| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0880/Э |
| Дугаар | 908 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.3., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 908
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Цэрэндуламнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахьзаалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03176 1055 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овогт Б-ын Б, Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ЭСБ” төвд лангуу түрээслүүлэн ажиллуулдаг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 61-11 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Ц-ийг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан “хүүхдээ өгөхгүй, би авна, чамд өгөхгүй” гэх асуудлаас болж У.Ц-ийг түлхсэний улмаас тагтны цонх хагарч толгой нь хагарч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
- 2018 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 65 дугаар байранд хардалтын улмаас Э.Ц рүү шилэн ус буцалгагч авч шидсэн, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Тэрэлж дэх амралтын газарт хардалтын улмаас галын хайчаар Э.Ц-ий нуруунд нь цохиж, үснээс нь зулгаасан, 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 61 дүгээр байрны гадаа Э.Ц-ийг машинаас буусан байхад нь биед нь халдаж түлхэж унагасан, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох машины салхины шилийг цохиж хагалан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, дунд өмчлөлийн эд хөрөнгөө ашиглах эрхэд халдсангэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч О овогт Б-ын Б нь 2018 оны 06 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 61-11 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Ц-ийг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан “хүүхдээ өгөхгүй, би авна, чамд өгөхгүй” гэх асуудлаас болж У.Цэлмүүнийг түлхсэний улмаас түүний бие махбодод “тархи доргилт, дух, баруун шуунд зүсэгдсэн шарх, хоёр бугалга, баруун шуунд зулгаралт, баруун шуу, нуруунд зулгаралт” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн 2018 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 65 дугаар байранд хардалтын улмаас Э.Цэлмүүн рүү шилэн ус буцалгагч авч шидсэн, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Тэрэлж дэх амралтын газарт хардалтын улмаас галын хайчаар Э.Цэлмүүний нуруунд нь цохиж, үснээс нь зулгаасан, 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 61 дүгээр байрны гадна уурласандаа машины салхины шилийг цохиж хагалсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Э.Ц-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ орой 23 цагийн үед нөхөр Б согтуу орж ирсэн. Охиндоо бантан өгнө өгөхгүй гэдгээс болоод нөхөртэйгөө маргасан. Охин идэхгүй гээд дургүйцэхэд Б хүчээр өгөөд байхаар нь би “наадах бантан чинь хөрчихсөн, одоо болно оо” гэж хэлсэн чинь “үгүй би өгнө” гэж зөрүүдлээд эхлэхээр нь би уурлаж маргалдсан. Б хүүхдийг аваад тагт руу гарахаар нь би араас нь гартал намайг тагтны шилэн хаалт руу 2 удаа мөргүүлсэн. Эхний удаад мөргүүлэхэд шил хагараагүй. 2 дахь удаад нь мөргүүлэхэд шил хагараад миний толгойн дээр шил унаад толгойноос цус гарсан. 2018 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 65 дугаар байранд байхад хардаад шилэн ус буцалгагч авч шидээд хагалж байсан. 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр наадмаар Тэрэлжид амрахаар очсон байхад Б нь хардалтын улмаас галын хайчаар нуруунд цохиж, үснээс зулгааж байсан.Тэмүүлэл хотхоны гадаа нь Б найз С-ын хамт архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь Б-д “машин барих хэн юм” гэдгээс болж маргахад тэрээр машины урд талын салхины том шилийг гараараа цохиж хагалсан. Тэгээд намайг машинаас буусан байхад түлхээд унагаж байсан. Машин миний нэр дээр байдаг боловч хоёулаа ээлжлээд унадаг байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-22 дүгээр хуудас);
3. Иргэн Э.Ц-ээс цагдаагийн байгууллагад гаргасан “хамтран амьдрагч Б гаднаас согтуу орж ирэн бие махбодод минь гэмтэл учруулсан. Биеийн хэсгүүд рүү шилээр шидэж, толгойг минь шил мөргүүлж хагалсан. Гоосайхан, сэтгэл санаа, бие махбодын гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн гомдол (хх-ийн 3 дугаар хуудас);
4. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны шөнөСонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 61-10 тоотод гэртээ ирсэн. Тэгтэл манай хажуугийн талын ах Б-д маргаан болоод байхаар нь би нөхөр З-тай хамт ортол Б, Ц 2 хүүхдээ булаацалдаад хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгтэл Б хүүхдээ Ц-д өгч явуулахгүй гээд гал тогооны тагтан дээр гартал араас нь Ц очоод “би хүүхдээ авч явна” гээд хэрүүл хийгээд байсан. Б “охиноо чамд өгч явуулахгүй, чи мөрөөрөө өөрөө яв” гээд Ц-ийг түлхсэн чинь “чи намайг түлхдэг юу юм” гээд Б-ын толгой руу нь цохисон. Тэгэхээр нь Б дахиад Ц-ийг түлхтэл Ц газарт байсан юманд тээглэж тагтны цонх мөргөж унасан. Тэгтэл тагтны цонхны шил хагарч Ц-ний тархи хагарсан.2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Тэрэлжид Б, Ц манай найз З, Ц-ний дүү бид нар очиж амарсан. Орой Ц-ний найз охин нөхрийн хамт ирсэн. Бид нар гадаа архи уугаад сууж байтал Ц болон сүүлд ирсэн найзынх нь нөхөр 2 алга байхгүй болсон байсан. Би Ц-ний найзтай нь хамт хайгаад байшингийн хаалгыг 30 минут тогшсон. Тэгээд өөр газраар хайж байгаад буцаад нөгөө байшин дээрээ очтол Ц дотроос гүйгээд гараад явж байсан. Би тэр байшинд ортол найзынх нь нөхөр орон дээр юм нөмрөөд хэвтэж байсан. Эхнэр нь орж ирээд “чи ямар бузрын юм бэ” гэж хэлээд нөхрийгөө өшиглөсөн. Тэр охин гэрт гүйж орж ирээд “ямар бузрын юм бэ, чамд охиноо хүргэхгүй, охиноо аваад явна” гэж хэлэхийг Б ах сонсоод Ц-ээс “юу болсон юм бэ” гэж асуусан. Ц юу ч хариулаагүй. Б ах “чи арай ч дээ” гэж хэлээд нуруунд нь галын хайчаар 2-3 удаа цохисон.
2019 онд 10 дугаар хороололд манай ах Б бариад өгөөч гэхээр нь би яваад очсон юм. Тэгээд машиныг нь бариад Ханын материал орох замд Ц “энэ янхнаар миний машиныг бариуллаа” гээд “ингэ, тэг” гээд хажуугаас заагаад байсан. Тэгтэл ах “манай дүү жолоо төгссөн, мэдэж байгаа” гэсэн. Тэгээд хэрүүл хийж явсаар байгаад Ханын материалын эцэс дээр ирсэн. Ц намайг янхан, гичий гээд байсан чинь манай ах Б тэсэхгүй чи яагаад миний дүүг доромжлоод байгаа юм гээд Ц-ний машины салхины шилийг гараараа цохиж хагалсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);
5. Гэрч О.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө гэртээ иртэл манай хажуу талын ах Б-нд хэрүүл маргаан болоод байсан. Гэрт нь ороход Б, Ц хоёр хүүхдээ булаацалдаад хэрүүл маргаан хийгээд байсан. Б “хүүхдээ чамд өгч явуулахгүй, чи өөрөө мөрөөрөө яв” гээд Ц-ийг түлхсэн. Ц “чи намайг түлхдэг юу юм” гээд Б-ын толгой руу цохитол түүнийг дахиад түлхтэл Ц газарт байсан юманд тээглэж тагтны цонх мөргөж унасан. Цонхны шил хагарч Ц-ний тархи хагарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас);
6. Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Ц-д очоод 4 шил пиво хувааж уугаад байж байтал 00 цаг өнгөрөөгөөд гаднаас Ц-ний нөхөр Б орж ирсэн. Тэгээд охиндоо бантан өгөөд байж байсан чинь Ц, Б-ыг “хүүхдийн аманд хүйтэн бантан хийхээ боль” гэсэн чинь Б аягатай бантангаа аваад Ц рүү шидсэн. Тэгтэл Б-ын дүү нөхөртэйгөө ороод ирсэн. Тэгээд Б уурлаад ширээн дээр байсан хамаг юмыг газар авч шидээд тагт руу Ц-ийг аваад гарсан. Б Ц-ийг нэг удаа түлхэж унагаж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7116 дугаартай: “...Э.Ц-ний биед тархи доргилт, дух, баруун шуунд зүсэгдсэн шарх, 2 бугалга, баруун шуунд зулгаралт, баруун шуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дух, баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 25 дугаар хуудас);
8. Аюулын зэргийн “эрсдэлийн түвшин бага” гэсэн үнэлгээ: (хх-ийн 37-40 дүгээр хуудас), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 44-48 дүгээр хуудас);
9. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 31 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 28 дугаар хуудас),
10. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 01 цагийн үед найз Т, М нартай 1 шил архи уугаад гэртээ ортол эхнэр Ц найз эмэгтэйн хамт архи уугаад сууж байсан. Намайг охиндоо бантан өг гэхээр нь бантан өгөөд сууж байтал хүйтэн бантан өглөө гээд хараасан. Би тэгэхээр нь чи архи уух ёсгүй байсан гэж хэлээд архины шилийг хана руу шидсэн. Тэгсэн Ц “угаасаа би чамаас салах гэж байсан юм” гэж хэлээд жаазтай зургийг миний нуруун дээр шидэж хагалсан. Ц явна гэхээр нь чи явбал явах мөрөөрөө яв, чамд охиноо өгөхгүй гэж хэлээд охиноо аваад тагтан дээр гарсан. Миний араас Ц гарч ирээд охиноо авна гээд татаад байхаар нь би түлхсэн чинь овоолсон хувцаснууд дээр унасан. Тэгээд Ц дахин босож ирээд хүүхдээ авна гэхээр нь би дахиад түлхтэл Ц тагтны цонхыг мөргөжунасан.2018 оны 05 дугаар сарын орчим Хан-Уул дүүрэгт нисэхэд Ц-ний түрээсэлдэг байранд ороход Ц найзуудтайгаа архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би гараад явсан. Маргааш нь дахиад Ц-д ороод бид хоёр хэрэлдээд би уурсандаа ус буцалгагч газар шидэж хагалсан.2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дүү Б, З, Ц бид нар амралтад явсан. Бид хэд ууж идээд байж байтал Ц найзынхаа нөхөртэй хамт алга болсон байсан. Ц-ний найз эмэгтэй уйлаад манай нөхөр Ц-тэй хамт нэг байшин дотор байсан байна гэхээр нь би уурлаад Ц-тэй маргасан. 2019 оны 2 сарын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооТэмүүлэл хотхоны гадаа Ц-ний хүлээж байхдаа найз С-тай хамт 1 шил архи уусан. Тэгээд Ц гарч ирээд, би дүү Б-ыг дуудаад машинаа бариулаад бид хэд гэртээ харих замд Ц намайг хараагаад янхан дүүгээ аваад миний машинаас буу гэхээр нь би Приус 20 машиныхаа салхины шилийг гараараа цохиж хагалсан” гэсэнмэдүүлэг (хх-ийн 74-75 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Ц-ний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б-ын 2018 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 65 дугаар байранд хардалтын улмаас Э.Ц рүү шилэн ус буцалгагч авч шидсэн, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Тэрэлж дэх амралтын газарт хардалтын улмаас галын хайчаар Э.Ц-ний нуруунд нь цохиж, үснээс нь зулгаасан хоёр удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Учир нь, хууль тогтоогч уг зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:” гэж заасан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс ялгаж зүйлчлэх гол шалгуур болсон бөгөөд байнга гэдэг нь хууль зүйн хувьд гэмт үйлдэл гурав буюу түүнээс дээш удаа давтагдсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б-ын2018 оны 06 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 61-11 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Ц-ийг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан “хүүхдээ өгөхгүй, би авна, чамд өгөхгүй” гэсэн асуудлаас болж У.Ц-ийг түлхсэний улмаас түүний бие махбодод “тархи доргилт, дух, баруун шуунд зүсэгдсэн шарх, хоёр бугалга, баруун шуунд зулгаралт, баруун шуу, нуруунд зулгаралт” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахьхэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл (шударга ёсны зарчим)-ийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж зааснаар нэг хор уршгийг хоёр өөр гэмт хэргийн шинж болгон зүйлчлэх боломжгүй.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Б-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь учруулсан хохирлын шинжээс гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинжээрээ бүхэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахьхэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийлмэл гэмт хэрэг гэж үзэхгүй.
Харин шүүгдэгч Б.Б-ын 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 61 дүгээр байрны гадна уурласандаа машины салхины шилийг цохиж хагалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан “дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан”гэх гэр бүлийн хүчирхийллийн үйлдэлд хамаарахгүй.
Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн энэхүү үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт явдлаас эрс ялгаатай бөгөөд өмч хөрөнгөд хохирол учруулах санаа зорилгоор бус хүчирхийлэгч хохирогчийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах замаар өөрийн хяналтадбайлгах санаа зорилгоор үйлдэгдэх онцлогтой.
Жишээ нь, гар утсыг нь хураан авч бусадтай харилцуулахгүй байх, машины түлхүүрийг нь өгөхгүй, хувцас хунарыг нь нуух замаар гадагшаа гаргахгүй байх, цалин орлогоо захиран зарцуулах эрхэд нь халдаж нийгмийн харилцаанд оролцох боломжийг нь хясан боогдуулах зэрэг хэлбэрээр илрэн гарч болно.
Иймд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтад заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-ын2018 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 65 дугаар байранд хардалтын улмаас Э.Ц рүү шилэн ус буцалгагч авч шидсэн, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Тэрэлж дэх амралтын газарт хардалтын улмаас галын хайчаар Э.Ц-ний нуруунд нь цохиж, үснээс нь зулгаасан хоёр удаагийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй эсэхийг, 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 61 дүгээр байрны гадна уурласандаа машины салхины шилийг цохиж хагалсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй эсэхийг прокурорын хяналтын хүрээнд шийдвэрлэхийг энэ тогтоол хязгаарлаагүй болно.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.Ц-ний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Б.Б, хохирогч Э.Ц нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ”хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.Б нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Ц нь нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Б.Б-д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 1 сарын хугацаагаар хамрагдуулах, үүрэг хүлээлгэх, мөн согтууруулах ундааны зүйлийг зургаан сарын хугацаагаар хориглох албадлын арга хэмжээг авах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэгт холбогдсон, мөн хохирогчид эмчилгээний зардалд өөрийнсанаачилгаар 400,000 төгрөгийг өгсөн. Энэ гэмт хэрэг хохирогчийн буруутай үйлдэл байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч цаашид дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ илэрхийлж байна. Улсын яллагчийн санал хэт өндөр байна. Шүүгдэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гурвалжны зах дээр 2 түрээсийн лангуу ажиллуулдаг. Тиймээс миний үйлчлүүлэгчид 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Хэсэгчлэн төлүүлэх хугацаанд хэлэх санал байхгүй...” гэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж 7.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар нэг сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийггэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.О овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч Б.Б-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж 7.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар нэг сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5.Шүүгдэгч Б.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА