Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01870

 

*******ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/07080 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,276,645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,276,645.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 8,384,729 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. *******ХК нь *******тай 2018 оны 09 сарын 28-ны өдөр ******* дугаар Кредит карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ХК нь 5,000,000 төгрөгийг жилийн бэлэн мөнгөний хүү 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний шимтгэл нийт төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 төгрөг, төлбөрийн хэмжээ хамгийн бага төлбөр 10 хувь байхаар 2 жилийн хугацаатай карт эзэмшигчид зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

 

5. Зээлдүүлэгч *******ХК нь дээрх гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн зээлийн эрх хэмжээтэй кредит картыг зээлдэгч *******д шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 сарын 23-ны өдөр хүртэл нийт 11,778,713 төгрөгийн бэлэн болон бэлэн бус гүйлгээг хийж, зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл 8,858,047 төгрөг төлсөн, үндсэн зээлийн гэрээний үүрэгт 4,943,826 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 1,905,969 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч *******ас үндсэн зээлийн гэрээний үүрэгт 4,943,826.16 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 8,426,850.40 төгрөг, нийт 13,370,406.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Хариуцагч талын Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно., 21.2-т гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн 1 талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаанаас хойш хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй ... гэсэн гомдлыг хангахгүй.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхгүй, харин Иргэний хуулийн суурь зохицуулалтыг баримтална.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/07080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР