Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2016/00539

 

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын *** дугаар багт оршин суух, *****регистрийн дугаартай, У овогт Оын Жы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1955 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч О.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1955 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сагсай сумын Хаг хэмээх газарт төрсөн. Тухайн үед төрсний гэрчилгээг авалгүй байж байгаад 1957 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн гэж сүүлд нөхөж авсан байна. Одоо бүх баримт материалууд маань 1957 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрснөөр бичигдсэн байна. Миний төрсний тухай бүртгэл Улсын төв архиваас гарсан байгаа ба Улсын хэмжээнд 1956 оны 2 дугаар сард явагдсан тооллогоор Баян-Өлгий аймгийн Цагаангол сумын 8 дугаар багт Оын хүү Ж 02 сартай хүүхэд байна гэж тоологдсон байв. Тухайн үед Сагсай сум гэсэн нэгж байгаагүй, аав, ээж маань мал маллаж хөдөө амьдарч байсан учир юмны учрыг ойлгоогүй миний төрсөн он, сар, өдрийг буруу бүртгүүлсний улмаас шүүхийн шийдвэрээр нас тогтоолгох шаардлагатай байна. Тухайн үед авсан миний төрсний гэрчилгээ гээгдэж алга болсон байх ба 1930-аад оны үед гэрлэсэн эцэг эхийн гэрлэлтийн баталгаа гэх зүйлгүй байна. Иймд миний бие 1955 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн нь үнэн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Ж нь 1955 оны 12 дугаар сарын 18-ний өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон Иргэний үнэмлэхэд: *****регистрийн дугаартай О.Ж 1957 оны 07 дугаар 05-ны өдөр төрсөн мөн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 236 дугаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан бичгээр ирүүлсэн О.Жы ИУБ-31, иргэний үнэмлэх олголтын ХААТР-21, регистрийн дугаар олголтын ХААТР-1 дүгээр маягтуудад О.Ж РД: *****, 1957 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн гэж тус тус бичигдсэн боловч хүсэлт гаргагч О.Ж нь 1957 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрснийг нотлох хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

-Иймд хүсэлт гаргагч О.Ж нь 1955 оны 12 дугаар сарын 18-ний өдөр төрсөн болох нь:

-2014 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын 1223 дугаар, аймгийн архивын тасгаас олгосон 389 дугаар албан бичгээр тус тус ирүүлсэн архивын лавлагаанд: Баян-Өлгий аймгийн Цагаангол сумын 8 дугаар багийн 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 13 дугаар хуудсанд: Мүкгибайн О эрэгтэй 63 настай, эхнэр Аманбайн Кашай 53 настай, хүү Оын Умыткан 4 настай, хүү Оын Жекискан 2 сартай, Кусамыны Жаудиркан эмэгтэй 8 настай гэж бүртгэгдсэн болон Ж.Бикирхан, С.Уатхан нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан 1223 дугаар Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын, аймгийн архивын тасгаас олгосон 389 дугаар архивын лавлагааг үндэслэж О.Жыг 1955 оны 12 дугаар сарын 18-ний өдөр төрсөн үнэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн нотлох баримтаар өгсөн түүний эцэг нь болох М.О, эх нь болох А.Хашай нарын нас барсны лавлагаа, түүний хүүхэд болох Ж.А, Ж.А, Ж.Д, Ж.Е нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд энэ хэрэгт хамааралгүй нотлох баримтууд тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан У овогт Оын Ж нь 1955 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн үнэн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч О.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЖАРХЫНГҮЛ