Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01779

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/09602 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******өд холбогдох,

 

1,882,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******өд холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 02, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд ус алдсаны улмаас даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр нөхөн төлбөрт төлсөн 1,882,611 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...1,174,698 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч үлдэх хэсгийг давхардсан тул зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. *******, ******* нар нь ******* ХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г байгуулсан;

3.2. *******, ******* нар нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж, ******* байр ******* тоот хаягт байрлах орон сууцыг өмчилдөг;

3.3. 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар байрны ******* тоот орон сууцанд ******* дугаар байрны ******* тоотоос ус алдсан талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерийн дүгнэлт гарсан;

3.4.2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаар байрны ******* тоот орон сууцанд ******* дугаар байрны ******* тоотоос ус алдсан талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерийн дүгнэлт гарсан;

3.5. Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээгээр ******* дугаар байрны ******* тоот орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээг 786,570 төгрөг гэж, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээгээр ******* дугаар байрны ******* тоот орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээг 1,305,220 төгрөг гэж тус тус тогтоосон;

3.6. ******* ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр *******д 707,913 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1,174,698 төгрөг тус тус олгосон байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, мөн 03 дугаар сарын 30-ны өдөр тус тус ус алдаж, бусдад хохирол учруулсан гэм буруугийн талаар зөв дүгнэж, даатгалын нөхөн төлбөрт бусдад олгосон 1,882,611 төгрөгийг буруутай этгээд болох *******өөс гаргуулан ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт нийсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4.1. Нэхэмжлэгч ******* ХК нь *******, ******* нартай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлсэн хэмжээгээр хариуцагчаас 1,882,611 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

4.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 707,913 төгрөгийн хэмжээнд зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Тодруулбал, даатгалын байгууллагаас хохирлын үнэлгээг үндэслэн бусдад төлсөн мөнгөн хөрөнгийн 707,913 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй байхын зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн байгууллагаар хохирлын үнэлгээ гаргуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй тул анхан шатны шүүх даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсөн хэмжээгээр шаардах эрх шилжсэн гэж үзэж, хариуцагчаас 1,882,611 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.1. Анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болох шүүх хуралдааны товыг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид утсаар мэдэгдсэн байх тул хуульд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн, хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5.2. Хэргийн баримтаар хариуцагч нь шүүхэд нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Энэ талаарх гомдол үндэслэлгүй.

5.3. Анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид эрх, үүрэг тайлбарлаж, эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан байх тул хариуцагчийн гаргасан анхан шатны шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, эвлэрэх боломжийн талаар мэдээлэл өгөөгүй гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/09602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,072 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР