Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01912

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03079 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс цуцалж, 2,693,011,294.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компани хариуцагч Эврэст ланд групп ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ZTC800 маркийн 80 тонны хүчин чадалтай 1 ширхэг автокраныг 349,000 ам.доллароор, мөн ZTC600 маркийн 60 тонны хүчин чадалтай 1 ширхэг автокраныг 273,00 ам.доллароор тус тус худалдан авсан. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн дэлхий даяар тархсан Ковид 19 цар тахлын улмаас эдгээр авто краныг зориулалтын дагуу ашиглахгүй байсаар 2023 онд Төв аймгийн Баянцагаан суманд баригдаж буй Бодь интернэйшнл ХХК-ийн 50 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын барилгын ажил, Улаанбаатар хотод баригдаж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд тус тус ажил гүйцэтгэхээр тохиролцоод холбогдох албан тушаалтнуудад үзүүлэхэд танай 80 тонн даацтай авто кран биш, 70 тонн даацтай авто кран байна гэж хэлээд ажил гүйцэтгүүлэхээс татгалзсан. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 003 дугаартай дүгнэлтээр ZTC800V532 загварын 80 тонны даацтай авто краны бүтэц, техникийн үзүүлэлтүүд нь ZTC700V552 загварын 70 тонны даацтай авто крантай ижил болох нь, мөн тус 2 авто краны арлын дугаарыг засварлаж, шинээр бичсэн болох нь мөн тогтоогдсон. Дээрхээс үзэхэд хариуцагч нь гэрээнд заасан хүчин чадал бүхий авто краныг нийлүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Иймд, хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, хариуцагчаас 2,106,783,688 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч нь анхнаасаа гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийн авахыг хүссэн авто краны стандартад нийцээгүй авто крануудыг нэхэмжлэгчид худалдаагүй байсан бол нэхэмжлэгч нь ******* болон ******* ХХК-иас зээл авч, зээлийн хүүгийн төлбөр төлөхгүй байсан.

...Иймд, *******наас авсан зээлийн хүү болон шимтгэлд төлсөн нийт 456,846,043.80 төгрөг, ******* ХХК-иас авсан зээлийн нийт хүүнд төлсөн 120,381,562.57 төгрөг буюу нийт 586,227,606,37 төгрөг гаргуулах болгон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Нийт 2,693,011,294.37 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани нэхэмжлэгч ******* ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу арлын дугаартай ZoomLion брэндийн ZTC800V532 маркийн 80 тонны даацтай автокраныг, мөн арлын дугаартай ZoomLion брэндийн ZTC600V532 маркийн 60 тонны даацтай автокраныг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад импортоор оруулж ирж тус компанид хүлээлгэн өгсөн. Гэтэл худалдан авагч уг хоёр авто краныг биет байдлын доголдолтой гэдгийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 003 дугаар шинжээчийн дүгнэлт, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тухай прокурорын тогтоолоор тус тус нотлогдоно гэж үзэн талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, манай компанийн зүгээс нэхэмжлэгчид 2 авто краныг 2019 оны 05 дугаар сарын 27, 29-ний өдөр хүлээлгэн өгч, ийнхүү хүлээлгэн өгснөөс хойш 12 сарын чанарын баталгааг гаргасан байдаг. Энэхүү баталгаат засварын хугацаанд ******* ХХК-аас ямарваа нэгэн санал, гомдлыг гаргаж байгаагүй бөгөөд дээрх маргаан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн гэрээний 3 дугаар зүйлд талуудад төлбөр нөхцөл хугацаагаа тохирчихсон байгаа. 3.1, 3.3, 3.5-т төлбөрийг урьдчилгаа 20 хувь төлнө, үлдэгдэл төлбөрийг 120 хоног хугацаанд *******ны аккредитивээр төлнө гэж тохирсон. Түүнээс биш банкны зээлээр болон банк бусын зээлээр аваарай гэж тохироогүй. Энэ бол худалдан авагчийн өөрийнх нь хүсэл зоригийн асуудал. Бидний ойлгосноор аккредитив гэдэг нь дурын дансанд мөнгө байршуулаад тухайн авто краныг авсны дараа аккредитив нь нээгдээд хариуцагч буюу манай компанид өгнө гэсэн санхүүгийн хэрэгсэл ийм зүйлийг тохирсон. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Мөнгөнхошуут  хүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2,693,011,294.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,781,619 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

1. Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст 230903016 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан ба мөрдөгчийн томилсон шинжээч, зөвлөх инженер гийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 003 дугаартай дүгнэлтээр ZTC800V532 загварын 80 тонны даацтай авто краны бүтэн, техникийн үзүүлэлтүүд нь ZTC700V552 загварын 70 тн даацтай авто крантай ижил байна гэж,

******* УНП улсын дугаартай Zoomilon маркийн ZTC800V532 маркийн, УБР улсын дугаартай Zoomilon маркийн ZTC600V532 маркийн автокранд үзлэг хийхэд арлын дугаарыг шинээр бичсэн байх үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн.

Гэтэл, анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хангаж шийдвэрлэсэн боловч 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох ZTC800 болон ZTC600 маркийн авто кранд үзлэг, туршилт хийлгэх, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох болон мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг үгүй хийсэн.

2. ...Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлыг илрүүлэх, мэдэх боломжгүй буюу эдгээр авто крануудыг гадна талаас харагдах байдлаар нь ялгах ямар ч боломжгүй бөгөөд техникийн нарийн үзүүлэлтүүдийг нь зөвхөн мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн туршилт хийх замаар хэмжиж, тогтоох боломжтой юм. Тиймээс нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан шүүхээр эдгээр авто крануудад үзлэг, туршилт хийлгэх болон шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нөгөөтээгүүр, гэрээний 5.2 дахь хэсэгт заасан баталгаат хугацаа нь автокраны эвдрэл, гэмтэлтэй холбоотой буюу эд хөрөнгийн доголдолтой холбоотой заалт байхад шүүх нийлүүлсэн авто краны шинж, чанартай холбон тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэнээр үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний зүйл ZTC800V532 загварын 80 тонны даацтай авто краны бүтэц, техникийн үзүүлэлтүүд нь ZTC700V552 загварын 70 тонны даацтай авто крантай ижил болон мөн ZTC800 болон ZTC600 маркийн авто краны арлын дугаарыг засварлаж, шинээр бичсэн болохыг шинжээч гийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 003 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсанаар анх олж мэдсэн.

Тиймээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03079 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Маргаантай гэрээг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу манай компани 2019 оны 04 дүгээр сард авто краныг оруулж ирээд 05 дугаар сарын 2627-ны өдөр хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар нийлүүлэх авто кран нь 60 тонны даацтай, мөн 80 тонны даацтай байх шаардлагатай байсан бөгөөд манай компани энэхүү техникийн шаардлагыг бүрэн хангаж, гэрээний нөхцөлийн дагуу хүлээлгэн өгсөн. Гэрээнд 1 жилийн баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацаанд хариуцагч талаас ямар нэгэн доголдлын талаар мэдэгдэл, шаардлага ирүүлээгүй. Гэтэл 2024 онд буюу гэрээний баталгаат хугацаа аль хэдийн дууссаны дараа доголдол байна гэх зөрчил дэвшүүлсэн нь үндэслэлгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 02 дугаар сард нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н. шинжээч г гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шүүгчийн гаргасан захирамжид заавал байх ёстой мэдээллүүд буюу гэрчийн овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар, мөн гэрчийн мэдүүлгээр юуг нотлох зорилготой болохыг тодорхой дурдаагүй талаар дурдсан тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж заасан тул шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй.

Талуудын байгуулсан гэрээний 5.1.2, 5.2-т зааснаар журамд техникийн хэрэгслийг хүлээлгэж өгөх, баталгаат хугацааг тогтоох болон баталгаажих журмыг хавсралтаар баталсан. Уг журмын 2.1-т заасан хугацаанд доголдол илэрсэн тохиолдолд худалдагч хариуцна гэж заасан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгтэй нийцэж байна. Талууд харилцан тохиролцон нэг жилийн баталгаат хугацаа тогтоосон бөгөөд уг хугацаанд доголдол илрэх тохиолдолд худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй. Гэвч баталгаат хугацаа нь 2020 онд дууссан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээнд заасан үүргийн эрхээ алдсан гэж үзэж үндэслэлтэй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн үнэ болон хохиролд нийт 2,693,011,294.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн боловч талуудын маргаж буй зүйлийн талаар эрх зүйн дүгнэлт дутуу өгсөн, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19/26 дугаартай техник хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ гэрээ байгуулж, ZTC800 маркийн 80 тонны даацтай автокраныг 349,600 ам.доллароор, /1.х.х-ийн 6-10/

 

мөн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19/27 дугаартай техник хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ гэрээ байгуулж, ZTC600 маркийн 60 тонны даацтай автокраныг 273,600 ам.доллароор тус тус худалдан авахаар тохиролцжээ. /1.х.х-ийн 11-15/

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь дээрх 2 автокраныг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаалийн хилээр оруулж, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ZTC800 маркийн 80 тонны даацтай автокраны, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ZTC600 маркийн 60 тонны даацтай автокраны тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус авч, улмаар нэхэмжлэгч ******* ХХК-д хүлээлгэн өгсөн байна. /1.х.х-ийн 60-61, 93-94/

Энэ тохиолдолд дээр дурдсан хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний зүйлийг өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.

 

5. Талууд худалдах, худалдан авах гэрээний зүйл доголдолтой эсэх, тийнхүү доголдолтой бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх талаар маргасан.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Тодруулбал, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автокраны өргөх даац нь гэрээний гол нөхцөл болох учир хэрэв гэрээгээр тохирсон өргөх хүчин чадалд хүрэхгүй тохиолдолд доголдолтойд тооцогдоно.

 

Хэрэгт авагдсан Монгол Улсын зөвлөх инженер гийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 003 дугаартай дүгнэлтээр:

 

- ZTC800V532 загварын 80 тонны даацтай автокраны бүтэц, техникийн үзүүлэлтүүд нь ZTC700V552 загварын 70 тонны даацтай автокрантай ижил байна,

 

- ...******* УНП улсын дугаартай Zoomilon маркийн ZTC800V532 загварын арлын дугаартай автокранд үзлэг хийхэд арлын дугаарын дээд талд рамыг замаскдаж будсан, точилдсон ул мөр илэрлээ...мөн машины арал дээрх пайз болон бүхээг дээрх пайзуудын /автокран болон автокраны төхөөрөмжийн бүхээг дээрх пайзыг нэг загвараар бичсэн байдаг/ огноог цэгтэй тоогоор бичсэн буюу үндсэн бичиглэлээс өөр байна. Иймд тус краны арлын дугаарыг шинээр бичсэн байх үндэслэлтэй гэж үзэж байна,

 

- ... УБР улсын дугаартай Zoomilon маркийн ZTC600V532 загварын арлын дугаартай автокранд үзлэг хийхэд арлын дугаарын дээд талд рамыг замаскдаж будсан, точилдсон ул мөр илэрлээ... машины арал дээрх пайз болон бүхээг дээрх пайзуудын /автокран болон автокраны төхөөрөмжийн бүхээг дээрх пайзыг нэг загвараар бичсэн байдаг/ огноог цэгтэй тоогоор бичсэн буюу үндсэн бичиглэлээс өөр байна. Тухайн автокраны огноог үндсэн бичиглэлээс өөр шрифтээр бичсэн талаарх шалтгааныг /үйлдвэрийн тайлбар байхгүй/ тодорхой тайлбарлах боломжгүй байна... гэжээ. /1.х.х-ийн 70-82/

 

6. Хэдийгээр худалдагч ******* ХХК-ийн зүгээс эдгээр 2 автокраныг худалдан авагч ******* ХХК-д зохих ёсоор хүлээлгэн өгсөн, хэвийн ажиллаж байна гэж тайлбарласан боловч уг ZTC800V532 загварын автокран нь гэрээнд заасан өргөх хүчин чадалд хүрэхгүй байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул доголдолтой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн зүгээс үүнийг баримтаар няцаагаагүй.

 

Харин ZTC600 маркийн 60 тонны даацтай автокран болон ZTC800V532 загварын 80 тонны даацтай автокраны арлын дугаарыг точилдож зассан гэх маргааны хувьд тухайн автокрануудыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн, мөн худалдан авагч ******* ХХК-д хүлээлгэн өгөх цаг хугацаанд анхнаасаа засварлагдсан байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэрээний зүйлийн арлын дугаар болон техникийн бичиг баримт өөрчлөгдсөн гэж шууд дүгнэх боломжгүй.

 

Анхан шатны шүүх зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйлүүд доголдолтой эсэх талаар тухайлан дүгнэлт өгөөгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүх нэмж дүгнэнэ.

7. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан.

 

Тодруулбал, худалдан авагч ******* ХХК нь ZTC800V532 загварын 80 тонны даацтай автокраныг баталгаат хугацааны дотор, эсхүл уг эд хөрөнгийг шилжүүлэн авсан өдрөөс хойш зургаан сарын дотор гэрээгээр тохирсон өргөх хүчин чадалд хүрээгүй /доголдолтой/ гэсэн үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрхтэй.

 

Гэвч тус хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гээд 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж зааснаар нэхэмжлэгчийг эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор энэ талаар худалдагчид шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Учир нь,

 

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь авто крантай холбоотой аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, мөн өнгөрсөн хугацаанд хариуцагчаас хэд хэдэн удаа авто кран худалдан авч байсан мэргэжлийн хуулийн этгээд байх тул худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээн авах үед шалгах ёстой байсан.

 

8. Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг дээр дурдсан журмын дагуу тоолно.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автокрануудын доголдлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг баталгаат хугацаа дууссан өдрөөс бус, харин доголдлын талаар мэдсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолно, мөн баталгаат хугацаа бол худалдсан зүйлийг ашиглалтын үед гарсан эвдрэл, гэмтлийг олж тогтоох болон засварлах хугацаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж маргажээ.

 

8.1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д баталгаат хугацаа гэж үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд гаргаж өгсөн хугацааг хэлнэ гэж заасан.

 

Үүнээс үзвэл баталгаат хугацааг зөвхөн худалдах, худалдан авах гэрээний зүйлийг ашиглах явцад гарсан эвдрэл, гэмтлийг олж тогтоох, засварлахтай холбоотой гэж үзэхгүй ба үйлдвэрлэгч, худалдагчийн зүгээс худалдан авагчид худалдсан зүйлийн чанарын талаар өгч буй амлалт болно.

 

Тиймээс худалдах, худалдан авах гэрээнд баталгаат хугацаа тогтоосон бол тэрхүү хугацааны дотор, хэрэв тогтоогоогүй бол уг эд хөрөнгийг шилжүүлэн авсан өдрөөс хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлэх учиртай тул худалдан авагч этгээд гэрээний зүйлийн доголдлын талаар мэдэх, мэдэх ёстой хязгааргүй хугацаа гэж байхгүй.

 

8.2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч ******* ХХК нь тус 2 автокраныг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар уг өдөр эрсдэл шилжсэнд тооцно.

 

Ийнхүү зохигчийн байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Баталгаат засварын хугацаа 12 сар /1 жил/ буюу 2,000 мот/цаг байна гэж зааснаар нэхэмжлэгчийн автокрануудыг хүлээн авсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс гэрээгээр тохиролцсон 1 жилийн баталгаат хугацааг тоолоход 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусах бөгөөд энэ хугацаанд доголдлыг илрүүлсэн тохиолдолд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 3 жилийн дотор буюу 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалсантай холбоотой хохирол нэхэмжлэх эрхтэй боловч шүүхээс нэхэмжлэгчийн худалдах, худалдах авах гэрээг цуцлах шаардлагыг хангаж шийдвэрлээгүй тул хохирол шаардах эрх үүсэхгүй.

 

Иймд, нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байгаагаас гадна шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч г гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч хожим шүүгчийн захирамжаар гэрч оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн үзлэг, туршилт хийлгэх, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,

 

9.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/06841 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан г гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШЗ2025/11674 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хасаж, тухайн захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 89-90, 99/

 

Нэхэмжлэгч нь уг захирамжид гомдол гаргаагүй, мэтгэлцэх зарчим бүх шатанд хэрэгжих тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах эсхүл туршилт хийлгэх тухай хүсэлт гаргасныг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/17768 дугаар захирамжаар тухайн хүсэлт нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзжээ. /х.х-ийн 221-222/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-д Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн үнийг учирсан хохирлын хамт нэхэмжилсэн байхад шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 255 дугаар зүйлийн 255.1.2-т тус тус заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03079 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...225 дугаар зүйлийн 225.1, ...255 дугаар зүйлийн 255.1.2 гэснийг хасаж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 13,623,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

Б.МАНДАЛБАЯР