Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2016/00537

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, утас *****, РД:*******, Б овогт Зын Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, утас *****, РД:***********, Б овогт Тн Хт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ж, хариуцагч Т.Х, гэрч Ш.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Хаас адууны үнэ 1800000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч З.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Тускейн Х нь харилцан тохиролцож надаас 1800000 төгрөгт 3 адуу худалдаж авсан. Би тохиролцсон хугацаанд түүнээс худалдсан адууны үнэ болох 1800000 төгрөгийг шаардсан боловч янз бүрийн шалтаг зааж, сүүлдээ намайг хэл амаар доромжлон өнөөдрийг хүртэл өгөөгүй юм. Иймд иргэн Т.Хаас 1800000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2014 оны 8, 9 дүгээр сард зах дээр Т.Х гэдэг хүнтэй танилцаад тухайн үед надаас борлуулж байгаад мөнгийг өгье гээд зээлээр 2 морь авсан. Тэгж байгаад дээр нь 4 морь, 3 үхэр өгсөн. Тухайн үед мөнгийг өгч байсан. Сүүлд нь 9,10 дугаар сарын үед 6 морь, 3 үхэрний тооцоо хийхэд 2 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсан. Тэгэхэд сүүлийн 3 үхрийг чиний хэлсэн үнээр борлуулж чадсангүй, 1,8 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг минь өгөөрэй гээд асуухад Би өгнө, оюутан сургаж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрт хийчихсэн. Мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Тэгээд өвөл А бид хоёр зах дээр явж байгаад энэ хүнийг морь зарж байхад нь тааралдаад морио зараад миний мөнгийг өгөөрэй гэж асуусан. Тэгэхэд надад энэ морьноос өөр хөрөнгө байхгүй, би тэгж байгаад мөнгөтэй болохоор өгнө гэсэн. Ингээд би энэ оны 4 дүгээр сард утсаар ярьхад мөнгө өгнө гэдгээ хэлж байсан. Энэ талаарх бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Дараа нь 5 дугаар сард гэрт нь очиход мөнгө байхгүй, өгөхгүй, чи юу яриад байгаа юм вэ гээд хэл амаар доромжилж, зодоон гаргах дөхсөн. Мөн эхнэртэйгээ хамт очиход намайг архичингаар дуудаж архи уусан мөнгөө надаас нэхэж байгаа юм уу гээд доромжилсон. Энэ хүн намайг архи уугаад явж байсныг огт харж байгаагүй. Энэ хүн надаас адууг аваад борлуулж өгөөд мөнгийг өгдөг байсан. Тэрхүү адууны үлдэгдэл мөнгө 1.8 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Х одоо Өлгий сумын 4-р багт оршин суудаг. Би З.Жын надаас 1800000 төгрөг гаргуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна. Би З.Жыг сайн танина. Учир нь бид хоёр олон жил хоорондоо холбоотой малын ченж хийдэг хүмүүс юм. Би З.Жын авч ирсэн малыг борлуулж өгч, мөнгийг өгдөг байсан юм. Түүнийг надад авч ирсэн малыг би аваад өөрийн мөнгийг өгч байсан юм. З.Ж нь 3 жилийн өмнө надад Өсерхан гэдэг жолоочоор 3 үхэр, 3 адуу авч ирж өгөөд маргааш нь мөнгийг нь авч байсан юм. Би Жын авч ирсэн малыг авч, маргааш нь өөрийн мөнгийг өгч бид хоёрын хоорондын асуудал дууссан юм. Хэрэв Ж нь надад 3 адууг өгч, дараа нь борлуулж мөнгийг нь өг гэж бид хоёр хоорондоо харилцсан тохиролцсон бол миний гарын үсгийг зуруулж, надаас бичиг авах ёстой байсан юм. Тухайн үед би Жаас 3 адуу авч маргааш нь мөнгийг өгсөн учир бид хоёрын дунд бичиг хийх шаардлагагүй болсон юм. Яагаад гэвэл Ж нь малыг надад авч ирж өгөөд маргааш нь мөнгийг авч явсан байсан юм. Бидний дунд болсон асуудал үүгээр дууссан болно. Бид хоёр хамт олон жил малын ченж хийдэг байсан хүмүүс юм. Ж нэхэмжлэлдээ: 1800000 төгрөгийг шаардсан боловч янз бүрийн шалтаг зааж, сүүлдээ намайг хэл амаар доромжлон өнөөдрийг хүртэл өгөхгүй юм гэжээ. Энэ бол үндэсгүй худлаа намайг гүтгэж байна гэж би ойлгож байна. Ж нь 3 жил болсны дараа асуудлыг мартуулж байгаад надаас мөнгө нэхэмжилж мөнгө салгаж авах гэсэн арга гэж үзэж байна. Яагаад гэвэл надад мал өгснөөс хойш одоо хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй ба би мал авч мөнгө өгөхөөр харилцсан тохиролцож, гарын үсэг зурсан баримт байхгүй учир би Жын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй юм. Шүүхээс хүсэх нь: Надаас 3 адууны үнэ 1800000 төгрөг гаргуулахаар гаргасан З.Жын үндэсгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Т.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хүн 2016 оны 7,8 дугаар сард надад 3 адуу авчирч өгсөн. Нэг нь их туранхай байсан. Надад нядалж өг гэсний дагуу нядлаад махыг нь өгсөн. Энэ хүн орон сууцанд амьдардаг учраас мал нядлах газар байхгүй гээд надад малаа өгөөд нядлуулдаг байсан. Би ченж хийгээд олон жил болсон. Сүүлд нь бие маань муудаад 2015 оны 02 дугаар сараас хойш мал нядалж ченж хийхээ больсон. Ер нь надад олон удаа мал өгөөд дараа нь мөнгийг нь авдаг байсан. Ченжүүдэд тэмдэглэлийн дэвтэр гэж байдаг. Тэр дэвтэр дээр хэнээс ямар мал авснаа тэмдэглэдэг байсан. Сүүлд нь 3 адуу болон хэдэн үхэр авчирч өгсөн. 2 адууг зараад мөнгийг өгсөн. Нэгний мөнгийг сүүлд нь өгсөн. Өөрт нь энэ тухай тэмдэглэж авсан зүйл байвал гаргаж өгөх байх. Дараа нь нэг удаа надтай утсаар яриад танд нэг адууны мөнгө үлдсэн байна гэж хэлсэн. Тэгэхэд би надад тоглоом болгож хэлсэн байх гэж бодсон. Тэгээд 2016 оны хавар дахиад нэг удаа утсаар ярьсан. Тэгэхэд мөнгө өг гэхэд уурлаад битгий хуц гэж хэлсэн. Дараа нь би гэртээ өвчтэй байхад манайд эхнэртэйгээ хамт ирээд мөнгөө асуусан. Тэгэхэд чи юуны мөнгө яриад байгаа юм вэ?. Чи архи уусан мөнгөө надаас нэхэмжлээд байгаа юм уу?. Эхнэрт нь та энэ хүнээ эмчлүүлээд аваад ирээрэй, энэ галзуу хүнээ аваад яваарай гэж хэлэхэд эхнэр нь уурлаад гараад явсан. Энэ цагт 1.8 сая төгрөг байтугай 18000 төгрөг өгвөл маргааш нь асуудаг. Тэгэхэд хэдэн жилийн турш мөнгө асуулгүй явж байгаад яагаад өнөөдөр асууж байгаа юм вэ?. Мөн миний эхнэр хүүхдүүдэд яагаад хэлээгүй юм вэ?. Би 23, 32 насны том болсон хүүхдүүдтэй. Тэд нар бас мал нядлуулдаг. Миний хамгийн бага хүүхэд маань энэ жил 12 дугаар ангиа төгсөж байна. Тэгэхэд би чамаас авлагатай гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би үхчихсэн хүн биш. Амьд байгаа учраас түүний гаргаж өгсөн СД бичлэгт хоолойн шинжилгээ хийлгээрэй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ж нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага тодруулж Т.Хаас гурван адууг нядлуулж заруулсан 1800000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, мөн хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч З.Ж нь Т.Хаас гурван адууг нядлуулж заруулсан 1800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч З.Ж нь Өсерхан, Ш.А нарыг энэ хэрэгт холбогдуулан гэрчээр асууж өгөх тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1583 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Өсерханыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан тухайгаа хүсэлтээ ирүүлснээр гэрчээр Өсерханыг асуугаагүй болно.

Харин гэрч Ш.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ... нэхэмжлэгч З.Ж, хариуцагч Т.Х нарын хооронд ямар асуудал байгааг би мэдэхгүй. З.Ж нь нэг жилийн өмнө гэж юм ярьсан өөр юм сонсоогүй мэдэхгүй гэж мэдүүлж байх ба гэрч Ш.А нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд маргаан бүхий гурван адууг нядлуулж заруулсан 1800000 төгрөг-ийн асуудлын талаарх эх сурвалжийг зааж өгч чадаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч З.Жын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн утасны бичлэгийг СД бичлэгийг хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй тул уг бичлэгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй мөн А.Өсерхан гэх хүний тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүй тул тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Хаас гурван адууг нядлуулж заруулсан 1800000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч З.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч З.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ