| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 132/2017/0046/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 145.2., 148.1., 161.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 16
О.Мөнх-Амьдралд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 132/2017/0046/Э
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Гэрэлбаатар
Шүүгдэгч О.Мөнх-Амьдрал
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир
Хохирогч Б.Булганчимэг
Нарийн бичгийн дарга Г.Ангирмаа нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолтой О.Мөнх-Амьдралд холбогдох 201706000009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Мөнх-Амьдралын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмэг эх, өвөг эцэгийн хамт Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багт оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 142 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ГЮ93120215 регистрийн дугаартай, Халиун овогт Осоржамын Мөнх-Амьдрал.
О.Мөнх-Амьдрал нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Дундат” гэдэг газраас иргэн Б.Булганчимэгийн эмээл, хазаартай морийг итгэл эвдэх замаар залилан авч 1.014.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Халиун” гэдэг газраас иргэн Б.Мөнхжаргалын 8 тооны адууг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор:
Халиун овогт Осоржамын Мөнх-Амьдралыг бусдын олон тооны малыг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч О.Мөнх-Амьдралыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоног хорих, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1.д зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д заасныг баримтлан шүүгдэгч О.Мөнх-Амьдралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоног хорих ял дээр мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялын зарим буюу 1 /нэг/ сар хорих, 148 дугаар зүйлийн 148.1.д зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын баривчлах ялын зарим буюу 20 /хорь/ хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч О.Мөнх-Амьдралд оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2.т тус тус зааснаар шүүгдэгч О.Мөнх-Амьдралын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч О.Мөнх-Амьдрал нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнхжаргал, Б.Булганчимэг нар нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мөнх-Амьдралд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1.д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Мөнх-Амьдралд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Мөнх-Амьдрал давж заалдах гомдолдоо: … Би мөрдөн байцаалтын шатанд байхдаа чөлөөгөөр яваад чөлөөний хугацаа хэтрүүлсэн энэ хугацаанд намайг оргон зайлсан гэж Эрүүгийн хуулийн 261.1.д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлэнд өгомдолтой байна. Учир нь би хийсэн хэрэгтээ гэмшиж 145.2, 148.1 дүгээр зүйл ангийг зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулсан. Харин би оргон зайлаагүй намайг эрүүгийнхэн хээр аваачиж баг өмсгөөд буудаж ална гээд 2 ширхэг сумтай буу гаргаж ирсэн тэр үедээ архи уусан байсан би үнэхээр айсан ... надад оргон зугтах санаа анхнаасаа байгаагүй... Шүүх хуралд би өөрийн биеэр болон өмгөөлөгчтэйгөө хамт оролцох хүсэлтэй байна... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:
…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл:
Шүүгдэгч О.Мөнх-Амьдрал нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Халиуны өвөр” гэх газраас хохирогч Б.Мөнхжаргалын 8 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж бага бус хэмжээний буюу 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь :
-Хохирогч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...манай адуу алга болохын урд өдөр Мөнх-Амьдрал гэх залуу манай дүү Амартүвшингийн ойролцоо байдаг Магнай гэдэг айлд хүний морьтой ирж хоносон байсан ... 2017.11.28-ны орой Магнайгийн гэрээс яваад манай адуу сураггүй болсон... ,Орхон сумын нутаг “Арбулаг” гэдэг газар айлын гадаа Мөнх-Амьдрал нь нэг адуу махалж өгсөн байхаар нь очиж үзэхэд манай алдсан байдасны 4 шийр нь мөн байсан..., адууны толгойг өвчсөн байдалтай байсныг зургийг нь авсан...” гэсэн мэдүүлэг /хх.ийн 15-р хуудас/,
-Гэрч Д.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... манай гэрийн ойролцоо Ням-Осор, Мөнх-Амьдрал нар гаргаж янзлаад адууны махыг надад өгсөн ... ,...Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй ..., ....махыг 300.000 төгрөгөөр худалдаж авсан ..., адууг Мөнх-Амьдрал авчирч Ням-Осор гаргахад нь тусалсан юм билээ... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/,
-Гэрч Л.Ням-Осорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн :
...Түмэнжаргал гэдэг эмээд идэшний адуу зарах гэсэн юм хамт гаргалцаад өгөөч гэж хүрэн морьтой ирсэн.., ...Мөнх-Амьдрал надад өөрийн адуу гэж хэлсэн..., адууны шийр толгойг шулж үлдээгээд ширийг нь аваад явсан ... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-р хуудас/,
-Гэрч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :
... хүрэн азаргатай 8 тооны адуу бол Мөнхжаргалын адуу юм ..., бэлчээрт байхгүй алга болсон байсан ..., хайж яваад манай гэрээс 10-20 орчим км зайтай адуу байна гэхээр нь очиход мөн байсан ба 2 байдас дутуу байсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-р хуудас/,
-Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... нөхөр бид хоёр Мөнх-Амьдралын батлан даалтанд авсан..., ... 2017.01.06-ны өглөө Орхон аймагт байх манай гэрээс Булган аймгийн Цагдаагийн газар орно гэж гараад орой 18 цагийн үед цагдаа дээр очоод ирлээ нэг дэх өдөр ир гэж байна гээд ирсэн.., Тэгээд орой нь алга болсон...,Орхон аймагт байхдаа цагдаад баригдсан гэж сонссон ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/,
-Гэрч Д.Дашзэвэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...батлан даалтад авсны маргааш ... орой манай гэрээс гарч яваад дахиж холбоо бариагүй...хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
-Гэрч О.Идэрхангайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2017 оны 01 сарын дунд үед гэж санаж байна. Мөнх-Амьдрал тааралдаад Орхон аймагт манайд хэсэг байхыг гуйсан ..., надад хэлэхдээ хөдөө байдаг гэртээ очиж чадахгүй байна Эмээ, өвөөгөөс айгаад байна гэж байсан ..., надад гэмт хэрэг үйлдээд цагдаад шалгагдаж байгаа гэж хэлээгүй ... гэсэн мэдүүлэг, /хх –ийн 31-р хуудас/ болон эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Харин түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Дундат” гэх газраас иргэн Б.Булганчимэгээс эмээл, хазаартай морийг итгэл эвдэх замаар авч 1.014.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл тухайн үед үүссэн үйл баримт болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг зэргээс үзвэл О.Мөнх-Амьдралын үйлдэлд “...бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн шууд санаатай, идэвхтэй үйлдэл байгаагүй, хохирогчийг төөрөгдүүлсэн, худал амалж итгэл, үнэмшил төрүүлсэн шунахайн сэдэлттэй буюу залилангийн гэмт хэргийн субьектив талын шинж байхгүй байна.
Иймд шүүгдэгч О.Мөнх-Амьдралд холбогдох бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч О.Мөнх-Амьдралын гаргасан “ ... намайг оргон зайлсан гэж Эрүүгийн хуулийн 261.1.д зааснаар 1 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна ... надад оргон зугтах санаа анхнаасаа байгаагүй...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэн Б.Булганчимэгийн эмээл, хазаартай морийг итгэл эвдэх замаар залилан авсан гэх огноо, хохирлын хэмжээг буруу бичсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2., 319 дүгээр зүйлийн 319.1.1.,208 дугаар зүйлийн 208.1.1.,325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газраас Халиун овогт Осоржамын Мөнх-Амьдралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Осоржамын Мөнх-Амьдралыг бусдын олон тооны малыг хулгайлсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1.д зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах...” гэснийг, ...тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...148 дугаар зүйлийн 148.1.д зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялын зарим буюу 20 /хорь/ хоногийг...” гэснийг тус тус хасч, мөн 3 дугаар заалтын “... биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сараар тогтоож ..” гэснийг “...биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 10 /арав/ хоногоор тогтоож ...” гэж, тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “...1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын...” гэснийг “...1 /нэг/ жил 5 /тав/ сар 10 /арав/ хоног...” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч О.Мөнх-Амьдралын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.УРАНЧИМЭГ