Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2026/0035

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     М.Батсуурь 

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      Д.Батбаатар  

                                           П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:        Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ  

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 109/ШШ2025/0045 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2026/0040 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” А/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах.

Хэргийн нөхцөл байдал:

2.Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс тус эмнэлгийн 1 давхрын 36 м.кв талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслэхээр сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулах ажлын хэсгээс “М” ХХК шалгарсан талаар 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

2.1.Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” А/22 дугаар тушаалаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50, 51 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн талбай түрээслэх сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн саналыг үндэслэн сонгон шалгаруулалтыг хүчингүй тооцож,

2.2. 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 400 дугаар албан бичгээр “М” ХХК-д талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосныг мэдэгдэж, түрээслэн ажиллуулж байгаа талбайг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлжээ.

3.Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч “Хууль ёсоор шалгарсан манай компанитай гэрээ байгуулахаас татгалзаж, өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. ... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, Засгийн газрын төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын 10 дахь заалтаар мэдэгдэл хүргүүлсний дараа гэрээ байгуулах зохицуулалттай” гэж,

3.1.Хариуцагчаас “... Сонгон шалгаруулалт зохион байгуулсан Ажлын хэсэг хуралдаж “... шалгаруулалт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 51 дүгээр тогтоолын дагуу явагдаагүй, ажлын хэсгийн гишүүд холбогдох хууль эрх зүйн мэдлэг дутмаг, А3 сертификатгүй, туршлагагүй байсан тул ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. ... Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 51 дүгээр тогтоолын 2.3.5 дахь заалтыг зөрчиж, зааварт заасны дагуу дүгнэлт гаргаагүй атлаа “М” ХХК-д орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь шалгарсан талаар албан бичиг хүргүүлсэн байна” зэргээр маргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

4.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 109/ШШ2025/0045 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2026/0040 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 109/ШШ2025/0045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.М шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

6.1.Магадлалд “Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар албан бичгийг сонгон шалгаруулалтыг цуцлах эрхийг хариуцагч байгууллагад олгосон, зөвлөсөн шийдвэр” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд сонгон шалгаруулалтын шууд цуцал гэсэн утга байхгүй.

6.2.Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд саналын хуудсанд гарын үсэг зураагүй нь манай компанийг буруутгах шууд үндэслэл болохгүй бөгөөд шүүх сонгон шалгаруулалтын гишүүд санал хураалтын баримтад гарын үсэг зурагдаагүй шалтгааныг тодруулаагүй.

6.3.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгийг анхан шатны шүүх тайлбарлаж хэрэглэсэн боловч давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, маргаагүй гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газартай байгуулсан түрээсийн гэрээнд дүгнэлт өгөөгүй орхигдуулсан.

6.4.Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгч манай компанийн Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газартай байгуулсан гэрээг шууд цуцалж байгаа нь хууль бус гэж маргасан боловч давж заалдах шатны шүүх “хэргийн оролцогчид маргаагүй асуудал” гэж дүгнэсэн нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байна.

6.5.Цаашид аливаа сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн гишүүд гарын үсгээ зураагүй, мэдлэг хүрээгүй гэх мэт шалтгаанаар нэгэнт явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгодог, шүүх түүнийг нь сонгох боломжоо хэрэглэсэн байна гэж зөвтгөх байдлаар хууль хэрэглээг үгүйсгэх нөхцөлийг үүсгэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

8.Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

9.Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/06 дугаар тушаалаар нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох заавар журмын дагуу зохион байгуулахыг нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

10.Улмаар нэгдсэн эмнэлгээс тус эмнэлгийн 1 давхрын 36 м.кв талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслүүлэхээр, материал хүлээн авах хугацааг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг гэж түрээсийн сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ. Тус сонгон шалгаруулалтад “Х” ХХК, “М” ХХК, “Ш” ХХК, “Д” ХХК тус тус материалаа ирүүлсэн байна.

11.Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны шийдвэрээр “М” ХХК-ийг үндэсний үйлдвэрлэгч, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулдаг гэх үндэслэлээр сонгон шалгаруулж, нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай албан бичгээр “М” ХХК-д мэдэгджээ.

12.Үүний дараа нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” А/22 дугаар тушаалаар шалгуур үзүүлэлтийг сонгон шалгаруулалтын зард бүрэн тусгаагүй, өмнөх гэрээ цуцлагдсан эсэх нь тодорхойгүй, ажлын хэсгийн гишүүд орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах хууль эрх зүйн мэдлэг дутмаг, туршлагагүй гэх үндэслэлээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 51 дүгээр тогтоолын 4.4-д заасныг баримталж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Маргаан бүхий актыг сонгох боломжийн хүрээнд гарсан шийдвэр гэж үзэх эсэх,

-Захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг бусад этгээдэд шилжүүлэх боломжтой эсэх,

-Эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэх тухай байна.

13.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “... Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ыг баталжээ. Тус журмын 10-д “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална” гэж заасны дагуу төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх харилцааг зохицуулах тодорхой эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгожээ. Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг баталсан байна.

14.Дээрх хууль, захиргааны хэм хэмжээний актуудаас үзвэл хуульд заагаагүй үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй.  

15.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасны дагуу гагцхүү хууль, журамд заасан үндэслэлээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох учиртай.

16.Маргаан бүхий актын сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг зард бүрэн тусгаагүй, ажлын хэсгийн гишүүд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, үнэлгээний хуудаст зарим гишүүн гарын үсэг зураагүй гэх үндэслэл нь сонгон шалгаруулалтын дотоод зохион байгуулалтын асуудал болохоос бус энэ үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Засгийн газраас баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-д заагаагүй.

17.Мөн маргаан бүхий акт нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 4.4-д “Сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг тухайн түрээслүүлэгч байгууллага шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэсэн.

18.Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх “сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эсэх нь хариуцагчийн сонгох боломжид хамаарна” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонгох боломжийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байна. 

19.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж заасан бөгөөд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь сонгох боломжид хамаарахгүй.

20.Өөрөөр хэлбэл, эрх зүйн үр дагавар үүсгэсэн өмнөх сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг хуульд үндэслэх буюу хүчингүйд тооцохоор хууль, журамд тусгайлан заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд хүчингүйд тооцох шийдвэр гаргах агуулгатай бөгөөд хүчингүйд тооцох эрх нь шалгуургүй олгосон сонгох боломж биш. 

21.Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг гагцхүү хуулиар тодорхой зорилго, агуулга, цар хүрээнд олгох шаардлагатай учир хуулиар олгосон хэм хэмжээний акт батлах эрхийг цааш бусад этгээдэд шилжүүлэх нь “хуульд үндэслэх зарчим”-д нийцэхгүй.[1]

22.Маргаан бүхий тохиолдолд Засгийн газраас баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ийн 10-д “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална” гэж заасны дагуу гэрээний үлгэрчилсэн загвар болон түрээслэгчийг сонгон шалгаруулах журам батлах эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгосон. Харин, нэгэнт сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүйд тооцох эрхийг тус журмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгоогүй байх төдийгүй хэм хэмжээний акт батлах эрхийг бусад этгээдэд шилжүүлснийг сонгох боломж гэж үзэх нь хэм хэмжээний акт батлах эрхийг шилжүүлэх үзэл баримтлал, агуулгатай нийцэхгүй байна. 

23.Цаашилбал, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж, 48.2.3-т “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж, 48.2.5-д “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэж тус тус заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл маргаан бүхий тохиолдолд хамаарахгүй.

24.Иймд маргаан бүхий Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” А/22 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

25.Тус тушаал хүчингүй болсноор нэхэмжлэгчийг сонгон шалгаруулсан 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаар албан бичгийн эрх зүйн үйлчлэл буцаан сэргэх тул нэхэмжлэлийн түрээсийн гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг мөн хангах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 109/ШШ2025/0045 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2026/0040 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 48 дугаар зүйлийн 48.2, 59 дүгээр зүйлийн 59.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргад даалгаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                       Д.БАТБААТАР

    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

    Ц.ЦОГТ

 

 

 

[1] Захиргааны хэм хэмжээний акт (Comparative Study and Case Analyses) 23 тал, 84-91 тал (2025 он).