Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 965

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Ч.Б, өмгөөлөгч Л.Батаанарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос И овогтой Ч-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00032 1109 дугаартай хэргийг 2019 оны 08дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            И овогт Ч-ийн Б,Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өнөр” сууц өмчлөгчдийн холбоонд орцны жижүүр ажилтай, ам бүл нэг,Завхан аймгийн Идэр сумын 3 дугаар баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны * дүгээр орцны жижүүрийн байранд түр оршин суудаг, регистрийн дугаар ***,урьд: Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар хорих ял эдлэх хугацааны өмнө тэнссэн суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

            Шүүгдэгч Ч.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтайн 2 дугаар гудамжны 184 тоот нийтийн байрны 201 тоот өрөөнд иргэн Г.-ийг “мөнгө өгөхгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч И овогтой Ч-гийн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтайн 2 дугаар гудамжны 184 тоот нийтийн байрны 201 тоот өрөөнд иргэн Г.Б-ийг “мөнгө нэхлээ” гэсэн шалтгаанаар зодож, бие махбодод нь “...баруун, зүүн нүдний зовхи болон баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун шууны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...”үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2.Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...такси бариад нөгөө залуугийн хамт нийтийн байр руу амьдардаг газар руу нь явсан. Замаараа дэлгүүрээс нэг шил архи аваад нийтийн байранд хамт уусан...миний нүүр рүү гараараа зангидаж байгаад маш олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37 дугаар хуудас);

3.Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанддахин өгсөн: “...бэлгийн харьцаанд ороогүй, харин намайг цохиж, зодож гэмтэл учруулсан. ...намайг унтаж байгаад сэрэхэд Ц гэх залуу миний хажууд хэвтэж байхаар нь намайг хүчирхийлсэн гэж бодсон. Ц нь намайг хүчирхийлээгүй, харин зодож гэмтэл учруулсан. Ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй бид 2 нэлээн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас);

4. Хохирогч Г.Б-ийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 10 дугаар хуудас);

5.Гэрч В.Б-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 дүгээр хорооллоос эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөхөөр нь аваад замдаа эрэгтэй нь буугаад дэлгүүр орсон. Тэгээд явж байгаад нэг гудмаар ороод зогсоход эрэгтэй нь буугаад харин эмэгтэй нь утасныхаа дугаарыг өгчих би залгахаар та ирээд аваарай гэсэн...яг хэнээс нь архи үнэртэж байсныг мэдэхгүй ямарч байсан машинд тэр хоёр хүнийг суухад архи үнэртэж байсан...хоорондоо юу яриад байгааг нь анзаарч сонсоогүй, эмэгтэйн нүүр зүгээр бэртэл гэмтэлгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 дүгээр хуудас);

6. Гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай охин Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өглөө гарч явсан. Тухайн үед нүүр ам нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49 дүгээр хуудас);

7. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...201 тоот өрөөг ганц бие залуу сарын 130,000 төгрөгөөр түрээсэлдэг. Нэг мэдэхэд нэг эмэгтэй дагуулаад ирсэн байсан эхнэр нь юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51 дүгээр хуудас);

8. ШүүхийнШинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн 739 дугаартай: “...1,2,3,4/ С.Б-ийн биед баруун, зүүн нүдний зовхи болон баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархидоргилт, баруун шууны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Б-ийн үтрээнээс авчсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй. С.Б нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна ...” гэсэн дүгнэлт (хх-ийн 56 дугаар хуудас); 

9. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59 дүгээр хуудас);

10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5250 дугаартай “...Ё.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 61 дүгээр хуудас)

11.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-18 дугаар хуудас);

12. Шүүгдэгч Ч.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 92 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Б-ийнбиед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны шүүгдэгч Ч.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Б-ийг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Б нь баримтаар гаргасан нэхэмжлэлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд (хх-ийн 42 дугаар хуудас) мэдүүлсэн байх тулшүүгдэгч Ч.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Бнь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийн1 хоногийг 15 нэгжээр тооцон түүний эдлэх ялаас хасаж,торгох ялын хэмжээг 470,000 төгрөгөөр тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналтай санал нэг байна. Хамгийн гол нь оногдуулсан торгох ялыг Б-ийн цалин, орлогыг харгалзан үзээд 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэв.

Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоов.

Шүүгдэгч Ч.Б нь 48 цагийн хугацаагаар баривчлагдсан буюу 2 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.И овогтой Ч-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ч.Б нь 48 цагийн хугацаагаар баривчлагдсан буюу 2 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж, эдлэх торгох ялын хэмжээг470,000(дөрвөн зуун далан мянга) төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

5.Шүүгдэгч Ч.Б-дторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахьхэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА