Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 916

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, улсын яллагч М.Амарзаяа,шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Батаанарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророосТ овогт П-ын –ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02874 1058 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт П-ын Б, Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловчмөн дүүргийн 18 дугаар хороо,12 дугаар байрны **- тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 214 дүгээр цэцэрлэгийн гадна 14 настай Н.О-д “машинд гар утас цүнхээ орхиод дүүгээ цэцэрлэгээс аваад гараад ир, би буцаад автобусны буудалд орохдоо буулгаад өгье” гэж итгэл төрүүлэн хуурч 130,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, цүнх, дэвтэр, ном зэрэг эд хөрөнгийг залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Т овогт П-ын Б нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 214 дүгээр цэцэрлэгийн гадна 14 настай Н.О-д “машинд гар утас, цүнхээ орхиод дүүгээ цэцэрлэгээс аваад гараад ир, би буцаж автобусны буудал орох замдаа буулгаад өгье” гэж итгэл төрүүлэн хуурч 130,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, цүнх, дэвтэр, ном зэрэг эд хөрөнгийг залилсан”үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч П.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг зүйлгүй....” гэсэн мэдүүлэг;

            2. Иргэн Н.О-иас цагдаагийн байгууллагад гаргасан “ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөтөлийн автобусны буудлаас 17 цагийн орчим 1000-ын такси гэсэн 57-34 УБО дугаартай Хонда инсайд загварын машинд сууж, 214 дүгээр цэцэрлэгийн үүдэнд 17 цагийн үед буусан. Буцаж автобусны буудал орно, цүнхээ үлдээчих гэхээр нь машинд үлдээсэн. Тэгээд дүүгээ аваад гараад иртэл цүнх, гар утас зэргийг аваад явчихсан байсан. Иймээс буруутай этгээдийг олж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдол (хх-ийн 3 дугаар хуудас);

            3. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-7 дугаар хуудас);

            4. Эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас), эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 8 дугаар хуудас);

            5. Насанд хүрээгүй хохирогч Н.О-ийн “ Хөтөлийн автобусны буудлаас 1000 төгрөгөөр явдаг машинд суугаад 214 дүгээр цэцэрлэг рүү явж дүүгээ авах гээд явсан. Тэгээд 214 дүгээр цэцэрлэгийн хажууд очиход нөгөө жолооч ах “чи дүүгээ аваад гараад ирээ, ах нь буцаад автобусны буудал руу явна, цүнхээ үлдээчих” гэхээр нь би цүнхээ үлдээсэн. Тэгээд ороод 5-10 минут болоод гарч ирсэн чинь машин байхгүй явсан байсан. Төрсөн эгч Н бид хоёр явсан замаараа буцаж яваад дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд 54-34 УБО улсын дугаартай Хонда инсайд маркийн хар хөх өнгөтэй машин байсан. Суудлын бүрээс нь хар саарал өнгөтэй байсан. Өөр содон зүйл байгаагүй. Цүнх дотор гар утас, дэвтэр, ном байсан. Алдсан зүйлээ олж авмаар байна. Уг жолоочид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү..,тухайн таксины жолооч “ах нь буцаж доошоо уруудна, юмнуудаа үлдээчхээд дүүгээ аваад гараад ирэхгүй юу” гэж хэлэхээр нь итгээд машин дотор цүнхээ орхиод буусан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас);

            6. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр П овогтой Б гэх LG загварын гар утсыг 30,000 төгрөгийн барьцаанд тавьж,2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт барьцааны мөнгө болох 32,400 төгрөгийг төлж утсаа авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);

            7. Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөрСонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ДундНарангийн 20-639б тоотод гэртээ байж байхад 18 цаг өнгөрч байсан санагдаж байна, манай дүү О нь цүнх болон гар утсаа алдчихлаа гэхээр нь юу болсон талаар асуухад Хөтлийн автобусны буудал дээрээс 1000 төгрөгөөр явдаг таксинд суугаад 214 дүгээр цэцэрлэгийн гадаа очиж цэцэрлэг рүү явж орох гэж байхад нь таксины жолооч “чи цүнхээ үлдээгээд дүүгээ аваад гараад ир, ах нь буцаад зам руу буулгаад өгье” гэж хэлэхээр нь цүнхээ машинд үлдээчихсэн. Тэгээд буцаад гараад ирэхэд нь таксины жолооч байхгүй, явчихсан байсан гэж хэлсэн. Таксины жолооч манай дүүг машинаас буух гэж байхад нь ах нь буцаад төв зам руу орно буцаагаад хүргээд өгье, цүнхээ орхиод дүүгээ хурдан аваад гараад ир гэж хэлсэн гэж байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);

            8. “Мастер үнэлгээ” ХХК-ны2019 оны 5 дугаар 23-ны өдрийн “...гар утас, цүнх, ном, дэвтрийг 130.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн үнэлгээ (хх-ийн 32-33 дугаар хуудас);

            9. “Эрдэнэс барьцаат зээлийн “...LGзагварын гар утсыг 30,000 төгрөгийн зээл-2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр...” гэрээ (хх-ийн 61 дүгээр хуудас);

10. Шүүгдэгч П.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48 дугаар хуудас);

            11. Шүүгдэгч П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 57-34 УБО улсын дагаартай Хонда инсайт маркийн машинтай халтуурт явдаг юм. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15-16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн орчимд халтуур хийгээд явж байтал замын баруун талд нэг охин гараа өргөхөөр нь машиндаа суулгаад 214 дүгээр цэцэрлэг рүү явсан. Цэцэрлэг явах замдаа нөгөө охинтой танилцсан. Одоо нэрийг нь сайн санахгүй айна. Тэр охин цэцэрлэгээс дүүгээ авна гэж байсан. Бид хоёр цэцэрлэгийн  гадаа очтол манай дүү тарах болоогүй байна, хоёулаа жаахан юм ярьж сууя гэж хэлсэн. Тэр охин дүүгээ авчхаад гараад ирье хүлээж байгаарай гээд цэцэрлэг лүү явж орсон. Буухдаа миний машин дотор дуу сонсоод сууж байсан LG загварын гар утас, сурагчийн үүрдэг цүнхний хамт орхиод буучихсан байсан. Би цүнхийг нь зогсож байсан газраа орхиод утсыг нь аваад явсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад байсан юм...цүнхийг нь үлдээчхээд утсыг нь авч яваад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын орчимд байрлах нэрийг нь сайн мэдэхгүй ломбардад 30,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр хүүхэд цэцэрлэг рүү ороод дүүгээ авчхаад гараад ирье, байж байгаарай гэж хэлэхээр нь би за гэж хэлээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас залилан мэхэлж шилжүүлэн авсан эд зүйл болох “LG” загварын гар утсыг 70,000 төгрөгөөр, цүнхийг 45,000 төгрөгөөр, ном дэвтрийг 15,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 130,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч П.Б-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч өөрийн дураар захиран зарцуулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч П.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Б-ыг“залилах” гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Н.О нь LG загварын гар утсаа биет байдлаар буцаан авсан (хх-ийн 8 дугаар хуудас), гомдол саналгүй (хх-ийн 72 дугаар хуудас)гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:“...Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэст эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг хэрэгт хадгалах саналтай байна. Шүүгдэгч Б нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнтэй маргах зүйлгүй. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Б нь ажил эрхэлдэг талаар баримт байхгүй боловч хувиараахалтуур хийж орлого олдог. Түүний үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ бага бус буюу нийгэмд учирсан хор уршиг арилсан байгааг харгалзан үзнэ үү...” гэв.

Шүүгдэгч П.Б нь торгуулийн ялыг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар, хорих ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн шаардлагыг хангаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 6 (зургаа) сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах,2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй хэмээн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй...бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан тул шүүгдэгч П.Б-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг тогтоолоор сануулав.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээж, архивд хадгалуулах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овогт П-ын Б-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах” гэмт хэргийгбусдыгхуурч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч П.Б-дмөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Б-д 6(зургаан) сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа газарт мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч П.Б-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгожял оногдуулахыг сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийгхэргийг хадгалах хугацаагаар архивд хадгалуулахаар хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б ньцагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Б-д урьдавсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА