Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01871

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/04188 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* т холбогдох,

 

Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйхыг даалгах, мэдээг тараасан хэлбэр, мэдээллийн хэрэгслээр няцаахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2024 оны эхээр Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны сайд ******* нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн.

1.2. Хөрөнгө оруулалтын тухай хууль хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой гишүүдийн асуулт, хариулт явагдаж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байх үед ******* нь 2013 онд ерөнхий сайд ******* нь гадаадын иргэнд 60 жилээр газрыг эзэмшүүлж, ашиглана, 40 жилээр сунгана, 100 жил гэдгийг 2013 онд хуульд хийгээд өгсөн гэх мэдээллийг Улсын их хурлын танхимд хэлж, өөрийн твиттер хуудаснаа байрлуулсан.

1.3. Мөн Монголын үндэсний телевизийн 3+ хэлэлцүүлгээр дахин энэ талаар хэлж, олон нийтэд ташаа ойлголт төрүүлж, намайг буруутгаж, миний нэр төр, алдар хүндийг гутаасан.

1.4. Бодит байдалд нэхэмжлэгчийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед батлагдаж гарсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь эзэмшүүлэх, ашиглуулах гэж л дурдсан бөгөөд Улсын их хурлаар уг хуулийг 7 бүлэг болгож нэмэхдээ 60 жилийг 40 жил болгож, ашиглуулах гэдэг дээр эзэмшүүлэх гэх үгийг нэмж, 100,000 ам.доллар гэснийг хассан бөгөөд энэ талаар бүгд мэдэж байснаас гадна байнгын хорооны гишүүнээр ******* өөрөө байсан.

1.5. Өөрөөр хэлбэл утга агуулгын хувьд ямар ч мөнгө оруулаагүй гадаадын иргэнд газар эзэмшүүлэх үр дагавар үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй, ийм утга агуулга бүхий мэдээ, мэдээлэл тараагаагүй тул тус нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.2. Хууль зүйн үндэслэл тодорхойгүй буюу Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн хэд дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа тодорхойгүй. Тараасан гээд байгаа мэдээллийн хувьд *******ийн Засгийн газрын үед гэж дурдаж байгаа нь нэр төрийг гутаасан гэж үзэх үндэслэл биш юм.

2.3. Өөрөөр хэлбэл, ******* Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа уг хуулийг өргөн барьсан гэдгийг л тодорхойлж хэлсэн бөгөөд ******* наадхаа гадаадынханд өг гэж хэлсэн гэдэг байдлаар ярьсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* /РД: *******/-ийн нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээр залруулга хийхийг хариуцагч ******* /РД: *******/-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн худал гүтгэлгийг нэн яаралтай таслан зогсоолгож, цаашид дахин гүтгэлэг хийхгүй байхыг даалгах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аас 70,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан хэмээн хэргийн бодит нөхцөл байдлыг илт буруу тодорхойлжээ. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн 3 агуулгын талаар зохицуулсан байдаг ба эдгээр нь бүгд өөр хоорондоо нягт уялдаатай боловч бие даасан агуулгатай байдаг байна.

4.2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн тайлбарт нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг тус бүрчлэн тайлбарласан байдаг ба уг тайлбараас үзвэл нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь бүгд өөр төрлийн агуулгыг илэрхийлсэн байх ба эдгээр нь өөр хоорондоо нягт уялдаатай боловч бие даасан агуулгатай байна.

4.3. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байхын тулд бодит байдалд нийцэхгүй мэдээлэл өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан гурван агуулгын аль нь ч хөндөгдсөн байсан гагцхүү урьдчилсан нөхцөл хангагдсан буюу бодит байдалд нийцэхгүй мэдээлэл тараасан тохиолдолд л бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх боломжтой.

4.4. Иймд, аливаа этгээдийн тараасан мэдээлэл нь бодит байдалд нийцэж буй тохиолдолд тухайн мэдээлэл нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн үзэх үндэслэл болохгүй. Уг тохиолдолд тухайн үйлдлээс үүдэн бусдын эрх зөрчигдөхгүй тул уг мэдээллийг тараасан этгээдэд тараасан мэдээллээ няцаах, эсхүл залруулга хийх үүрэг үүсэх нь эрх зүйн үндэслэл байхгүй билээ. Түүнчлэн тараасан мэдээлэл нь бодит байдалд нийцэж буй тохиолдолд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар гэм хор учруулсан хэмээн үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 511 дугаар зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй юм.

4.5. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчаас ******* гишүүн 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газрыг нийт 100 жил эзэмшүүлэх, ашиглуулах зохицуулалтын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байр суурийг асуусан асуултад хариуцагч нь хариулж байсан ба уг хариултын хүрээнд ... Ерөнхий сайд нь ******* байхад тэр 60 жилээр газрыг эзэмшүүлж ашиглана, 40 жилээр сунгана гээд 10 жил гэдгийг 2013 онд хуульд хийгээд өгчихсөн шүү дээ хэмээн хариулсан нь *******ийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд тус зохицуулалт нь орсон хэмээн хариулсан ба энэ нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, мэргэжлийн нэр хүндэд харшлах шинжийг агуулаагүй, гагцхүү цаг хугацааг тодорхойлох үүднээс нэхэмжлэгчийг нэрийг дурдсан нь тодорхой байх ба түүний талаар аливаа бодит байдалтай нийцэхгүй, сөрөг мэдээлэл тараагаагүй нь илт харагдаж байна.

4.6. Түүнчлэн, хариуцагч нь Тэр *******, ******* нар юу бодож өөрчлөлт хийж байсныг би мэдэхгүй гэж хэлсэн ба энэ нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, мэргэжлийн нэр хүндийг гутаасан хэмээн үзэх үндэслэл болохгүй хэдий ч анхан шатны шүүх үүнийг буруу тодорхойлон шийдвэр гаргажээ.

4.7. Учир нь ******* гишүүний асуусан асуултын хүрээнд, тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан дээр дурдсан албан тушаалтнууд нь 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг, 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулиар яагаад өөрчилсөн буюу 2013 оны хуулийн төслийг яагаад өргөн барьсан, баталсан талаар хариуцагч нь мэдэхгүй гэсэн агуулга бүхий хариулт л өгсөн байна. Өөрөөр хэлбэл 11 жилийн өмнөх асуудлын талаар мэдэхгүй гэсэн агуулга бүхий хариулт өгч байжээ.

4.8. Түүнчлэн, хариуцагчийг өгсөн хариултыг нэхэмжлэгчийг нэр төр, алдар хүнд, мэргэжлийн нэр хүндийг гутаасан агуулгагүй байхад, хариуцагчийн хэлсэн хариултыг асуултын хүрээнээс өөрөөр тайлбарлан, бодит байдлаас зөрсөн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн. Энэ тохиолдолд хариуцагчийн хэлсэн хариултыг асуултын хүрээнд ойлгож тайлбарлах нь зүйтэй ба хариуцагчийн хэлсэн хариултын хүрээнд нэхэмжлэгчийг гутаасан илэрхий утга, агуулга байхгүй байхад ... *******ийн санаачилгаар гадаадын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах хууль батлагдсан мэт буруу ойлголтыг бусдад төрүүлэхүйц агуулгатай ... гэх таамаглал бүхий агуулгаар түүнийг буруутгах нь үндэслэлгүй юм.

4.9. Дээрх байдлаар нэхэмжлэгчийг эрхийг зөрчөөгүй байх тул уг хариултыг өөрийн эзэмшлийн ******* гэх хаяг бүхий (хуучнаар твиттер) хуудаст дүрс бичлэг хэлбэрээр оруулж байсан нь мөн нэгэн адил нэхэмжлэгчийг эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Дүрс бичлэгийн тайлбарт нэхэмжлэгчийн нэрийг нэг ч дурдаагүй байх ба уг дүрс бичлэгт дээр дурдсан ******* гишүүний асуултад хариуцагч өөрийн хариулж байсан хэсгийг л оруулсан байна.

4.10. Мөн, 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль ба маргааны сэдэв болсон 12.1.1 дугаар зүйл нь 2024 оны 04 сарын 12-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Харин уг хууль, эсхүл 12.1.1 дугаар зүйлийг нэхэмжлэгчийн санаачилгаар батлагдсан гэж хэлж байсан тохиолдол байхгүй. Гэхдээ тэгж хэлсэн байлаа ч бусдыг гутаасан гэж үзэх нь учир утгагүй. Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийг нэхэмжлэгчийн санаачилгаар баталсан гэж хэлэхэд нэхэмжлэгчийг хэрхэн гутааж байгаа, түүнийг эрхийг хэрхэн зөрчиж байгаа нь ойлгомжгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх хангалттай дүгнээгүй байна.

4.11. Хариуцагч нь энэхүү нэхэмжлэл гаргаад буй үйл явдал болох цаг хугацаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн байсан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.4-т заасны дагуу бүрэн эрхийг эдлэх ба хуулийн 41.2-т заасны дагуу Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.

4.12. 2024 оны 01 сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдааны явцад хариуцагч нь ******* гишүүний асуусан асуултад хариулахдаа уг бүрэн эрхийг эдэлж байсан. Өмнө дурдсанчлан, хариуцагчийн өгсөн хариулт нь бодит байдалтай бүрэн нийцсэн, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй ба бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэх шинжийг агуулаагүй илт харагдаж байна. Иймд, уг үйлдэл нь бусдын эрхийг зөрчөөгүйгээс гадна хариуцагч нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хариуцлага хүлээх нь үндэслэлгүй байна.

4.13. Эндээс үзэхэд, урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд л нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээр залруулга хийх үүргийг хариуцагч хүлээх нь хууль, дээд шүүхийн тогтоолд нийцэх юм. Дээр дурдсанчлан хариуцагчийн өгсөн хариулт нь бодит байдалтай нийцсэн, үнэн зөв гэдэг нь тодорхой байх тул түүнд аливаа хариуцлага хүлээлгэх нь эрх зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хариуцагчийн бүрэн эрхийг зөрчин; нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээр залруулга хийхийг хариуцагчид даалгах үндэслэл бүрдээгүй байхад даалган шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

4.14. Гомдлыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн хуралдааны үеэр ******* ын асуултад хариулсан хариулт нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй байх ба уг үйлдэлд хариуцагч нь хариуцлага хүлээх, нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээр залруулга хийх үүрэг хүлээх эрх зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Тухайн үед Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ******* гишүүн санаачилж, УИХ-д өргөн барьсан.

5.2. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудал нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан бөгөөд энэ үед ******* нь өөрийн үйлдлийг бусдад чиглэсэн хандлагаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээ тараасан. Тухайн мэдээг тараахдаа нэр зааж, субьектив санаа зорилгоор ******* гэж удаа дараа нэр давтаж, олон нийтийн хэрэгслээр буюу Үндэсний Олон Нийтийн Телевизийн нэвтрүүлэг, өөрийн твиттер хуудсаар мөн Улсын Их Хурлын танхимд би тухайн хуулийн төслийг боловсруулаагүй, ******* боловсруулсан гэж олон нийтэд мэдээлэл тараасан.

5.3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн нэр төрд халдаагүй, тухайн үед ******* гишүүний асуултад хариулсан гэх агуулгаар тайлбарлаж байна. Тухайн үед ******* гишүүн нь асуулт асуухдаа зөвлөмж, дүгнэлт гарсан эсэх талаар тодруулсан бөгөөд хэн баталсан талаар асуугаагүй.

5.4. Гэтэл ******* нь тухайн асуултад хариулахдаа нэр цохож хариулдаг. Тухайн үед сонгуулийн жил байсан бөгөөд ******* нь нэр дэвшигчдийн нэр хүндэд халдаж, олон нийтийн хэрэгслээр мэдээлэл тараасан. Иймд нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* т холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйхыг даалгах, мэдээг тараасан хэлбэр, мэдээллийн хэрэгслээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... ******* нь ... 2013 оны Хөрөнгө оруулалтын хуульд тусгагдсан гадаадын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг олгосон хуулийг *******ийн Засгийн газрын үед батлагдсан гэдэг агуулгаар олон нийтэд мэдээлэхдээ *******ийн хүсэл зоригоор тухайн хуулийн заалтыг оруулсан мэт байдлаар түгээж байгаа нь бодит байдлыг мушгин гуйвуулсан, худал мэдээлэл тул миний нэр төр, ажил хэргийн нэр төрийг гутааж байна гэсэн мэдээллийг 2024 оны 02 сарын 15-ны өдрийн Монголын Үндэсний телевизийн 3+ хэлэлцүүлэгт, 2024 оны 01 сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганд, мөн ******* гэх хаяг бүхий твиттер хуудас /Х/-т байршуулан нэр төр гутаасан гэж тайлбарласан.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа үйл баримт, нөхцөл байдлыг тодруулаагүй, энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч *******ийн нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэх 2024 оны 02 сарын 15-ны өдрийн Монголын үндэсний телевизийн 3+ хэлэлцүүлэгт, 2024 оны 01 сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганд, мөн ******* гэх хаяг бүхий твиттер хуудас /Х/-т байршуулсан талаар баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд ... видео бичлэг ... гэж тодорхойлсон боловч энэ талаар хэрэгт авагдсан флаш дискт хадгалагдсан цахим баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийх ажиллагаа явуулж, баталгаажуулах шаардлагатай байжээ.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/04188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД  Б.УУГАНБАЯР

 

 

С.ЭНХБАЯР