Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 909

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарамулсын яллагч Ц.Ариунтуяа, хохирогч С.Ө, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророосБ овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03177 1069 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ын Б, Монгол Улсын иргэн, 1961 оны 05дугаар сарын 15-ний өдөр Өвөрхангай аймгийн ЗүүнБаян-Улаан суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”-д аж ахуйн менежер ажилтай, ам бүл гурав, эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 11 дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24  дүгээр хороо Бумбатын рашаанаас хойд зүгт 2,000 метрийн зайд байрлахуулын энгэрт иргэн С.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу шатрын нүүдэл зааж өгсөн гэсэн шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь“дээд уруулд шарх, дээд хоёр шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Б-ын Б нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын рашаанаас хойд зүгт 2,000 метрийн зайд байрлахуулын энгэрт хохирогч С.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хөндлөнгөөс шатрын нүүдэл зааж өглөө” гэсэн шалтгааны улмаас түүний нүүр лүү гараараа цохиж,бие махбодод нь “...дээд уруулд шарх, дээд хоёр шүдний булгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан”үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр манай Ардчилсан намын гишүүдийн дунд тэмцээн болсон. Тэмцээний дараа салхинд гарцгаасан. Би ажилтай байсан тул араас нь очсон. Очоод 3 хундага архи уусан. Тэгшээ шатар нүүе гээд бид шатар тоглосон. Тэр үед Ө 2 өдөр архи уусан гэж ярьж байсан, мөн үе үе агсан тавьсан байдалтай байсан. Ө Тэгшээ бид хоёрыг тоглож байтал шатар нураасан, гар далайсан, янз бүрийн үг хэлсэн. Тэгээд дахиад гараа далайхаар нь би гарынхаа араар цохисон. Шүд нь унасныг би тухайн үедээ мэдээгүй. Дараа нь хүмүүсийн ярианаас сонсоод би Ө-аас уучлал гуйх гээд шил архи аваад очсон. Гэрт нь очиход хүүхэд нь аав байхгүй гэж хэлсэн. Маргааш нь цагдаад очсон...Ө надаас 6,000,000 төгрөг нэхэмжилсэн, бид тохиролцоонд хүрч чадаагүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч С.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн. “...Тухайн өдөр зугаалгад явж байгаад Т-тай шатар тоглосон. Тоглож байтал Б гэнэт уурлаад намайг цохичихсон. Би гар далайгаагүй, намайг зүгээр сууж байхад цохисон. Цохисны улмаас миний үүдэн хоёр шүд унасан. Тэгээд би Т-тай хамт гэр рүүгээ явсан. Б бид хоёр муудалцаагүй, хэрүүл болоогүй, урьдын өс хонзон ч байхгүй. Хэргийг олон гэрч нар харж байсан...Би цаашид шүдээ эмчлүүлэхэд 6,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

            3. Хохирогч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр миний нүүрэнд гарынхаа ар талаар нэг удаа цохисон. ...Миний амнаас цус алдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас);

            4. Хохирогч С.Ө-ын мэдүүлгийг газар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-7 дугаар хуудас);

            5. Гэрч Д.Т-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр....Б дахиад нэг тоглоё гээд байсан, би үгүй гээд шатраа хураатал хажуу талаас Ө Б- ах та угаасаа хожихгүй байсан гэсэн чинь Б сууж байгаад шууд Ө-ын нүүрэнд нь цохиод авсан. Тэгээд Ө-ын амнаас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас);

            6. Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр...би Б-ыг Ө-ын нүүрэнд нь 1 удаа цохиж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас);

            7. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7150 дугаартай “...С.Ө-ын биед дээд уруулд шарх, дээд 2 шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги 10%-р нөлөөлнө...” гэсэн дүгнэлт (хх-ийн 24 дүгээр хуудас);

            8. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас), оршин суугаа хорооны тодорхойлолт (хх-ийн 35 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хх-ийн 37 дугаар хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 34 дүгээр хуудас), “Төрийн банк”-ны дансны хуулга (хх-ийн 40-45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 32 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Ө-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Ө-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Ө нь цаашид гарах эмчилгээний зардалд нийт 6,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүхэд гаргаж өгөөгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин хэрэгт нотлох баримт нь авагдсан 175,000 төгрөгийгшүүгдэгч Б.Б-ааснэг сарын дотор гаргуулж хохирогч С.Ө-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тусэрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж: “...торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Иймд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Б-д дөрвөн зуун тавин нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ддөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-доногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Б-дторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 175,000 төгрөгийг нэг сарын дотор гаргуулан хохирогч С.Ө-т олгож, харин хохирогч С.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Б.БАТАА