Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01872

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/06969 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК холбогдох,

 

******* ХХК-ийн ТУЗ-ийн даргын гаргасан 2024 оны 05 сарын 27-ны өдрийн Г32024/08 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *******тай 2023 оны 10 сарын 01-ний өдөр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.

1.2. Тус компанийн ТУЗ-ийн дарга ******* нь 2024 оны 05 сарын 27-ны өдөр *******тай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа талаар мэдэгдэж, тухайн өдрөө ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Г32024/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үйлдэн, гомдол гаргагч *******г шууд үүрэгт ажлаас чөлөөлсөн.

1.3. Ийнхүү ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байхад *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй, 79.3-т Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэх ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан мэт бодит байдлыг гуйвуулан, ямар ч үндэслэлгүйгээр *******г үүрэгт ажлаас чөлөөлж, ажилтны эрхийг ноцтой зөрчсөн.

1.4. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль болон талуудын хооронд байгуулагдсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 7.3-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* нь *******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

1.5. ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* нь дээрх Хөдөлмөрийн тухай хууль, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчиж, *******д огт мэдэгдэлгүй шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан, боломжит хугацаа олголгүйгээр нэхэмжлэгчийг шууд орлогогүй болгож хохироосон.

1.6. Онцгой нөхцөл бүхий гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн хуулиар харилцаа нь зохицуулагдаж байгаа. Компанийн тухай хуулийн дагуу гэрээг цуцлах эрх бүхий этгээд нь гэрээг цуцлаагүй байна.

1.7. Гүйцэтгэх захирлыг өөрчлөх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл хариуцна гэсэн байна. Иймд ******* ХХК-ийн ТУЗ-ийн даргын гаргасан 2024 оны 05 сарын 27-ны өдрийн ГЗ2024/08 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 69,030,423 төгрөг, борлуулалтын орлогод 4,354,768 төгрөг нийт 73,385,991 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь *******тай 2023 оны 10 сарын 01-ний өдөр 2023/17 тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байх хугацаанд тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг *******гийн цахимаар гаргасан шаардлагын дагуу дуусгавар болгосон.

2.2. Гэрээний 2.2 дугаар зүйлийн 2.2.1-т Гүйцэтгэх захирал нь ... компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ... удирдан зохион байгуулж, үр ашигтай ажиллах үүрэгтэй, 4 дүгээр зүйлийн 4.2-т 7 хоногт 2-оос доош удаа үйлдвэрийн байранд биечлэн очиж ажиллана гэж тус тус заасан. Гэтэл ******* нь ажиллаж байх хугацаандаа үйлдвэрийн байранд долоо хоногт 2-оос доошгүй удаа очиж ажилладаггүй байсан бөгөөд ажлын цагийг цалгардуулж үр ашиггүй өнгөрөөсөн тохиолдлууд удаа дараа гарсан.

2.3. 2024 оны 05 сарын 24-ний өдөр манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрсдийн үйл ажиллагааг таниулах зорилгоор анхны эвент зохион байгуулсан бөгөөд тус эвентэд 300 хүн урихаар төлөвлөж ТУЗ-ийн дарга 100 хүн, үйл ажиллагаа хариуцсан захирал 100 хүн, гүйцэтгэх захирал ******* 100 хүн тус тус урих чиглэл гаргаж ажилласан. Шинээр үүсгэн байгуулагдаад удаагүй компанийн хувьд тус арга хэмжээ нь өндөр ач холбогдолтой ажил байсан боловч ******* нь 100 хүн эвентдээ урьж оролцуулах битгий хэл урилгаа ч тараагаагүй байснаас үүдэн тус арга хэмжээ нь үр ашиггүй амжилтгүй зохион байгуулагдсан.

2.4. Ийнхүү ******* гүйцэтгэх захирлын үүднээс өөрийн хийж гүйцэтгэх ажилдаа сэтгэл гаргадаггүй, ур чадварын хувьд хангалтгүй байдал нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байсан учир ТУЗ-ийн дарга ******* нь *******тай 2024 оны 05 сарын 25-ны өдөр уулзан ажлын үр дүн, гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар хэлж энэ байдал нь засагдахгүй байгаад сэтгэл хангалуун бус байгаа тухай хэлж шаардлага тавьсан.

2.5. Гэтэл ******* ийнхүү шаардлага тавьсан өдрөөс хойш 2 хоног ажилдаа ирээгүй бөгөөд 2024 оны 05 сарын 27-ны өдөр ******* руу ... тушаал гаргаад, бүх тооцоо юмаа бэлэн болгочхоод хэлээрэй очоод ажлаа хүлээлцчихье, ... яаралтай шийдээд өгөөрэй гэх мессеж явуулсан учир хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалыг үйлдсэн.

2.6. Хэдийгээр тухайн тушаалыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэж, гаргаагүй ч ******* нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч тул өөрөө тушаалыг гаргасан тул хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 69,030,423 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,354,768 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 2024 оны 05 сарын 27-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 503,102 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс гэрч *******гийн Өглөө ах өнгөрөөд, ажлуудаа хуваарилаад явсан. Одоо миний санаж байгаагаар өглөө 11 цаг хүртэл цуг байсан байх гэх мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийг өөрийн санаачилгаар ажлаас гарах хүсэл зоригоо хариуцагч байгууллагад цахимаар мэдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гэрч болох ******* нь хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч *******гийн төрсөн ах бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал юм.

4.2. Улсын дээд шүүхийн 2018 оны 10 сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь гэрчийн мэдүүлэг зөвлөмжийн 8.3-т Гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байдаг боловч ямар нэг хэмжээгээр хэргийн зохигчидтой харьцаатай байхыг үгүйсгэхгүй. Энэ талаас нь авч үзвэл тэрээр хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субьектив тусгах боломжтой учраас шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудалд маш анхааралтай хандах учиртай.

4.3. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн төрсөн ахын мэдүүлэг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны бусад хэрэгслээр нотлогдсон байх ёстой.

4.4. Хариуцагч ******* ХХК-ийн ТУЗ-ын дарга ******* нь нэхэмжлэгч *******г ямар нэг тушаал, шийдвэр гаргалгүйгээр ажлаас чөлөөлсөн байдаг бөгөөд харин ******* нь ажлаас чөлөөлсөн шийдвэрээ гаргаж өгөхийг хүссэн байдаг.

4.5. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******гийн хариуцагч руу фейсбүүк чатаар бичсэн Тушаал энэ тэрээ гаргаад бүх тооцоо юмаа бэлэн болгочхоод хэлээрэй ... гэснийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай хариуцагчид цахимаар мэдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн чатын хоёр дахь нүүрэнд 1. Ажлаас халсан ТУЗ-ийн тушаалаа гаргаж яаралтай өгөх, тушаал дээр ямар шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаагаа бичих... гэсэн нь нэхэмжлэгч өөрөө ажлаас гарахаа мэдэгдээгүй, харин хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай баримтыг гаргаж өгөхийг шаардаж байсан болохыг харуулж байна.

4.6. Мөн *******гийн чатад ... зээлтэй 2 хүүхэдтэй гэдгийг минь мэдэж байгаа ... зэргээр бичсэн нь тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлгүй гэдэг нь илт тодорхой байхад анхан шатны шүүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ цахимаар өгсөн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг бүх талаас нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагад нийцэхгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Тус хэрэг нь хууль хэрэглээний бус үйл баримтын маргаан тул ахуйн чанартай үйл баримт яригдахыг үгүйсгэхгүй. Талууд 2023 оны 10 сарын 01-ний өдөр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр талуудын хүлээх үүрэг хариуцлага, гэрээ дүгнэх журам, гэрээг дүгнэх цаг хугацааны давтамжийг зохицуулж өгсөн. Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан гэрээний 9 дүгээр зүйлд гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дараа гэрээг дүгнэхээр тусгасан.

5.2. ******* ХХК нь 2023 оны 06 сарын 15-ны өдөр байгуулагдсан бөгөөд жижиг савлагаатай мөс үйлдвэрлэдэг. Тухайн үйлдвэр нь Дамбад байрладаг ба шинээр үүсгэн байгуулагдсан компани учир өр зээл ихтэй. ******* ХХК нь 2024 оны 05 сарын 24-ний баасан гарагийн орой 1 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайн ойн баярын зорилго нь компанийн борлуулалтыг дэмжих зорилгоор нээлтийн арга хэмжээг төлөвлөсөн.

5.3. Тухайн үед ******* нь арга хэмжээний гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар тайлбарлаж нэхэмжлэгч *******д шаардлага тавьсан. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд *******г томилоход ******* нь надтай зөвлөөгүй томилсон гэх агуулгаар талуудын хооронд маргаан үүсэж тухайн өдрийн орой буюу баасан гарагт ******* нь ажлаа орхиж явсан. ******* нь даваа гарагийн өглөө 09 цаг 33 минутад тушаал энэ тэрээ гаргаад бүх тооцоо юмаа бэлэн болгоод хэлээрэй гэж чат бичсэн бөгөөд өөрийн биеэр ирж ажлаа хүлээлцэж өгөөгүй. Шүүх тухайн чатад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг цахимаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэсэн.

5.4. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 сарын 30-ны өдөр гаргасан тайлбартаа ******* нь 2024 оны 05 сарын 27-ны өдөр *******тай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаагаа мэдэгдэж, тухайн өдрөө ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Г32024/08 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг үйлдэн гомдол гаргагч *******г шууд ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарладаг. Тухайн цаг үеэс эхэлж нэхэмжлэгч талын гаргасан тайлбар өөрчлөгддөг.

5.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч гаргасан тайлбартаа бид чамайг ажлаас халаагүй, чи баасан гарагийн орой ажлаа хаяж явсан бөгөөд даваа гарагийн өглөө тушаалаа гаргасан эсэх талаар чатаар удаа дараа лавласан учир чиний хүсэлтээр тушаал гаргасан гэх агуулгаар тайлбарласан. ******* нь ээлжийн амралт болон цалин хөлсөнд 14,000,000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжид 7,000,000 төгрөгийг авсан. ******* нь ажлаас чөлөөлөгдөх тушаалаа гардаж авах үедээ тухайн маргаж байгаа асуудлын талаар ярьдаггүй.

5.6. Түүнчлэн *******д ажлаас гарах хүсэлтийг чи өөрөө гаргасан талаар чатаар хэлэхэд түүний тайлбар өөрчлөгддөг. Хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн 02 сарын 26-ны өдөр гаргасан тайлбар байгаа. Тус тайлбарт тухайн өдрөө тушаалаа гаргаагүй. Би өглөө ажилдаа яваад ороод ирсэн чинь ******* намайг уулзъя гэсэн бөгөөд компанийн үйл ажиллагаа сайхан явахаар боллоо. Чи ер нь ингээд явчих. Би чамайгаа ажлаас халлаа. Тэгэнгүүт нь би гарч яваад чат бичсэн гэж тайлбарладаг.

5.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал гаргасан тайлбартаа чи өмнө нь гаргасан тайлбартаа тэр дор нь тушаалаа гаргасан, намайг шууд халсан гэж тайлбарласан. Одоо яагаад өөр тайлбар гаргаж байгаа юм бэ гэж лавлахад та нар намайг даваа гарагийг өглөө дуудаж халсан гэж тайлбарласан. Тухайн үед ******* ажилдаа ирээгүй бөгөөд түүний төрсөн ах даваа гарагийн өглөө 4 цагт нас барсан. Түүний нас барсны гэрчилгээ, эмнэлгийн тодорхойлолт зэрэг нь фото зураг хэлбэрээр хавтаст хэрэгт авагдсан. Тухайн өдөр ******* нь нэхэмжлэгч *******тай уулзаагүй гэх үйл баримтыг түүний төрсөн дүүгээр гэрчлүүлсэн.

5.8. Шүүх хуралдааны явцад гэрч *******д мэдүүлэг өгөхийн өмнө хууль сануулж, ном журмын дагуу мэдүүлгээ өгсөн байдаг. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо гэрчийн мэдүүлэг нь ашиг сонирхлын зөрчилтэй байх талаар дурддаг. Дээр дурдсан баримтаар нэхэмжлэгч *******тай даваа гарагийн өглөө уулзаагүй гэх үйл баримтыг нотолдог. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч дахин өөрийн байр суурийг өөрчилж тайлбар гаргадаг. Тухайн тайлбартаа намайг халаагүй. Би 05 сарын 30-ны өдөр тушаалаа гардаж авсан гэж зөрүүтэй тайлбар өгдөг.

5.9. Анхан шатны шүүх хуралдаан өглөө 9 цагт эхэлсэн бөгөөд 14 цагт дууссан. Нийт 5 цаг орчим хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судалсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын байр суурь өөрчлөгддөггүй бөгөөд нэхэмжлэгч талын байр суурь нотлох баримт гаргаж өгөх бүрт өөрчлөгдөж байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дүгээр талд шүүгч хариуцагчаас тушаалаа хэзээ гардаж авсан талаар 05 сарын 30-ны өдөр тушаал гарч, 06 сарын эхээр гардаж авсан гэж нэхэмжлэгч хариулдаг бөгөөд зөрүүтэй тайлбаруудыг удаа дараа өгдөг гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******тай 2023 оны 10 сарын 01-ний өдөр 2023/17 дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулж хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд уг харилцаа дуусгавар болсонтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн.

6.2. Ингэхдээ анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар мэдүүлэгт үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэхэмжлэгч *******гийн санаачилгаар дуусгавар болгосон буюу ажилтан ажлаас гарах хүсэл зоригоо хариуцагчид цахимаар мэдэгдсэн талаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн.

6.3. Гэвч шүүхээс ийнхүү ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон талаар дүгнэлт хийсэн атлаа ажил олгогчийн тушаалыг процессын алдаатай, хэлбэрийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр ажилтныг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд агуулгын болон хэлбэрийн мөн холбогдох хуульд заасан процедурт заасан журмыг баримтлах ёстой. ******* ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлтэй. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан 2023 оны 10 сарын 01-ний өдрийн гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* гарын үсэг зурсан.

7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас тухайн компанид хэдэн ТУЗ-ийн гишүүнтэй болохыг лавлахад 3 гишүүнтэй гэж хариулдаг. Шүүх хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн тушаалыг хянахдаа хуульд заасан процедур буюу холбогдох журмыг баримталсан эсэх талаар хянадаг. ******* ХХК нь ТУЗ-тэй бөгөөд ТУЗ-ийн даргаар ******* ажилладаг.

7.3. Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх захирлыг чөлөөлөх эсэх асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Шүүх дан ганц Хөдөлмөрийн тухай хуулийг хянахаас гадна Компанийн тухай хуулийн хянана. Эрх зүйн харилцаанд оролцогч талууд буюу ******* ХХК нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах зохион байгуулалттай хуулийн этгээд болохын хувьд эрх зүйн статус буюу гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн хоорондын гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийг хэрэглэх ёстой.

7.4. ТУЗ-ийн дарга ******* нь ТУЗ-ийн хурал хийгээгүй *******г ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаалд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* гарын үсэг зурсан байдаг. Хэдийгээр тухайн компани 1 гишүүнтэй боловч Компанийн тухай хуульд заасан журмыг баримтлахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн компани хэдийгээр 1 гишүүнтэй боловч ТУЗ-тэй болох хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

7.5. Иймд *******тай холбоотой асуудлыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэж, чөлөөлөх мөн гүйцэтгэх захирлыг томилох эсэх асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой.

7.6. ******* ХХК болон гүйцэтгэх захирлын хоорондын холбоотой харилцаа нь хуульд заасан тусгайлсан процесс хэрэгжээгүй, хуулиар тогтоосон хэлбэр, хуульд заасан журмыг зөрчсөн тушаал байна гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

7.7. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь 2 үйл баримтад маргаж оролцсон. Нэгдүгээрт, Компанийн тухай хуульд заасан журмын дагуу холбогдох хэм хэмжээг тусгайлан зохицуулсан процессыг зөрчсөн эрх бүхий этгээд буюу ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргах эрхтэй этгээд ******* биш юм. Энэ асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, ТУЗ шийдвэрлэх ёстой.

7.8. Тус асуудлын хүрээнд нэхэмжлэгч миний компани гэх агуулгаар тайлбарладаг учир Компанийн тухай хуульд заасан журмыг баримтална гэж тайлбар гаргаж байна. Хоёрдугаарт, Хариуцагч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа *******гийн бичсэн чатууд нь өөрийн хүслээр ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж тайлбарлаж байна.

7.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заасан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх ажилтны хүсэл зориг нь үгийн шууд утгаар би ажлаасаа гармаар байна гэх агуулгаар илэрхийлэгдэнэ.

7.10. Гэтэл *******гийн бичсэн чатын агуулга нь түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гараагүй байхад чөлөөлсөн үйл баримт харагдаж байна. Тухайн чатад ажлаас чөлөөлөх үндэслэлийг тайлбарлах, ажилгүйдлийн тэтгэмж авах агуулгаар бичигдсэн байна. Хариуцагч энэ талаарх үйл баримтыг тайлбарлахдаа цахим хэлбэрээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт ажлаас чөлөөлөгдөх ажилтны хүсэл зориг байх ёстой гэж заасан. Иймд хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

7.11. Хариуцагч тайлбартаа нэхэмжлэгчийн тайлбар өөрчлөгддөг гэх агуулгаар тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн байр суурь өөрчлөгдөж байгаагүй. Нэхэмжлэгч нь миний хүсэл зоригийн үндсэнд намайг чөлөөлөөгүй бөгөөд надад ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй гэх агуулгаад удаа дараа тайлбар гаргаж байсан.

7.12. Тухайн хэргийн үйл баримтын хувьд дүгнэхэд 2024 оны 05 сарын 27-ны өдөр хариуцагчийн зүгээс ямар нэгэн тушаал шийдвэр гаргуулахгүйгээр чөлөөлсөн гэдэг нь 2024 оны 05 сарын 30-ны өдөр бичсэн чатад авагдсан. Тус чатад нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлөгдөх шийдвэрээ өөрөө хүсээгүй. Ажлаас чөлөөлөх тушаал нь 2024 оны 05 сарын 27-ны өдөр гарсан.

7.13. Тухайн тушаал 2024 оны 05 сарын 27-ны өдөр гарсан боловч 2024 оны 05 сарын 30-ны өдөр ******* миний тушаалыг одоо өг, би зээлтэй, 2 хүүхэдтэй гэж чат бичсэн байна. Үүнээс үзэхэд ажлаас чөлөөлөх тушаал нь тухайн цаг хугацаанд гараагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймд ******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байхгүй байна.

7.14. Хариуцагч нь *******гийн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр нэхсэн үйл баримтыг ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байна гэж буруу тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч нь шүүхийн дүгнэлтэд өөрчлөлт оруулах зорилгоор давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2024 оны 05 сарын 27-ны өдрийн ГЗ2024/08 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 69,030,423 төгрөг, 04 сараас 09 сарын борлуулалтын орлогод 4,354,768 төгрөг, нийт 73,385,991 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа үйл баримт, нөхцөл байдлыг тодруулаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулах боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь ... нэг хувьцаа эзэмшигчтэй, төлөөлөн удирдах зөвлөлтэй ... гэж тайлбарлах боловч уг үйл баримт нь талуудын тайлбараар тогтоогдох үйл баримтад хамаарахгүй.

Тодруулбал, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх зүйн байдлыг тодорхойлсон Компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Анхан шатны шүүх ******* нь ******* ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалд Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримтыг дурдаж, компанийн бүтэц, зохион байгуулалттай холбоотой баримт авагдаагүй байхад Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлаж маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухай шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/06969 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 503,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

С.ЭНХБАЯР