| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00386/И |
| Дугаар | 130/ШШ2016/00534 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2016/00534
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр баг, Б **** байр, *** тоотод оршин суух, утасны дугаар ****, РД:******Х овогт Тын Вийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, 8 давхар орон сууцны **** тоотод оршин суух, утасны дугаар ****, РД:**** Ж овогт Хы Гад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.В, хариуцагч Х.Г, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү К, 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин М нарын эцэг Х.Г мөн болохыг тогтоож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Т.В шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Гтай 2008 онд гэр бүл болж, нэг гэрт хамтран амьдарч улмаар 2009 онд хүү Г.Кийг, 2011 онд охин Мг тус тус төрүүлсэн. Бид Улаанбаатар хотод амьдардаг байсан бөгөөд 2015 оны 6 дугаар сард Өлгийд шилжин ирж, шүүхийн хажууд шинээр баригдсан орон сууцнаас байр худалдан авч амьдарч байсан юм. Нөхөр бид хоёр анхнаасаа таарамж муутай байсан бөгөөд улам даамжирсаар 2016 оны 1 дүгээр сард 2 хүүхдийнхээ хамт хөөж гаргаснаар хүү охин бид гурав айлын зууны байрыг хөлсөлж амьдарч байна. Хамт амьдарч байх үед байнга дарамталж зоддог, архи уусан үед шөнөжин агсам тавьж, хоёр хүүхдийг минь яргалж зоддог, харгис хэрцгий авир гаргадаг. Бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй, хэрцгий зантай тул хүн амины хэрэг гарах магадлалтай. Иймд та бүхнээс хүсэх нь хуулийн дагуу хүү К, охин М нарын эцэг Х.Г мөн болохыг тогтоож, тэжээн тэтгүүлж өгнө үү. Х.Г бид хоёр гэр бүлийн баталгаа аваагүй гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй тул хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргахгүй. Харин хоёр хүүхдээ би асрамждаа авна, эцгийн хувьд хоёр хүүхдүүддээ хөрөнгө тасалж өгвөл авахаас татгалзахгүй гэжээ.
Нэхэмжлэгч Т.В шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2008 оноос хойш Х.Г бид хоёр хамтран амьдарч байсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаа аваагүй. Хамтран амьдрах болсноос хойш Г нь намайг байнга хэл амаар доромжилж, зоддог болсон. Улмаар бид хоёр 2016 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Ажил хөдөлмөр эрхэлж мөнгө олъё гэхэд хоёр хүүхдээ харах хүн байхгүй учраас гэртээ хүүхдүүдээ харж байгаа. Х.Г нь намайг эмчлүүлж, эмчилгээнд явуулж байсан нь үнэн. Гэхдээ дандаа худлаа ярьдаг, хамаатан саданы хүмүүстэйгээ нийлж намайг доромжилж зодно. Манай хоёр хүүхэд айгаад уйлдаг. Тийм учраас хүү К, охин М нарын төрсөн эцэг Х.Г мөн болохыг тогтоолгож, 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулан, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа: 2008 оноос Т.Втай хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд хүү, охинтой болсон нь үнэн. Охин маань төрөхөөс өмнө би хоёрын харилцаа хэвийн байсан. Охин төрснөөс хойш гэнэт нэг өдөр хамаатан садангаасаа харилцаагаа тасал, бид гурвыг эсвэл хамаатан садангуудаа сонго гэх мэтийн үл бүтэх саналуудыг тавьж эхэлсэн ба үүнээс хойш манай хамаатан садангуудтай харилцахаа больсон. Тэр байтугай манай хамаатнуудын талаас ямар нэгэн ажил явдал гарахад ч очдоггүй, танай аав өнгөрсөн ч танайд очихгүй гэж хэлдэг. Манай хамаатан садан , найз нөхдүүдийг ч гэрт оруулах дургүй, ирнэ гэсэн ямар нэгэн сураг сонсонгуут хэрүүл маргаан үүсгэж эхэлдэг, гэрээсээ зугтдаг. Гэр орон цэвэрлэх хоол унд бэлтгэх хувцас хунар угаах, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох тун дургүй. 2015 оны 6 дугаар сар хүртэл бид Улаанбаатар хотод амьдарч байсан. 2011 онд охин маань төрснөөс хойш хөдөөнөөс манай хамаатан садангуудаас Улаанбаатар хотод ямар нэгэн хүн ирэхэд гэрт оруулъя гэж би санал болгоход хэрүүл маргаан үүсгэдэг, амиа хорлоно гээд байнга дарамталдаг, амиа хорлох хэд хэдэн оролдлого ч хийж байсан. Чамайг ална Казахстанд байхад нөхөртэй байсан түүнийг алсан, чамайг ч ална гээд бас сүрдүүлдэг. Хоёр хүүхдийг ч ална гээд бас хэлдэг. Байнга өвчин ярьж хэвтээд байдаг, үхлээ барилаа гэхээр нь БНСАУ-д хүртэл 10 гаруй сая төгрөгийн зардал гарган эмчилгээнд явуулж, шинжилгээний дүнгээс ямар ч өвчин илрээгүй. Мөн ардын эмчилгээгээр зөндөө явсан, үзүүлээгүй эмнэлэг байхгүй ямар ч өвчин илрээгүй. Сүүлдээ амиа хорлоно гэж өдөр бүр дарамталдаг болсон учир аргаа бараад Баян-Өлгий аймаг руу нүүж ирсэн. Өөрчлөгдсөн зүйл алга бас л өвчин, үхэл хоёрыг л ярьдаг. Вийн төрөл төрөгсдөд зөндөө хэллээ. Тэд нарын үгэнд ч ордоггүй, сална гэсээр байгаад яваад өгсөн. Иймд хоёр хүүхдээ би өөрөө авч асран халамжлахад татгалзах зүйлгүй. Харин хүүхдүүдийг тэжээх мөнгө гэж Вд мөнгө олгож чадахгүй, тэр хэзээ ч хүүхдүүдээ асран халамжлаж чадахгүй гэж би боддог гэжээ.
Хариуцагч Х.Г шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тайлбарлахдаа: Надаас хоёр хүүхэддээ тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах зүйл байхгүй. Би угаасаа хоёр хүүхдийнхээ төлөө л амьдарч байна. Энэ хүнийг зодож байсан асуудал байхгүй. Амиа хорлоно гээд дандаа намайг дарамталдаг. Энэ хүнд би 20-иод сая төгрөгийн зардал гарган эмчлүүлж байсан. Энэ бүхнийг ойлгохгүй зөвхөн үхэл, хагацал, өвчин зовлон ярьдаг. Солонгос улс руу хүртэл явуулж байсан. Манай казах үндэстэн хүмүүст нэг нэгнийдээ орж гарах зан заншилтай. Үүний нэг тод жишээ 2 жилийн өмнө дүү нас барсан хажууд нь байгаад оршуулгын ажилд нь очоогүй, саяхан хотод нэг хүргэн нас барсан бас л очоогүй би үүнийг юу гэж ойлгох билээ. Энэ хүний талд би дандаа очиж орж гарч байдаг. Ах нь өвчтэй байсан дандаа гэрт нь очиж байсан, гадаад дотоодод явна гэхээр нь бас л мөнгө төгрөгийг нь олж өгч байсан. Сүүлд би залхаад яасан ч яахав гээд орхисон байгаа. Тэгээд аргаа ядаад Улаанбаатараас энд нүүж ирсэн. Нүүж ирээд 1 сар гайгүй байснаа дахиад нөгөө асуудлаа давтаад эхэлсэн. Саяхан гэхэд надтай тааралдаад би Казахстан улс руу явна паспортаа өгчих гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд би хоёр хүүхэддээ гадаад паспорт гаргуулмаар байна гэж хэлэхээр нь за яахав би гаргуулаад өгье гээд гадаад паспортуудыг нь гаргуулж өгсөн. Т.Вийн ах, эгч нар нь ирээд чи энэ хоёр хүүхдийг өөрөө тэжээн тэтгэж чадахгүй хоёр хүүхдээ үлдээгээд яв гэсэн боловч Т.В хоёр хүүхдийг аваад явсан. Би хэзээ ч хүүхдүүдээ асрамждаа авахад бэлэн. Би хоёр хүүхдийн ирээдүйд л санаа зовж байна. Хоёр хүүхэд миний хүүхэд тул тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Т.Вийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна
Учир нь, нэхэмжлэгч Т.В, хариуцагч Х.Г нар нь хууль ёсны гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ аваагүй боловч 2008 оноос хамтран нэг гэрт амьдарч байсан, мөн эр эмийн харилцаатай байсан нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа ба зохигчид энэ талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч Т.В, хариуцагч Х.Г нарын дундаас ******регистрийн дугаартай 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү К, *******регистрийн дугаартай 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин М нар төрсөн нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн газрын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ****** 1520 дугаартай, мөн ************* 1521 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Х.Г нь хүү К, охин М нар миний хүүхдүүд мөн гэж хүлээн зөвшөөрч байна.
Иймд 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү К, 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин М нарын төрсөн эцэг Ж овогт Хы Г мөн болохыг тогтоож, хүү К, охин М нарыг эх Т.Вийн асрамжид үлдээж, Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйл, 35 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Х.Гаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэж байгаа учраас нэхэмжлэгч Т.Вийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Гаас 70200 төгрөгийг гаргуулан Т.Вд олгуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү К, 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин М нарын төрсөн эцэг Ж овогт Хы Г мөн болохыг тогтоож, хүү К, охин М нарыг эх Х овогт Тын Вийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү К /РД:**********/, 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр /РД:******/ төрсөн охин М нарын тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж овогт Хы Гаар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Вийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Вд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК