Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2016/00541

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Н овогт Аийн Жийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын хоорондох цалин хөлсний зөрүү 1836541 /нэг сая найман зуун гучин зургаан мянга таван зуун дөчин нэгэн мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ж би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төвийн даргын 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ажилд томилох тухай 35 дугаар тушаалаар тус төвд эмийн санчаар томилогдсон юм. Ингээд уг албан тушаалд ажиллаж байгаад Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай" 15 дугаар тушаалаар ЭМТ-ийн үндсэн орон тооны ажлаас чөлөөлж, Эмийн эргэлтийн сангийн эрхлэгчээр томилогдсон юм. Гэтэл ажил олгогч маань 2016 оны 01 дүгээр сараас эхлэн миний 2015 онд авч байсан цалин хөлсийг дутуу өгөх, зарим сарын цалин хөлсийг өгөхгүй байх зэргээр жирийн ажилтан намайг цалин хөлсөөр маш их хохироож байна. 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2016 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл 1,836,541 төгрөг дутуу авлаа. Ажилтан миний цалин хөлсийг дутуу олгосон асуудлаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид хандахад дараа сард нөхөн олгоно гэсээр өдий хүрлээ. Ингээд би бодит байдал дээр өнөөдөр 1,836,541 төгрөг дутуу цалин хөлс авч байна. Эргэлтийн эмийн сангийн борлуулалтаас нэг ч төгрөгийн орлого ордоггүй юм. Харин хөнгөлөлттэй эм борлуулахад эмийн үнийг Нийгмийн даатгалын байгууллагад тушаадаг юм. Харин үүнээс би нэг ч төгрөгийг цалин хөлсөнд авдаггүй юм. Иймд Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 31-ныг хүртэлх 1,836,541 /нэг сая найман зуун гучин зургаан мянга таван зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулан ажилтан А.Жд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санч А.Ж нь танайд цалингийн зөрүү нэхэмжилж гаргасан нэхэмжлэлтэй хариуцагч тус төвийн эрхлэгч Х.Р би уншин танилцлаа. Урьд нь эмийн санч төсвөөс цалинждаг байсан юм. Төсөв хүрэлцэхгүй байгаатай уялдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас эмийн санч нарыг борлуулсан эмийн орлогоор цалинжуулах тушаал гаргасан байсан тул энэ оны 1-р сараас энэхүү журмыг баримталж ирсэн билээ. Сүүлд уг тушаал хүчингүй болсон тул сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санч А.Жийн нэхэмжилсэн цалингийн зөрүү 1 836 541 төгрөгөөс 1 136 741 төгрөгийг бид олгосон байгаа. Одоо үлдэж байгаа 699800 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хариуцагчийн хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би анх 2015 оны 3 дугаар сард ажилд орсон. Ингэж ажиллаж байхад 2016 оны 01 дүгээр сард эргэлтийн эмийн сан гэж байгууллагдсан. Тэр үед надад албан бичгийг танилцуулахгүйгээр, мэдэгдэх хуудас өгөлгүйгээр шууд цалинг маань хассан. Манай эмийн санд эргэлт хийх ямар нэгэн мөнгө, төгрөг байхгүй. 2016 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх цалинг гаргаж өгөөгүй. 2016 оны 01 дүгээр сараас хойш цалин авахгүй байж байгаад сая эргэлтийн эмийн санд ямар нэгэн орлого ордоггүй юм байна гээд Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс 8 дугаар сарын цалинг гаргаж өгсөн. Би Баяннуур сумын Засаг дарга болон Эрүүл мэндийн төвийн дарга Х.Р нарт бүр болохгүй бол төсвөөс эргэлт хийх 2-5 сая төгрөг гаргаж өгнө үү. Би өөрөө эргэлт хийе гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл надад ямар нэгэн мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Энэ хугацааны цалин болох 1 836 541 төгрөгийг Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарын 31-ний хүртэлх цалин хөлсний зөрүү 1836541 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.Жийг Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар эмийн санчийн ажилд томилсон байх ба тус Баяннуур сумын Эрүүл Мэндийн төвийн даргын 2016 оны 03 сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалаар эмийн санч А.Жийг 2016 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн ЭМТөвийн үндсэн орон тооноос чөлөөлж эмийн эргэлтийн сангийн эрхлэгчээр ажиллуулахаар томилж, А.Жийг эмийн эргэлтийн сангийн борлуулалтын ашгаас цалинжуулахыг нябо /Муратхан/ д зөвшөөрсүгэй гэж тушаалд дурдсан байна. Нэхэмжлэгч А.Ж нь сард хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Баяннуур сумын Хүн эмнэлгийн /Эрүүл мэндийн төв/ 01 сарын цалингийн тооцооны хүснэгтийн 11 дугаарт А.Ж. Э.санч гэж бичигдсэн байх ба ямар нэгэн цалин тооцсон талаар бичилт байхгүй, 2 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 10 дугаарт А.Ж. Эмийн санч. Ноогдох цалин 200184. Бүгд 200184. НДШ 20018. ХАОАТ 11017. Суутгалын дүн 31035. Жинхэнэ олгох нь 169149 гэсэн цалингийн тооцоо гаргасан, 3 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 10 дугаарт А.Ж. Эмийн санч. Ноогдох цалин 552557. Бүгд 552557. НДШ 55256. ХАОАТ 42730. Суутгалын дүн 97986. Жинхэнэ олгох нь 454571 гэж бичигдсэн бөгөөд уг хүснэгтийн Хүлээн авсан гарын үсэг гэдэгт нь Ж гарын үсэг зурсан байна. Мөн Баяннуур сумын Хүн эмнэлгийн /Эрүүл мэндийн төв/ 04-р сарын цалингийн тооцооны хүснэгтийн 10 дугаарт А.Ж гэж бичигдсэн байх ба уг цалингийн тооцооны хүснэгтэд ямар нэгэн цалин тооцсон талаар бичилт байхгүй, 05-р сарын цалингийн тооцооны хүснэгтийн 32 дугаарт А.Ж. Үндсэн цалин 192000. Бүгд 192000. НДШ 19200. ХАОАТ 10280. Суутгалын дүн 29480. жинхэнэ олгох нь 162520 гэж тус тус цалингийн тооцоо гаргаж байсан байх ба нэхэмжлэгч А.Жийг сард хэдэн төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч А.Ж нь өөрөө сард хэдэн төгрөгийн цалинтай ажил үүрэг гүйцэтгэж, хэдэн төгрөгийн цалингаа дутуу авч байснаа нотлох баримтаар нотолж чадаагүй, мөн ажилтан А.Жийн ажил олгогч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ртай 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5.1 дахь хэсэгт албан тушаалын цалин 391499 төгрөг гэж бичигдсэн байна. Нэхэмжлэгч А.Ж нь шүүхэд 2016 оны цалингийн товчоо гэх гараар бичсэн хүснэгтийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг цалингийн товчоог ямар албан тушаалтан гаргасан нь тодорхойгүй, ямар нэгэн тамга тэмдэггүй, нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч А.Ж нь Ажиллаж байх хугацаандаа цалин хөлсөө дутуу авч байсан ба энэ тухай Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид хэлэхэд олгоно гэж хэлсэн боловч олгоогүй гэх боловч энэ тухай ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төв нь ...Урьд нь эмийн санч төсвөөс цалинждаг байсан юм. Төсөв хүрэлцэхгүй байгаатай уялдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас эмийн санч нарыг борлуулсан эмийн орлогоор цалинжуулах тушаал гаргасан байсан тул энэ оны 1-р сараас энэхүү журмыг баримталж ирсэн билээ. Сүүлд уг тушаал хүчингүй болсон... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Мөн хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Р 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарт ...Эмийн санч А.Жийн нэхэмжилсэн цалингийн зөрүү 1836541 төгрөгөөс 1136741 төгрөгийг бид олгосон байгаа. Одоо үлдэж байгаа 699800 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хариуцагчийн хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн боловч хариуцагчийн тайлбарт дурдсан мөнгийг аваагүй гэж нэхэмжлэгч А.Ж тайлбарлаж байгаа мөртлөө энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч А.Жийн 0194223 дугаартай Нийгмийн Даатгалын дэвтэрт бичигдэж, баталгаажуулсан бичилтийг үндэслэн нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг 600941 төгрөгөөр тооцож, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбарыг үндэслэн 2016 оны 4 дүгээр сард огт цалин аваагүй, 5 дугаар сард цалингаа дутуу авсан байна гэж үзэж хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс нэхэмжлэгч А.Жийн 2016 оны 4 дүгээр сарын цалин 600941 төгрөг, 5 сарын дутуу цалин 408941 төгрөг / 5 сард 192000 төгрөгийг нэхэмжлэгч авсан гэсэн учир 600941 төгрөгөөс 192000 төгрөгийг хасаж тооцов/ бүгд 1009882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэгч А.Жийн 2016 оны 1, 2, 3 дугаар саруудын дутуу олгосон гэх цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч нэхэмжлэгч А.Ж нь уг хуулинд заасан эрхийнхээ дагуу хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Рд шүүх хуралдааны товыг 2016 оны 09 сарын 07-ний өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсаар /баримт №3/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид 28787 төгрөгийг хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 1009882 /нэг сая есөн мянга найман зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н овогт Аийн Жд олгож, нэхэмжлэгчийн 2016 оны 01, 02, 03 дугаар саруудын дутуу олгосон гэх цалин 826659 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 28787 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН