| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0875/Э |
| Дугаар | 915 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 915
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул, улсын яллагч Х.Нарангуа,өсвөр насны шүүгдэгч И.А түүний хууль ёсны төлөөлөгч С.О, тэдний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт И-ийн А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02836 1091 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт И-ийн А,Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 12-ны Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эмээ, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Өсвөр насны шүүгдэгч И.А нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 34 дүгээр гудамжинд иргэн Х.Б-ийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн шуунд цус хуралт бүхийхөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...өсвөр насны шүүгдэгч Б овогт И-ийн А нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 34 дүгээр гудамжинд иргэн Х.Б-ийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Өсвөр насны шүүгдэгч И.А-н шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Х.Б-ийн “...2019 оны 05 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамж 29 тоот гэрээсээ гараад гудамжинд байдаг хүнсний дэлгүүр орчхоод гэр рүүгээ буцаад явж байтал нэг залуу ирээд “сайн байна уу та, хоёр хүүхэд нь сайн уу” гэж асуухаар нь би манай нөхрийг таньдаг хүн юм байх гэж бодоод “сайн сайн” гэж мэндэлсэн,нөгөө залуу дахиад “машинаа янзалсан уу” гэж асуухаар нь “янзалсан” гэж хэлчхээд явж байтал миний бэлхүүсээр тэврэхээр нь “хүүе чи яаж байгаа юм” гээд түлхчхээд хурдан алхаад явтал миний араас тэврээд хамт жалга руу унасан. Тэгээд намайг орилоходтэр залуу миний амыг дарахаар нь гарыг нь салгааддахин орилтол миний нүүр рүү хоёр удаа цохиод зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас);
Хохирогч Х.Б-ийн дахин өгсөн “...Би эмчилгээндээ 200,000 төгрөгийн эм тариа авсан. Надад учирсан хохирлыг А бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас);
3. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6375 дугаартай шинжээчийн “...Х.Б-ийн биед дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 34 дүгээр хуудас);
4. Өсвөр насны яллагдагч И.А-н төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 44 хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50 хуудас), оршин суугаа хорооны тодорхойлолт (хх-ийн 46 хуудас);
5. Өсвөр насны яллагдагч И.А-н “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Туул голд сэлж байтал урьд нь pc тоглодог газар танилцаж байсан зүс таних ах нар тааралдаад пиво өгөхөөр нь уучхаад буцаад усанд сэлж байгаад Сонсголонгийн автобусанд суугаад Баянхошууны эцэс дээр буугаад явж байтал манай гэрийн ойролцоо байдаг дэлгүүрээс манай хажуу айлын эгч Б гарч яваад таарахаар нь сайн байна уу гэж мэндэлчхээд харих гэж байгаа юм уу хоёулаа хамт өгсөх уу гэхэд сайн сайн эгч нь дэлгүүр орчхоод явж байна гээд хамт алхсан. Тэгээд би “танай нөхөр хүүхэд сайн уу” гэсэн чинь Б эгч гэнэт над руу уурлаад “миний нөхөр хүүхэд чамд ямар хамаатай юм” гээд урд гараад явахаар нь араас нь очоод та ямар сүртэй юм бэ зүгээр юм асууж байхад гээд араас нь түлхтэл жалга руу унахдаа Б эгч миний хувцаснаас зуураад бид 2 хамт хамт унасан. Тэгээд Б эгч алгадахаар нь гэнэт миний уур хүрээд үснээс нь зулгааж байгаад толгой болон нүүр хэсэгт нь нэг нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 67-68 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч И.А-н үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Х.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед өсвөр насны шүүгдэгч И.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, өсвөр насны шүүгдэгч И.А-г“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Б нь хохирол төлбөрөө бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч И.А-г бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч И.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...өсвөр насны шүүгдэгч И.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 130 цагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Өсвөр насны шүүгдэгч И.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь өөрийн хийсэн үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. А нь эцэг эхийн хараа хяналт муугаас сурч боловсорч чадаагүй.Миний үйлчлүүлэгч гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрсөн учраас учруулсан хохирол төлбөрөө өөрөө ажил хийж төлсөн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хохирлоо бүрэн барагдуулсан байдал болон хувийн байдлыг харгалзан үзээд өсвөр насны шүүгдэгч И.А-д ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаатайгаар зан байдлаа засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, энэ талаар Сонгинохайрхан дүүргийн хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн төвд даалгаж өгнө үү..” гэв.
Өсвөр насны шүүгдэгч И.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч И.А-дЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэсэн үүрэг, хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгахаар шийдвэрлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, зэвсэг хэрэглэсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч И.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт И-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Өсвөр насны шүүгдэгч И.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч И.А-д гурван сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.А-д хүлээлгэсэн үүрэг, хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хэрэгжүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч И.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээрбусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч И.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА