| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0868/Э |
| Дугаар | 975 |
| Огноо | 2019-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 975
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч А.Мөнхзул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Я-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03726 1059 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Я-ын Д, Монгол Улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл хоёр, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Намгийн задгай тоотод оршин суудаг, регистрийн дугаар нь***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Яллагдагч Я.Д нь 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн задгайд оршин суух иргэн Я.Д-ийн гэрт үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ш.М-ны шанаа руу нэг удаа цохиж, гадаа хашаан дотор нүүрэн тус газар нь гараараа болон төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Я-ын Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн задгайд оршин байх хашаанд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ш.М-ны шанаа руунэг удаа цохиж, нүүр лүү гараараа болон төмрөөр цохиж, түүний бие махбодод “Зүүн хөмсөг, баруун нүдний гадна булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүннүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгын цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Я.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “..08 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутын орчим би ажил руугаа явсан. Орой 22-23 цагийн үед ажлаасаа буугаад замаараа дэлгүүр ороод юм авчхаад гэртээ харьсан. Тэр орой би эгчийндээ ороогүй. Өглөө гэртээ унтаж байхад танихгүй хүн орж ирээд савтай ус аваад гараад явсан. Өглөө нойр дутуу сэргэчихсэн байсан болохоор тэр хүнийг тухайн үед хулгай хийж байна гэж бодсон. Манайхаас ойр зуурын юм зөндөө алга болж байсан. Тэр хүнийг хулгай хийж байна гэж бодоод хөмсөг тус газар нь цохичихсон. Манай хашааны хоёр банз уначихсан байсан. Зүүн талаас Цагаансар гараад ирсэн. Надаас “яагаад хүн цохиж байгаа юм бэ” гэхээр нь би болсон явдлын талаар хэлсэн. Бид гурав Д эгчийнд орсон. Тэр хүнийг Д эгчийнд хоносон гэж бодсон. Автобусны карт хаана байна гээд хайгаад яваад байсан. 08 дугаар сарын 07-ны өдөр хамт ууцгаасан хүмүүс нь бүгдээрээ байж байсан. Тэгэхээр нь би гараад явчихсан. Урьд нь манай эхнэр хүнд цохиулаад дал нь цуурчихсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны байцаагч хүрээд ир гээд залгаад байсан болохоор бид хоёр хамт явсан. Тэнд 30-40 минут хүлээсэн. Ирэхгүй болохоор нь буцаад далангаар алхаад гэртээ ирэхэд цагдаагийн машин, гэмтлийн машин ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Шүүгдэгч нь өглөө талийгаачийг нэг удаа цохисон гэж байна. Хохирогчийг өмгөөлж байгаа хоёрхон хүн байгаа. Тэр нь Д, Ц хоёр. Тэр хоёр хүн хохирогчийг төмрөөр цохиж байхад нь “хүн аллаа шүү дээ, болиоч ээ” гэж хэлсэн гэж хоёулаа мэдүүлсэн. Д, Ц хоёр ажилдаа явсан. Тэгэхээр хохирогчийг хамгаалах хүн байхгүй болчхож байна. Шүүгдэгч 8 дугаар сарын 07-ны өдөр бүгд архи уусан гэж мэдүүлж байна. Харин гэрчүүдийн мэдүүлэгт архи уусан гэж хэн ч хэлээгүй байдаг. Талийгаач нь Завхан аймгийн төвд төрсөн хүн. Улаанбаатар хотод 18 настайдаа ирээд Соёл урлагийн их сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшсэн. Улсын яллагч ганцаараа амьдардаг байсан гэж байна. Талийгаач нь аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан. 36 настай хүн эхнэр, хүүхэдгүй байх нь том асуудал биш гэж бодож байна. Ажилтай, орлоготой хүн байсан. Миний ахыг амиа хорлосон гэж үзээд байна. Амиа хорлох ямар ч шалтгаан шаардлага байхгүй гэж миний зүгээс үзэж байна. Би тухайн үед Солонгос улсад байсан. Тэгэхэд манай ээж харвачхаад Солонгос улсад эмчлүүлж байгаад ирсэн байсан. Манай ах хэрэг гардаг өдрийн урьд өдөр нь ярьсан. “Ээжийн бие сайжирч байгаа, 10 хоног тайван хоноод ирээрэй, би ээжийгээ сайн харж байгаа” гэж надтай ярьж байсан. Тийм хүн амиа хорлоно гэж огт байхгүй. Баримтаар 4,004,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ах 1982 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. Нэгэнт манай ах нас барснаас хойш цохисон болон улмаар амь насанд нь хүрсэн хүн байвал тэр хүмүүст хуулийн дагуу хариуцлагыг авч өгнө үү гэж л хүсмээр байна ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 32-33 дугаар хуудас);
4. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай “...Гэрч Ц-аар гэмт хэрэг гарсан газрыг заалгуулан нөхөн үзлэг хийхэд талийгаач Ш.М-ны духнаас нь гарсан цусыг арчсан ариун цэврийн цаасыг олж, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн төмрийг олоогүй тухай бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 7- 10 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-6 дугаар хуудас);
5. Гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 08 дугар сарын 08-ны өдөр 07 цагийн үед Н ахынд орсон. Өмнөх өдөр нь би Нахын сим картыг хэрэглэсэн юм. Тэгээд өглөө нь өгөх гэж орсон. Н ахынд нэг танихгүй хүн /талийгаач М/ хоймор байрлуулсан орыг урагшлуулсан, юм хайгаад байгаа бололтой байсан. Тэгээд би симийг нь өгчхөөд гарах гэж байтал гаднаас Д орж ирээд тэр залууг /М талийгаач/ чи манайд юугаа хайгаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр залуу эргэж хараад надаас энэ айлын хаяг нь юу гэж явдаг вэ гэж асуухаар нь би “Булаг гэж явдаг, яг хаягийг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлчхээд байж байсан чинь Д тэр залууг /Мөнхсайхан талийгаач/ шанаа хэсэгт нэг гараараа цохисон. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би асуудалд орооцолдмооргүй байсан болохоор гараад явсан ... гэсэн мэдүүлэг (1хх- ийн 34-35 дугаар хуудас);
6. Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 07 цагийн үед манай хажуу айлынд хүн орилоод байхаар нь гарсан чинь Д талийгаач залууг эхлээд гараараа зодож байснаа дараа нь гэрийнхээ хаяанаас төмөр аваад нэлээн олон удаа цохисон. Талийгаач залуу больё гэсэн чинь Д би шорон оронгоор явсан хүн гээд цохиод байсан. Д шүүхийн шийдвэрийн нэг бичиг гаргаж ирчхээд шүүхийн шийдвэрийн асуудал хэцүү болсон шүү дээ энийг унш гэсэн. Талийгаач залуу унших гээд дээд хэсгийг харж байсан чинь Дондог булааж аваад дахиад гараараа цохиод эхэлсэн. Тэр ахын хөмсөгнөөс нь цус гараад байсан ...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 36-37 дугаар хуудас) дахин өгсөн “... Д хашаандаа талийгаач залуу буюу хар өнгийн жийнс өмдтэй залууг гараараа цохиод байх шиг байсан. Лавшруулаад хартал жижиг булан төмрөөр толгой, нүүр рүү нь цохиод байсан. Яг төмрөөр цохих үед баруун талын хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгэхээр нь би болиочээ, наад хүн чинь үхлээ ш дээ” гэхэд Д болихгүй байсан. Тэгээд яадаг юм, энэ чинь гэрээс 5 литрийн ус хулгайлсан гээд байхаар нь би очиж болиулахад Д би шорон оронгоор явж байсан хүн, шүүхийн шийдвэр нь энэ байна гээд тэр залууд нэг цаас өгч уншуулсан. Тэгээд би гэрээс цэнхэр хувинд ус хийж гаргаж ирээд нөгөө талийгаачийн нүүр гарыг нь угаалгасан юм ...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 80дугаар хуудас);
7. Гэрч О.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 07 цагийн үед дуудлагаар очиж гар утсаа алдсан гэх хүнтэй уулзахад М гэж нэрээ хэлсэн. Тэр залуугийн зүүн хөмсөгнөөс шалбараад цус гарсан байдалтай байхаар нь яасан бэ гэж асуухад би найзтайгаа маргалдсан юм, манай найз надаас уучлалт гуйвал би цагдаад хандахгүй, уучлалт гуйхгүй бол цагдаад хандана гэсэн. Ямар гар утас алдсан бэ гэхэд тэр талаар ерөөсөө хэлэхгүй байсан ... гэсэн мэдүүлэг (1хх-ийн 36-37 дугаар хуудас),дахин өгсөн ”...Тухайн үед дуудлагаар очиж шалгахад дуудлага өгсөн гэх залуугийн зүүн хөмсөгнөөс цус гарсан байсан. Бас баруун чамархай буюу баруун нүдний хажуу талаас цус гарсан шарх байсан. Тэр 2 шархнаас нь цус гарч байсан. Шинэ шарх байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 44 дүгээр хуудас);
8. Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай охин Ц гэрт орж ирээд ээжээ, Д нөгөө залууг төмрөөр зодчихлоо гээд ороод ирэхээр нь би очоод Д-ийг чи яагаад энэ хүнийг зодоод байгаа юм бэ гэсэн чинь Д энэ залуу миний хром гутлыг хулгайлчихлаа, тэгэхээр нь би зодсон юм гэж надад хэлсэн. Манай охин талийгаач залууг /талийгаач М/ зодуулж байхад нь гэрийнхээ гадаа харчхаадболиоч, та хүн аллаа ш дээ” гэж орилж байсан... Тухайн өдөр манай охин Ц намайг Д хүн зодоод байна гээд дуудахаар нь гарахад Д талийгаач залууг гараараа нэг удаа цохиод жижиг төмөр аваад цохих гэж далайгаад байсан. Яг тэр үед цай дэврээд би гэр рүүгээ орсон ... гэсэн мэдүүлэг (1хх-ийн 40-43 дугаар хуудас);
9. Гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Б-ны хамтаар дуудлагад очсон. Өөрийгөө М гэж танилцуулсан залуутай уулзахад тэр залуугийн зүүн нүдний хөмсөг шалбараад цус гарч байсан. Ямар хүнд зодуулсан, ямар утас алдсан бэ гэсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд би найзтайгаа маргалдсан, найз маань уучлалт гуйвал цагдаад очихгүй, уучлалт гуйхгүй бол очно гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 дүгээр хуудас), ...дахин өгсөн:“...Тэр талийгаач залуугийн зүүн хөмсөгнөөс цус гарч байсан. Бас баруун чамархайнаас цус гарсан байсан. Өөр шарх байгаагүй. Дээрх 2 шарх нь тухайн үед учирсан байж болох шинэ шарх байсан ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 47 дугаар хуудас);
10. Гэрч Ш.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 08-ны 06 цагийн орчим би сэртэл нэг танихгүй эрэгтэй хүн газар унтаж байсан. Манай эхнэр Д-ээс нөгөө залуу би танд өчигдөр хадгалуулсан гар утсаа авъя гэтэл манай эхнэр дэрэн доороосоо хар өнгийн Нокиа маркийн гар утас, хайрцагтай тамхи автобусны карт зэргийг гаргаж өгсөн. Тэр залуу надад нэг тамхи өгчхөөд гараад явсан. Тэгээд нэг сэртэл Д авгай орж ирээд манай амбаарт хүн боож үхсэн байна гээд цагдаа сэргийлэх болоод явчихсан ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 55- 56 дугаар хуудас);
11. Гэрч Я.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхад Д манай гэрт орж ирээд танай хашаан дотор нэг хүн унтаж байна гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би явж очтол нэг согтуу залуу унтаж байхаар нь хөлөөрөө хэн бэ гээд биед нь хүрэхэд өндийж босож ирээд би хойшлоо айл руу явж байгаад айлаа олж чадахгүй байна, эгчээ, сая миний халаасанд байсан гар утсыг нэг хүн аваад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд би гэрт оруулсан. Тэгтэл тэр залуу би айлаа хайгаад олохгүй байна, танайд хоночихъё гэж гуйгаад байхаар нь гэртээ хонуулсан. Унтахдаа Нокиа маркийн хар өнгийн гар утас, автобусны карт гаргаж ирээд хадгалуулчихъя гэж өгөхөөр нь буйдангийн доор хийгээд амарсан. Би өглөө тэр залууд гар утас, автобусны картыг нь гаргаж өгсөн. Тэгээд тэр залуу гарч яваад буцаад орж ирсэн. Тэгтэл Д орж ирээд чи яахаараа манай гэрт орж ирдэг юм бэ гээд нөгөө залууг заамдаад аваад гарсан. Д заамдаад цохиод аваад гарсан ... гэсэн мэдүүлэг (1хх-ийн 59-60дугаар хуудас);
12. Шинжээч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Талийгаач нь хүзүүнд дарагдлын ором, механикамьсгалбүтэлт, дүүжлэлтийн улмаас амьсгалын цочмог дутагдлаар нас барсан. Талийгаачийн хүзүүнд үүссэн дарагдлын ором нь дүүжлэлтийн улмаас үүссэн ором байсан. Татаж чангаах буюу боолтын улмаас үүсээгүй, зөвхөн дүүжлэлтийн улмаас дээрх ором хүзүүнд үүссэн байна ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 84 дүгээр хуудас);
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1760 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хүзүүнд дарагдлын ором, зүүн хөмсөг, баруун нүдний гадна булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгын цус хуралт тогтоогдлоо.Дээрх дарагдлын ором нь хагас материалын үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Зүүн хөмсөг, баруун нүдний гадна булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүннүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгын цус хуралт гэмтэл нь талийгаачийг нас барахаас 24 цагийн дотор үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно.Талийгаачийн цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.Талийгаачид хийсэн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь В/III/ бүлгийн харьяалалтай цустай байжээ.Талийгаач нь дээрх дарагдлын ором механик амьсгал бүтэлт дүүжлэлтийн улмаас амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 88-89 дүгээр хуудас);
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 506 дугаартай "... Амь хохирогчийн хүзүүнд илэрсэн дарагдлын ормоос харахад хүзүү хоолойд үүссэн ормын нэгж гадаргууд нэгэн ижил хүч үйлчилсэн байх боломжтой байна. Үйлчилсэн хүчний чиглэл нь амь хохирогчийг босоо байрлалд байх үед үүссэн байх боломжтой байна. Дүүжлэгдэх үйлдлийг гаднын хүчээр хийсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дунд зэргийн согтолттой хүн ухамсарт үйлдэл хөдөлгөөн хийх болон биеэ удирдан явах чадвартай...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 25-27 дугаар хуудас);
15. Гэрч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д гэх айлын амбаарт хүн боож үхсэн, тэр хэрэгт Д шалгагдаж байгаа талаар сонссон. Д би хүн алаагүй гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 83 дугаар хуудас);
16. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 48-50 дугаар хуудас), CD-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл (2хх-ийн 65 дугаар хуудас);
17. Шүүгдэгч Я.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 154 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 140 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хэрэв энэ хэрэг гараагүй бол амь хохирогч амиа хорлохгүй байсан. Өөрөөр хэлбэл, овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг шиг амь хохирогчийн оршуулгын зардлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа юм. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохиролд 4,004,000 төгрөгийг баримтыг гаргаж өгсөн. Хөнгөн гэмтэл учруулсан ч бай, амиа хорлоход хүргэсэн ч бай шүүгдэгчийн үйлдлээс болсон гэдэг нь тодорхой байна. Шүүхээс улсын яллагчийн зүйлчилсэн зүйл ангиар хэргийг шийдэх юм бол хохирол төлбөрийн асуудал дээр анхаарч үзнэ үү гэсэн хүсэлтэй байна...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Ш.М нь шүүгдэгч Я.Д-ийн эрхшээлд байгаагүй, түүнчлэн шүүгдэгч Я.Д-ийн үйлдэл нь байнга гэсэн хууль зүйн шинжийг хангаагүй тул энэ хэргийг “хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.М-ны биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Я.Д-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Я.Д-ийг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М хохирогч Ш.М-ны оршуулгын зардалд 4,004,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх шүүгдэгч Я.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 4,004,000 төгрөгийн оршуулгын зардал бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хохиролтой холбоотой хор уршиг тодорхойлогдохгүйгэж үзлээ.
Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн шинжийг тодорхойлоход чухал шалгуур болгох шалтгаант холбоо гэдэг нь гэмт үйлдэл, үр дагавар хоёрын хоорондын дотоод харилцан хамаарлыг хэлэх бөгөөд тодорхой гэмт үйлдлийн улмаас буй болсоншууд үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд өөрийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг л хариуцах ёстой бөгөөд түүндээ тохирсон эрүүгийн хариуцлага хүлээх явдал юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан тул хохирогч Ш.М-ны эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас бодит зардал гараагүй учир шүүх шүүгдэгч Я.Д-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Я.Д-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн, тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 308 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг түдгэлзүүлж, 02 дугаар сарын 25-ны өдрийн 501 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 32 хоногийн хугацаанд түр зогсоосноор энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусахаар болсон байх тул шүүгдэгч Я.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Я.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 90 хоногийг 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагт шилжүүлэн тооцож 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчлөх саналтай байна. Тиймээс шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 44 дүгээр зогсоол дээр зогсож ажил амьдрал ахуйгаа авч явдаг. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас улсын яллагчийн саналыг дэмжиж ялыг биеэр эдэлсэнд тооцож өгнө үү...” гэв.
Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-т долоон зуун хорин цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар зургаан сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, компакт дискийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Я-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-т долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Я.Д-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-ийн цагдан хоригдсон 90 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцон түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас долоон зуун хорин цагийг хассугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж мөн хуулийнерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар зургаан сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардал нь шүүгдэгч Я.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгтэй шалтгаант холбоогүй байх тул түүний 4,004,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн даавууны тасархай, хар өнгийн футболк, хөх жийнс өмд, цэнхэр өнгийн дотоож, нэг хос хар өнгийн оймс, нэг хос хөх өнгөтэй пүүз гутал, цус мэт зүйлээр бохирлогдсон нойлын цаас, өмдний тэлээ, тээврийн хэрэгслийн шүүр,“Nokia” загварын нэг ширхэг гар утсыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар нэг ширхэг компакт дискийгхэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Я.Д-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.Д-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА