Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01836

 

                                                 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04612 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө, хоёр ширхэг автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: *******, *******, “*******” ХХК нарт холбогдох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгө, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 98 хувийн гүйцэтгэлтэй, *******ын өмчлөлд бүртгэгдсэн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ,  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, *******, “*******” ХХК-ийн хооронд 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох /нэгтгэсэн/ иргэний хэргийг хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, “*******” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзулыг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* өөрийн баз хүргэн болох “*******” ХХК-ийн захирал *******тай 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүрэг, ******* хаягт байрлах, 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг орон сууц захиалгын гэрээний дагуу худалдан авсан. ******* анхнаасаа энэ байрыг захиалсан, 98 хувийн гүйцэтгэлтэй болоход нь дуусаагүй барилгын гэрчилгээг анх 2014 онд гаргуулж, сүүлд 100 хувийн гүйцэтгэлтэй болсноор 2020 онд үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Улмаар бизнесээ дэмжих зорилгоор зээл авч, барьцаанд нь тухайн үл хөдлөх хөрөнгийг тавьсан. Гэрээ байгуулсан байх энэ явцад ******* тухайн үл хөдлөх хөрөнгөд эзэмшил тогтоосон байдаг.

Иймд *******ын өмч болох улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн байрны зоорины давхарт байрлах хоёр ширхэг автомашины зогсоолыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Баянзүрх дүүргийн *******үл хөдлөх эд хөрөнгийг анх ******* 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр *******тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, 840,000 ам доллар буюу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцоход 1,667,828,400 төгрөгөөр худалдаж авахаар болсон.

Уг төлбөрөөс 894,220,600 төгрөгийн худалдаа үйлчилгээний талбай, орон сууц, 743,000,000 төгрөгийн эртний үнэт эдлэл, 5,000,000 төгрөгийн үнэтэй цагийг шилжүүлсэн.  *******ын хүсэлтээр “*******” ХХК-д 63,008,500 төгрөгийн төлбөр шилжүүлж, нийт 1,705,229,100 төгрөгийг төлсөн.

Дээрх тооцооллоос харахад Хан-Уул дүүрэг, ******* хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө болон зоорины давхарт байрлах, хоёр ширхэг авто зогсоолын үнийг бүрэн төлсөн шударга өмчлөгч.

Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөгдсөний дараа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх байсан ч өгөөгүй. *******аас авсан байрандаа 470,000,000 төгрөгийн засвар хийж, 10 гаруй жил амьдарч, төлбөрийг бүрэн төлсөн, өгөх ёстой мөнгөнөөсөө илүүг өгсөн.  Иймд хүлээн зөвшөөрөхгүй.

*******ын гэрээ байгуулсан гэх “*******” ХХК нь *******ын өөрийнх нь компани. 2012 онд байгуулсан гэрээг авч үзэх юм бол анхнаасаа энэ гэрээ тухайн өмчлөлийг шилжүүлэх зорилготой гэрээ байгаагүй гэдэг нь *******тай 2015 оны 7 дугаар сард байгуулсан гэрээгээр нотлогддог.

******* хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй ч хөрөнгийг бодитой эзэмшиж ашиглаад нэг хотхонд амьдарч байгаа учраас *******ыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх юм байна гэж итгэж байсан. Үүнтэй холбоотой хэн хэн нь маргаан үүсгэхгүй өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн гэжээ.

 

3.Хариуцагч *******ын гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.*******, *******тай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээг байгуулж, энэ гэрээгээр О.Бадрал 23, 24 тоот хоёр ширхэг сууц, 2 ширхэг авто зогсоолын хамт 1,960,000 ам доллароор худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Сүүлд төлбөрийг бүрэн төлж чадаагүй тул эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй 320 м.кв талбайтай 24 тоот орон сууцыг 2020 оны 8 дугаар сард буцааж өгсөн. Харин 23 тоот 240 м.кв орон сууцыг, нэг м.кв нь 3,500 ам доллароор тооцож *******д өгөхөөр тохирсон. Энэ байрны үнэ нь 840,000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 1,525,762,700 төгрөг болно.

-23 тоотын төлбөртөө гэрээний 3 дугаар зүйлд заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 95/603 тоот 4 өрөө орон сууцыг 310,000 ам доллароор үнэлж, худалдах үнэндээ тооцсон. Үүнийг *******гийн өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

-Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдаж байгаа *******худалдаа үйлчилгээний төвийн хэд хэдэн талбай өгөхөөр тохирсон. нийт 81 м.кв талбайг нэг м.кв-ийг нь 6,000 ам доллароор тооцож энэ байрыг 1,134,000 ам доллароор үнэлж тохирсон. Энэ талаар талууд тусдаа 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээ хийсэн. Талбайг хүлээлгэж өгсөн. Уг барилга дээр гэрчилгээ хэсэгчилж гараад байгаа учраас одоогоор гэрчилгээг гаргаж өгөөгүй байгаа.

Анх хоёр гэрээ байж байгаад нэг гэрээ болсонтой холбоотой 23 тоотын төлбөрийг ******* нэгдүгээрт орон сууц шилжүүлж өгөх, хоёрдугаарт үйлчилгээний талбайг үнэд тооцож өгнө гэсний дагуу ******* 23 тоотын төлбөрийг бүрэн төлж, байраа хүлээж авч ашиглаж байгаа тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

3.2.Орон сууцыг *******ын өмчлөлд 80 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдсэн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ, сүүлд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон хоёр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Анхны 2014 оны гэрчилгээг гаргах үндэслэл болсон хэлцэл буюу *******, “*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай амрагчийн сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Талууд захиалгын гэрээ байгуулж 2012 онд шилжүүлж авсан гэж байгаа боловч энэ гэрээний төлбөр тооцоог зохих журмын дагуу төлсөн төлбөрийн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

*******, ******* нар нэг айлын базууд буюу төрөл садны холбоотой, нэг ашиг сонирхолтой учраас дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэл зорилготой байсан гэж үзсэн. Учир нь гэрчилгээг гаргуулж авсны дараа үргэлжлээд банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан үйл баримт Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар харагддаг.

2020 оны гэрчилгээ бол нэмэлт ямар нэгэн нотлох баримтгүйгээр зөвхөн улсын комиссын актыг хавсаргаж өгөөд барилга бүхэлдээ ашиглалтад орсон учраас барилгын гүйцэтгэлийг 100 хувь болгуулъя гэсэн гэрчилгээ байгаа.

Хууль зөрчиж олгосон хууль бус гэрчилгээ байгаа учраас үүнийг үндэслэж олгосон 2020 оны гэрчилгээ үүнийг дагаад хүчингүй болох ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч *******ын гаргасан нэхэмжлэлд өгсөн татгалзал, тайлбарын агуулга:

4.1.******* үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч. 2014 онд өмчлөх эрхийн гэрчилгээ анх гарсан, цорын ганц өмчлөгч. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр болно.

4.2.******* болон “*******” ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 23 тоот амрагчийн сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн үүргийн хэлцлийг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд өмчийн хэлцэл хийгдсэн байдаг. Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авах нь өмчлөгчийн ноёрхлын бүрэн эрх ба *******од тодорхой үр дүнд хүрч, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Ингэснээр үүргийн болон өмчийн хэлцэл хийгдсэн тул үүргийн хэлцлийг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй.

4.3.******* , “*******” ХХК-ийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан ба ******* 23 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авснаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд хэлцлийн талуудыг дүр үзүүлсэн гэж дүгнэх үндэслэл байхгүй. Бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэх суурь нөхцөл нь хэлцлийн талууд гарын үсэг зурах үйлдэл бөгөөд гэрээний талууд гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригийн илэрхийллээ хэлбэржүүлснээр талуудад хуульд заасан эрх, үүрэг үүсэх тул гарын үсэг зурсан үйлдлийг дүр үзүүлсэн гэж үзэхгүй.

Иймд *******ын нэхэмжлэлтэй, *******, *******, “*******” ХХК нарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан  татгалзал, тайлбарын агуулга:

5.1.*******, ******* нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах, *******төвийн 6 дугаар давхарт байрлах, 81 м.кв талбайг 6,000 ам доллароор буюу 972,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн гэж тайлбарладаг. Мөн нийтдээ 490,000 ам доллароор худалдан авахаар тохироод үүнийгээ төлсөн гэдэг ба гэрээг *******ын компани болох “*******” ХХК-тай 2014 онд байгуулсан. Гэрээндээ *******төвийн 5 дугаар давхарт, 161 м.кв талбайг худалдаж авна гэх агуулгаар тохирсон. Тэгэхээр гэрээнд тохирсон төлбөр төлөлтийн харилцаагаар тохирсон эд хөрөнгө биш, тусдаа.

Улсын бүртгэлийн гэрчилгээ авах л дутуу байгаа, ******* хүлээж авсан гэж тайлбарладаг. Гэтэл бид хүлээж аваагүй учраас баримт гаргаж өгөх боломжгүй. Мөн энэ нь дутуу баригдсан карказ хэлбэрийн барилга байдаг. Тиймээс 972,000,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт заасан талбай нь ч зөрүүтэй байна.

5.2.2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 535,000,000 төгрөгийн үнэтэй эртний эдлэл хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байна. Үүнд нь 400,000,000 төгрөгийн үнэ бүхий Хубилай хаан болон хатан шаазан эдлэл, 55,000,000 төгрөгийн хаш чулуу, 80,000,000 төгрөгийн хув шүтээн хөөрөг гэсэн байна. Тэгвэл эдгээр бүх хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүлээж аваад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *******д буцаагаад хүлээлгээд өгсөн. Яг ижил байдлаар хүлээлцэх акт үйлдээд хоёр талаас гарын үсгээ зурсан.

5.3.Мөн 200,000,000 төгрөгт пийсүү ваар болон хаш аягыг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөртөө хүлээлгэж өгсөн гэсэн байна. Энэ төлбөр төлсөн харилцаа нь өнөөдрийн маргаад байгаа 23 тоот орон сууцтай огт холбоо хамааралгүй, харин *******, ******* нарын хооронд байгуулсан *******, 316 м.кв орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний 3.3-т хаш аяга 1 ширхэг, пийсүү ваар нэг ширхгийг 100,000 ам доллароор тооцно гэж заасан. Энэ гэрээг бид хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Одоо маргаж байгаа 23 тоотын төлбөр төлөлттэй холбоогүй.

5.4.*******ын хүсэлтээр “*******” ХХК-д 63,000,000 төгрөг төлсөн гэжээ. ******* болон “*******” ХХК-тай ямар ч хамааралгүй. “*******” ХХК-тай холбоо хамааралтай гэж “*******” ХХК-аас албан бичиг ирүүлсэн. Мөн зураг болон цаг шилжүүлээд нийт 13,000,000 төгрөг төлсөн гэдэг боловч тууварчин гэх зураг нь *******ын урьд худалдаж авсан, одоогийн Ж.Алтанбилэгийн амьдарч байгаа хаусын төлбөрийн зарим хэсэгт “*******” ХХК-д шилжүүлж өгсөн, үүнийг ******* хүлээж аваагүй. 4 тоотын газрын төлбөрт *******, “*******” ХХК-д төлсөн төлбөрт тооцсон. Өөрөөр хэлбэл, холбоо хамааралгүй баримтууд.

5.5.Талууд гэрээг 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ба гэрээний дагуу бид 4 ширхэг үл хөдлөх хөрөнгө буюу 23, 24 тоот хоёр ширхэг орон сууц болон хоёр ширхэг автомашины зогсоолыг шилжүүлэх байсан. Нийт шилжүүлэх мөнгө 1,960,000 ам доллар. Худалдах үнийг нийт 4 арга хэрэгслээр төлөх байсан. Үүнд: Зайсанд байрлалтай, 603 тоот, хоёр 164 м.кв орон сууцыг шилжүүлнэ гэж заасан ба хоёр автомашины зогсоолын хамтаар шилжүүлнэ гэж заасан. Дараа нь ******* байх 3 өрөө, 5 ширхэг орон сууцыг 577,120 ам доллароор тооцож шилжүүлэх байсан. Гуравдугаарт нөгөө талаас ярьж байгаа *******үйлчилгээний төвийн 5 давхрын 161.8 м.кв талбайг 1,134,000 ам доллароор шилжүүлэх байсан. Үүний дараа ******* байрлах, хоёр ширхэг авто зогсоолыг одоо ярьж байгаа амрагчийн сууцны хоёр ширхэг авто зогсоолоор солих талаар тохирсон байсан. Гэтэл нэхэмжлэлд дурдагдаад байгаа төлсөн гэх баримтууд нь дийлэнх нь биелэгдээгүй. Өөр өөр тусдаа төлбөрийн харилцаа байхад тэдгээрийг хамж шимээд бид нар өмчлөгч болох ёстой гэх агуулгаар шүүхэд мэдүүлж байгаа нь үндэслэлгүй.

5.6.Гэрээний шаардах хугацаа нь хуульд заасны дагуу 3 жилийн хугацаатай тул ******* шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байна. Иймд *******д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

6.1.“*******” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20 автомашины зогсоолтой амрагчдын байрыг барьж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад оруулсан. Орон сууцны захиалагчдын нэг нь ******* бөгөөд түүнтэй 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 23 тоот амрагчийн сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Энэ гэрээг Б.Уянга дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Учир нь гэрээний дагуу талууд буюу “*******” ХХК, ******* нар ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн.

6.2.Компани тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулах ёстой байсан ба нөгөө талаас ******* төлбөрийг төлөөд холбогдох эрхийг шилжүүлэн авах гэрээний харилцаа юм. “*******” ХХК-ийн зүгээс бид нар барилгаа барьсан учраас шилжүүлж өгье, холбогдох төлбөрөө төл гэдгээ хэлсэн. 2014 онд яагаад ******* дуусаагүй барилгын эрхийн гэрчилгээ авсан бэ гэхээр гэрээний дагуу 2013 оны сүүлээр ашиглалтад орох ёстой байсан боловч ашиглалтад оруулж чадаагүй учраас 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 98 хувийн гүйцэтгэлтэй барилгад ******* өмчлөгчөөр бүртгэгдсэн. Хуульд заасны дагуу төлбөрийг төлсөн учраас *******од шилжсэн.  

6.3.Энэ гэрээний тал Б.Уянга биш, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа нэгэнт хэтэрсэн. Хэлцлийн үр дагаврыг арилгуулж, хэрхэн шаардаж байгаа нь тодорхойгүй. Товчоор хэлэх юм бол үүргийн хэлцлийг хүчингүй болгоод байгаа нь талуудын хооронд хийгдээд байгаа өмчийн хэлцлийн үр дагаврыг хүчингүй болгуулах үндэслэл үүсэхгүй.

Дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар *******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******тоот амрагчийн сууцны хууль бус эзэмшлээс *******ыг чөлөөлж, мөн байрны зоорины давхарт байрлах, хоёр ширхэг автомашин зогсоолыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар *******, *******д нарт холбогдох Хан-Уул дүүргийн *******тоот амрагчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, *******ын өмчлөлд 98 хувийн гүйцэтгэлтэй бүртгэгдсэн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон энэ гэрчилгээг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон 000845895 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар *******, “*******” ХХК нарт холбогдох “*******” ХХК, ******* нарын хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн амрагчийн сууц захиалгаар бариулах тухай 23 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,506,100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

8.Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1.*******ын *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд, ******* нь *******тай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, эрхгүй этгээд гэж үзсэн. Гэтэл *******ыг гэрээ байгуулах эрх эсэх, *******, ******* нарын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 06ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд талууд огт маргаагүй. ******* гэрээ хийх эрхтэй байсан бөгөөд түүний үүргээ биелүүлсэн. ******* нь “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал бөгөөд компани нь гэрээ байгуулах, гарын үсэг зурах эрхтэй этгээд юм. Гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд ******* нь *******тай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээнд заасан төлбөрийг ******* төлсөн бөгөөд шүүх энэ гэрээг хүчин төгөлдөр гэж тооцохгүй байх нь үндэслэлгүй.

******* маргаан бүхий сууцанд 470,000,000 төгрөгөөр засвар хийж 10 жилийн хугацаанд амьдарсан, нэхэмжлэгч ******* нэг хотхонд амьдарч байхдаа энэ байрнаас гараарай гэж нэг ч удаа хэлж байгаагүй.

8.2.Цаг хугацааны хувьд ******* сүүлд гэрээ байгуулсан байж болох хэдий ч энэ нь шууд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн *******, баз хүргэн ******* нарын хоорондох 2012 оны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасан.

8.3.*******, “*******” ХХК-ийн хоорондох 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:

Шүүх энэ 2012 оны гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн. Гэтэл 2012 оны гэрээний дагуу “*******” ХХК нь маргаан бүхий 23 тоот орон сууцыг *******од хүлээлгэн өгөөгүй буюу ажлын дүнг өгөөгүй, ******* ч хүлээн авахаар шаардаагүй байна.

Мөн энэ гэрээний 2.1-д нийт үнэ 165,000,000 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр хуваан төлөхөөр график гаргасан боловч тус гэрээний дагуу *******оос төлбөр төлсөн ямар ч баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Харин ******* худалдан авсан 23 тоотын төлбөрийг орон сууцаар төлснийг гэрч *******гийн мэдүүлгээр нотлогддог.

2012 оны гэрээг хийх үед энэ байр баригдаагүй, барилгын суурь ч тавигдаагүй байсан нь “google map earth”-ийн зургаас харагдана. ******* нь уг гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй, мөн гэрээний нөхцөлүүдийг биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл 2012 оны гэрээг тухайн цаг үед байгуулаагүй, ийнхүү байгуулах хүсэл зориггүйгээр зөвхөн хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн бөгөөд маргаан бүхий орон сууцыг хүлээлцээгүй, ******* ч тухайн орон сууцанд амьдрах хүсэл зориггүй байсан нь гэрээ байгуулснаас хойш 11 жилийн дараа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаас харж болно.

8.4.*******ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагын тухайд: Агуулгын тухайд *******, “*******” ХХК нарын хоорондох  2012 оны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, энэ гэрээг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “... улсын бүртгэлийн асуудлыг ...нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй” гэсэнтэй нийцэхгүй байна. Анхан шатны шүүх улсын бүртгэлийн асуудлыг огт шийдвэрлээгүй бөгөөд улсын бүртгэлийг шууд үнэн зөв гэж үзсэн.

Шүүх бүртгэлийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулан, *******ын нэр дээр гарсан гэрчилгээтэй маргаж байхад түүнийг туйлын үнэн зөв гэж нотлох баримтаар үнэлсэн нь хэт нэг талыг баримталсан шийдвэр болсон гэжээ.

 

9.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан

 *******ас *******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлд түүнд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, мөн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагууд багтсан. ******* болон ******* хоёрын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгдээгүй. Ийм байтал өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг *******од холбогдуулан гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

9.2.Хэрэв *******, “*******” ХХК-тай гэрээ байгуулж, түүнийг үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 онд эзэмшилдээ авсан гэж үзвэл Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. ******* 10 гаруй жилийн турш тухайн эд хөрөнгийг эзэмшсэн хэр нь одоо 10 жилийн дараа “өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэстэй. *******ын зүгээс уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

9.3.2020 онд ******* өмчлөх эрхийн гэрчилгээгээ баталгаажуулсан. 98 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг анх гаргахдаа 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар мэдүүлсэн. Уг 98 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус болгох эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй. Мөн өмчлөх эрхийн 100 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ 2020 онд гарсан байхад гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

9.4.Маргаан бүхий орон сууцыг 2012 онд компанитай 165,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч тухайн үед газар дээр ямар нэгэн барилга байгууламж байгаагүй, хоосон талбай байсан. Уг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин нэхэмжлэгч ******* тус гэрээг өөрийн талаас худалдан авах, худалдах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, хүчин төгөлдөр бус гэж маргасан.

Гэвч үүнийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, “бид хөрөнгийн жинхэнэ эзэнтэй гэрээ байгуулсан” гэж ******* тайлбарласан, ******* мөн адил тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэнтэй гэрээ байгуулсан. Түүнчлэн ******* орон сууцанд орсны дараа дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, халаалт, цахилгаан, инженерийн шугам сүлжээг бүрдүүлэх зэрэгт 470,000,000 төгрөгийн зардал гаргасан талаар дурдсан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу эдгээр зардлыг нотлох баримтаар хангалттай баталгаажуулж чадаагүй.

9.5.Нэхэмжлэгч ******* уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар *******ас нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх уг шаардлагыг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрийг гаргасан. Учир нь өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэх хууль зүйн болон хэрэгт авагдсан нотлох баримтын нотлогдоогүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгч *******ын өмчлөх эрхийг хамгаалж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

10.Давж заалдах гомдолд хариуцагч *******, “*******” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

10.1.******* нь *******тай орон сууц худалдан авах гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч байна. Тус үүргийн хэлцэл байгуулагдах үед ******* төлбөрөө бүрэн барагдуулсны дараа бид *******той харилцан тохиролцож, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх боломжтой гэж үзсэн. Уг үүргийн хэлцэлд зааснаар энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн доголдолтой болохыг тус гэрээний 4-т тодорхой зааж өгсөн. Гэвч ******* гэрээнд заасан төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Энэ талаарх нотлох баримтууд анхан шатны шүүхийн шатанд хангалттай хэмжээнд хэрэгт авагдсан.

10.2.*******ын зүгээс 2020 оны 8 дугаар сард уг гэрээнээс бүхэлд нь татгалзсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн нэг болох 24 тоот орон сууцыг буцаан хүлээн авсан. Харин 23 тоот орон сууцыг ******* хүлээлгэн өгөөгүй. Тухайн хугацаанд гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор *******тай холбогдох гэж оролдсон боловч хорих ял эдэлж байсан тул асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй.  

10.3.“*******” ХХК-ийн хувьд, уг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай *******ын нэхэмжлэлийн хариуцагч этгээд биш байсан. Иймд тус компанийн бүрэн эрхтэй холбоотой тайлбар гаргаагүй. “*******” ХХК нь хуулийн этгээд, харин ******* нь иргэн бөгөөд эдгээр нь хоорондоо тусдаа, бие даасан этгээдүүд байна. Мөн “*******” ХХК-ийн зүгээс 2012 онд *******од орон сууц хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч байна. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь барилгын ажил 2013 онд эхэлж, тухайн үед 98 хувийн гүйцэтгэлтэй барилга байсан бөгөөд ******* өөрөө барилгын гүйцэтгэлийг хүлээн авсан байдаг. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* энэхүү үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Өөрөөр хэлбэл,” *******” ХХК зүгээс гэрээний дагуу *******од тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. *******ын зүгээс уг гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж маргаж байгаа боловч дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь бусад этгээдийг хууран мэхлэх зорилготой буюу дотоод хүсэл зориггүй байх тохиолдолд үүсдэг. Манай тохиолдолд уг нөхцөл огт байхгүй.

10.4.Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг “*******” ХХК-ийн зүгээс дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хаягт байрших 240 м.кв талбайтай 4 өрөө амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг байрны зоорины давхарт байрлах хоёр ширхэг автомашины зогсоолыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,

-*******, ******* нарт холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгө, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох,

-*******, “*******” ХХК нарт холбогдуулан, *******, “*******” ХХК нарын хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн амрагчийн сууц захиалгаар бариулах тухай 23 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох,

-*******од холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг *******ын өмчлөлд бүртгэгдсэн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн /98 хувийн гүйцэтгэлтэй/, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн /100 хувийн гүйцэтгэлтэй/ өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар шаардсаныг /нэгтгэсэн хэрэг, цаашид сөрөг нэхэмжлэл/ нэхэмжлэгч, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч ******* шаардах эрхийн үндэслэлээ “хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ” гэж, хариуцагч *******ас татгалзлын үндэслэлээ “уг хөрөнгийг “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал *******тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан, 10 жилийн өмнөөс бодитоор эзэмшиж ашиглаж байгаа, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн, ******* болон ******* нар хамаарал бүхий этгээдүүд” гэж тайлбарласан бол,

хариуцагч *******ын зүгээс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “******* худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг төлөөгүй, *******ас ******* болон “*******” ХХК нартай тус тусдаа өөр хэд хэдэн гэрээ байгуулсан, гэрээ тус бүрт үүссэн төлбөрийн харилцааг нийлүүлж хольж ярьж байна, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж, хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс “тус компани барилгыг барьсан, *******той байгуулсан гэрээний дагуу түүнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн” гэж тайлбарлаж тус тус маргасан байна.

 

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

4.1.*******, “*******” ХХК, ******* болон бусад хуулийн этгээдийн оролцоотой хэд хэдэн гэрээнүүд байгуулагдсан байна.

4.1.1.“*******” ХХК, ******* нарын хоорондох 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Амрагчийн сууц захиалгаар байгуулах гэрээ”-гээр: Худалдагч нь маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн *******орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч ******* үнэ 165,000,000 төгрөг төлөхөөр тохирсон, /1хх.65-68/

4.1.2.*******, ******* нарын хоорондох 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Амрагчийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр: Худалдагч ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү********, *******дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав 25 дугаар байрны 24 болон 23 тоот хаягт байрлах тус бүр 320 м.кв болон 240 м.кв талбайтай, хоёр ширхэг амрагчийн сууц,  уг байрны зоорины давхарт байрлах хоёр ширхэг авто зогсоолын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, 

Худалдан авагч ******* нь орон сууцны нэг м.кв талбайг 3500 ам доллароор тооцож нийт 1,960,000 ам долларыг бэлэн бус хэлбэрээр буюу эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, ******* тоотод байрлах 164,13 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг хоёр ширхэг автомашины зогсоолын хамт 310,000 ам долларт тооцож,

-Хан-Уул дүүргийн Дунд гол гудамжинд баригдаж буй River stone хотхоны тус бүр нь 92.7 м.кв талбай бүхий 3 өрөө, 5 ширхэг орон сууцыг 577,120 ам долларт тооцож,

-Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд баригдаж буй *******худалдаа үйлчилгээний төвийн 5 давхарт байрлах, тус бүр нь 9 м.кв, 6 м.кв, 30 м.кв, 18,8 м.кв,  35,2 м.кв талбай бүхий нийтдээ 10 ширхэг үйлчилгээний талбайг 1,134,000 ам долларт тооцож, 

-Амрагчийн сууцны зоорины давхарт байрлах хоёр ширхэг зогсоолыг ******* хотхонд байрлах хоёр ширхэг зогсоолоор солих замаар төлөхөөр тохирсон, /2хх.169-173/

 

4.1.3.“*******” ХХК-ийг төлөөлж захирал ******* болон “*******” ХХК-ийг төлөөлж захирал ******* нарын хоорондох 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №Б14/28 тоот “Худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ”-гээр: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намьяанжүгийн гудамжинд байрлах ******* худалдааны төвийн 6 давхарт 81 м.кв үйлчилгээний талбайг нэг м.кв талбайг 6,000 ам доллароор тооцож нийт 490,000 ам доллар төлөхөөр, гэрээний 2.2-т үнэ төлөгдсөн талаар тусгаж тохирсон, /2хх.14-17/

4.1.4.******* болон ******* нарын хоорондох 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Амрагчийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр: эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******тоот, 316,04 м.кв талбайтай, амрагчийн сууцыг нэг м.кв талбайг 3500 ам доллар буюу нийт үнэ 1,106,140 ам доллар төлөхөөр тохирсон, /2хх.39-41/

4.1.5.“*******” ХХК-ийг төлөөлж захирал *******, ******* нарын хоорондох 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Амрагчийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр: Хан-Уул дүүргийн ******* тоот, 150 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, амрагчийн сууцыг 300,000 ам доллар төлөхөөр тохирсон,  /2хх.44-46/

4.1.6.“*******” ХХК-ийг төлөөлж захирал ******* болон ******* нарын хоорондох 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр: Худалдагч нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн ******* тоотод байрлах 164,13 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч ******* үнэ 120,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байна. /2хх.174-175/

4.2.Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь “*******” ХХК-тай байгуулсан 2012 оны худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон, харин хариуцагч ******* нь *******тай байгуулсан 2015 оны худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшлийг олж авсан,

“*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ******* бөгөөд ******* болон ******* нар нэг айлын баз хүргэчүүд, ******* нь “*******” ХХК-тай хамаарал бүхий этгээд болох нь  тогтоогдсон, энэ үйл баримтуудад маргаагүй байна.

 

5.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн уг алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 6.Хариуцагч *******ас маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн гэж тайлбарлахдаа:

-эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг *******ын нэрлэн зааснаар *******гийн өмчлөлд шилжүүлж өгсөн,

-Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд баригдаж буй *******худалдаа үйлчилгээний төвөөс 81 м.кв талбайг 490,000 ам долларт тооцож хүлээлгэн өгсөн, энэ талаар тусдаа гэрээ хийсэн,

-200,000,000 төгрөгийн үнэ бүхий пийсүү ваар, хаш аягийг өгсөн,

-*******ын хүсэлтээр “*******” ХХК-д 63,008,500 төгрөгийг төлсөн, 13,000,000 төгрөгийн үнэтэй тууварчин зураг, цагийг төлбөрт тооцож өгсөн тул төлбөр бүрэн төлөгдсөн, 30 тоот орон сууцыг гэрээ байгуулсан хэдий ч *******д өгөөгүй, 24 тоот орон сууцыг 2020 онд буцааж өгсөн, 2012 онд худалдан авсан 4 тоот орон сууцны хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тул газрын төлбөрт тооцох боломжгүй гэсэн бол,

Харин хариуцагч *******ын зүгээс үнийг төлөөгүй гэж тайлбарлахдаа:

-*******худалдаа үйлчилгээний төвөөс худалдан авахаар тохирсон 5 дугаар давхрын 81 м.кв талбай нь талуудын хоорондох 2014 оны гэрээний зүйл, 2015 оны гэрээнд заасан *******төвийн 6 давхрын талбайг мөн хүлээлгэн өгөөгүй, барилга ашиглалтад ороогүй, аль ч гэрээний дагуу нэг ч талбайг хүлээн аваагүй,

-200,000,000 төгрөгийн үнэ бүхий пийсүү ваар, хаш аяга  нь тусдаа 30 тоот орон сууцны төлбөрт тооцсон,

-“*******” ХХК-д төлсөн төлбөрт хариуцагч ******* хамааралгүй, түүний өмнөөс мөнгө төлөөгүй,

-13,000,000 төгрөгийн үнэтэй тууварчин зураг, цагийг 2012 оны гэрээний 4 тоот орон сууцны газрын төлбөрт тооцож авсан гэж тайлбарлажээ.

 

7.Дээрх байдлаар маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдсөн эсэхэд  зөрүүтэй тайлбар гаргасан ч хэргийн баримтаар дээрх тайлбарын алиныг нь ч  үндэслэлтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын хооронд нэг дор байрлах хэд хэдэн ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар тохиролцсон 4 ширхэг гэрээ баримтаар авагдсан, үүнээс зарим үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгсөн гэж тайлбарлаж, одоо маргаж байгаа 23 тоот үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт хариуцагч *******ас тооцож өгсөн гэх хөрөнгийг хариуцагч *******ын зүгээс өөр гэрээний төлбөрт тооцож авсан, зарим хөрөнгийг хүлээж аваагүй гэж тайлбарлажээ.   

Анхан шатны шүүх зөрүүтэй тайлбар, нотлох баримтын талаар хэргийн оролцогчоос тодруулах, чиглүүлэх зэргээр уг зөрүүг арилгах, улмаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй байна.

           

8.Нэхэмжлэгч *******ын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн урьдчилсан гурван нөхцөлүүдээс “хөрөнгийн өмчлөгч байх”, “бодитоор хариуцагч хөрөнгөд эзэмшлээ тогтоосон байх” нөхцөлүүд хэргийн баримтаар хангагдсан хэдий ч “хариуцагч хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа үйлдэл хууль бус байх” нөхцөл нь *******, ******* болон тэдгээрийн хамааралтай хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилттэй шууд шалтгаант холбоотой байх тул шүүх дээрх гэрээний хэрэгжилтийг дүгнэхгүйгээр хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. 

Түүнчлэн ******* болон “*******” ХХК нь *******тай байгуулсан гэрээнээсээ татгалзсан гэдэг тайлбар гаргасан ба гэрээнээс татгалзсан тохиолдолд тэр нь бодитойгоор хэрхэн хэрэгжсэн нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

9.Иймд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,070,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Э.ЭНЭБИШ

О.ОДГЭРЭЛ