Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 122/2017/0018/з |
Дугаар | 30 |
Огноо | 2017-08-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 30
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн У.Болдхүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,
Гуравдагч этгээд: О.Одхүү
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус тушаалын хоёрдугаар хавсралтын 7 дахь хэсэгт заасан Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүүд холбогдох хэсгийг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын Очирбатын Одхүүд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Болдхүү, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, гуравдагч этгээд О.Одхүү, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Болдхүү шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ушаандар овогтой Болдхүү миний бие 2012 оны 09 дүгээр сараас Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ч.Энхцэцэг нь Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг хүлээн авсан даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн өөрчлөлтийг хийж 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлж, эгүүлэн төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалт өгөөгүй хүнийг Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилсон. Энэ миний ажил хөдөлмөр эрхлэх, түүндээ цалин хөлс авах эрхийг минь зөрчиж байна.
Ч.Энхцэцэг нь Тамгын газрын даргаар томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 225 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна.
Ч.Энхцэцэгийг Тамгын газрын даргаар томилсон болон Засаг даргын Тамгын газрын ажилчдыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон тухай шийдвэрт холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд энэ талаар Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 225 дугаар албан бичгээр Ч.Энхцэцэгийг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзсэн. Үүнийг миний бие 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн референт Сосорбарамтай биечлэн уулзаж тодруулсан.
Мөн Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийн заалтыг буруу хэрэглэж, мөн зүйлийн 27.2.1 дэх заалтыг илтэд зөрчсөн.
Тус тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан гэх боловч Тамгын газрын мэдээллийн цаг дээр Тамгын газрын ерөнхий бүтцийн бүдүүвчийг төсөл хэлбэрээр танилцуулсан бөгөөд хэний ажлын байр хасагдаж, хэн халагдах гэж байгаа мөн Төрийн албаны тухай хуульд заасан ямар боломжуудыг хэрэглэх гэж байгаа талаар огт дурдаагүй бөгөөд энэ талаар хүн тус бүртэй урьдчилан ярилцаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын эрх зүйн үр дагаврыг хөндөж 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалыг дахин гаргасан болох нь тогтоогдсон. Тус тушаалын нэг дэх хэсэгт “Очирбатын Одхүүг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, ... 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс тус тус томилсугай гэжээ. Ингэж өмнө гаргасан А/10 дугаар тушаалаар жинхлэн томилсон хүнийг үүрэг гүйцэтгэгч болгон сольжээ.
Миний ажиллаж байсан Хууль зүйн хэлтэс нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хууль, эрх зүйн хэлтэс болж нэр томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч хэлтсийн даргын орон тоо хасагдаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна. Иймд
1. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох,
2. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 7 дахь хэсэгт заасан Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
3. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын Очирбатын Одхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
4. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах,
5. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах,
6. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Болдхүү нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор уг хэлтэс нь Хууль, эрх зүйн хэлтэс болон өөрчлөгдсөн. Зөвхөн хэлтсийн нэр өөрчлөгдөөд зогсохгүй эрхлэх ажлын чиг үүрэг ч өөрчлөгдсөн. Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон улс төрийн үйл ажиллагаа явуулсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. У.Болдхүү нь төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол болон Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг боловсрол, туршлагын хувьд хангахгүй байгаа. Яагаад гэвэл У.Болдхүү нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай. Сүхбаатар аймагт шилжин ирсэн ямар нэгэн бүртгэл байдаггүй. Мөн ажлын байрны тодорхойлолтод мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байхыг шаардсан байхад нэхэмжлэгч энэ шаардлагыг хангахгүй байсан. Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдохоосоо өмнө нэг хамгаалалтын албанд жолоочоор ажиллаж байсан. Мөн боловсролын тухайд магистр зэрэгтэй байх шаардлага тавьж байгаа. Нэхэмжлэгч энэ шаардлагыг хангахгүй байгаа. Түүнд ажлаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан тэтгэмж, ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд О.Одхүү шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Очирбат овогтой Одхүү намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилсон.
Энэ нь Монгол Улсын Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд офицер, ахлагчийг эзэмшсэн мэргэжлийнх нь чиглэлээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэйд тооцож, төрийн байгууллагад энгийн албан тушаалд томилон ажиллуулж болно” гэсэн заалтад нийцэж байгаа тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэсэн заалтыг бүрэн хангасан гэж үзэж байна.
Мэдлэг боловсролын хувьд: Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй, 1987-1989 онд Шүүх яамны харъяа Улаанбаатар хот дахь Хууль цаазын дунд сургуулийг архив, албан хэргийн мэргэжлээр онц дүнтэй төгссөн. 1993-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр сайн дүнтэй төгссөн, 2001-2002 онд Цагдаагийн академид хууль зүйн магистрын зэргийг / нийт багц 31.0, голч дүн 3.9/ хамгаалсан.
Туршлагын хувьд: Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар захирамжаар 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны зохион байгуулагчаар, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны зааварлагчаар тус тус томилогдож, Төрийн албаны тухай хуулийн 5, 7 дугаар зүйлд заасан захиргааны албан тушаалд 1 жил 3 сар ажилласан.
1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 14-нийг хүртэл хилийн цэргийн 0146 дугаар ангид хугацаат цэргийн албыг хаасан.
1991-2016 оны 05 дугаар сарыг хүртэл Цагдаагийн байгууллагад ажиллаж төрийн жинхэнэ албан тушаалд нийт 26 жил 4 сар ажилласан болно.
У.Болдхүү нь Төрийн албаны тухай хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаасан байх шаардлагыг хангаагүй байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Миний тухайд Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгч У.Болдхүү нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 дугаар тушаалаар ажлаас халагдсаныг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг баталсан. Тамгын газарт бүтцийн өөрчлөлт хийх нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын бүрэн эрхийн асуудал учраас үүнийг хууль бус гэж үзэхгүй байна.
Нэхэмжлэгч Хууль, эрх зүйн хэлтсийн даргын сул орон тоо гарсан гэж тайлбар хийлээ. Сул орон тоог гарсан тохиолдолд ажил олгогч 3 үндэслэлээр нөхөх боломжтой. Сул орон тоог нөхөх эрх нь ажил олгогчид байгаа. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар сул орон тоог нөхсөн учраас А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын О.Одхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн хувьд хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагуудыг бүрэн хангасан. Өөрөөр хэлбэл эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 26 жил ажилласан. Үүнээсээ 17 жилд нь удирдах албан тушаал эрхэлж байсан. Сүхбаатар аймагт оршин суудаг болох нь албан ёсоор баталгаажсан.
О.Одхүү нь Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу А/25 дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Үүнийг хууль бус гэж үзэхгүй байгаа. А/25 дугаар тушаал нь А/10 дугаар тушаалтай ямар нэгэн байдлаар холбогдсон зүйл байхгүй. Захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч захиргааны актыг процессын дагуу гараагүй гэж байна. Үүнийгээ нотолж чадаагүй. Захиргааны акт гаргах бүрэн эрх нь захиргааны байгууллагад байгаа. Гарсан шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Гуравдагч этгээдийг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нэг үндэслэл нь Төрийн албыг тасралтгүй явуулах зарчмыг хангах үүднээс томилсон гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийг томилсон тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх бүрэн сэргэхгүй. Гуравдагч этгээд томилогдсоноор нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөөгүй. Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн У.Болдхүүгээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ушаандар овогтой Болдхүүд холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, тус тушаалын 2 дугаар хавсралтын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүүд холбогдох хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Очирбатын Одхүүд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж ихэсгэн өөрчилсөн болно.
1. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл орон тоотой байхаар тогтоосон бөгөөд Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр бүхий 44 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар 37 албан тушаалтныг томилжээ.
Нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаал гарснаар миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тул энэ тушаалаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүй халагдсаныг шүүхээр тогтоолгоно. Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчин томилогдсон тул төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлж томилох эрхгүй ...“ гэж тайлбарлан маргаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосноор Тамгын газар нь шинэ бүтцээр үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлага үүссэн, үүнтэй холбогдуулж хуучин бүтцээр ажиллаж байсан нийт албан тушаалтнуудыг маргаан бүхий актын 1 дүгээр хавсралтаар чөлөөлсөн агуулгатай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, Тамгын газрын дарга дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Ч.Энхцэцэгийг томилсон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр захирамж нь хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа, түүнийг хөндсөн ямар нэгэн эрхийн акт хэрэгт авагдаагүй байх тул Ч.Энхцэцэгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох эрх бүхий албан тушаалтан гэж үзнэ.
Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлээр зохицуулсан ба нэхэмжлэгчийг бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан байхад “...намайг ажлаас үндэслэлгүй халсан ...” гэж марган, “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа маргааны үйл баримтаас зөрүүтэй тодорхойлсныг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
2. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүүд холбогдох хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Очирбатын Одхүүд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч У.Болдхүү нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байжээ.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын холбогдох заалтаар У.Болдхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг олгож, 2 дугаар хавсралтын 7 дахь заалтаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар О.Одхүүг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалаар ...Очирбатын Одхүүг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... Миний хариуцан ажиллаж байсан Хууль зүйн хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг нь Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан баталгаагаар хангагдах ёстой ...” хэмээн маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэжээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, мэдлэг, ур чадварыг үнэлүүлэн сонгон шалгаруулж ажиллуулах; албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллуулах; харин тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “ ... төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ... ” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэжээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамжаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж болох “Хууль зүйн хэлтэс” нь Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор “Хууль, эрх зүйн хэлтэс” гэж нэгжийн нэршлийн хувьд өөрчлөгдсөн боловч тус хэлтсийн даргын орон тоо хасагдаагүй, албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж О.Одхүүг Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.
Тодруулбал нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хууль зүйн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтыг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолттой харьцуулан үзэхэд нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан хамтран ажиллах уялдаа холбоог зохицуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах бодлого боловсруулах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд архивын болон хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх ажлыг зохион байгуулах, аймгийн Засаг дарга, Тамгын газрыг хууль эрх зүйн зөвлөгөө дэмжлэгээр хангах гэсэн ажлын байрны зорилго, зорилтууд нь хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “ ... нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол болон Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг боловсрол, туршлагын хувьд хангахгүй байгаа, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан “албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох”, 15.1.2-т “ ... төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан учраас түүнийг ажлаас чөлөөлсөн ... ” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь захиргааны байгууллага нэхэмжлэгчийг анх ажилд томилох үедээ төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол журмыг хангаж байгаа эсэх, төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахад хориглосон ямар нэгэн үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй байсан атал Хууль зүйн хэлтсийн даргаар томилж 4 жил ажиллуулсны дараа өмнөх шийдвэрээ үгүйсгэж байгаа нь цаг хугацааны хувьд маргаан үүсгэх, нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл болж чадахгүй юм.
У.Болдхүүг Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагааг явуулсан гэх үндэслэл тусгагдаагүй тул үүнийг нотлох үүднээс хариуцагчаас шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн шүүхээс үнэлээгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч У.Болдхүүг албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар үргэлжлүүлэн томилж ажиллуулах ёстой байтал аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар О.Одхүүг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалаар О.Одхүүг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, …” гэж заасантай нийцээгүйн улмаас нэхэмжлэгч У.Болдхүүгийн төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх тушаалуудын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүүд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, У.Болдхүүг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч У.Болдхүүгийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийт 6 сар 12 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж 6.038.673 (зургаан сая гучин найман мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаас ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчид урьд олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 2.206.410 (хоёр сая хоёр зуун зургаан мянга дөрвөн зуун арав) төгрөгийг хасч үлдэгдэл 3.832.263 (гурван сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран гурав) төгрөгийг нэхэмжлэгч У.Болдхүүд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээд О.Одхүүгээс “Хариуцагчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа өмгөөлөгч Б.Баярмааг өөрийн өмгөөлөгчөөр оролцуулах тухай” хүсэлт гаргаж үүнийг хариуцагч талаас зөвшөөрч, өмгөөлөгч Б.Баярмааг гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлснийг шүүх хүлээн авч гуравдагч этгээд О.Одхүүгийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүүд холбогдох хэсэг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Одхүүд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, У.Болдхүүг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.038.673 (зургаан сая гучин найман мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч У.Болдхүүд олгохоос урьд олгосон тэтгэлэг 2.206.410 (хоёр сая хоёр зуун зургаан мянга дөрвөн зуун арав) төгрөгийг хасч үлдэгдэл 3.832.263 (гурван сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран гурав) төгрөгийг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД