Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01700

 

 

*******ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03328 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ********, ********нарт холбогдох,

Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* , хариуцагч ******* ий өмгөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Иргэн ******* , ******* нар иргэн ******* аас түүний Сүхбаатар дүүрэг, ******* дугаар байрны 12 тоот орон сууцыг 116,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж тухайн үедээ ******* , ******* нар “мөнгө бага байна, дутаад хүрэхгүй байгаа тул энэ байрыг аваад өгөөч” гэж хэлсний дагуу эгчийн хувьд ******* би хариуцагч ******* ий өмнөөс өөрөөсөө мөнгө гаргаж нийт 116,000,000 төгрөгийг ******* т өгч дээрх байрыг “Орон сууц бэлэглэлийн гэрээ” -гээр ******* ий өмчлөлд шилжсэн.

1.2.Тухайн үед би ******* , ******* нарт 249,544,700 төгрөг төлөх өртэй байсан тул уг мөнгөнөөсөө хасуулж тооцуулахаар болж өөрөөсөө мөнгө гаргаж дээрх орон сууцны үнийг төлсөн. Гэтэл энэ мөнгийг миний төлөх ёстой мөнгөнөөс хасаж тооцохыг зөвшөөрөхгүй байгаа, би нэгэнт дээрх байрны үнэд өөрөөсөө 116,000,000 төгрөгийг гаргаж төлсөн тул орон сууцыг өмчлөх эрхтэй. Байрны мөнгийг төлж байгаа надтай гэрээ хийх ёстой, уг байрны өмчлөгч нь ******* би байх ёстой юм.

1.3.Мөн *******  болон ******* нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулагдах ёстой байсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн татвараас зугтааж худалдах худалдан авах гэрээг бэлэглэлийн гэрээгээр халхавчилж хийсэн. Энэ гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм.

1.4.******* ын байрыг би авъя гэх саналыг *******  тавьж 41,000,000 төгрөг авч ирсэн. Тэгээд 75,000,000 төгрөгийн зөрүү үүсэж байгаа учраас үүнийг төлж уг байрыг авмаар байна гэсэн яриа ах дүү нарын хооронд үүссэн. ******* 41,000,000 төгрөгийг авсан нь үнэн, гэхдээ энэ байрны мөнгөнд өгөөгүй, бидний хооронд өөр төлбөр тооцоондоо суутгасан байсан. *******ыг хууран мэхэлсэн, байрны мөнгийг төлүүлчхээд хоорондын тооцоондоо суутгахгүй, мөнгийг ч буцааж өгөхгүй хохироож байх тул тухайн байрны өмчлөгч байх ёстой гэж үзэж байна.

Иймд ******* , ******* нарын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар байр 12 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* ий татгалзал, тайлбарын агуулга:

2.1.*******аас би байр худалдаж авъя гэж гуйгаагүй. ******* хүүхдэдээ байр авч өгсөн. Найз нь байр зарах гэж байна, аавынхаа байрыг би чамаас буцаагаад авчихъя 75,000,000 төгрөгт бодоод авъя гээд манай амьдарч байсан байрыг ******* авсан байдаг. Тэрний зөрүү 75,000,000 төгрөгийг нь би гаргая, үлдсэн 41,000,000 төгрөгийг чи төлчхөөрэй гээд тэгээд энэ байрыг худалдаж авсан.

2.2.*******тай маргаан 2016 онд үүссэн. ******* ирээдүйд бид нар байрнаас болсон гээд тооцчихсон байсан. Бид нар ирээдүйд үүссэн тэр маргаан бол 5 жилийн дараа үүсэж байгаа юмыг ******* мэдчихээр зөрөөнд нь бэлдээд өгчихсөн байсан нь ямар ч логикгүй болоод байгаа.

Бэлэглэлийн гэрээ 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, бид нарын объектын маргаан бол 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, хоорондоо маргаж эхэлсэн нь 2017 оны маргаан болохыг энэ өөрчлөлт мэдээж надад 15,000,000 төгрөг өөрөөсөө болоод байр авч өгсөн гэжээ. 

 

3.Хариуцагч ******* , ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:

3.1.******* болон ******* нар ээж хүү 2 бөгөөд байр суурь нэг байна.

******* би нэхэмжлэгч Б.Тунгалагтамирын “******* ” ББСБ-аас өөрийн байраа барьцаанд тавин зээл авсан. Тэр нь маргаан бүхий энэ байр юм. Улмаар зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн асуудлаар зээл болон бусад төлбөрийг төлж барагдуулах шаардлага үүссэн. Үүнээс шалтгаалан би Сүхбаатар дүүргийн ******* тоот байрыг *******т зарж уг зээлийн бүх төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулаад үлдэгдэл зөрүү мөнгөө “******* ” ББСБ-аас авсан бөгөөд уг үйлдэлтэй холбоотой бүх баримт бичиг тус байгууллага дээр байгаа болно.

3.2.Уг байрны мөнгийг ******* “******* ” ББСБ-аас хүлээн авсан ба *******ын өөрийнх нь хүсэлтээр ******* д 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүнсний 50 дугаар дэлгүүрийн замын урд байрлалтай нотариатын газарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн.

Гэтэл тодорхой асуудлаар 2 хүн олон жил маргалдаж миний хувьд уг асуудлаар удаа дараа дуудагдаж асуугдаж дахин, дахин тайлбар гаргаад байгаад гомдолтой байна. Иймд уг асуудлыг нэг мөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* , ******* , ******* нарт холбогдуулан гаргасан 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, уг гэрээний зүйл болох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20-12 хаягт 41 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын эзэмшлийн “******* ББСБ” ХХК-аас 55,500,000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд уг зээлээ төлж хаахын тулд маргаан бүхий байрыг *******т 116,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. ...Уг байрны төлбөр тооцоог төлж байрыг авсан этгээд бол ******* юм.

Иргэн ******* уг байраа *******ын нэр дээр шилжүүлэх болоход ******* нь уг байрыг миний нэр дээр биш ******* ий нэр дээр шилжүүлээд өг гэж хэлсэн, үүний дагуу ******* уг байрыг ******* ий нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Бодит байдал дээр ******* зээлээ төлж барагдуулахын тулд өөрийн байраа зарж, худалдан борлуулж байгаа бөгөөд *******  гэдэг хүнд байраа бэлэглээд байгаа асуудал огт биш юм. Энэ 2 хүн нэг нэгнээ сайн танихгүй, ******* байраа ******* д зүгээр бэлэглэх ямар ч шаардлага, шалтгаан байхгүй. Тухайн үед байрны өмчлөх эрх ******* д шилжих үед ******* , *******  нарын хийсэн хэлцэл нь ******* болон ******* , ******* болон *******  нарын хооронд хийгдсэн хэлцлийг халхавчилж, орон сууц бэлэглэлийн гэх хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан.

5.2.Анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээ хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар Тогтоолын 5.3-т “...тухайлбал талууд орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэж, мөн Иргэний хуулийн 2015 оны онолын тайлбарын 57 дугаар зүйл, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.3.2-т хэлцлийн талаар тодорхой тайлбарласан.

Иймд уг хэлцэл нь талуудын хоорондын жинхэнэ бодитой цаад далд хүсэл зориг буюу худалдах, худалдан авах гэрээний хэлцлийг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Мөн бэлэглэлийн гэрээний гол урьдчилсан нөхцөл, хууль зүйн шинж нь хариу төлбөргүй байхыг шаарддаг бөгөөд уг маргаан бүхий байр нь 116,000,000 төгрөгийн төлбөртэй, уг төлбөрийг ******* т төлсөн нь уг байрыг анхнаасаа ******* , ******* нар хариуцагч ******* д хариу төлбөргүй бэлэглэх ямар ч хүсэл зориг байгаагүй болох нь тодорхой харагдаж байгаа болно.

5.3.Байрны мөнгийг ******* төлсөн гэдгийг нотлох баримтууд хангалттай байдаг. ...Мөн хариуцагч ******* нь уг байрны 116,000,000 төгрөгийг *******аас авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт зааснаар байрны мөнгийг төлсөн тул уг байрны өмчлөх эрхийг шаардах, өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй юм.

5.4. ...******* ээс ******* бидний хооронд ямар ч тооцоо байхгүй гэж маргадаг бөгөөд энэ нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй, нотлох баримтгүй тайлбар юм.

Учир нь маргаан бүхий байрны 116,000,000 төгрөгийг ******* ******* т төлсөн. *******  гэдэг хүн 41,000,000 сая төгрөгийг *******т өгсөн гэж хэлж байгаа боловч *******т 41,000,000 төгрөг өгсөн ямар ч гэрээ хэлцэл, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримт байдаггүй, нотлогддоггүй. Хариуцагч *******  *******ын “******* ” ББСБ-аас зээлийн гэрээ байгуулан зээл авсан байдаг бөгөөд энэ 41,000,000 төгрөг нь түүний авсан зээл, зээлийн хүүд тооцогдсон мөнгө юм.

5.5.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад бодитой, үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй. Уг маргаанд байрны төлбөр мөнгийг хэн төлсөн гэдэг гол үйл баримт юм, уг үйл баримтыг шүүх дүгнээгүй. Бид уг байрны төлбөрийг нэхэмжлэгч төлсөн талаар хангалттай нотолж, холбогдох баримт нотолгоог гаргаж мэтгэлцсэн байхад шүүх байрны төлбөрийг хэн төлсөн талаар холбогдох нотлох баримтыг үнэлээгүй.

5.6.Иргэн *******  хоорондын тооцоондоо бодож *******аар 116,000,000 төгрөгөөр байр авхуулж өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа хоорондын тооцоондоо уг *******ын төлсөн байрны мөнгийг хасахгүйгээр шүүхэд төлбөр мөнгө нэхэмжлэх болсон нь уг маргаан үүсэх шалтгаан болсон. Нэгэнт *******  хоорондын тооцоондоо уг байрны мөнгийг оруулж тооцохгүй байгаа бол төлбөрийг төлсөн этгээд болох ******* байрны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох эрхтэй гэж үзэж байна. Мөн иргэн *******  үндэслэлгүйгээр хөрөнгөжих эрхгүй юм.

Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв үнэлгээгүй, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч ******* , түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

6.1.Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд үйл баримтыг зөв дүгнэж, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн зүйл болон өмчлөх эрх шилжсэнтэй холбоотой асуудлаар үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд гэх агуулгаар өөрийгөө тодорхойлж, хоёр этгээдийн хооронд хийсэн өмчлөх эрх шилжиж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

Гэвч гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагынх нь үндэслэл хууль зүйн хувьд боломжгүй. Сонирхогч этгээд нь тухайн хэлцлийн улмаас үүссэн үр дагавар өөрийнх нь эрхийг зөрчсөн тохиолдолд энэ агуулгаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь байгуулагдсан хэдий ч бодит байдал дээр хэрэгжээгүй байхыг шаарддаг. Гэтэл өмчлөх эрх аль хэдийн шилжсэн, *******  өөрийн худалдаж авсан байрандаа амьдарч байгаа. Нэхэмжлэгч талын тайлбарласан шиг анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан бол ямар нэгэн гэрээ байгуулагдсан хэдий ч *******  тухайн орон сууцны өмчлөгч бодитоор болоогүй байх ёстой.

6.2.Мөн *******  116,000,000 төгрөг төлөөгүй гэдэг. Мөнгийг төлөхдөө өөрийн орон сууцыг 75,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид өгсөн. Үүнтэй холбоотой талуудын харилцаж байсан харилцан яриа бүхий зурвас хэрэгт нотлох баримтаар авагдсан.

2016 оны 8 дугаар сард эдгээр ах дүүсийн хооронд маргаан үүссэн ба хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргаж буй хэлцэл нь 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан. Тус хэлцэл байгуулагдахаас нэг сарын өмнө буюу 2012 оны 5 дугаар сард *******  эхнэртэйгээ *******аас 10 дугаар хорооллын объектыг 249,000,000 төгрөгөөр худалдаж авах урьдчилгаа мөнгө өгсөн байдаг. Объектыг ******* өөр хүнд зарсан гэдгийг мэдсэний дараа өгсөн мөнгөө буцааж авах шаардлага тавьсан. Гэтэл үүнтэй холбогдуулж ******* логикийн зөрүүтэй түүх зохиож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ үйл баримтыг шүүх зөв тодорхойлсон гэж үзэж байна. 75,000,000 төгрөгтэй холбоотой асуудал талуудын хооронд бичилцсэн харилцан яриа бүхий зурвасаас тодорхой харагддаг. 41,000,000 төгрөг хүлээн авснаа нэхэмжлэгч зөвшөөрдөг. Харин зээлд тооцсон гэдэг үндэслэлгүй, баримтгүй.

6.3.*******  нь 116,000,000 төгрөгийг төлсөн учраас ******* , ******* нар өмчлөх эрхээ шилжүүлчхээд ямар нэгэн маргаан гаргалгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* , ******* , ******* нарт холбогдуулан ******* , ******* нарын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, уг гэрээний зүйл болох Сүхбаатар дүүрэг, ******* дугаар байр 12 тоот хаягт байрших 41 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* , ******* нараас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, хариуцагч *******  бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Бэлэглэгч ******* , бэлэг хүлээн авагч *******  нар 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг, ******* дугаар байр 12 тоот хаягт байрших 41 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг хариу төлбөргүйгээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр бэлэглэлийн гэрээг байгуулсан,  улмаар уг гэрээг үндэслэж эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******  2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдэж, түүнд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /1хх 5, 8/

3.2.Хариуцагч ******* гаас олгосон итгэмжлэлийн дагуу ******* гэрээг байгуулсан, орон сууцыг 116,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, орон сууцны үнэ болох мөнгөн хөрөнгийг Б.Тунгалагтамираас ******* т төлжээ.  /1хх 6/

 

4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байх бөгөөд давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* , *******  нарын хоорондох бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ч талууд бодитоор хөрөнгийг хариу төлбөртэйгөөр худалдах, худалдан авах хүсэл зориг илэрхийлсэн тул бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг хангасан.

Гэвч бэлэглэлийн гэрээгээр далдлагдсан хэлцэл буюу ******* , *******  нарын хоорондох хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ. Шүүх баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үндэслэл бүхий дүгнэсэн байна.

 

6.Нэхэмжлэгчээс хэлцлийн нэг тал нь *******  бус ******* хэмээн маргасан боловч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ “...тус байрыг аваад өгөөч гэж хэлсний дагуу хариуцагч ******* ий өмнөөс мөнгийг өөрөөсөө гаргасан, ... энэ мөнгийг хоорондын төлбөр тооцоондоо суутгаагүй” гэж дурдсан, энэ талаар удаа дараагийн шүүх хуралдаанд тайлбарлаж байсан нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар  тайлбарлавал 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хэлцлийг байгуулах үед *******ын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө худалдан авах хүсэл зоригийг анхнаасаа илэрхийлээгүй, харин зөвхөн ******* ий өмнөөс төлбөрийг худалдан авагч талд төлсөн үйл баримт тогтоогдсон тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй, түүнийг гэрээний нэг тал гэж үзэх боломжгүй байна.

 

7.Мөн орон сууцны үнэ болох 116,000,000 төгрөгөөс “2001 онд *******ын аав ******* ээс нэг өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдан авсан байсныг 2012 онд 75,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид буцаан худалдах замаар *******т бэлэн бусаар төлсөн” гэх хариуцагч ******* ий татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тухайлбал:

7.1.Төлбөрт тооцож өгсөн гэх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* байр ******* тоот хаягт байрших үл хөдлөх эд хөрөнгө нь 2000 онд нэхэмжлэгч *******ын өмчлөлд бүртгэлтэй байсан, 2001 онд иргэн ******* т /нэхэмжлэгчийн төрсөн эцэг гэдэгт талууд маргаагүй/ бэлэглэлийн гэрээгээр шилжсэн, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр *******ын өмчлөлд шилжиж бүртгэгдсэн, 2020 оны 01 дүгээр сар хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлд байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдсон. /3хх 2-3, 56-57/

7.2.Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02552 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00357 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШХТ2023/00456 дугаар тогтоолоор *******, ******* , түүний эхнэр ******* нарын хоорондох маргааныг шийдвэрлэхдээ энэ нэхэмжлэлд хамаарах 12 тоот орон сууц, түүний үнэд төлсөн гэх 75,000,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлээгүй үлдээж, харин бусад өр авлагын талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.  /3хх 21-34/

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь 2001 онд худалдан аваад 2012 онд өөрт нь буцаан худалдсан, мөнгийг маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт тооцсон буюу Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар үүрэг солилцсон талаарх хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй тул 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүй гэж үзнэ.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ээс 41,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй байх тул 116,000,000 төгрөгөөс энэ хэмжээгээр төлөгдсөн гэж үзнэ. Дээрх мөнгийг *******  болон нэхэмжлэгчийн эзэмшлийн “*******  ББСБ” ХХК-ийн хоорондох зээлийн гэрээний төлбөрт тооцсон, орон сууцны үнэд хамаарахгүй гэх тайлбараа нэхэмжлэгч мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс орон сууцны үнийг төлсөн байдалд дүгнэлт өгөөгүй, энэ талаарх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй талаарх нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхээс ийнхүү дэлгэрүүлэн дүгнэлт өгөв.  

 

9.Гэвч энэ магадлалын 7, 8 дахь хэсэгт дурдсанаар хариуцагч *******  маргаж буй орон сууцны үнэ болох 116,000,000 төгрөгөөс  41,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэх 75,000,000 төгрөгийг төлөөгүй буюу мөнгөн хөрөнгийг бүрэн төлөөгүй явдал нэхэмжлэгч *******аас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаварт орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхийг үүсгэхгүй. Нөгөө талаар, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “үнийг төлсөн” үндэслэлээр өмчлөгч гэж шаардах нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч бусдын өмнөөс төлсөн мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардаагүй харин хөрөнгийг авах агуулгаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцож бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчимтай нийцжээ.

 

10.Иймд энэ үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. Нэхэмжлэгч бусдын өмнөөс орон сууцны үнэд төлсөн үлдэгдэл мөнгөн хөрөнгөө жич шаардахад энэхүү магадлал саад болохгүй дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЗОЛЗАЯА

 

                                            ШҮҮГЧИД                             М.БАЯСГАЛАН

 

                                               О.ОДГЭРЭЛ