Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 966

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Батаанарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01723 0924 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт О-ын Б, Монгол Улсын иргэн, 1980 оны 09дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны *** тоотодоршин суудаг, регистрийн дугаар****, урьд:

-2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Орхон аймаг дахь Сум дундынЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анханшатны 1 дүгээр шүүхийн 1361 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдсэн.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.А-ийн “иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, голомт, худалдаа хөгжлийн банкны карт, хоёр ширхэг хадгаламжийн дэвтэр, автобусны карт, ууттай жимс” зэрэг эд зүйлстэй гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж, иргэн Т.Адьяад 142,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт О-ын Б нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.А-ийн “иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, голомт, худалдаа хөгжлийн банкны карт, хоёр ширхэг хадгаламжийн дэвтэр, автобусны карт, ууттай жимс” зэрэг эд зүйлстэй гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж, иргэн Т.А-д 142,500 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч О.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

            2. Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 03 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн Их Нарангийн шинэ эцсийн автобусны буудал дээр таксинаас буугаад “Эх булаг” дэлгүүр ороод ууттай жимс аваад гараад ертөнцийн зүгээр баруун тийш ганцаараа гэрлүүгээ алхаж явж байхад хажуугаар нэг эрэгтэй хүн ганцаараа зөрөөд алхсан, тэгээд зөрчхөөд би хашааны булан эргэж байхад буцаж ирээд би таныг хүргээд өгөх үү гэхээр нь үгүй гэхэд миний зүүн гарт байсан гар цүнхийг булааж аваад цаашаа гүйгээд явсан, тэгээд би цагдаа дуудсан...Миний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, голомт, худалдаа хөгжлийн банкны карт, голомт, капитал банкны хоёр ширхэг хадгаламжийн дэвтэр, автобусны карт, мөн дэлгүүрээс худалдан авсан жимс зэрэг зүйл байсан, би эдгээр зүйлсээс автобусны картаас бусад бүх зүйлсийг бүгдийг нь хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-26 дугаар хуудас);

            3. Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тухайн үед О.Б-ийн баруун талын халааснаас хохирогч Т.А нь эд зүйлээ дээрэмдүүлэхийн өмнө нь дэлгүүрээс 1800 төгрөгөөр худалдан авсан гэх жижиг гялгар ууттай чавга гарч ирсэн. Дараа нь О.Б-аас дээрэмдсэн гар цүнхээ яасан талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 5 гудамжинд байх эзэнгүй хашааны нойлд хийсэн гэсний дагуу очиж хохирогчийн гар цүнхийг нь авсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас);

            4. Иргэн Т.А-аас 2019 оны 03 дугаар 23-ны өдрийн 23 цаг 48 минутад **** дугаарын утсаар “...Үл таних хүн цүнхтэй эд зүйлсийг булаагаад зугтчихлаа...” гэсэн тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай Шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 6 дугаар хуудас);

            5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-9 дүгээр хуудас), цагдаагийн ахмад Б.Б, ахлах ахлагч М.С нарын илтгэх хуудас (хх-ийн 10 дугаар хуудас);

            6. Эд зүйлсийг эд зүйлсийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 13 дугаар хуудас), эд зүйлсийг хохирогч хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 14 дүгээр хуудас);

            7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны 592 дугаартай “...Т.А-ийн эд зүйлсийг 142,500 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-40 дүгээр хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 43-44 дүгээр хуудас), эрүүлжүүлэх байрны бүртгэл, тэмдэглэлийнхуулбар (хх-ийн 54-57 дугаар хуудас);

            8. Шүүгдэгч О.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 65 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 49-52, 89 дүгээр хуудас);

            9. Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би архи уух зорилгоор дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Би дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн. Миний дээрэмдсэн хар өнгийн гар цүнх дотор банкны картууд, бичиг баримт, гялгар ууттай хар өнгийн чавга байсан өөр эд зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 99-100 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, голомт, худалдаа хөгжлийн банкны карт, голомт, капитал банкны хоёр ширхэг хадгаламжийн дэвтэр, автобусны карт, мөн дэлгүүрээс худалдан авсан жимс, эмэгтэй хүний гар цүнх зэргийг нийт 142,500 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 142,500 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Б-г“дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.А нь дээрэмдүүлсэн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч О.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Б нь хохирлоо нөхөн төлсөн. Урьд ял шийтгэлээ эдлээд дууссан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, бусдад төлөх төлбөргүй байна зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тэнсэж өгнө үү. Мөн шүүгдэгчид согтууруулах ундаахэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч О.Б нь хорих ялын доод хэмжээг зургаан сар, дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг харгалзан шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээн авч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй ... бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан тул шүүгдэгч О.Б-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг тогтоолоор сануулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь нийт 9 хоног цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан “хувийн баталгаа гаргах”таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт О-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгзаасан“дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч О.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзаасан хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүгдэгч О.Б-д шүүхээс хүлээсэн үүрэг, тогтоосон хязгаарыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь нийт 9 (ес) хоног цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Б-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА