| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0842/Э |
| Дугаар | 960 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 960
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Р.Энх-Оюун /томилолтоор/, хохирогч С.Ө, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02710 0972 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж овогтой О-ын Б, Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, “Юу Би Комеди” ХХК-д гэрээт уран бүтээлчээр ажилладаг, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***-, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчин 49 гудамжны 24 тоотод байрлах гэртээ С.Ө-ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд шарх, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ж овогт О-ын Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчин 49 гудамжны 24 тоотод байрлах гэртээ хохирогч С.Ө-ыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд шарх, 1 шүдний эмтрэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч О.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Ө-ыг гэмтээсэндээ гэмшиж байна. Цаашид гарах асуудалд санаа зовж байна. Манай аав, ээж настай хүмүүс байдаг. Дахин согтуу ирж аав ээжийг маань дарамталбал хуулийн дагуу ямар арга хэмжээ авбал зохимжтойг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч С.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би А-тай 2005 онд гэр бүл болсон. 2007 онд гэр бүлээ батлуулсан. А 3 настай дагавар охинтой ирсэн. 14 жил амьдрах хугацаанд 3 удаа маргаан болсон. 3 удаагийн маргаан болоход гэр бүлийн хамааралтай болохоор энэ хүмүүстэй холбогдож таардаг. Би Б-ын мэдүүлсэн шиг энэ айлаар агсан согтуу тавьж, оройн цагаар очдоггүй. Би архи хэрэглэдэггүй. Хааяа асуудал гарсан үед пиво хэрэглэдэг. Б, хадам ээж нарын ярьж байгаа шиг зүйл болоогүй. 2015 онд би эхнэртэйгээ хамт Солонгос улсад байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Монголд ирсэн. Солонгос улсад байхдаа жил дараалан хоёр охинтой болсон. Солонгосоос ирэх гэхэд эхнэр “би 3 сар ажил хийж байгаад ирье” гээд үлдсэн, би барилга дээр ажиллаж байхдаа хөлөө гэмтээсэн юм. Монголд ирээд хадмындаа хоёр л хоносон байх, гадуур ах дүү нарындаа байж байгаад байр түрээсэлж охинтойгоо хамт амьдарсан. Манай охин өвөө, эмээ дээрээ өссөн учраас миний үгэнд орохгүй надад шаардлага тавиад байсан. Урд өдөр нь сууж байгаад охин А болон хүү Ц хоёрт асуудал байвал надад хэл, би ойлгохгүй байна уу гэж асуухад ямар ч асуудал байхгүй ээ, харин та өвөө, эмээ хоёртой дандаа хадам аав, хадам ээж гэж харьцдаг, Хаагий ах адилхан хүргэн байж аав, ээж гэж харьцдаг гэж хэлэхээр нь би тэгвэл чамтай ярих юм байхгүй миний охин өрөөндөө орж унт гэж хэлээд унтуулсан. Манай бага хүүхэд халуурахаар нь шөнө эмнэлэг рүү явсан, өглөө эрт босоод эмийг нь өгөх гээд миний охин дүүгийнхээ эмийг өгчих гэхэд өгч чадахгүй, аргадаж өгөх гээд нөгөө хүүхэд маань уухгүй байхаар нь хүчээр өгдөг юм аа гэж хэлэхэд хүчээр өгч болохгүй ээ аргадаж өгнө гэсэн. Тэгээд байхаар нь би хүүгээ дуудаад гарыг нь барьж бай гэхэд дутуу бариад эмийг асгасан, тэгэхээр нь мангар юм шиг чадахгүй байна А чи гарыг нь барьж бай гэхэд А зурагтын өмнө завилаад газарт сууж байсан, тухайн эмийг өгөх гэж 30-40 минут болсон. Тэгээд гарыг нь барихдаа дургүйцээд дутуу бариад хүүхэд маань тархиараа газар савж унаад уйлахаар нь өмөөрөөд, мөн шаардлага тавиад байхаар нь хацар руу нь хоёр алгадсан. Тэгсэн чинь А мессеж бичээд ааваа би хоёр дүүгээ бодоод энэ мессежийг өвөө, эмээ рүү явуулахгүй ээ та харин намайг ахиж битгий алгадаж зодоороо гэхээр нь би үгүй ээ чиний мессеж явуулна уу, явуулахгүй байна уу надад хамаагүй ээ, насанд хүрсэн охин чи шийдвэрээ өөрөө гарга гэж хэлсэн. Тэгээд удалгүй эхнэрийн дүү Н хүргэн Х хоёр орж ирээд А-г аваад явсан. Би сүртэй юм бэ ямар ч асуудал болоогүй ээ эм өгөх гэж байгаад л ийм асуудал болчихлоо гэж хэлсэн. Тэгээд хоёроос гурван хоногийн дараа 3 хүүхэдтэй ганцаараа байгаа учраас жоохон бухимдал үүсээд гэртээ суугаад пиво уугаад би ноцтой асуудал үүсгэсэн биш очоод охиноо аваад ирье гэж бодоод хадам аавындаа орсон, цаг 11 өнгөрч байсан, гэрт ороход Б өөдөөс юм ярихаар нь чамтай юм ярихгүй ээ, зүгээр өрөөндөө ор гэж хоёроос гурван удаа хэлсэн, хадам аав, ээжийн өрөөний хаалгыг тогшоод би та хоёртой уулзах гэж ирсэн юм аа чухал ярих юм байна аа гэж хэлээд буцаад суусан чинь Б өөдөөс шүлсээ үсчүүлээд байна гэж хэлээд миний нүүр лүү шууд цохиод авсан. Тэгээд би савж унасан, А миний хажууд байсан. Би савж унаад босож ирэхэд хоёроос гурван удаа өшиглөсөн, хадам аав, ээж, хүргэн Х нар гарч ирээд бариад авсан. Би яаж ч чадаагүй, тухайн үед би уурлаж бухимдсан. Тухайн үед хадам аав О, хадам ээж А, баз хүргэн Ханбүргэд, хадам дүү Н, охин А нар сууж байсан, би та нарт гомдол саналгүй ээ, миний дүү омголон байна даа гэж хэлээд гараад явсан. Цагдаа дуудах болсон шалтгаан нь гэртээ очоод лифтэнд суугаад явж байхад хамрын яс харагдаж байсан, би хамартаа 4 см оёдол тавиулсан. Тухайн үед миний хамар зүсэгдэж, шүд сэтэрч, нүд хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би буцаж очоод та нар бүгдээрээ миний өөдөөс харж хэрүүлж хийчхээд намайг ийм аймар болсон байхад гаргаад явуулчихлаа энэ чинь хүний гоо сайхан, дээрээс нь хүний эрүүл мэнд дараа нь юу ч болоо билээ түргэн, цагдаа яагаад дуудахгүй байгаа юм бэ гэж хэлээд түргэн тусламж дуудсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Тухайн үед мэдэгддэггүй оёдол тавиулаагүй, үүнийг янзлуулмаар байна. Б-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэрийн бага дүү Б өрөөнөөсөө гарч ирээд та яагаад А-г зодоод байгаа юм бэ гэж асуухаар нь чамд хамаагүй. Харин энэ талаараав, ээжтэй уулзаж ярилцахаар ирлээ гэж хэлээд чи өрөөндөөор гэж шаардсан...маргаан үүсэж намайг сууж байхад хүрч ирээд та А-г өмнө нь зодсон гэх мэтээр дайраад байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь босоод чи өрөөндөө ор гэж дахин шаардахад миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь би газар унасан. Намайг босож ирэх үед 2-3 удаа өшиглөж байхад хадам, аав, ээж нар гарч ирээд Б-ыг холдуулаад намайг барьж авсан. Тэгээд та нар яаж байгаа юм бэ гээд уурлаж бухимдаад Б руу цохихоор дайрсан. Хадам аав, хүргэн Х нар намайг бариад хорьсон байсан тул цохиж чадаагүй. Гэмтлийг Б намайг гараараа нүүр хэсэгт цохиж, хөлөөрөө нүүр хэсэгт болон хөл гар руу өшиглөж учруулсан. Гэмтлийг өөрөөр нь эдгээсэн болохоор Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад Б-д гомдох зүйл одоо байхгүй. Бид 2 эвлэрч хэвийн харилцаатай болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-12, 65 дугаар хуудас);
4. Гэрч Г.А-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Том өрөөний буйдангийн хажууд хүү Б, хүргэн Ө нар зодолдож байсан. Тэгээд биднийг очиход Б, Ө-ын унагаад дээр нь гарсан байсныг нөхөр О- хүү Б-ыг татаж холдуулан Ө-ыг босгосон.Цагдаа ирэх хугацаанд би Ө-тай ярилцахад би дагавар охин болох А-г авч явах гэж ирсэн юм. Тэгсэн чинь Б өгч явуулахгүй гээд бид хоёр маргалдсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас);
5. Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтлагын өрөөний үүдэнд хүү Б, хүргэн Ө нар маргалдаад дуу нь чанга болоод байхаар нь хөөе болиоч гээд орилоод өндийхөд Ө хаалга нээгээд та хоёртой уулзах гэж ирлээ чухал яриа байна гээд хаалга хаасан. Би босоод өмдөө өмсөх гээд байж байхад Ө 4 хөллөсөн мөлхөж байсан. Харин Б дээрээс нь цохих гэж байхаар нь араас нь гүйж очоод тэвэрч аваад салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар тал);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6097 дугаартай шинжээчийн “...С.Ө-ын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цусхуралт, хамрын нуруунд шарх, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...’’ гэсэн дүгнэлт (хх-ийн 16 дугаар тал);
7. Шүүгдэгч О.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 35 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50 дугаар хуудас),
8. Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ө ах аав ээжийн өрөө рүү шагайгаад аавыг дуудаад гараад ирээч ярилцмаар байна гэж дуудчихаад суугаад надад хандан би А-г гэртээ байлгамаар байна. А дүү нараа харах хэрэгтэй байна гэхээр нь би Ө ахад “А-г та зодож нүдээд байдаг гэсэн” гэж хэлэхэд “чамтай би юу ярих билээ, аав ээжтэй уулзана, та нар энэ асуудалд орох шаардлагагүй. Харин намайг охиноо зодсон талаар нөхцөл байдал хүндэрсэн дараадараагийншатанд оролцоорой. Одоо та нар ерөөсөө ийм зүйлд оролцох шаардлагагүй” гээд аав, ээжийнөрөө рүү орох гээд босохоор нь би ээжийг босох гээд нүцгэн байж магадгүй гэж бодоод хаалгыг хаагаад зогсоход чи намайг зодох гээд байгаа юм уу гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь түлхэж цааш холдуулахад газар унаад чамайг ална гээд над руу босож ирэх гэхээр нь би нүүр болон хавирга тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би болих гэхэд чамайг ална шүү гээд орилоод байхаар нь би босгож ирэхгүйн тулд хөлөөрөөнуруун дээр нь дэвссэн. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58-59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Ө-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Ө-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Б-ыг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч С.Ө нь нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа харилцан тохиролцсон хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаасанх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөнбайгааг тус тусэрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бахүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтаар бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Тусгайлан хэлэх саналгүй...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-дзургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ж овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-дзургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-доногдуулсан торгох ялыг дөрвөнсарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч О.Б-дторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Бнь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА