Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 120

 

Я.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 556 дугаар магадлалтай, Я.Б холбогдох 2207000000094 дугаартай хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, .... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б.

Шүүгдэгч Я.Б нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд ... дүүргийн ... дугаар хороо, ... ... дугаар гудамжинд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ... нүүрэн тус газарт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүх шүүгдэгч Я.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Б-гээс 25.000 төгрөгийг гаргуулан О.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Я.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2207000000094 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлдээ “... хэрэгт цугларсан эхний шинжээчийн дүгнэлт болох 190 дугаартай дүгнэлтийг шинжээч С.Т мөрдөгчийн тогтоолын дагуу хохирогчийн нүүр хэсгийн зургийг шинжилгээний объект болгон дүгнэлтийг гаргасан.

Мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гарган прокурорын хяналтад ирүүлснийг хянаад, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бүрэн тогтоогдоогүй, нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр прокуророос хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, “Ц” эмнэлгийн эмчийн үзлэгийн баримтад үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт гаргасныг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

Учир нь Шүүх шинжилгээний тухай хуульд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг хүний биед болон хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохоор зааж, хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээний объект болох эмнэлгийн баримт бичиг нь баталгаажсан эх хувь байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.3-т “Шинжилгээний объект” гэж хүн, цогцос болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг; 1,3-т “Эмнэлгийн бичиг баримт эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан байхаар зохицуулсан.

Шинжээчийн шинжилгээний объект болгосон гэрэл зураг нь хэргийн материалд авагдсан бөгөөд “Ц” эмнэлгийн бичиг баримтад тухайн байгууллагын тамга, тэмдэг дарагдсан эх хувь байхаас гадна хохирогч О.Б үзлэгийн төлбөр болох 25.000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт хэрэгт цугларсан. /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Мөн О.Б “Ц” эмнэлгийн үзлэгт хамрагдахдаа асуумжаа “2022 оны 04 дүгээр сарын 18-нд хүнд цохиулж гэмтсэн” талаар өгүүлсэн боловч үзлэг хийсэн эмч Э.Сайнчулуун 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр О.Б гэх иргэнийг үзсэн, түүний биед учирсан гэмтэл нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр учирсан байх боломжтой талаар мэдүүлж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч Б.А, гэрч Б.А нар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн байранд байхад О.Б-ын ам цус болсон, дээд талын үүдэн шүд нь байхгүй байсан талаар тус тус мэдүүлсэн нь хохирогчийн биед учирсан гэмтэл 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр учирсан гэдгийг давхар нотолж байна.

Дээрх гэрч нарын мэдүүлэг болон “Ц” эмнэлгийн үзлэгийн баримт бичиг, төлбөрийн баримт зэрэг нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, өөр хоорондоо агуулгын зөрүүгүй болно.

Давж заалдах шатны шүүхийн хохирогчийг хэнд цохиулсан талаар зөрүүтэй мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.О, И.Ж нарыг гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар зөрүүтэй мэдүүлсэн, тэдний өмнө өгсөн гэх мэдүүлэгт зурсан гарын үсгийг үнэн зөв эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад анхан шатны шүүх эргэлзээтэй баримтуудыг үндэслэл болгож, Я.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлтийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Б нь эхний мэдүүлгээ шүүгдэгч Я.Б-ийг таньдаггүй байхдаа буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, дахин өгсөн мэдүүлгээ хэрэг гарснаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн байдаг.

Мэдүүлгийн зөрүү гэдгийг хэргийн оролцогч нэг үйл баримтыг өөр, өөрөөр мэдүүлэхийг ойлгоно. Гэвч О.Б хувьд шүүгдэгчийг өмнө таньдаггүй байсан, эхний мэдүүлэгтээ энэ талаараа мэдүүлсэн, харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт холбогдсон хүн буюу өөрийг нь цохисон этгээдийг Я.Б гэдгийг мэдсэний дараа дахин мэдүүлэг өгөхдөө түүний нэрийг дурдаж, тухайн цаг хугацаанд харилцан ярилцсан талаар нэмж мэдүүлснийг зөрүү гэж тооцохгүй.

О.Б хувьд хэргийн үйл баримт буюу бусдад нүүрэн тус газраа цохиулсан, үүдэн 2 шүд унасан талаар тогтвортой мэдүүлдэг учраас хохирогчийн мэдүүлгүүд болон гэрч С.М-ийн О.Б-ын мэдүүлгийг нотолсон мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлтэй юм.

Мөн магадлалын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт гэрч Б.А-ын мэдүүлгийг үнэлэхгүй гэсэн атлаа дүгнэхдээ Б.А-ын мэдүүлгийг огт дурдаагүй, харин гэрч И.Ж-ийн мэдүүлгийг үнэлэхгүй талаар дурдаагүй байтал түүний мэдүүлгийг О-ын мэдүүлэгтэй зөрүүтэй гэж дүгнэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж хуульчлан тодорхойлсон байтал давж заалдах шатны шүүх хохирогч О.Б-ын өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр учирсан талаар мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон гэрч Б.А, Э.С, Б.А нарын мэдүүлгийг үнэлсэн эсэх, эсхүл үнэлээгүй бол ямар үндэслэлээр няцаасан талаар дүгнэлт хийлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдсон байхад илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ДШМ/556 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Налайх дүүргийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Я.Б нь хохирогч О.Б-той марган түүний нүүрэн тус газар цохисоны улмаас хохирогчийн шүд унаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан нь хохирогч О.Б, гэрч С.М, Б.А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан байна гэж үзсэн. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийг мөрдөгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн “Ц” эмнэлэгт төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудад тулгуурлан шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчөөгүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зөрүүтэй, гэрч нар бас зөрүүтэй мэдүүлсэн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, гэрчүүд хэргийн үйл баримтыг өөр өөрийн хүлээн авснаа илэрхийлэх байдлаар мэдүүлсэн нь зөрүүтэй гэсэн ойлголт биш юм. Мөн гэрч Н.О, Л.Ж нар заамдалдаж ноцолдсон, зодсоныг хараагүй гэсэн болохоос зодоогүй гэж мэдүүлээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа хэлсэн саналдаа “... миний бие прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Хохирогч О.Б нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны оройн 22 цагаас 01 цагийн хооронд болсон асуудлыг үнэн зөвөөр шударга мэдүүлсэн. Дээрх мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирдог. Гэрч Л.Ж, Б.А, Н.О, С.М нар уг үйл баримтыг гэрчилсэн бөгөөд Л.Ж, Н.О нар зодсоныг хараагүй гэсэн ч заамдалцсан талаар мэдүүлдэг. Мөн Б.А “манайхаас гарахдаа хохирогчийн шүд нь бүтэн байсан” гэж мэдүүлдэг. О.Б-д учирсан гэмтлийг Я.Б учруулсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх нотлогдвол зохих байдлыг нотолсон, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Харин давж заалдах шатны шүүхээс гэрч Б.А, Л.Ж, Н.О нарын мэдүүлгийг үнэлэхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хэлсэн саналдаа “... прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбараас миний үйлчлүүлэгч хүн цохиогүй болох нь тодорхой харагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлээгүй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, гэрч Н.О, Л.Ж нараас мэдүүлэг авсан мэтээр гарын үсгийг дуурайлган зурж анхан шатны шүүхэд авч ирсэн байдаг. Гэрч Н.О шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлэг өгөөгүй гэдгээ тайлбарласан. Мөн шүүх хуралдаан завсарлага авч тухайн гэрчүүдээс дахин мэдүүлэг авахад миний үйлчлүүлэгч хохирогчийг цохисныг хараагүй гэх үйл баримт яригддаг. Өөрөөр хэлбэл, гэрч Н.О, Л.Ж нар муудалцахыг харсан болохоос цохисон үйл баримтыг яриагүй. Үүнээс үзэхэд зөвхөн тухайн үед согтуу байсан С.М гэдэг гэрчийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг буруутай байдлаар дүгнэсэн. Тэгэхээр гэмт хэргийн шинжгүй үйлдлийг гэмт хэрэг мэтээр дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан “Ц” эмнэлгийн эмч асуумжийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бөглөсөн байна. Гэтэл тухайн үйл явдал болсноос нэлээд хойно асуумжийг бөглөсөн. Тэгэхээр цаг хугацааны хувьд хэзээ гэмтэл учирсан гэдэгт дүгнэлт хийх туйлын боломжгүй зүйл юм. Миний үйлчлүүлэгч болон хохирогчийг баривчилж эрүүлжүүлэхэд хохирогчийн нэг шүд унасан байсан талаар гэрч Б.А мэдүүлсэн. Гэтэл шинжээч дүгнэлт гаргахдаа зурган баримтыг үндэслэсэн нь үндэслэлгүй. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй. Мөн миний үйлчлүүлэгчид холбогдох үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 556 дугаар магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу Я.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хянав.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Б нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Б-ын нүүр рүү цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг хянан магадлах нь давж заалдах шатны шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг болно.

Гэтэл хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хавтас хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүйн улмаас давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх нь тухайн үйл явдлыг харсан гэрч С.М-ийн “... О.Б бид хоёр хашаанаас гарах гээд явж байтал өөдөөс нэг залуу гарч ирээд О.Б-ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохичихсон юм. Тэгтэл О.Б-ын үүдэн шүд нь уначихсан” /ХХ-1-8 дугаар хуудас/, гэрч Б.А-ын “... манай гэрт О.Б ам дүүрэн шүдтэй л харагдаж байсан. Дараа эрүүлжүүлэх байранд таарахад дээд талын үүдэн шүднүүд нь байхгүй, ам нь цустай байсан” гэх мэдүүлгүүд, гэмт хэрэг гарсан даруй цагдаагийн дэслэгч Э.Э нь гомдол гаргагч О.Б-ын хүсэлтийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 48 минутанд “үүдэн хоёр шүд унасан” байдлыг гэрэл зургаар бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 190, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтүүд “О.Б-ын биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах гэмтлийн хөнгөн хохирол”-д хамаарахыг тогтоосон баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх “... Я.Б нь хохирогч О.Б-ыг цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй, анхан шатны шүүх гэрч С.О, Л.Ж нарын зөрүүтэй мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй, эргэлзээтэй баримтуудыг үндэслэл болгож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр хэмээн үзэж Я.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан” нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр шүүхийн энэхүү дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсаны улмаас хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 556 дугаар магадлалыг хүчингүй болгож, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн хяналтын журмаар бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

               ДАРГАЛАГЧ                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                        Б.ЦОГТ