Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01837

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/09822 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нд холбогдох,

Гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2.Нэхэмжлэгч ******* нь *******нд холбогдуулж “...газар эзэмших хүсэлт, бичиг баримтыг бүрдүүлээд 2021 онд тус газарт хүлээлгэн өгсөн боловч тус баримтуудыг үрэгдүүлсэн, холбогдох албан тушаалтан буруутай болох нь тогтоогдсон, хүсэлтийг одоог хүртэл шийдвэрлээгүй” үндэслэлээр эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг  хариуцагч “хууль бус үйлдэл гаргаагүй, нэхэмжлэгч хохирлоо нотлоогүй” үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх ба хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулж маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

4.Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч ******* Чингэлтэй дүүргийн ******* байрших газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар тус дүүргийн газрын албанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан, дахин 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 03, 08-ны өдөр тус тус Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид, зэргээр 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд газрын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй үндэслэлээр удаа дараа холбогдох байгууллагуудад өргөдөл, гомдлуудыг гаргажээ. /хх 27-104/ 

4.2.Нэхэмжлэгчийн хүсэлт, гомдлын дагуу хариуг *******наас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18/881 тоот, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 09/240 тоот, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 09/1035 тоот албан бичгээр, *******наас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01-08/272 тоот, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01-01/2222, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01-01/7515, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/915 тоот албан бичгээр тус тус өгчээ.

 

5.Нэхэмжлэгч *******гийн гаргасан газар эзэмших хүсэлтийг харьяалах газрын алба өнөөг хүртэлх хугацаанд зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүй удаасан эс үйлдэхүй гаргасан гэм буруу хэргийн баримтаар тогтоогдож байна. Харин газрын албаны холбогдох ажилтан нэхэмжлэгчийн баримт бичгийг “үрэгдүүлсэн, алга болгосон” гэх үйлдэл хэргийн баримтын хүрээнд тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

*******ны даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/328 тоот тушаалаар “ажилтан *******т сахилгын шийтгэл ногдуулахдаа иргэн *******гийн гомдлыг шийдвэрлүүлэхээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, иргэний хүсэлтийг шийдвэрлэхээр тодорхой ажил зохион байгуулаагүй, маргаан бүхий байршлыг иргэнд эзэмшүүлэхээр 2023 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан боловч төлөвлөгөөний холбогдох заалтын хэрэгжилтийг зохион байгуулаагүй эс үйлдэл гаргасан” гэж үзжээ. Дээрх тушаал, нэхэмжлэгчид өгсөн хариу, бүртгэл хяналтын картуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн газрын албанд нэхэмжлэгчийн өгсөн ямар баримтыг ажилтан алга болгосон нь тодорхойгүй, энэ үйл баримт нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч байгууллагыг а/иргэний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй удааж эс үйлдэхүй гаргасан, мөн б/ “баримт бичгийг алга болгосон” гэм буруу тогтоогдсон хэмээн хоёр төрлийн үйлдэл, эс үйлдэхүйд буруутай гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулна. Мөн “бичиг баримт алга болгосон гэм буруу байхгүй” талаарх хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангав.

 

6.Харин иргэний гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй удааж эс үйлдэхүй гаргасан гэм бурууг шүүх зөв тогтоосон байх боловч хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасныг анхаараагүй, түүнчлэн эс үйлдэхүй болон хохирлын хоорондох шалтгаант холбоо тогтоогдоогүй байна.

6.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа кадастрын зураг хийлгэсэн зардал, нотариатын төлбөр, унааны зардал зэргээр эд хөрөнгөд учирсан хохиролд 500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.  

Гэвч эд хөрөнгөд учирсан хохирлыг нотолсон ямар ч баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад эд хөрөнгөд учирсан хохиролд 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцээгүй, буруу болжээ.

6.2.Мөн шүүх сэтгэл санааны хохиролд 500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж зохицуулсантай нийцээгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлоос “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хангав.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/09822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *******наас гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.МӨНХЦЭЦЭГ
 

                                            ШҮҮГЧИД                             Э.ЭНЭБИШ

 

                                               О.ОДГЭРЭЛ