд нөхрөөсөө сална өргөдлөө өгсөн байгаа, хамт амьдарч болохгүй байна, цохиж, нүдээд байна гэж ярьж байсан..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 132-133 дугаар хуудас);
10. Гэрч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хохирогч У.О-ийг олон жилийн өмнөөс мэднэ, нийгмийн ажилтны хувьд У.О-тэй олон удаа ярилцаж үнэлгээ хийх явцад сэтгэл, санаа, бие махбодод, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн гэж дүгнэж байгаа..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 140-141 дүгээр хуудас);
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн13120 дугаартай: “...У.О-ийн биед зүүн 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун гуянд түлэгдэл, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр 2018.10.22-ны өдөр үүссэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн гуяны цус хуралт, зулгаралт, нурууны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, баруун гуяны түлэгдэлт гэмтэл өндөр хэмийн үйлчлэлээр 2018.10.28-ны өдөр үүссэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 44 дүгээр хуудас);
12. Хохирогч У.О нь хэвтэн эмчлүүлж байсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” эмнэлгийн холбогдолтой баримтууд (хх-ийн 50-64 дугаар хуудас);
13. Хохирогч У.О-ийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 272 дугаартай “Эвлэрлийн гэрээ” (хх-ийн 39-40 дүгээр хуудас);
14. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар нотолсон “Аюулын зэргийн үнэлгээний “Эрсдэлийн түвшин Дунд” маягт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын маягт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл” зэрэг баримтууд (хх-ийн 27-37, 87-88 дугаар хуудас);
15. Шүүгдэгч П.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 145 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 142 дугаар хуудас);
16. Шүүгдэгч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эхнэрийгээ зодож, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэрийг айлаас хуйхалсан толгой авчирснаас болж маргалдаж байгаад галын дэгээ төмөр далайсан боловч цохиогүй, тэгээд хэрэлдэж байгаад халуун ус түлхээд асгасан чинь гуя нь түлэгдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас)зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.О-ийн бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч П.Э-ийн 2018 оны 05 дугаар сард, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр У.О-ийг зодсон хоёр удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Учир нь, хууль тогтоогч уг зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:” гэж заасан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс ялгаж зүйлчлэх хууль зүйн гол шинж болсон бөгөөд байнга гэдэг нь хууль зүйн хувьд гэмт үйлдэл гурав буюу түүнээс дээш удаа давтагдсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч П.Э-ийн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогч У.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл (шударга ёсны зарчим)-ийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж зааснаар нэг хор уршгийгхоёр өөр гэмт хэргийн шинж болгон зүйлчлэх боломжгүй.
Түүнчлэн, шүүгдэгч П.Э-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь учруулсан хохирлын хэр хэмжээнээс гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинжээрээ бүхэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хамаарч байгаа тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийлмэл гэмт хэрэг гэж үзэхгүй.
Иймд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч П.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан“гэмт хэргийн шинжгүй”гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин шүүгдэгч П.Э-ийн 2018 оны 05 дугаар сард, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр У.О-ийг зодсон хоёр удаагийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй эсэхийг прокурорын хяналтын хүрээнд шийдвэрлэхийг шүүхийн тогтоол хязгаарлаагүй болно.
Шүүгдэгч П.Э-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч У.О-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Э-ийг“хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч У.О нь эмчилгээний зардалд 360,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн(хх-ийн 95 дугаар хуудас) байх тул шүүгдэгч П.Э-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх бөгөөд хохирогч У.О нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснааршүүгдэгч П.Э-т 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөн 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 1 жил 4 сараар тогтоох, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Шүүгдэгч нь 4-11 насны 4 хүүхдийг асардаг, үүнээс 3 нь сургуульд, нэг нь цэцэрлэгт явдаг. Хүүхдүүдээ эцэг нь л асардаг, эх нь хүүхдүүдээ тэжээн тэтгэдэггүй. Хохирогч нь архины хамааралтай, тэнээд явчихдаг гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хүүхдүүд нь ээжтэйгээ амьдрахгүй гэдэг талаар ч мэдүүлэг өгсөн байгаа. Иймд 4 хүүхдээ асарч тэжээн тэтгэх боломжийг олгож шүүгдэгч Э-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. Хохирогч нь нөхрөө зодлоо гэж удаа дараа дуудлага өгсөн асап сангийн баримт байгаа хэдий ч цагдаагийн хэлтэс дээр очиж шалгуулах болоход мэдүүлгээсээ буцдаг, худал мэдүүлэг өгсөн байдаг. Хорооны ажилтнууд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй талаар тэмдэглэсэн байна. Энэ хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байна...” гэв.
Шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч П.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй”гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийн энэ заалтад хамаарах хэсгийг хэлэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхшударга ёсны болоод гэм буруугийн зарчимд үндэслэн, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Э-т зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э гнь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт,36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл,38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.У овогт П-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан”хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Э-т зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Хохирогч У.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Э-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА