Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2020/0219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, О.А, Д.М, Ц.О, гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн захирал Ж.У, гуравдагч этгээд “Х х к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ж.Б  нарыг оролцуулан, Орхон аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ш.Д, өмгөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, гуравдагч этгээд “Х х к” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б, гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн захирал Ж.У нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э ү” ТӨҮГ, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э ү” ТӨҮГ-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-Т-12/58 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтуудыг тус тус баримтлан “О” ХХК-ийн “Э үйлдвэр” ТӨҮГ болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Э ү” ТӨҮГ-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас “Х х к” ХХК, “Т ф” ХХК-ийг тендерийн 1,2,3 дугаар багцуудад нийцсэн хэмээн шалгаруулан шийдвэрийг хууль бус тул хүчингүй болгуулах, “Э ү” ТӨҮГ-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдан гаргасан дүгнэлт бүр дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гаргах шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э ү” ТӨҮГ-аас “Х х к” ХХК, “Т ф” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/116-19, 5/117-19 дугаар гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус хангаж”, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Э ү” ТӨҮГ-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1,2,3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн “О” ХХК-ийг тендерийн үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “О” ХХК-ийн тендерийг оролцуулан дахин үнэлгээ хийхийг “Э ү” ТӨҮГ-ийн тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ш.Д давж заалдах гомдолдоо: “Тендерийн баримт бичгийн 6.1.1-6.1.8 дахь заалт нь захиалагчийн зүгээс тухайн албан тушаалыг гүйцэтгэхэд хангасан байх чадварыг шаардсан мэргэжлийн шаардлага, тухайн ажилтны чадавхийг заасан байна. Энд багц 6.1.1-д багц тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна гэж заасан ба ерөнхий тогооч гэж мэргэжил байдаггүй, ээлжийн ахлах тогооч гэж мэргэжил байдаггүй, энэ шаардлага бол ажилтны чадавхыг шаардсан шаардлага. Ийм ч учраас шийдвэрт заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй. Тендерийн баримт бичгийг зөвшөөрсөн нь үнэн. Зөвшөөрсний үндсэн дээр ч А.Цэрэнчимэг нь уг шаардлагыг хангаж байгаа учраас захиалагчийн 6.1.8-д заасан хүснэгт №5-ын дагуу үйлчилгээний ажилчдын тоо, албан тушаалтны нэрийг багц тус бүрд нь 1 дүгээр багцад, 2 дугаар багцад, 3 дугаар багцад гэж тодорхой хүргүүлсэн болно.

Хүснэгт №5-д ерөнхий тогооч гэж захиалаагүй байдаг. “О” ХХК-ийн санал болгож буй А.Цэрэнчимэг нь хоол зүйч, ерөнхий тогоочийн аль аль чадавхын шаардлагыг бүрэн хангаж буй тул хүснэгт №5-ын дагуу хоол зүйчид санал болгосон. Мөн хүснэгт №5-д багц тус бүрд зөвхөн 1 хоол зүйч шаардсан байдаг.

Ерөнхий тогооч гэж албан тушаал, харин хоол зүйч бол мэргэжил юм. “О” ХХК нь А.Цэрэнчимэгийг нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич, хоол зүйч албан тушаалд санал болгоогүй нь тендерийн баримт бичигт нотлох баримтаар байгаа. Тендерийн баримт бичгийн 7 дугаар бүлэг үйлчилгээний тодорхойлолт хүснэгт №03-ын 6.1-д өгөгдсөн хүний нөөц, боловсон хүчний шаардлага  нь зарим албан тушаалыг хавсран ажиллаж болохгүй тухай заалт байхгүй болно. “О” ХХК-ийн 1,2,3 дугаар багцад санал болгож буй боловсон хүчний судалгааг тус бүрд нь хүснэгт №5-ын дугаар санал хүргүүлэхдээ 3 дугаар багцад А.Цэрэнчимэг хоол зүйч, ерөнхий тогооч 4 дүгээрт С.Оюун-Эрдэнийг технологчид дугаарлаж бичсэн байдаг.

Хоол зүйч албан тушаалд С.Уянгыг санал болгосон нь компанийн үндсэн ажилтан биш боловч тендерт шалгарсан тохиолдолд ажиллахаар сонгогдсон нөөц ажилтан юм. С.Уянгыг “О” ХХК-ийн гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын боловсон хүчний судалгаанд хүснэгтийн 5 дугаарт бичсэн боловч уг хүснэгтэд 2 хоол зүйч бичигдсэн байдаг. А.Цэрэнчимэг, С.Уянга. Захиалагч хүснэгт №5-д зөвхөн нэг хоол зүйч шаардсан байгаа. “О” ХХК нь 1,2,3 дугаар багцад хүснэгт №5-ыг дагуу хүргүүлсэн хүснэгтэд С.Уянгыг хоол зүйчид санал болгоогүй байдаг” гэв.  

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй тул “О” ХХК-ийн тендерийн нэхэмжлэлийн 4 дэх шаардлага болох “О” ХХК-ийн тендерийг оролцуулан дахин үнэлгээ хийхийг “Э ү” ТӨҮГ-н тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн нь хуулийн үндэслэл муутай байна.

Хянан үзэх шатанд гэрээ хэрэгжүүлэх чадвартай эсэх, санхүүгийн чадвар, техникийн чадвар шаардлагад нийцэж буй эсэхийг тодорхойлох зэрэг байдлуудыг тендерт оролцсон компани бүр дээр явуулаагүй бөгөөд “О” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж үзээд үүнийгээ “О” ХХК-ийн тендер нь 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй тул гэж үнэлсэн нь бодит байдал буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй болно.

Нэгэнт үнэлгээний хороо тендер шалгаруулах үе шатуудад хуулийн дагуу хянан үзэх ажиллагааг явуулаагүй тул 1, 2, 3 дугаар багцуудад шалгарсан “Х х к” ХХК, “Т ф” ХХК тендерт шалгарсан нь хууль бус гэж дүгнэсэн. Шалгарсан тендерүүд нь шаардлагад нийцэхгүй байсан тул нэхэмжлэгчийн дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нь хуулийн үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь захиалагч “Э ү” ТӨҮГ, түүний эрх бүхий албан тушаалтан худалдан авах ажиллагааны талаар бие даан шийдвэр гаргах эрхгүй, түүний шийдвэр нь зөвхөн үнэлгээний хорооны шийдвэрээр дамжин гардаг тул захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлоо тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 112 дугаар зүйлийн 112.4.2-т тус тус зааснаар тусгай журмаар хянан шийдвэрлэгдэх Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж дүгнэжээ.

Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн энэ тухай гомдлоо хуулийн дээрх заалтын дагуу зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргах учиртай.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тендерт оролцогчийн гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлээгүй, эсхүл тэдгээрт захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргах эрхтэйг тодорхойлжээ.

Хуулийн энэ заалтын агуулгаар тендерт оролцогч нь Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрт нь шүүхэд гомдол гаргана гэж шууд ойлгогдоно.

“О” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, улмаар Сангийн яамны тендерийн материалыг бүхэлд нь хянаж, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6-1/2381 тоот албан бичгүүдээр тендерийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага болох Сангийн яамны дээрх хоёр шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр шийдвэрүүдэд шүүх огт ач холбогдол өгөөгүй. “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын “Х х к” ХХК болон “Т ф” ХХК-иудтай байгуулсан гэрээнүүд нь өөрсдийн ажилтнууддаа чиглэсэн, дотоод үйл ажиллагаандаа хамааралтай хувийн эрх зүйн харилцааг үүсгэж байгаа болохоос нийтийн эрх ашигт хамааралтай, гадагш чиглэсэн харилцааг үүсгээгүй болно.

Хэрвээ энэ харилцааг нийтийн эрх зүйн харилцаа гэж үзвэл “Э ү” ТӨҮГ-ын дотоодын, тухайлбал үйлдвэрийн газрын ажилтнуудын хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой маргааныг хүртэл Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх учиртай.

Түүнчлэн анхан шатны шүүх нь “О” ХХК-ийн нэхэмжлэлийн 6 дахь шаардлага болох “Х х к” ХХК болон “Т ф” ХХК-иудтай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “Э ү” ТӨҮГ-аас “Х х к” ХХК болон “Т ф” ХХК-иудтай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/116-19, 5/117-19 дугаар гэрээнүүдийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Гэтэл “Э ү” ТӨҮГ нь “Х х к” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээ, “Т ф” ХХК-тай 2019  оны 05 дугаар сарын 09-ний өдөр 5/130-19 дугаартай гэрээг тус тус байгуулсан. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн захирал Ж.У давж заалдах гомдолдоо: “Төлөвлөгөөт цэс нь хоолны нэр төрөл, олгох хэмжээ, илчлэг тооцсон байдлаар 4 долоо хоног тус бүрээр энгийн болон эмчилгээний гэсэн 2 төрөлтэйгөөр зохиосон байна гэж шаардсан буюу төлөвлөгөөт цэсний агуулга, бүтцийн шаардлагыг тавьсан байна. Харин хамгийн багадаа санал болгох хоол унд, зуушны сонголтын төрөл, тоо ширхгийн шаардлагыг заасан болохоос өдөр, орой, шөнийн ээлжээр менюг гарган ирүүл гэсэн үг үсэг байхгүй. Мөн өдөр, орой, шөнийн ээлж бүрт ижил нэр төрлийн тоо хэмжээтэй хоол ундаар үйлчлэх ёстой гэсэн гэсэн захиалагчийн санааг агуулсан байна.

Мөн орой, шөнийн хоолны үнэ нь өдрийн хоолны үнийн харьцангуй бага тул орой, шөнийн хоолны нэр төрлийн сонголт нь өдрийн хоолтой адилхан байх ёстой гэсэн захиалагчийн талын шаардлагыг агуулж байна. Хоолны цэсийг захиалагч тал сар бүр баталдаг бөгөөд улирал, цаг агаар, нийтийг хамарсан өвчлөлтэй холбоотойгоор өөрчлөлтүүд байнга тусдаг учир гэрээт ажлыг гүйцэтгэх явцад нийт 120 менюг боловсруулан батлуулна гэсэн үг юм.

Тендерийн баримт бичгийн 6.1.1-д зургаан үндсэн мэргэжилтэнд тавих шаардлагыг заасан ба эдгээр ажилчид нь гүйцэтгэгчийн үндсэн ажилтан байна гэж шаардсан. Харин 6.1.8-д “Түүхий эд бэлтгэгч, угаагч, үйлчлэгч гэсэн үйлчилгээний ажилчдын тоон мэдэгдэл нь хүснэгт 5-д зааснаас багагүй байна, 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоон мэдээлэл, хуваарийг ирүүлнэ” гэж тодорхой заасан.

Уг шаардлагын үндсэн агуулга нь үйлчилгээний ажилчдын тоон мэдээлэл, түүний 3 ээлжийн хуваарийг ирүүлэх шаардлага гэж заасан болохоос 60 хүнтэй байна гэсэн шаардлага байхгүй.Иймд манай гомдлыг хүлээн авч, зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Х х к” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатараар дамжуулан шүүх хуралдаан давхцсан тул хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.4, 30.3.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, мэтгэлцэх зарчмыг алдагдуулж хэргийг хянан хэлэлцсэн гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. “Э ү” ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулах үйл явцыг Сангийн яам хянан үзэж, тендер шалгаруулалт хуулийн хүрээнд хэрэгжиж буй тухай дүгнэж, хариуг хүргүүлсэн ба нэхэмжлэгч Сангийн яамны шийдвэрт гомдол гаргаагүй. Сангийн яамны шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

“О” ХХК-ийн тендер нь тендерийг хянан үзэх шатанд татгалзагдаж, Тендерийн үнэлгээний хороо нь “О” ХХК-ийн тендерийг үнэлээгүй ба “О” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтад оролцоогүй тул шүүхэд гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.2 дахь хэсэгт тендерт шалгаруулалтад холбогдуулан гаргасан гомдлыг шүүх хянан хэлэлцэхээр зохицуулсан байхад, тендер шалгаруулалтад оролцоогүй, тендерийг хянан үзэх шатнаас хасагдсан тендерт оролцогчийн тендер шалгаруулалтад холбогдуулан гаргасан гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Тендерийн үнэлгээний хорооны тендерийг үнэлэх үйл ажиллагааг шүүх хэрэгжүүлсэн нь хуульд үл нийцнэ. “Х х к” ХХК нь НД8 маягтыг тендерийн баримтад хавсаргасан, мөн Нийгмийн даатгалын байгууллагаас тодорхойлолт гаргуулж баримтад хавсаргасан, “Хас банк” ХХК-ийн тодорхойлолт буюу банкны баталгаа нь банкны баталгааны шаардлагыг хангаж байхад хангаагүй гэж үзэж дүгнэсэн.

Дээрхээс дүгнэхэд “Э ү” ТӨҮГ-ийн тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 тоот хуралдааны тэмдэглэлд Тендерийн үнэлгээний хорооны гишүүд тендерт  оролцогчдын тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмуудын хүрээнд хэрэгжүүлсэн үйлдэл, үйл ажиллагаа юм.

Иймд тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Э ү” ТӨҮГ-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х х к” ХХК, “Т ф” ХХК-уудад холбогдох хэсгийг хууль бус тул хүчингүй болгуулах, “Э ү” ТӨҮГ-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн үнэлгээний хорооны 2019  оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт бүр дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-аас “Х х к” ХХК, “Т ф” ХХК-тай 2019  оны 04 дүгээр сарын11-ний өдөр тус тус байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/117-19 дугаартай гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.       

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудад бүрэн дүгнэлт өгөөгүй, хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны тогтоолд зааснаар нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Э ү” ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах,

2. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Э ү" ТӨҮГ-ын үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

3. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Э ү” ТӨҮГ-ийн үйлдвэрчний дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х х к” ХХК, “Т ф” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус тул хүчингүй болгуулах,

4. “Э ү” ТӨҮГ-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах,

5. “Э ү” ТӨҮГ-т холбогдуулан “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах,

 6. “Э ү” ТӨҮГ-аас “Х х к” ХХК, “Т ф” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Өмнө нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019  оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаар тогтоолоор[1] “Нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудал тус бүрийг нягталж эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, хяналтын шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлыг дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр болсон тогтоолд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасанд нийцэхгүй байна.

Тодруулбал “О” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/238 дугаар албан бичгээр[2] нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Э ү” ТӨҮГ-аас “Х х к” ХХК болон “Т ф” ХХК-иудтай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах гэж дурдсан байхад анхан шатны шүүхээс зөвхөн “Х х к” ХХК-тай байгуулсан 5/116-19, 5/117-19 дугаар гэрээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч нь Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч уг шийдвэр нь захиргааны акт мөн эсэх, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүх дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна.

Тиймээс анхан шатны шүүх тогтоолд дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрд дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлыг давж заалдах шатны шүүх дүгнэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Хариуцагч нь “Э ү” ТӨҮГ-ын “Х х к” ХХК болон “Т ф” ХХК-иудтай байгуулсан гэрээнүүд нь өөрсдийн ажилтнууддаа чиглэсэн, дотоод үйл ажиллагаандаа хамааралтай хувийн эрх зүйн харилцааг үүсгэж байгаа болохоос нийтийн эрх ашигт хамааралтай, гадагш чиглэсэн харилцааг үүсгээгүй болно” гэж маргажээ.

Гэвч энэхүү маргаан “Э ү” ТӨҮГ-аас зарласан тендерт “Х х к” ХХК болон “Т ф” ХХК шалгарсан нь хууль бус, уг процессийн явцад гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа буюу нийтийн эрх зүйн субьектээс гарсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар маргаж байх тул хувийн эрх зүйн, дотогш чиглэсэн гэрээ гэж үзэх боломжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт[3] юм.  

Гуравдагч этгээд ““Т ф” ХХК шүүхийн шийдвэрт хоолны менюг өдөр, орой, шөнийн 3 ээлжээр гаргаагүй, үйлчилгээний ажилчдын тоо нь тендерийн шаардлагад тавьсан тооноос дутуу ирүүлсэн гэж дүгнэсэн бөгөөд Тендерийн баримт бичгийн 3.1.3-т хамгийн багадаа санал болгох хоол унд, зуушны сонголтын төрөл, тоо ширхэгийн шаардлагыг заасан болохоос өдөр, орой, шөнийн ээлжээр менюг гарган ирүүл гэсэн үг байхгүй, мөн үйлчилгээний ажилчдын тоон мэдээлэл, түүний 3 ээлжийн хуваарийг ирүүлэх шаардлага гэж заасан болохоос 60 хүнтэй байна гэсэн шаардлага байхгүй” гэж маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг хэлнэ”, 27 дугаар зүйлийн 27.1.1 “Энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага хангасан эсэхийг хянан үзэх”-ээр заасан.

Тендерийн баримт бичгийн VII бүлгийн 3-т[4] “Төлөвлөгөөт цэс, технологи шаардлага”-ыг тусгасан байх бөгөөд 3.1.1-д “Энгийн болон эмчилгээний” гэсэн 2 төрлийн төлөвлөгөөт цэстэй байна, хоол нь өдөр, орой, шөнийн гэсэн төрөлтэй, өдрийн хоол нь “Шөлтэй хоол, үндсэн хоол, салат зууш, жимсний шүүс, цай кофе, орой, шөнийн хоол нь “Шөлтэй хоол, үндсэн хоол, салат зууш” байхаар тусгасан байна.  

Гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн төлөвлөгөөт цэсэнд[5] тендерийн баримт бичигт дурдсан эмчилгээний болон энгийн цэс, түүн дотроо шөлтэй хоол, үндсэн хоол, салат зууш, жимсний шүүс, цай кофег оруулсан байгаагаас үзвэл Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт буруу “...Хоолны менюг өдөр, орой, шөнийн гэсэн 3 ээлжээр гаргаагүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

Мөн тендерийн баримт бичгийн 7 дугаар бүлгийн 6-д хүний нөөц, боловсон хүчний талаар тусгасан бөгөөд үндсэн ажилтанд “Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн менежер, Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, Ерөнхий тогооч, Ээлжийн ахлах тогооч, Хүнсний эрүүл ахуйч, ХАБЭА ажилтан, Хоол зүйч байхаар” 6.1.8-д “Нэг хоногт үйлчлүүлэх хүний тооноос хамаарч түүхий эд бэлтгэгч, угаагч, үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажилчдын тоон мэдээллийг Хүснэгт №5-д зааснаас багагүй байх бөгөөд 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо, ажиллах хуваарийг гаргаж ирүүлэх”, хүснэгт №5-д “Багц 2-т нийт 60 үйлчилгээний ажилтан” байхаар тус тус заажээ.

 “Т ф” ХХК[6] тендерийн баримт бичигт заасан үндсэн ажилтанд ямар хүмүүс ажиллах, тэдгээрийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр болон лавлагааг хавсаргасан байхад нийт ажилчдын тоо нь 60 байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр учир дутагдалтай, хариуцагчийн тендерийн баримт бичгээр шаардсан шаардлагад гуравдагч этгээдийн ирүүлсэн санал нийцэж байгаа эсэх талаар нотлох баримтад үндэслэн бүрэн дүгнээгүй байна.  

Анхан шатны шүүхээс “Гуравдагч этгээд “Х х к” ХХК-ийг тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааны шалгуурт тавигдсан шаардлагыг хангаагүй болох нь тус компанийн тендерийн баталгаанд гаргаж өгсөн “Хас банк” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/192, 13/193 дугаартай баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн боловч тендерийн баримт бичигт[7] “...агуулгын хувьд өөрчлөлт ороогүй боловч өөр хэлбэртэй ирүүлсэн баталгааг захиалагч зөвшөөрнө” гэж дурдсан байхад энэ талаар шүүх дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэжээ.  

Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, түүний үндэслэл нэг бүрийг нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт өгөөгүй байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.   

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” ХХК, хариуцагч “Э ү” ТӨҮГ, гуравдагч этгээд “Х х к” ХХК, “Т ф” ХХК-иудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 


[1] 3 хавтаст хэргийн 164-165 хуудас

[2] 3 хавтаст хэргийн 176 хуудас

[3] Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.

[4] Тендерийн баримт бичгийн 48 хуудас

[5] “Т ф” ХХК-ийн тендерийн баримт бичгийн 2 дугаар хавтас 48-49 хуудас

[6] “Т ф” ХХК-ийн тендерийн баримт бичгийн 1 дүгээр хавтаст 7 бүлэг

[7] Тендерийн баримт бичгийн 55 хуудас