| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2024/04768/И |
| Дугаар | 210/МА2025/01699 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01699
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, бүрэлдэхүүнд шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/05450 дугаар шийдвэртэй ,
Нэхэмжлэгч: *********ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
3,800,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, цахилгаан эрчим хүчний төлбөр 969,419 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Манай гэр бүл 2015 оноос хойш Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай “********” хотхоны ******** тоот байранд оршин суудаг. Ус дулаан, цахилгаан, СӨХ-ийн төлбөрөө цаг тухай бүрд төлж ирсэн боловч биднээс шалтгаалахгүй үүссэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж тус асуудал шийдвэрлэгдэх хүртэл цахилгааны төлбөрийг төлөх боломжгүй талаар ******** ХХК-д шаардлага тавьсан.
1.2.Үүнд:******** ХХК-аас зүгээс НӨАТ-ын баримтыг олгохдоо цахилгааны төлбөр гараагүй үед урьдчилан өөрсдийн таамгаар дундаж үнийн дүнгээр НӨАТ-ийн баримт олгодог нь “********” ХХК байгууллагын нэр дээр баримт хүлээн авдаг манай байгууллагын хувьд татварын зөрүүтэй тайлагналын нөхцөлийг бүрдүүлсэн. Тодруулбал, цахилгааны төлбөр төлөгдөж буй дүн НӨАТ-ын баримт авч буй дүнгээс өөр байгаа нь манай байгууллагын татвараа үнэн зөв тайлагнах үйл явцад сөрөг нөлөө үзүүлж байсан тул энэхүү асуудлаа нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэхүү үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
1.3.******** ХХК-ийн хамаарал бүхий “********" ХХК-ийн буруутай үйлдлийн тухайд 2020 оны 11 дүгээр сард дээд давхрын 513 тоот айл манай зочдын 00-ын өрөө болон гал тогооны тосгуурын сангийн хэрэгслийн дээд таазны хэсэгт их хэмжээний ус алдаж байхад нь домофоноор үүдний инженер болон "********" ХХК-ийн инженерүүдтэй холбогдон тухай бүрд нь мэдэгдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр миний бие Япон Улс руу сар гаруй зорчсон, удаан хугацааны дараа гэртээ ирэхэд гал тогооны угаалгын сангийн дэргэдэх хананы өнгө нь халтартсан, таазны шохойнууд нь ховхрон мөөгөнцөр хэлбэрт шилжсэн байдалтай болсон, гэрлийн утаснууд нь ажиллахгүй тасарсан байдалтай байсан. Иймээс тухайн байрны ус, халаалтыг албан ёсоор хариуцдаг гэх "********" ХХК-д танайх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагын хувьд дээрх бодит байдалд нь албан ёсны дүгнэлтийг гаргуулах талаар удаа дараа албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан (“********” ХХК нь ******** ХХК-ийн хамаарал бүхий нэг эзэнтэй компани болно).
“********” ХХК нь “бид өөрсдөө засаад өгье” гэдэг ч, ус алдалтаас үүссэн гэм хорыг өнөөдрийг хүртэл засаж өгөөгүй.
1.4.Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.9-д зааснаар цахилгааны төлбөрийн асуудал шийдвэрлэгдэх хүртэл төлөхгүй гэсэн тайлбар гаргасан нь огт төлөхгүй гэсэн үйлдэл биш юм. Гэтэл "********" ХХК хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр албан ёсны сануулга, мэдэгдэл өгөхгүйгээр намайг эзгүй хойгуур тог тасалсан. Цахилгааны хэрэглээг түдгэлзүүлсэн буруутай үйлдлийн улмаас манай гэрийн хөргөгчид байсан хүнсний бүтээгдэхүүн, эм тарианууд хадгалалтын горим алдагдсан учраас муудаж хэрэглэх боломжгүй болсон тул одоогийн үнэлгээ болох 3,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгчтэй 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ******** дугаартай кодоор бүртгэж Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан цахилгаан эрчим хүчээр хангаж ирсэн. Хэрэглэгч нь гэрээг хувь хүнээр байгуулсан боловч аж ахуйн нэгж дээр и-баримт авах хүсэлт гаргасныг хүлээн авч ******** ХХК /********/-ийн нэр дээр төлбөрийн и-баримтыг гаргаж өгдөг. Манай компани хэрэглэгчийн хэмжих хэрэгслийн /тоолуурын/ заалтын дагуу төлбөр тооцоог бодож ААН-ийн төлбөрийн и-баримтыг нэхэмжлэх гарсан өдрөө нэхэмжлэхийн дүнгээр и-баримтын системд шууд оруулдаг тул ...таамгаар НӨАТ-ын баримт олгодог гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгч цахилгаан эрчим хүчний төлбөрөө 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 4 сарын нийт төлбөрийн дүн болох 125,984.43 төгрөгийг хамгийн сүүлд төлсөн. Төлбөрийг 2-4 сарын хугацаанд хуримтлуулж төлдөг буюу нэхэмжлэгчийн дурдсан сар тухай бүрд төлбөрөө төлдөг гэдэг нь үндэслэлгүй бөгөөд төлбөрийн дүн и-баримтын дүн зөрүүтэй гэдэг нь төлбөрөө хугацаандаа төлөхгүй хуримтлуулан төлдөгтэй холбоотой юм.
2.2.“********” ХХК нь дээд айлаас ус алдсантай холбоотойгоор албан ёсны дүгнэлт гаргуулаагүй, асуудал шийдвэрлээгүй гэх агуулга байх ба цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, түүний эрх үүрэг хариуцлагад хамаарахгүй гэж үзэж байна.
2.3.Нэхэмжлэгч 2023 оны 10, 11, 12 дугаар сарын төлбөрөө төлөөгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.1, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.4 болон 3.5 дахь заалтад тус тус заасны дагуу цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлэх мэдэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10:15 цагт 99112280 дугаарт илгээж, түдгэлзүүлэх арга хэмжээ авсан.
Төлбөрийн мэдээллийг гэрээ байгуулсан хэрэглэгч а болон түүний хувийн компани болох “********” ХХК-ийн kseny ******** гэсэн и-мэйл хаяг руу давхар нэхэмжлэхийг тухай бүр илгээдэг сарын сүүлээр сануулах мессежийг дахин илгээдэг.
2.4.Нэхэмжлэгч цахилгааны хэрэглээг түдгэлзүүлсэн асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 3 дугаар сарын 26-ны 09/263 тоотоор хэрэглэгчийн хохирлыг барагдуулах үндэслэлгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн болно.
Холбогдох хуульд заасны дагуу хэрэглэгчийн цахилгаан хангамжийг түдгэлзүүлсэн. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэнтэй холбоотой үүссэн гэх хохирлыг манай компани төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч талын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1.********тай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ********* дугаартай кодоор бүртгэж Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан цахилгаан эрчим хүчээр хангаж ирсэн. Компанийн зүгээс хэрэглэгчид төлбөрөө лавлах, төлөх үйлдлийг хялбарчлан мэдээллийг түргэн шуурхай найдвартай хүргэх зорилгоор хэрэглэгчдэд үйлчлэх төвөө утасны автомат хариулагч “CALLPRO” систем, төлбөр тооцооны “BILLCENTER” системийг ашиглан онлайн хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Нэхэмжлэгчид мессеж болон и-мэйлээр мэдэгдэл хүргүүлж байсан.
Хэрэглэгч 2023 оны 10, 11, 12 дугаар сарын төлбөрөө төлөөгүй тул Эрчим хүчний тухай хууль, болон Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.4 болон 3.5 дахь заалтад заасны дагуу цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн.
3.2.а нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл бүтэн жил хэрэглээний төлбөр төлөөгүй хуримтлагдсан нийт төлбөр 717,059.63 төгрөг, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 4.6-д заасан 0,5 хувийн алданги 252,359.63 төгрөг нийт 969,419.26 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1.Цахилгааны төлбөрөө төлөөгүй шалтгаан нь тус компанийн НӨАТ-ын баримтыг дутуу шивсэн, цахилгааныг тасалж хохирол учруулсантай холбоотой.
Иймд цахилгааны төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн хэмээн алданги шаардсан нь үндэслэлгүй, гэрээгээ хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөөгүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ын хариуцагч ******** ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 3,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч *********аас 717,059.63 төгрөгийг гаргуулан хариуцагч ******** ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 252,359.63 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,750 төгрөг, хариуцагчийн төлсөн 27,816 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 21,759 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1.Анхан шатны шүүх Эрчим хүчний хорооны зүгээс ******** ХХК-ийн үйлдлийг хууль ёсны хэмээн үзсэн хариу тайлбарт гомдол гаргаагүй нь тухайн албан бичгийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг дутуу үнэлж, түүний үр дүнд хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан.
6.2.талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хэрэглэгчид албан ёсоор мэдэгдэж түүний үндсэн дээр тог цахилгааныг хязгаарлах тухай тусгайлан зааж өгсөн. Гэтэл утасны дуудлага, зурвас илгээсэн хэмээн тайлбарласан нь албан ёсны мэдэгдэлд орох боломжтой эсэх дээр шүүх бүрэн үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр зогсохгүй *********ын зүгээс тухайн цаг хугацаанд гадаадад байсан тухай баримтуудыг гарган өгч мэдэгдэл албан ёсоор хүлээн аваагүй гэдгээ баримтаар нотолсон байхад тухайн баримтуудыг үнэлээгүй.
6.3.а цахилгааны мөнгөө төлөхөөс зайлсхийсэн, санхүүгийн асуудлын улмаас төлөхгүй удаасан үйлдэл огт байхгүй бөгөөд ******** ХХК болон “********” ХХК нь нэг эзэнтэй, хамаарал бүхий компани учраас байрандаа болон НӨАТ-ын баримтуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэн өгөх тухай өргөдлийн хариу өгөхийг хүссэн. Гэтэл аль аль компаниас хариу өгөөгүй олон жил болж, мөөгөнцөрт идэгдсэн байр болон НӨАТ-ын зөрүүний асуудлыг шийдэх хүртэл төлбөрийг төлөхгүй хэмээн өөртөө туслах аргыг хэрэглэн мэдэгдсэн байдаг.
******** ХХК-ийн хэрэглэгчийнхээ гаргасан өргөдөл, гомдолд албан ёсоор хариу өгөөгүй үйлдлийн үр дагаварт, төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээний нөхцөлөө зөрчиж, хэрэглэгчийнхээ тог цахилгааныг хязгаарласан нь эцсийн дүндээ бусдад тодорхой хэмжээний хор хохирлыг учруулсан. Иймд гэм хорын хохиролд 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
7.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
7.1.Нэхэмжлэгч хэрэглэсэн тог цахилгааны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Ямар шалтгаанаар хугацаандаа төлбөрөө төлөөгүй тухай тодруулахаар тусдаа өөр СӨХ хариуцдаг компани дээд айлаас ус алдсаныг шийдвэрлэж өгөөгүй, НӨАТ баримт буруу шивсэн тул өөртөө тусалсан гэж ярьдаг. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан өөртөө туслах тухай анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдагдсан тул нэмж ярих шаардлагагүй гэж үзэж байна.
7.2.Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд түүний утасны дугаар тэмдэглэгдсэн. Энэ дугаараар төлбөрөө төлөхийг, эрчим хүч хязгаарлахыг урьдчилан мэдэгдсэн баримтууд хэрэгт авагдсан байгаа.
“CALLPRO” гэх компаниар явж байгаа автомат мессежний үйлчилгээгээр 11 дүгээр сарын 16-ны өдөр болон 12 дугаар сарын 16-ны өдөр тухайн сарын хэрэглээний талаарх мессеж, өмнөх сарын үлдэгдэл төлбөртэй нь хамт мессеж хэлбэрээр очиж байсан.
7.3.******** хотхон нь автомат тоолууртай тул хэн нэг этгээд биечлэн очиж тоолуурыг бичих шаардлагагүй, ирсэн тоолуурын заалтаар тухайн хангагч байгууллага Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифын дагуу төлбөрийг бодож, тухайн байгууллагын нэр дээр нэхэмжлэл бичиж илгээдэг.
Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч а нь хариуцагч ******** ХХК-д холбогдуулан учирсан хохиролд 3,800,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, эрчим хүч хэрэглэсний төлбөрт 717,059.63 төгрөг, алданги 252,359.63 төгрөг, нийт 969,419 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан.
3.1.Нэхэмжлэгч а нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ******** хотхон, ******** тоот орон сууцны өмчлөгч, тус хотхоны эрчим хүчээр хангах асуудлыг ******** ХХК хариуцан гүйцэтгэдэг, талууд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулсан, мөн тус хотхоны ус, хог, СӨХ зэрэг хэрэглээний бусад зардлыг өөр хуулийн этгээд хариуцан ажилладаг байна. /хх 121, 122/
3.2.Хариуцагч компани 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч ын 413 тоот орон сууцны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж, тасалсан, нэхэмжлэгч 2023 оны 10, 11, 12 дугаар сарын хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлөөгүй.
4.Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд хохирлыг хариуцан арилгах урьдчилсан нөхцөлд хариуцагч этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, дээрх үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан байх, тэдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардана. Мөн хохирол учруулсан этгээд түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө.
5.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хүлээх тул хэрэглэгч а сүүлийн гурван сарын хэрэглэсэн төлбөрөө төлөөгүйгээс хангагч ******** ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх арга хэмжээг авсан нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн 99112280 дугаарын утсаар хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлөхийг 2023 оны 11 дүгээр сарын 09, 21-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 20, 26-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус мэдэгдсэн боловч төлөөгүй байна. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд эрчим хүчний хязгаарлалт хийх болохыг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь “********” ХХК-ийн албан бичиг, хавсаргасан мессежний утгаар тогтоогдсон байх тул хангагч байгууллагыг Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан “хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэх” үүргээ биелүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6.Мөн НӨАТ баримтыг буруу шивсэн, хамаарал бүхий хуулийн этгээд болох “********” ХХК-аас ус алдсан акт гаргаж өгөөгүй, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх асуудал нэхэмжлэгчийг хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө эрх бүхий байгууллагад төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх, эсхүл төлөх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй тул өөртөө туслах аргыг хэрэглэж “тавьсан шаардлагыг биелүүлэх хүртэл төлбөр төлөөгүй” тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ тохиолдолд эрчим хүчийг хязгаарлах болсон үйлдэлд нэхэмжлэгч өөрөө буруутай байна.
7.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбараар тэрээр 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр орсныг тэмдэглэсэн байх боловч энэ нь Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй, тэрээр Монгол Улсын хилээр гарахаас өмнөх хугацаанд ч төлбөрөө төлөх боломжтой, түүнд энэ талаарх мэдэгдлүүд тухай бүртээ мессежээр очсон байсан нь тогтоогджээ. Мөн эрчим хүчний хэрэглээг хязгаарлах талаарх 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэл нэхэмжлэгчийн гар утасны 99112280 дугаарт “амжилттай очсон” гэж тэмдэглэгдсэн, үүнийг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.
8.Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар хүртэл хугацааны хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, сар бүрийн хэрэглэгчийн дансны тайлан, хуулга зэргээр тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 717,059.63 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******** ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасантай тус тус нийцжээ.
9.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” хэмээн хуулиар алданги шаардах эрхийг зохицуулсан тул хариуцагч байгууллага алданги шаардах эрхтэй байна.
Харин анхан шатны шүүхээс алданги шаардах эрх хуулиар олгогдсоныг анхааралгүй талуудын хоорондох эрчим хүчээр хангах гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй, хариуцагчаас шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Гэвч энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд энэ шийдлийг хэвээр үлдээнэ.
10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/05450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
О.ОДГЭРЭЛ