Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 98

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2016/00285 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* Отгонбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний  өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхорлоо, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч А. түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2.260.850 төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1.704.450 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “А. нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтуугаар машин барьж явж байгаад эсрэг урсгал сөрж орсны улмаас миний бие нь биедээ гэмтэл авч эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй хохирч байна. А.оос гэм хорын хохиролд 2 260 850 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр суудлын авто машин жолоодож яваад, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт, *******ын жолоодож явсан суудлын авто машинтай мөргөлдсөний улмаас *******ын машинд зорчиж явсан , ******* нар нь авто машины урд талын шил мөргөж хөнгөн гэмтэл авсныг Ховд аймгийн Цагдаагийн газраас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Авто ослын улмаас *******, нарын биед хөнгөн гэмтэл учирч аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний дараа өөрсдийнхөн хүсэлтээр хувийн эмнэлэгт дахин хэвтэж эмчлүүлсэн. нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаанд шаардлагатай эм тариа болон ор хоногийн зардалд нийт 1.204.450 төгрөгийг надаас шаардаж авсан. Мөн ******* нь эмнэлэгт хэвтсэн болон шаардлагатай эм тариа толгойны гэрэл зураг авахад зориулж 88550 төгрөгийг надаас нэхэмжилж авсан. Гэтэл нэмж 2.260.850 төгрөг нэхэмжилж байна. ******* жолооны багшаар ажилладаг бөгөөд тухайн үед таксинд ашиглаж байгаад осолд орсон. Авто осолд өртсөн 50-84 ХОА улсын дугаартай суудлын авто машины 23 эд ангийн эвдрэлд 1605000 төгрөгийг төлж гэм хорын хохирлыг арилгасан юм. Жолооны багш ******* 2015 оны 11 дүгээр сарын 26-ны 23 цагийн үед таксины үйлчилгээнд тээврийн хэрэгсэл жолоодохдоо, хамгаалалтын бүс хэрэглэх, хамгаалалтын бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасан заалтыг хэрэгжүүлэгүйгээс зорчигч болон өөрөө тээврийн хэрэгслийнхээ урд талын шилийг ослын үед мөргөж хөнгөн гэмтэл учирсан нь *******ын буруу юм. Дээрхи осол гарсны дараа , ******* нарын эмчилгээний зардлыг би төлсөн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд зорчигч гийн эмчилгээний зардлыг жолооч ******* төлөх байжээ. Иймд гийн эмчилгээний зардал 1204450 төгрөг болон өмгөөллийн хөлсөнд төлсөн 500000 төгрөг нийт 1704450 төгрөгийг *******ааас гаргуулахаар сөрөг нэхэмжил гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: *******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бодит зардал бичээгүй байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар: ******* миний бие 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр А. нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, эсрэг урсгал сөрж орж ирсэний улмаас биедээ гэмтэл авч эмчилгээ хийлгэн эрүүл мэнд, ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй хохирлоо иймээс А.оос гэм хорын хохиролд 2.260.850 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. А. миний хохирлыг бүрэн төлж чадахгүй одоо бэлэн 1 сая төгрөг байна үүнийг аваад эвлэрье гэсэн бөгөөд би миний хохирлыг төлж барагдуулах хугацаа тохироод 1.300.000 төгрөг дээр эвлэрэх боломжттой гэж хэлсэн.

 Миний толгой өнөөдрийг хүртэл өвдөөд байгаа бөгөөд Улаанбаатар хот явж эмчилгээ оношлогоонд орох шаардлагатай байсан тул энэ асуудлаа шийдэе гэтэл А. нь надаас хууль бусаар мөнгө нэхэмжилж хохирлоо төлөхгүй байгаад гомдолтой байна. Иймд А.ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний гэм хорын хохирол болох 2.260.850 төгрөгийг А.оос нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2016/00285 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.т холбогдох гэм хорын хохирол  2 260 850 төгрөг гаргуулах, А.ын сөрөг нэхэмжлэлтэй *******т гэм хорын хохирол 1 704 450 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 51 123 төгрөгийг нэхэмжлэгч *******аас, 42 221 төгрөгийг хариуцагч А.оос тус тус гаргуулан улсын орлого болгосугай” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын агуулга: “ Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хууль зүйн үндэслэл бүхий гаргаагүй гэж үзэж байна.

 

Учир нь А.ын буруутай үйлдлийн улмаас гэмтэл авч, ажил хийх боломжгүй болсон бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. Гэм хорын хохиролд 2.260.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 83550 төгрөгийг хариуцагч төлсөн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдад хохирол учруулчихаад түүнийгээ төлөхгүй байж болно гэдэг А.ын ойлголтыг шүүх дэмжин хөөрөгдөж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

                                                         

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй  байна.

 

Нэхэмжлэгч  нь гэм хорын хохирол 2260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Лхагва-очирт  холбогдуулан  гаргаж, А.Лхагва-очир нь гэм хорын хохиролд 1.704.450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хамаарч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх байжээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй  нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүргээ биелүүлэхгүйгээр   нэхэмжлэлийг  хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн  байна.

 

 Нэхэмжлэгч  9 төрлийн шаардлагыг нэрлэн зааж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх уг шаардлагын үндэслэл тус  бүрийг түүнээс тодруулахгүйгээр тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байна. Нэхэмжлэгч анх шүүхэд 2260.000 төгрөгийн шаардлага гаргасан ба хэргийн 89,96 дугаар талд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар 2.177300 төгрөгийн шаардлага гаргаж байгаа талаар тайлбарлажээ. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд  гаргасан энэ шаардлагаас үзвэл тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэж ойлгогдохоор байна.

Гэвч  шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа эсэх, түүнд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрх олгосон эсэх  талаар  тодруулахгүйгээр 2260.000 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй   байна.

 

А.Лхагва-очир нь гийн эмчилгээний зардалд 1204450 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг нийт 1.704.450 төгрөгийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасныг зөрчсөн жолооч *******аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан  бөгөөд түүний үндэслэл тус бүрийг  шүүх тодруулаагүй, энэ талаар   хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт  хийхгүйгээр  уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 

 

 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон  нотлох баримтын  хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар  үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Шүүхийн шийдвэрийг дээрх хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр   хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах гомдол болон хэргийн агуулгад дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51130 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгов.

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2016/00285 дугаар дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 130 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, Б.Бадамхорлоод буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА